Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2017/00546

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2017/00546

Баян-Өлгий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Хурман овогт Ш.Ж ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Жантекей Базархул овогт А.Хад холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч А.Х, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгийн оногдох хувь болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Ж нь 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А.Хтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 251-рт бүртгүүлж байсан билээ. Гэр бүл болсноос хойш 6-н сарын дараагаар үл ялих зүйлийг шалтаг болгож намайг байнгын зодож, янз бүрээр хэл амаар доромжилдог болов. Би жирэмсэн байх хугацаандаа ч гэсэн хэд хэдэн удаа зодож тарчилгаагаа нь зогсоосонгүй. Нөхөр болох А.Х нь цагдаагийн албан хаагч байсан ба хэрэв цагдаагийн газарт гомдол гаргавал битгий гомдоорой, чамайг үгүй болгоно гэх мэтээр айлгадаг байсан. Нөгөөтээгүүр түүний ажлын нэр хүндийг нь бодож гомдол гаргадаггүй байсан. Ингэж явсаар түүний хүчирхийлэл нь улам хүч авсаар намайг босож чаддаггүй болтол нь бүх биеийг маань хөхрүүлэн зоддог болов. 2016 оны 6 дугаар сарын 05-ны үед нөхөр болох А.Х намайг дахиад үл ялих зүйлийг шалтаглан зодож эхлэхээр нь тэвчээр маань барагдаж гэрээсээ зугтаж төрхөмдөө ирсэн. 2 хоногийн дараагаар нь цагдаагийн байгууллагад гомдлоо гаргаж байсан боловч нөхөр болох А.Х надаас уучлал гуйж ажлаас халагдах гэж байна гэхээр нь гомдлоо татаж авсан юм. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гэр бүл цуцлуулахаар нэхэмжлэлээ гаргах гэсэн боловч мэдээлэл лавлагааны ажилтан нь шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид эхлээд өргөдлөө бичнэ, гэр бүлийн маргааныг шүүх шууд хүлээн авахгүй гэсний дагуу тус өдөрт нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан юм. Эвлэрүүлэн зуучлагч нь биднийг эвлэрэх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгасан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд А.Хтай нэг гэр бүлд амьдарч байсан боловч нэг ч хоног гэр бүлийн гишүүн шигээ байгаагүй. Өөрөөр хэлбэл тус тусдаа унтаж, тус тусдаа байсан. Хүүгийнхээ төлөө түүнтэй хамт амьдарч байсан ба цаашид түүнтэй нэг ч хором хамт байхыг хүсэхгүй байна. Хүү маань өсөж торниж байгаа ба эцэг нь ээжийгээ байнгын зодож, хэл амаар доромжилж байгааг харж өсөхийг нь хүсэхгүй байна. Хэрэв ийм байдлаар нөхөр болох А.Хтай хамт амьдарвал хүүгийн маань хүмүүжилд муугаар нөлөөлөхийг урьдчилан бодолцсоны эцэст түүнээс салж тусад нь амьдрах шийдвэр гаргаж байна. Нөхөр болох А.Хыг өөрчлөгдөх байх хэмээн сүүлийн 2-3 жил тэвчээр гаргаж хүлээж, хамт амьдарч ирсэн боловч, түүний амархан өөрчлөгдөж, хувиран үл ялих зүйлийг шалтаглан зоддог ааш авир нь өөрчлөгдсөнгүй. Иймд А.Хаас гэрлэлтээ цуцалж, хүү болох Х.Мыг өөрийнхөө асрамжид үлдээж, түүнд тэтгэлэг тогтоолгох. Мөн А.Х бид хоёр хамтран амьдрах хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн 1-60 айлын орон сууцнаас 1 өрөө байрыг банкны ипотекийн гэрээгээр авсан. Хүү бид 3 хамтран өмчлөгч тул оногдох хэсэг болох 16666667 төгрөгийг А.Хаас гаргуулж өгнө үү. А.Х бид хоёр гэр бүл болсноос хойш гэртээ LG маркийн 52 инчийн LCD зурагт 1ш, Брюса маркийн хөргөгч 1ш, midea маркийн зуух /плитка/ 1ш, гал тогооны тавилга 1 ком, Samsung маркийн хоол халаагч 1ш, Samsung маркийн тоос сорогч 1ш, Веко маркийн хэншүү сорогч 1ш, бойлер 1ш, Сандал 4ш, Ширээ 1ш, Индүү /орос/ 1ш, Абажур /заал өрөөний/ 1ш, Samsung маркийн принтер 1ш, мөн тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 700 м.кв талбайтай газар зэрэг эд зүйлүүдийг худалдаж авсан болно. Эдгээр зүйлүүд гэр бүлийн дундын эд хөрөнгө болно. Харин аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/-г төрхмөөс авсан миний хуваарьт хөрөнгө юм. Иймд А.Хаас гэрлэлтээ цуцлуулах, хүү болох Х.Мыг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, 1020000 төгрөгийн үнэ бүхий хуваарьт эд хөрөнгө мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүү Х.Мт оногдох хэсэг болох 19135333 төгрөг нийт 20155333 /хорин сая нэг зуун тавин таван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би А.Хтай 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр сайн дураараа гэр бүл болсон. Тэрнээс хойш 3 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд таарч тохироогүй. Гэр бүл болоод 2 сарын дараа хэл амаар доромжилсон. Дараа нь 6 сарын дараа гар хүрсэн. Бид хоёр нэг гэр бүл болсон мөртлөө тусдаа унтдаг болсон. Эр хүн учраас эхэндээ уучилж байсан. Янз бүрийн шалтгаанаар гэр бүлээс гадуур явдалтай байсан учраас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. А.Х надад гар хүрдэг талаар Цагдаагийн байгууллага олон Шүүхийн шинжилгээний байгууллагад хоёр удаа гомдол гаргаж байсан. Гэхдээ А.Хыг хүүхдийн эцгийн хувьд, мөн ажилд нь саад болохгүйн тулд гомдлоосоо сайн дураар татгалзаж байсан. Би А.Хтай гэр бүл болохоос өмнө Казахстан улсад 4 жил сураад дараа нь магистр сурах гэж байхад надад сургуулиас маань Казахстан улсын иргэн болох шаардлага тавьсан. Үүний дагуу Казахстан улсын иргэншилд орсон. Энэ талаар нөхөртөө гэрлэхээс өмнө нуулгүй хэлсэн. Үүнийг ашиглаж чамайг Монгол улсын иргэнээс гаргана гэж дарамталдаг. Мөн хилээс хүүхэдтэйгээ хамт гарах гэж байхад буцаагдаж байсан үе байгаа. Гэхдээ одоо бол 2,3 хил дамжиж наймаа хийж байгаа. Би Монгол улсын иргэнээс гараагүй. Казахстан улсын иргэн гэдэг маань үнэн. Гэхдээ Казахстан улсын иргэнээс гарах тухай өргөдлөө өгсөн байгаа. Эхлээд бид нар эвлэрэх саналыг гаргаж байсан. Дараа нь 6 дугаар сард шүүх хуралдаан болох үед сонсоогүй учраас оролцож чадаагүй. Үүнээс хойш 2 сарын хугацаанд надаас уучлалт гуйгаагүй. Манай эцэг, эх дээр очиж уучлалт гуйгаарай. Тэд зөвшөөрвөл би буцаж нийлэхэд бэлэн гэдгээ ярьж байсан. Одоо утсаар ярьж байхад бид хоёр заримдаа муудалцдаг. Намайг хэл амаар доромжилдог. Хэрвээ хажууд нь байвал гар хүрэх дээрээ туулах байх гэж бодож байна. Бид хоёр тусдаа амьдраад 1 жил гаруй болж байна. Эр хүний хувьд надаас энэ хугацаанд уучлал гуйж байгаагүй. Хэл амаар доромжилдог. Гэхдээ энэ талаар хэлж чадахгүй. Тусдаа амьдарсан хугацаанд өөрчлөгдөх байх гэж бодсон. Гэхдээ өөрчлөгдөөгүй учраас буцаад нийлнэ гэж бодохгүй байна. Бид хоёр дундаа хүүхэдтэй. Бид хоёр буцааж нийллээ гэж бодоход өмнөх явдал дахин давтагдвал хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. А.Х бол маш хэцүү зантай. Надад юу хийсэн, болсон үйл явдлын талаар нэхэмжлэлдээ бичсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Венера гэдэг сэтгэл зүйчтэй уулзаж байсан. Энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт нь байгаа. Буцаад нийлэх ямар нэгэн боломж байхгүй. Бид хоёр нийлээд хэрүүл маргаан гарвал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө гэж бодож байна. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүд оногдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна. Дундын өмчид 1-60 айлын орон сууцад 15.2 м.кв нэг өрөө байр, LG маркийн 52 инчийн зурагт, хөргөгч, гал тогооны тавилга, самсунг маркийн хоол халаагч, самсунг маркийн тос сорогч, веко маркийн уур сорогч, бойлер, индүү, самсунг маркийн принтер, гэрлийн бүрхүүл, 4 сандал, ширээ мөн 3,5 сая төгрөгөөр үнэлэгдсэн 700 м.кв газар байгаа. Өнөөдрийн хадгаламжийг хасаад эдгээр зүйлсийн үнэ 20802000 төгрөг болж байна. Хуваарьт эд хөрөнгөнд аяга, тавагны ком, диван, хийвэнцэр байгаа. Нийт хөрөнгийн үнэ 31203000 төгрөг, үнээс хоёр хүнд ногдох нь 21822000 төргөг байгаа. Мөн Тэгэхэд 500000 төгрөгийн хуримын бөгж, 30000 төгрөгийн сейф, мөн 200000 төгрөгийн лангуу нэхэмжилсэн. Энэ бүгд надад байгаа. Үүнийг буцааж өгч болно. Гэр бүл болсны дараа бид хоёр алт, мөнгөний эдлэл зардаг наймаа эрхэлсэн. Тэгэхэд надад хоёр удаа 5 сая төгрөг авч өгсөн. 10 сая төгрөгийг байр авсны дараа засварт зарцуулсан. Үүнээс 347300 төгрөгийн бараа үлдсэн. Хэрвээ надаас нэхэмжилснээ буцааж татаж авбал хадгаламжийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж болно гэв.

Хариуцагч А.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын 5 дугаар багийн иргэн Аманжол овогтой Хуат миний бие эхнэр Жын шүүхэд гаргасан гэр бүл цуцлах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Миний бие эхнэр Ш.Жтай 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон 1 хүүтэй бөгөөд Өлгий сумын 5 дугаар багт 1-60 тоот айлын 1 өөрөө байранд амьдарч ямар ч гачигдах дутагдах зүйлгүй амьдарч байгаа билээ. Амьдрах хугацаанд эхнэрт төгссөн сургууль мэргэжилд нь тохирох ажилд оруулахаар байнга хичээн зүтгэж ирсэн ба ажилгүй байх хугацаанд ХААН банкнаас 14 сая төгрөгийн зээл авч өгч алт, мөнгөн эдлэлийг Улаанбаатар хотоос бөөндөж авч жижиглэнгээр тогтмол борлуулах бизнес эрхлэх боломжоор хангаж өгсөн ба байр худалдаж авсан 20 жилийн ипотекийн зээлд сар бүр төлөх 205000 төгрөг, цалингийн зээлд төлөх 412000 төгрөгөөс үлдсэн цалин болох 300,0 /гурван зуун мянган/ төгрөгийг захиран зарцуулах эрхийг эхнэрт өгч түүнийг ямар ч зүйлээр дутаахгүй сэтгэл хангалуун амьдруулж ирсэн. Бид хоёрын амьдрах хугацаанд түүнийг зодож түүнийг дарамталсан асуудал байхгүй бөгөөд үр хүүхдийн ирээдүйн амьдрал, өсөлт, бойжилт аз жаргалыг нь бодож гэр бүл цуцлуулахын эсрэг байр суурьтай байна. Миний бие энэ талаар шүүхийн эвлэрүүлэн зуучлах шатанд өөрийн байр сууриа тодорхой хэлж байсан билээ. Гэвч Ш.Ж нь үр хүүхдийнхээ ирээдүйг бодохгүйгээр амиа бодсон зан гаргаж зөвхөн салах тухай бодож байгаад сэтгэл гутарч, харамсаж байна.

2. Миний бие эхнэр Ш.Жтай хүүд минь хандах хандлага, асаргааны тааруухан байдлыг нь засаж залруулахаар шаардлага тавихад минь хүлээж авдаггүй байсан ба түүнд хэлсэн зүй ёсны шаардлагад минь хүлээцтэй хандаж хүлээж авахгүйгээс болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг үе байсан боловч хоёр тийшээ салах хэмжээнд тулсан асуудал бид хоёрын хувьд байхгүй гэж бодож байна.

3. Эхнэр Ш.Ж нь сүүлийн хагас жилд сэтгэл санааны хувьд тогтворгүй болж байнга үглэдэг, алхам тутамдаа намайг өөрийн гэр бүлийн хүрээнд бүтээгүй үйл хэрэгт буруутгаж, үндэслэлгүй хардаж сэрдэж байнга хэрүүл маргаан үүсгэдэг болсон. Тухайлбал түүний төрсөн аав эсвэл ээж нь эсвэл өөрөө өвдсөн нөхцөлд миний аав, ээж үхвэл чамайг буруутган шүү миний өвдсөн асуудалд чи буруутай шүү, чи цусанд живж үхээрэй гэх мэтээр байнга хараан зүхэж байдаг болсон. Мөн өдөр тутам би чиний тухай тийм зүйл сонссон чи тийм юм байна гэх мэтээр байнга үглэж занчдаг зантай болсон.

4. Миний хүүхэд болох Х.М нь 1 нас 8 сартай бөгөөд Эхнэр Ш.Ж нь хүүхдэд минь хандах хандлага, асаргаа маш муу бөгөөд 4 сартай байхад хөхүүлж цатгаж чадаагүйн улмаас хүүхдээ бор хоолонд оруулж тэжээдэг болсон. Миний бие эхнэр Жт хүүхдэд таарсан хоолыг гэрт байх хугацаанд хийж тогтмол өгч, асаргааг сайн хийж байх талаар байнга захиж сануулж хэлдэг боловч хүүхдэд таарсан хоол ундыг хийж өгдөггүй түүний асаргаа сувилгаанд хандах хандлагаас болж бид хоёрын хооронд хэрүүл маргаан үүсдэг байсан.

5.Эхнэр Ш.Ж нь надаас тусдаа амьдрах болсон 3 сарын хугацаанд түүнд бие биенээ ойлгож, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдрах талаар удаа дараа хэлж, надад буруу зүйл байсан бол уучлаарай гэж удаа дараа уучлалт гуйсан боловч миний хэлсэн үг санал санаачилгыг огт хүлээж аваагүй.

6.Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдээ өөрийн асрамждаа авах маш их хүсэлтэй байна. Ш.Ж нь хүүхэд асрах хүсэлгүй, чадваргүй бөгөөд өөрийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд хүүхдийг өөрийн асрамждаа авах тулаар дурдсан байгаа нь түүний эд хөрөнгийн сонирхлоор хандсан бодолтой нь шууд холбоотой гэж хэлж болно. Учир нь Ж нь хүүхэд асрах хүсэлгүй байсан боловч би хүүхдийг өөртэй авах юм бол чиний эд хөрөнгийн дийлэнх хувь нь надад оногдох юм байна. Би хуульч хүмүүст уулзаж зөвлөгөө авсан. Тийм учраас хүү Мирасыг өөрөө авна гэж хэд, хэдэн удаа хэлж асуудалд зөвхөн эдийн сонирхлоор хандаж санаа бодол нь өөрчлөгдсөн болохыг үнэн зөвөөр тодорхойлж хэлэх нь зүйтэй байх.

7. Ш.Ж нь Казахстан улсад сурч байхад бусадтай гэр бүл болж Казахстан улсын иргэн болж, Казахстан улсын иргэн болсон нөхцөлд олгох /квотыг/ тусламжийг авч байсан, хоёр улсад давхар харьяалалтай иргэн бөгөөд Монгол улсын иргэнээс гарсан нөхцөлд хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөх эрсдэл үүсэж байгаа болно. /Ш.Жын давхар иргэний харьяалалтай байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэж шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа болно./

8. Одоо ч гэсэн хүү Мираст Ш.Жын хандаж байгаа хандлага, асаргаанд маш их сэтгэл гутарч санаа зовж байна. Миний бие ажлын бус цагаар хагас бүтэн сайн өдөр хүүхдээ хамт байх зорилгоор авахаар очиход хүү маань ямар ч халамжгүй нүүр ам нь халтар болж нүүр нь хагарсан, хувцас хунар нь ус чиг болсон, өмдөндөө бааж шээсэн, ханиад хүрч өвдсөн байдалтай байсныг олон удаа харж гутарч сэтгэл зовж байсан ба энэ тухай Жт хэлж удаа дараа анхааруулж сануулж байсан болно.

9. Ж нь одоо аав, ээж нартай хамт тусдаа амьдарч байгаа бөгөөд аав, ээж хоёр хоёулаа хүнд өвчтэй хүмүүс бөгөөд Ж нь тодорхой олох орлогогүй, тогтвортой ажилгүй, төгссөн мэргэжлээрээ ажиллах боломжгүй, Монгол хэл мэдэхгүй байдал нь цаашид тогтвортой ажил хийхэд нь бэрхшээлтэй байдал нь цаашид хүүхдийн хувь заяанд сөргөөр нөлөөлөх асуудал юм.

10. Би хүүхдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байна. Хэрэв шүүхээс гэр бүл цуцлах шийдвэр гарсан нөхцөлд хүүхдийг минь өөрийн минь асрамжид үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч А.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ш.Ж хамт амьдарч байгаад явснаас хойш 1 жил 3 сар болсон байна. Энэ хугацаа бол бага хугацаа биш. Энэ хугацаанд би Ш.Жт үр хүүхдийнхээ талаар бодоод буцаад эвлэрээд цаашид хамтран амьдрая гэж зөндөө асуудал тавьж байсан. Гэр бүлийнх нь хүмүүст 2,3 удаа очиж уулзаж байсан. Энэ талаар тайлбар болон урьдах шүүх хуралдаанууд дээр тодорхой хэлсэн. Мөн тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан болохоор тэр талаар нуршаад ярих шаардлагагүй гэж бодож байна. Тэр хэлж байгаа үг, үсэг бүгд хэвээр байгаа. Энэ дээр нэмж хэлэхэд би хүүхэдтэй хайртай. Хүүхдийнхээ хувь заяаг хамгийн түрүүнд бодож байна. Бид хоёр салж болно. Тэр бол асуудал биш гэж бодож байна. Гэхдээ цаад талд нь хүүхдийн хувь заяа гэдэг маш том зүйл байгаа. Хүүхэд маань 2 нас 7 сартай байгаа. Одоохондоо энэ ертөнцийг бүрэн таньж чадаагүй ч гэсэн тодорхой хэмжээний мэдээлэл авч байгаа. Одоо өсөж том болно. Энэ бүгд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Дараа нь аав нь хаана байна, ээж нь хаана байна вэ гэдэг асуудал яригдана. Миний хүүхэд 2 нас 7 сартай ч гэсэн аавыгаа гэсэн сэтгэхүйтэй хүүхэд юм. Аав нь хажууд нь байвал сэтгэл ханамжтай байдаг. Үүнийг Ш.Ж ч мэдэж байгаа, мэдэрч байгаа. Хүүхэд маань зунжингаа миний хажууд явсан. Ш.Ж нь би хүүхдээ үзмээр байна, хармаар байна гэхэд үзүүлж харуулж байсан. Хамт хономоор байна гэхэд явуулж байсан. Тэр талаар бид нарын хооронд нэг их асуудал байхгүй. Ш.Ж өөрөө ухамсарлах ёстой. 1 жил 3 сарын хугацаанд би очиж зөндөө ярьж байсан. Гэхдээ би ярьсан ч, яриагүй ч энэ хүн хүүхдийнхээ төлөө ухамсарлах ёстой. Харамсалтай нь энэ бүгдийг ухамсарлахгүй байна. Ерөөсөө өөрийгөө болон мөнгө төгрөг, эд хөрөнгөө бодож байгаад нь харамсаж байна. Би Ш.Жт нэг хүсэлт тавимаар байна. Энэ талаар Ш.Ж үгээ хэлэх байх. Хүүхэд маань аавыгаа гэсэн сэтгэлтэй. Ш.Ж дээр очихоор уйлж унждаг. Аавтайгаа хамт явна гэж хэлдэг. Би хүүхэдтэй уулзмаар байна гэхэд аваад очдог байсан. Гэрт нь хамт хонуулах гээд аваад очиж байхад ааваа би очмооргүй байна гээд уйлдаг. Би тэрэн дээр эмзэглэдэг. Ингэж байгаа хүнийг хүсэхгүй байгаа газарт нь хүчээр аваачсан мэт сэтгэгдэл төрдөг. Тэр хүүхэд аавдаа маш их хайртай гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би Ш.Жаас нэг л зүйлийг хүсэж байна. Ш.Ж бид хоёр салж болно. Гэхдээ хүүхдээ надад өгчих. Би асран хүмүүжүүлж чадна. Би өөрийгөө хүүхдээ асран хүмүүжүүлж чадна гэдгийг зуны 3 сард хамт байхад мэдсэн. Би амралтын хугацаанд Казахстан хүртэл аялаад яваад ирсэн. Тэр бүгдийг мэдэж байгаа. Би хүүхдээ ээжид нь уулзуулахгүй гэж хэлэхгүй. Би хүссэн үедээ хүүхдээ ээждээ нь уулзуулж байх болно. Хүүхэд маань аавтайгаа байвал жаргалтай байдаг болохоор энэ асуудал дээр эмзэглэж байна. Бусад хүн дээр очихоор сэтгэл ханамжтай бус болдог. Бүр туурч, сэтгэл санаа нь өөрчлөгддөг гэдэг нь гаднаас нь хараад мэдрэгддэг. Бид хоёр саллаа гэхэд хүүхдийн хувийг заяаг бодож байна. Энэ дээр ухамсарлах ёстой байсан. Ш.Жт нэхэмжлэлээ татаж аваач гээд зөндөө янз бүрээр хэлж байгаа. Гэхдээ өөрөө ухамсарлахгүй байгаа. Түрүүний шүүх хуралдаан дээр байхгүй байсан. Өмгөөлөгчөөрөө дамжуулан би эвлэрэхэд бэлэн байна гэж хэлүүлж байсан. Эд хөрөнгийн хувьд үл хөдлөх хөрөнгийг ипотекийн зээлээр авсан. Нийт төлөгдөх зээлийн хүүгийн төлбөр нь гэхэд 50 сая төгрөг гарч байгаа. Энэ орон сууцыг 20 жилээр авсан. Дөнгөж 2,3 жил өнгөрч байна. Энэхүү эд хөрөнгийг 3 хүнд хувааж болно. Гэхдээ зээл авахдаа энэ зээлийг төлнө гээд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан. Хэрвээ хувааж авах юм бол зээлийг давхар хариуцаад төлөх ёстой. Тэгэхээр энэ зээлийг бид нар хоёр хувааж төлүүлэхээр шийдвэрлэж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч эрх, үүргээсээ чөлөөлөгдөхгүй. Энэ зээлийг авахдаа гарын үсэг зураад баталгаа гаргасан. Энэ бол банкны барьцаанд байгаа. Энэ зээлийг цалингаасаа төлөөд явж байгаа. Мөн цалин, усны төлбөр зэргийг төлж байгаа. Дээрээс нь 50 сая төгрөгийг 20 жилийн хугацаанд төлөөд дээрээс нь энэ хөрөнгийг Ш.Ж нь хувааж авах асуудал байхгүй. Үүнийг шударгаар шийдэж өгөх хэрэгтэй. Зээлийг хоёр хувааж энэ нэхэмжлэлээс хасаж өгөх хэрэгтэй. Ш.Жт байшингийн оногдох хувийн мөнгө төгрөгийг гаргуулаад дээр нь би зээлийг төлөх, мөн байшингийн оногдох хувийг Ш.Жт төлөх нь хуульд нийцэхгүй гэж бодож байна. Иргэний хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн адил үүрэг хүлээх ёстой. Энэ заалтын дагуу Ш.Жт оногдох хэмжээг нь хасаж тооцож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Бусад жижиг эд хөрөнгүүд дээр өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Цахилгаан бараа бол эвдэрч гэмтсэн. Тэрийг авна гэвэл өгнө. Хуваарьт эд хөрөнгө гээд нэхэмжлээд байгаа зүйлийг Ш.Жт өгнө. Тэр болгоныг дундын эд хөрөнгө болгох гээд зүтгэхгүй. Эвдэрсэн зүйлсийн мөнгийг нь гаргуулах гээд байх шаардлага байхгүй. Тэрнийг авах гээд байгаа бол өгнө. Саяны хэлж байгаа санал дээр бүрэн тохиролцоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авбал би ч гэсэн сөрөг нэхэмжлэлээсээ татаж авна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж хариуцагч А.Хаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгө гаргуулахыг тус тус хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд хэргийг хэлэлцэж эхлэхэд нэхэмжлэгч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын ХААН банкны хадгаламжийн дансанд 4300000 төгрөгийг гаргаж Toyota corolla маркийн машиныг худалдаж авсан байгаа тул гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцож надад болон хүү Мирас оногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгээс татгалзаж, нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Ш.Жт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, зохигчид нэг нэгнээсээ нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч А.Х нар нь 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хууль ёсны эхнэр нөхөр болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №251 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №54 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлд: Уригдсан тал А.Х би өөрийн дутагдлаа бүрэн засаж чадна. Дахиж дутагдал гаргахгүй. Би хүүхдийн эрх ашгийг бодож эвлэрэх саналтай байна. Бид хоёр эвлэрч цаашид сайн сайхан амьдрах боломжтой гэжээ. Гэтэл Ш.Ж эвлэрэхийг зөвшөөрөөгүй ба хоёр удаа уулзалт зохион байгуулж эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрлэгчид Ш.Ж, А.Х нар нь гэр бүл болсноос хойш гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж байнга хэрүүл, маргаантай, уг таарамжгүй зан харьцааны улмаас 2016 оны 6 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санал санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүхээс гэрлэгчид Ш.Ж, А.Х нарт хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Ж, А.Х нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид Ш.Ж, А.Х нар 2012 онд гэр бүл болж, тэдний дундаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Х.М төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 8301000131 дугаар төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байгаа ба Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шийдвэрлэнэ гэжээ.

