Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 194

 

Б.С, Г.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 459 дүгээр магадлалтай, 201726010085 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С, Г.Х болон тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2012 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоож, 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Б.С нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах”, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргүүдэд,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эмэгтэй, 2012 онд Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлсэн, 2014 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 4 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Г.Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-г бусадтай бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн, догшин авирлаж танхайрсан, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Х-г бусадтай бүлэглэн, ялтай байхдаа согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.С-г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 2 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Г.Х-Г Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.С-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар хорих ялаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн ангид, Г.Х-н эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, Г.Х нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Н.Одонтуяагийн саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ял шийтгэлийг тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.С хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Би хохирогчид огт гар хүрээгүй. Эхнэр Х хэлмэгдэж ял авсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор хохирогчийг загнаж худал мэдүүлгийг нь дахин яриулсан. Дуудлагаар ирсэн цагдааг санаатай мөргөөгүй бөгөөд 2 хүүхдийн хажууд гавлуулахгүй гэж  байгаад санаандгүй мөргөлдсөн. Прокурор хэт нэг талыг баримталж намайг ялласан. Миний хийсэн хэргээс болж эхнэр маань ял авч 10-14 насны 2 охин маань өнчирч, тэтгэвэрт байдаг ээж дээр минь байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Одонтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “ Шүүгдэгч нар нь бүлэглэж танхайрсан зүйл байхгүй, харин Б.С нь машины шил хагалснаа хүлээн зөвшөөрч, толгойгоо дээш өргөх үедээ санаандгүй цагдаагийн албан хаагчийн толгойг мөргөсөн гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Е нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ өөрөөр мэдүүлсэн тул мэдүүлгийн зөрүүг арилгасны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Хохирогч Е биед шинжээчийн дүгнэлтээр ямар нэгэн шарх, сорви учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83.1, 83.2-т “Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэснийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2-т зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл, боломжтой байхад шүүх хууль буруу хэрэглэж, хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн цагдаагийн албан хаагч Б-н биед гэмтлийн зэрэг учраагүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Х нь биечлэн онлайнаар оролцох хүсэлтээ бичгээр гаргасан байхад түүнийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 312.2-т “Шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ялтныг шүүх хуралдаанд оролцуулна” гэсэн заалтыг зөрчсөн.

Б.С нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 5 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаа нь дуусах байжээ. Гэвч Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үйлдсэн гэмт хэргийн улмаас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаа нь тус хуулийн 6.1.3-т зааснаар өршөөлд хамрагдаж, харин ялтай байдал нь өршөөлд хамрагдахгүй бөгөөд ялтан С ялтай байхдаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж Давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалтанд ял сонсгоогүй, яллагдагчаар байцаагаагүй, прокурорын яллах дүгнэлтэнд дурьдагдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдээгүй, үндэслэлээр Б.С-н эрх зүйн байдлыг хүндрүүлж, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хууль буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж шийдвэрлэсэн.

Б.С нь хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэгдэж суллагдсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хянан харгалзах хугацаа дуусах 2015 оны 10 дугаар сарын 01-ний үед гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэл 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн учраас тэнсэж хянан харгалзах хугацааг Өршөөлд хамруулах гэсэн хууль зүйн ойлголт байхгүй, харин түүний ялтай байх хугацаа нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-д зааснаар хэрэгсэхгүй болох үндэслэлтэй тул түүний үйлдлийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжтой. Иймд Б.С-г анх удаа гэмт хэрэгт холбогдсон, төлөх төлбөргүй, үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогч нар гомдол саналгүй гэснийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн 153.1, 230.1-т заасан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хорих ялыг биөчлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэнэ үү.

Г.Х нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 481-Ө дугаартай шүүгчийн захирамжаар 11 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаа дуусах тул Г.Х нь уг тэнсэн харгалзах хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин уг хугацаа дууссаны дараа 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэгт холбогдсон учраас түүний ялтай байх хугацааг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-д зааснаар хэрэгсэхгүй болох үндэслэлтэй тул анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, гэм хор арилсан, хохирогч нар гомдол саналгүй гэснийг үндэслэн оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв.

Улсын Ерөнхий Прокурорын Газрын хяналтын прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.С, Г.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хууль буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдлоо. Шүүгдэгч нарын танхайрсан гэх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн шинжтэй үйл ажиллагаанд нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол энэ гэмт хэрэг болохоор хуульчлагдсан бөгөөд дээрх шинж шүүгдэгч нарын үйлдэлд байхгүй байна. Уг хэргийн бодит хохирол 180.000 төгрөг бөгөөд эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр мөн зүйлчлэх боломжгүй. Б.С-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болж өөрчлөгдсөн боловч оногдуулах ял нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял болж өмнөх хуулиас хүндэрсэн. Шүүх Б.С-г 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгэсэн бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, түүнчлэн баривчлах ял 2015 оны Эрүүгийн хуулиас хасагдсан тул баривчлах ялаас нь чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн дүгнэлт гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Б.С, Г.Х нар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хохирогч Х.Е-н автомашинаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангайн 80 дугаар гудамжны 10 тоотод байрлах гэртээ хүргүүлсний дараа зохих төлбөрийн төлөхгүй маргаж, бүлэглэн Х.Е-г зодож, Г.Х нь хохирогч Х.Е автомашины баруун, зүүн крылог гэмтээсэн, Б.С нь уг автомашины зүүн хойд талын нэмэлт шилийг хагалсан, улмаар Б.С нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч Н.Б-г хэл амаар доромжилж, хүч хэрэглэн эсэргүүцэж нүүрэн тус газар нь мөргөж, өмсөж байсан гэрэл ойлгогчтой хантаазыг нь урсан зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.С-г бусадтай бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээн, догшин авирлаж танхайрсан, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, Г.Х-г бусадтай бүлэглэн, ялтай байхдаа согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалт болон Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.С, Г.Х нар нь хохирогч Х.Е-н автомашинаар гэртээ хүргүүлсэн атлаа такси үйлчилгээний төлбөр төлөх талаар нийтээр хүлээн зөвшөөрч тогтсон хэв журмыг зөрчин, зохих төлбөр төлөхөөс татгалзаж, зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Х.Е-тай маргалдан гудамжинд буюу нийтийн орчинд түүнд хүч хэрэглэн бүлэглэн зодож, хохирогчийг машинаа орхин зугтаахад нь түүний автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан, улмаар шүүгдэгч Б.С нь нийтийн хэв журам сахиулахаар ирсэн цагдаагийн алба хаагч Н.Б-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэн түүний нүүрэн тус газар мөргөсөн, өмсөж явсан хантаазыг нь урсан үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, ... олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан”, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл” хорих ял оногдуулахаар хуульчилсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт оногдуулах “гурваас дээш таван жил хүртэл” хорих ялын хэмжээнээс бага буюу хорих ялын доод хэмжээ багассан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдсон гэж үзэв.                       

Харин “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан бол тухайн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар оногдуулж болох албадан ажил хийлгэх, баривчлах ялууд нь 2015 оны Эрүүгийн хуулиар ялын төрлөөс хасагдаж, харин торгох болон хорих ялын доод хэмжээ багассан байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан болно. Иймд шүүгдэгч Б.С-д 2015 оны Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй.

Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.С-ийн цагдаагийн албан хаагчийг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн түүний үйлдлийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасан хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.С-д хорих ялын доод хэмжээг сонгон оногдуулж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдах” гэсэн хууль зүйн ойлголтыг хэдэн хүн гэмт халдлагад өртсөнийг илэрхийлэх тооны агуулгаар бус, харин гэмт этгээдийн олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, өмчлөх эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болох аюултай нөхцөл байдал үүсч, хүний аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрх ноцтой зөрчигдсөнийг ойлговол зохино.

Хяналтын шатны шүүх нь хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Б.С-ийн гаргасан “Би хохирогчид огт гар хүрээгүй. Эхнэр Г.Х хэлмэгдэж ял авсан. Дуудлагаар ирсэн цагдааг санаатай мөргөөгүй. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтШүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж хуульчилсан боловч шүүгдэгч Б.С, Г.Х нарын хүүхдүүд 10-14 настай тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүйгээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэв.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ.”, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.3 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангид анх удаа гэмт хэрэг үйлдэж 5 жил хүртэл хугацаагаар ял шийтгүүлсэн … эмэгтэй хоригдлыг ял эдлүүлнэ.” гэж тус тус заасан тул 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Х нарыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 459 дүгээр магадлалд:

-“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 3 жил 2 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-г 3 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах хөнгөн ялыг хүндэд нь багтаан, Б.С-н биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож” гэснийг

“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С, Г.Х нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тогтоосугай”,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Г.Х-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Х нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулсугай.

2.Шүүгдэгч Б.С, Г.Х, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН