Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00491

 

А.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02524 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2018 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.П-

          Хариуцагч: “З..” Сууц өмчлөгчдийн холбоо \СӨХ\-д холбогдох

          ажлаас үндэслэлгүй халагдсанг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Жархыны гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.П-, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-07-02-ны өдрийн тогтоолоор сонгогдон ажиллаж байсан удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл хамтарсан хурал нэртэйгээр хуралдаад 2019-02-21-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Тухайн тогтоол нь CӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-д нийцээгүй тогтоол гарсан. Удирдах зөвлөл хяналтын зөвлөлийн хамтарсан хурал гээд хуульд байхгүй нэр томьёо гарган ирсэн. Хуульд зааснаар гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөл томилж чөлөөлдөг. Гэтэл хуульд байхгүй байгууллагыг бий болгож ажлаас халсан. CӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-н 10.8.8-д удирдах зөвлөл нь гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэнэ гэж заасан. Тухайн гэрээнд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ, ямар тохиолдолд ажлаас чөлөөлөхийг заасан байх ёстой. Талууд Иргэний хуульд заасан гэрээг байгуулаагүй. Удирдах зөвлөл гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй. Хэрэгт ийм гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу ингэж ингэж ажиллах байтал үүнийг ингэж зөрчсөн гэсэн нотлох баримт байхгүй. Гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйгээс удирдах зөвлөл үүргээ зөрчин хуульд заагаагүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийсэн гэж ярьдаг боловч ажлаас халах тогтоол гаргасан цаг хугацаанд хийгдсэн эсэх нь тодорхойгүй. З.. СӨХ нь хурлын тэмдэглэлээ А4 хэмжээтэй цаасан дээр гараар хөтөлдөг. Хариуцагчийн гаргаж өгсөн тэмдэглэлийг нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хурлын тэмдэглэлийг гараар хөтөлдөг гэдгийг нотлох үүднээс гараар бичсэн хурлын тэмдэглэлийг хэрэгт өгсөн байгаа. Мөн З.. СӨХ-ны нягтлан бодогч ажилтай гэрч н.Тэргэл хурлын тэмдэглэлийг гараар бичдэг гэж мэдүүлсэн байгаа. Хяналтын зөвлөлийн хийсэн гээд байгаа хяналт шалгалт хийгдсэн гэж үзэх ямар ч боломжгүй бөгөөд 2019-02- 11-14-ны өдрүүдэд удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн зүгээс санхүүгийн тайлангаа үзүүл гэж хэлээгүй гэж гэрч н.Тэргэл мэдүүлсэн. н.Тэргэлд санхүүгийн хяналт шалгалт хийх талаар албан ёсоор мэдэгдээгүй байж санхүүгийн хяналт шалгалт хийсэн гэсэн дүгнэлт гаргуулсан. 2019-03-11-ний өдрийн хяналтын зөвлөлийн 3 гишүүн А.П-гийн амьдардаг гэрт нь хяналт шалгалт хийсэн баримтаа нөхөн гардуулж өгсөн. Энэ талаар бичлэг нь хэрэгт авагдсан сидигээр нотлогдоно. 02-21-ний өдөр баталгаажуулах байтал энэ өдрөө нэхэмжлэгчид гарган өгөөгүй. Тэгэхээр үүнийг нэхэмжлэл гаргасны дараа нөхөн үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна. Хариуцагч тал шүүх хуралдааны явцад санхүүгийн зөрчлүүдийг тогтоож байгаа байдал харагддаг. Жишээ нь санхүүгийн аудитын дүгнэлтээ сая 9 сард гаргуулж байх жишээтэй. Хэрвээ гүйцэтгэх захирал санхүүгийн зөрчил гаргасан гэж үзсэн бол 02 дугаар сард энэ талаар тогтоосон байх ёстой. Тэгэхээр ажлаас халсан тогтоол нь ямар ч үндэслэлгүй. Өнөөдөр хариуцагчаас гаргасан Улиастай аудит ХХК-ийн дүгнэлт нь нүүр хуудас дээр 3 хавсралттай гэж бичсэн боловч ямар ч хавсралт алга байна. 2018-07-01-с 2019-02-28-ны өдрийн бэлэн мөнгөний тайлан, дансаар хийгдсэн гүйлгээний тайлан, санхүүгийн шинжилгээний тайлан зэрэгт аудит хийсэн гэх боловч энэ бүх материалуудыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гарган өгсөн. Гэтэл хэзээ шүүх дээр ирээд ийм дүгнэлт гаргасан бэ гэдэг нь тодорхой бус байна. Гүйцэтгэх захиралтай байгуулаагүй гэрээ буюу хэрэгт авагдаагүй баримтыг хаанаас гарган ирээд шалгаад үүргээ зөрчсөн гэдгийг нь тогтоосон бэ гэдэг нь нотлогдохгүй байна. 2019-04-29-ний өдрийн шүүгчийн захирамжийн дагуу санхүүгийн бүх баримтууд шүүхэд хадгалагдаж байхад аудит яаж хийгдсэн нь тодорхой бус. Аудитын дүгнэлт нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Cууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хамтарсан тогтоолын үндэслэх хэсэгт CӨХЭЗБНЗОСБДӨЭХТХ-н 10.8.2-г удирдлага болгон заасан. Гэтэл энэ заалт нь удирдах зөвлөлийн заалт байтал хамтарсан тогтоол дээрээ удирдах зөвлөлийн бүрэн эрхийн заалтыг аваад хуульд байхгүй хэлбэрээр тогтоол гаргасан. З.. СӨХ нь ажил олгогч гүйцэтгэх захирал нь ажилтан байхад тухайн тогтоол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Мөн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй. Тиймээс энэхүү тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. ИХШХШТХ-н 25.1.1-д зааснаар өөрийн татгалзал тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөх болно. З.. СӨХ-ны удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн зүгээс А.П-г санхүүгийн тайлан тооцоогоо дүгнүүлээч гэж 2018-11 сараас хойш шаардаж байсан. Гэтэл нэг ч удаа гарган өгөөгүй. 2019-01 сард болсон хурал дээр нягтлан бодогч н.Тэргэлийг санхүүгийн баримтаа гарган өг гэж хэлсэн. н.Тэргэл гэрчээр оролцохдоо би гэртээ аваачсан байсан гэж мэдүүлсэн. Ажлаас халах болсон гол шалтгаан нь 2019-02-17-ны өдрийн хяналтын зөвлөлийн тогтоол байгаа. Уг хяналтын зөвлөлийн тогтоолд 12 удаагийн үйлдэлтэй санхүүгийн зөрчил илрүүлсэн. 1. Хүүхдийн тоглоом 520,000 төгрөгөөр авсан гэх боловч чанаргүй байсан бөгөөд баримт байхгүй. 250,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан гэх боловч баримт байхгүй гэх мэт алдаа дутагдлыг гаргасан. Тиймээс 2019-02-17-ны өдөр хяналтын зөвлөл А.П-д тогтоолоо өгсөн боловч гардан аваагүй. Тиймээс 2019-02-21-ний өдөр удирдах зөвлөл болон хяналтын зөвлөл хамтран хуралдаад А.П-г ажлаас халах тогтоол гаргасан. Уг тогтоол гаргах болсон гол шалтгаан нь СӨХ-ны хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д өвчтэй байгаа хүмүүст нөхөн олговор, зээл олгох бол удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авахаар заасан боловч Очирчулуун, Жавзан, Батхүү нарт зээл олгосон гэх боловч уг мөнгийг өөрийнхөө дансаар оруулсан. 2019-03-15-ны өдөр Сан арвижих аудит ХХК-аар дүгнэлт гаргуулсан боловч тус компани тусгай зөвшөөрөлгүй гэдгийг шүүх тогтоосон. Энэ хүн мөнгө хэрэглээд байгааг тогтоосон ба үүнтэй холбоотойгоор ажлаас халахад энэ хүн санхүүгийн анхан шатны баримтуудыг аваад зугтсан. Уг санхүүгийн баримтуудыг сангийн яамнаас гаргасан журмын дагуу хөтлөөгүй. Шүүхэд гарган өгсөн 4 баримтыг нөхөн хийсэн гэдэг үндэслэл байна. Үүний нэг нь н.Ганболд гэж тамгатай. Хэвлэмэл баримт байгаа. Тамга дарахад дээшээ доошоо баруун зүүн тийшээ тодорхой хэмжээгээр эргэдэг байгаа гэтэл Ганболдын бүх тамгууд яг нэгэн жигд байгаа. Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй их хэмжээний төлбөр гаргадаг.. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 101/ШШ2019/02524 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А.П-г З.. СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар З.. СӨХ-ноос 5,919,069 төгрөгийг гаргуулж, А.П-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар А.П-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч А.П- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч З.. СӨХ-ноос 109,655 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2018 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02524 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн байна.

  Хариуцагчийн төлөөлөгч С.Жархын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Тодруулбал, 2019-06-10-ны өдрийн өмгөөлөгч, М.Шаравнямбуугийн А01/61 дугаартай шинжээч томилох хүсэлтийг шүүхээс хангаагүй атлаа “З..” СӨХ-ийн хүсэлтээр “Улиастайн Ван Аудит” ХХК-иар санхүүгийн хувьд алдаа дутагдал гаргасан талаар аудитын дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөхөд хууль бусаар бүрдүүлсэн гэх үндэслэлээр нотлох баримтаар дүгнэж үзээгүй нь хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн А.П-гийн өөрийн хийлгэсэн “Сан Арвич Аудит” ХХК нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй гэдгийг шүүхийн журмаар тогтоосон. “З..” СӨХ 2018-08 сараас 2019-02 сар хүртэлх хугацаанд өөрт учирсан гэм хорыг хоёр удаа тогтоосон. Нэгдүгээрт: 2019-02 сарын 17-ны өдрийн “З..” СӨХ-ын №1 дугаартай Хяналтын зөвлөлийн тогтоол, Хоёр дугаарт: “Улиастайн Ван Аудит” ХХК-ний дүгнэлтээр 14,059,045 төгрөгийн зөрүүтэй гүйлгээг 2018-08 сараас 2019-02 сар хүртэл гүйцэтгэх захирал А.П- нь хийсэн байна гэж тогтоосон байхад шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалт бичээгүй гэж муйхарлаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаглалд Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тогтоох нь Монгол Улсын төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн бүрийн чандлан сахих ёстой зүйл. Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.1-т “шүүгч гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу томлигдсон, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын иргэнийг” мөн хуулийн 4.1.5-т “мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан: шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх,” гэсэн Үндсэн хууль болон органик хуулиар тогтоосон үнэт зүйлсийг хэрэглэхгүй практик тогтсон гэх үндэслэлээр ажилд эргүүлэн тогтоож байгаад гомдолтой байна. Тус хуулийн этгээдийн эрхгүй “З..” СӨХ-ын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд нь өөрсдийн оршин суугчдийн ая тухтай орчинд амьдруулахын тулд ямар нэгэн байдлаар шан харамж болон цалин авдаггүй хүмүүсээс бүрддэг. Тиймдээ ч СӨХ-ын эрх ашгийг хамгаалах, түүний төлөө ажиллахгүй байгаагаас гадна өөртөө ашиг хонжоо олдог, СӨХ-д бодит хохирол учруулаад байхад ажилд нь эргүүлэн тогтоож байгаа нь дахин ийм үйлдэл гаргах нөхцлийг 100% бүрдүүлж байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         А.П- 2019-03-07-ны өдөр “З..” СӨХ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн байна.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа  санхүүгийн зөрчил гаргасан...” гэж маргажээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

  Хариуцагч тал хяналтын гомдолдоо “...шүүх шинжээч томилох хүсэлтийг  хангаагүй...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэжээ.    

        Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. “З..” СӨХ-ийн Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 2019-02-21-ний өдрийн 2019/005 дугаар тогтоолоор А.П- гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. 

       Хариуцагч “...хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний аль заалтыг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн талаараа тогтоолд тусгаагүй...” гэх нөхцөл байдлыг хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

       а\. А.П-г “З..” СӨХ-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хариуцагч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үндэслэл болгожээ. 

      СӨХ-ийн гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх асуудал Сууц өмчлөгчдийн холбооны  Удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаардаг тул хариуцагч нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг баримталсан нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-г зөрчөөгүй байна.  

      б\. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй гэх нөхцөл байдлыг нэхэмжлэлийг хангах шууд үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй байна. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч 2019-02-21-ний өдрийн 2019/005 дугаар тогтоолоор А.П-г ажлаас нь чөлөөлөхдөө мөн өдрийн хамтарсан хурлын  тэмдэглэлийг үндэслэжээ. 

        Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 2019-02-21-ний өдрийн хамтарсан хурлын тэмдэглэлийг үзвэл, уг хуралд А.П- өөрийн биеэр оролцсон байх бөгөөд  “...СӨХ-н тайлан хийдэггүй... төлбөр шилжүүлэх асуудалд хяналт тавиагүй...зарим худалдаж авсан эд зүйл нь СӨХ-н өмчлөлд хэрэглэгдэж байгаа эсэх нь тодорхойгүй...” зэрэг асуудлыг талууд хэлэлцсэн, хамтарсан хурлаар хэлэлцсэн зарим асуудлыг нэхэмжлэгч уг хуралд оролцох үедээ үгүйсгээгүй байна. /хх 41-47/

           Хариуцагч санхүүгийн зөрчлийн талаар СӨХ-н удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн 2019-02-17-ны өдөр болон 2019-02-21-ний өдрийн хамтарсан хурлаар хэлэлцэж, уг хурлын шийдвэрийг А.П-г ажлаас халах үндэслэл болгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг тушаалд баримтлаагүйг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгох нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт нийцэхгүй байна. 

       в\. Хөдөлмөрийн гэрээний заалтыг ажлаас халах шийдвэрт баримтлаагүй гэх үндэслэл хяналтын гомдлыг үгүйсгэхгүй байна.

       Хоёр шатны шүүх хөдөлмөрийн гэрээний талаар хоёр өөр дүгнэлт хийснээс гадна энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй буюу талууд огт гэрээ байгуулаагүй, гэрээг бичгээр байгуулаагүй эсхүл байгуулсан гэрээ нь хэрэгт авагдаагүй  гэж үзсэн эсэх нь магадлалд тодорхойгүй байна. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, А.П- нь хариуцагчтай 2018-06-08-ны өдөр  нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаараа нэхэмжлэлдээ /хх1/ дурдсан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй, А.П-г “З..” СӨХ-ны удирдах зөвлөл 2018-06-08-ны өдөр №2 тогтоолоор гүйцэтгэх захирлаар сонгосон, нэхэмжлэгч уг ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар зохигч маргаагүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг баримтад үндэслэгдээгүй гэж үзнэ.        

       Ажилтан эд хөрөнгийн зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болох бөгөөд зөрчил нь сахилгын бус, харин эд хөрөнгийн шинжтэй байдаг тул мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх болон ажилтны хуулиар хүлээсэн үүргийг тодорхойлж тогтоох нь энэ тохиолдолд ач холбогдолтой байдаг.

      2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэг, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчжээ.

        Хариуцагч нь ажилтны гаргасан гэх зөрчлийн талаарх баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргажээ.

        Ажилтан хариуцагчийн итгэл эвдсэн /хх51/ буюу санхүүгийн зөрчил гаргасан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад шүүх шийдвэрлээгүй, хүсэлтийг хангаагүй /хх 38,150,71,155/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөнөөс хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.  

        Шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэлийг тодруулсны эцэст зохигчийн хүсэлтийг хүлээн авах, шинжээч томилох дүгнэлт гаргуулах эсэхийг шийдэж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02524 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2018 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 109,900 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