2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.М нь бага насны, одоо эхийн асрамжид өсөн торниж байгаа, эхийн халамж, хүүхдийн эрх, ашиг сонирхол, ахуйн нөхцөл байдал, тусдаа амьдарсан хугацаанд эхтэйгээ хамт байсан зэргийг харгалзан хүүхдийг эх нь Ш.Жын асрамжид үлдээж, хуулинд зааснаар эцэг А.Хаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч А.Х нь ...хүү Мирас нь аавыгаа гэсэн хүүхэд, надад илүү хайртай, дассан, өөрийн асрамжид авч, асарч хүмүүжүүлнэ гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хүү Х.М нь бага насны хүүхэд, эхийн хайр халамжид байж, өсөн торниж, эх нь хүүхдийг хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Ж нь аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/ зэрэг эд хөрөнгө миний хуваарьт хөрөнгө тул хариуцагч А.Хаас гаргуулж өөрт нь олгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ш.Жын хуваарьт хөрөнгө болох аяга тавгийн ком, орос буйдан, хивсэнцэр /паласа/ зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Хаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Жт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч А.Х нь дээрх эд хөрөнгө бол бид хоёрын дундын хөрөнгө байсан гэж маргасан боловч уг хөрөнгөнүүдийг гэр бүлийн дундын хөрөнгө мөн эсэхийг хариуцагч нотолж чадаагүй тул дээрх хөрөнгийг нэхэмжлэгч Ш.Жын хуваарьт хөрөнгө байна гэж үзлээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 177 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 031302663 дугаар бүхий 700 /0.07/ метр квадрат газрыг 25 жилийн хугацаатай 6 дугаар баг, иргэн Керейгийн хашааны дээд талд зуслангийн газрыг Жантекей базархул овогт А.Хад Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагч А.Х нь өөрийн төрсөн дүү А.Жанболатад 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2151 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Энэхүү газар нь гэрлэгчдийн гэр бүл болсноос хойш бий болсон үл хөдлөх хөрөнгө байх тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-д гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газрыг дундын эд хөрөнгөнд тооцож оногдох хувийг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч А.Х нарын дундын өмч гэх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213000085 дугаартай, нэг хүний өмч Монгол Улсын иргэн Жантекей базархул овогт А.Х /БЭ80090517/ гэж 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000201686 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

Нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч А.Х нар нь уг орон сууцыг худалдан авахад ХААН банкны Баян-Өлгий салбартай 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5180393042 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 24500000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн сарын 1,5 хувийн хүүтэй төлөхөөр, мөн ЗГ5180393042 тоот Ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна.

Нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч А.Х нар нь 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЗГ5180393042 тоот гэрээгээр 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн жилийн 8 хувийн зээлд хамрагдаж сар болгон 204928 төгрөг төлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцно гэж заасан байх тул тухайн үеийн буюу дээрх орон сууцны зээлээр худалдан авах гэрээнд заасан ханш 24500000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч А.Х нарын бүрдүүлж өгсөн дундын эд хөрөнгийн жагсаалт болон Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгчийн эд хөрөнгийн үнэлгээ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Баатарын 09 дугаар шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24500000 төгрөг, Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалттай газар буюу 3500000 төгрөг, ширээ нэг буюу 100000 төгрөг, LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг нийт 30703000 төгрөгийн зэрэг эд хөрөнгийг гэр бүлийн 3 /гурван/ гишүүнд тус тус тэнцүү хуваах нь зүйтэй байна.

Хариуцагч А.Х нь ...LG маркийн 52 инчийн LCD зурагтыг надад охин дүү Дина, хүргэн Танатар нар, MIDEA маркийн зуухыг аав, ээж нар маань гэр бүл болж тусдаа гарсны дараа бэлэглэсэн ба одоо өөрсдөө аваад явсан гэж тайлбарлаж, А.Дина, Танатар, С.Аманжол, А.Жанылыш нарын гарын баримтыг ирүүлсэн боловч дээрх эд хөрөнгөнүүд нь нэхэмжлэгч Ш.Ж, А.Х нар гэр бүл болсны дараа би болсон хөрөнгө байх тул уг LG маркийн 52 инчийн LCD зурагт, MIDEA маркийн зуухыг гэр бүлийн дундын хөрөнгө байна гэж үзлээ.

Хариуцагч А.Х нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгүүдийн зарим нь байгаа, зарим нь байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох баримтаар тооцоход нийт 30703000 төгрөгийн / 30703000 : 3 гишүүн / үнэтэй эд хөрөнгийн Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-д зааснаар гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох нь зүйтэй байна. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууц буюу 24500000 төгрөгийн үнэтэй орон сууцыг хариуцагч А.Хад үлдээж,

Хариуцагчаас Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтын газар буюу 3500000 төгрөг, ширээ нэг буюу 100000 төгрөг, LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг буюу нийт 6203000 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд Ш.Ж, Х.М нарт олгож, орон сууцны зөрүү үнэ 14265666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж, хүү Х.М нарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Хаас 265393 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч А.Хын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123000 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хурман овогт Ш.Ж, Жантекей базархул овогт А.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Х.Мыг эх нь Ш.Жын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.Мыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

6. Нэхэмжлэгч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Toyota corolla маркийн машиныг гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцож өөрт болон хүү Х.Мт оногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Ш.Жт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг дурдсугай.

7. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар Ш.Жын хуваарьт хөрөнгө болох Аяга таваг ком буюу 200000 төгрөг, Буйдан орос буюу 680000 төгрөг, Хивсэнцэр /паласа/ 4 метр буюу 140000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Хаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Жд олгосугай.

8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч А.Хад үлдээж,

Хариуцагч А.Хаас Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газар буюу 3500000 төгрөг, LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, хариуцагчид хуваарилагдсан эд хөрөнгийн зөрүү үнэ 14265666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж, хүү Х.М нарт олгосугай.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Жын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352760 төгрөгийг, хариуцагч А.Хын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 265393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жт олгосугай.

10. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ерланд үүрэг болгосугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН