Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 29

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан

Улсын яллагч Ц.Алдархишиг

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич, түүний өмгөөлөгч С.Тунбаяр /2155/, Д.Гунгаа /0336/

Орчуулагч Г.Үнэнбат /275/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросын холбооны Улсын иргэн Уткин Дмитрий Николаевич-д холбогдох 201501000047 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 20-ны Оросын Холбооны Улсын Амурский тойрог, Мазанского дүүрэг, С.Новокиевскийн Увал тосгонд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч Б.Алтанзул, охины хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10Б байрны 36 тоотод түр хугацаагаар түрээслэн амьдарч байгаа гэх, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн ОХУ-ын 1003 737918 дугаарын үндэсний паспортын эзэмшигч Уткин Дмитрий Николаевич.

 

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Оросын холбооны Улсын иргэн Уткин Дмитрий Николаевич 2015 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараагийн давтан үйлдлээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй нийт 18.7 грамм бодисийг борлуулсан,

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10Б байрны 36 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

мөн Уткин Дмитрий Николаевич нь 2010 оноос хойш Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                  

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич мэдүүлэхдээ: 

Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4-д заасан давтан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн борлуулсан гэснийг бас зөвшөөрөхгүй. Манай гэрт бусдын орхисон өвс байсан ба түүнийг үндэслэж намайг яллаж байна. Алтанзул намайг Дархан руу явж байсан гэсэн байна. Би Дархан явж байгаагүй ба хотод ажилтай. 6499 грамм канабис нь миний борлуулсан каннабистай төстэй гэж дурдсан байна.

Хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт хангалтгүй байна. Уг каннасбист бодист сэтгэцэд нөлөөлөх бодис мөн эсэхийг дурдаагүй байна. Жишээ нь дэлгүүрт зардаг пиво градустай градусгүй гэж 2 янз байдаг шиг манай гэрээс хураасан каннабист сэтгэцэд нөлөөлөх эсэхийг шинжлээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд нууцлалын ангилалд хамаарах 2 материал байгаа ба надад танилцуулаагүй. Намайг борлуулсаныг нотлох баримт байхгүй ба үйлдэл дээр баривчлаагүй. Намайг гүтгэж хэлмэгдүүлсэн хүмүүс өөрсдөө энд зогсож байх ёстой. Манай гэрээс хашиш гэх бодис олдоогүй, надаас илрээгүй. Өвс гэх бодисоос бодис гаргахдаа химийн лаборатор хэрэгтэй болохоос будаа агшаагчаар гаргах боломжгүй.

2010 оноос хойш Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан асуудалд ярих зүйл байхгүй. Гадаад иргэний харьяатын албанаас зөвшөөрөл өгсний дагуу оршин суусан” гэв.

 

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич мэдүүлэхдээ:

Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 гэсэн зүйл ангийг би зөвшөөрөхгүй байна. Би өөр хүний каннабисыг түр хадгалж байсан. Манай гэрт үзлэг хийгээд цагдаагийнхан олж авсан юм биш, харин би тэдэнд өөрөө гаргаж өгсөн. Надад сонсгосон нөгөө зүйл ангийг би зөвшөөрч байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-д заасан гэмт хэргийн нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд каннабис борлуулсан гэдгийг нотлохын тулд тодорхой ажиллагаа явагдсан байх ёстой, энэ зүйлчлэл тохироогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-р зүйлчилж өгнө үү. Би өмнө нь нутагтаа ял шийтгэгдэж байсан боловч миний ялтай байдал дууссаныг, би ар гэртээ балчир буюу 2 сартай хүүхэдтэй болохыг, мөн би мөрдөн байцаалтын ажиллагаанд тусалж бусдын манай гэрт үлдээсэн байсан нотлох баримтыг сайн дураар гаргаж өгсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад хөнгөн ял олногдуулахыг хүсье” гэжээ.

 

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 01 сард буюу өвөл Улаанбаатараас Дархан явах замд Дарханаас 130 км зайд замын хажууд 10-15 метр зайтай ургаад хатсан байдалтай өвс байсныг сонирхолын үүднээс түүж авсан. …Цагдаад баригдаад жинг нь үзэж байх үед 5 кг орчим байсан. Түүнээс би өмнө хэдэн кг байсанг нь мэдээгүй. Цагаан өнгийн бээлий өмсөж байгаад эхнээс нь шувтрахад хатсан навч нь үүрээд гарт орж ирснийг уутанд савлаж авсан юм... Бие засаж байгаад би “тэр юу вэ” гэж нэг ургамал заасан. Гэтэл Саша гэх найз маань канопля байна гэж хэлсэн...Саша бид 2 нэг, нэг гялгар уутыг зулгааж авсан... Тэр 2 ууттай түүсэн ургамлаа аваад буудал руу орсон. 3-4 хоногийн дараа тэр 2 ОХУ руу нутаг буцахдаа нөгөө 2 гялгар ууттай ургамлаа үлдээгээд 2-3 сарын дараа ирж авна гэж хэлсэн...” гэжээ. /1 хав 113-116 хуудас/

 

Гэрч Б.Алтанзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2013 оны 11 дүгээр сарын үед анх Уткин Дмитрий Николаевичтай танилцаж түүнээс хойш үерхэж байгаад 2014 оны 9 дүгээр сараас эхлэн байр түрээслэн хамтран амьдрах болсон. Уткин Дмитрий Николаевич буюу Дима бид хоёр ярилцаж байгаад хүүхэдтэй болохоор шийдсэн ба одоо би 8 сартай жирэмсэн. Дима өмнөх амьдралынхаа талаар надад ярьдаггүй, харин нэгэн Монгол эмэгтэйтэй гэр бүл батлуулж байсан, гэрлэлт батлуулсан зорилго нь болохоор Монголд оршин суух зөвшөөрөл  авах гэж тэгсэн гэж ярьж байсан, надтай танилцах үедээ Гурвалжингийн гүүрний тийшээ байдаг “Оргил” бөөний төвд Володя захиралын мэдэлд жолооч, бараа түгээгчээр ажиллаж байсан ба энэ ажлаасаа өөр газар ажиллаж байгаагүй.

3, 4 дүгээр хороололд байдаг Алтан Дорнод уурхайн 9 давхар цагаан 7 дугаар байранд Бахатур гээд Тажик гээд найз нь байдаг, надтай танилцах үедээ энэ байранд Бахатуртайгаа хамт амьдардаг байсан юм, өөр ямар найз нөхөд байдгийг нь мэдэхгүй, Оргил бөөний төвд захирал ажилтай Володя болон хамт ажилладаг хүмүүстэйгээ найзлаж нөхөрлөдөг байж мадгадгүй. Үүнээс өөрөөр Димагийн найз нөхдийн талаар мэдэх зүй байхгүй. /1 хав 61-62 хуудас/

...Надтай танилцахаас өмнө “Өргөө” кино театрын ойролцоо байх Бахатур гэх танил найзындаа амьдардаг байсан гэсэн...Ажлынхаа шугамаар бараа түгээх гэж Дархан руу ганц хоёр удаа явж байсан. Яг хэзээ хэдэн сард Дархан явсныг нь мэдэхгүй байна” гэжээ. /1 хав 64-65 хуудас/,

 

Гэрч Р.Эрдэнэболор мэдүүлэхдээ: “Би Уткин Дмитрий Николаевичийг танина. Би хамт ажилладаг юм. Бид Оргил ХХК-д борлуулагч борлуулалтын менежерээр ажилладаг. Миний танил Володя гэх залуу Оргил ХХК-тай гэрээ хийж бараа авдаг. Авсан бараагаа захуудаар  борлуулах журмаар ажилладаг ба Уткин Дмитрий Николаевич нь авсан барааг түгээдэг би борлуулалтын менежерээр нь ажилладаг юм. Би 3 л хамтран ажилладаг гэсэн үг. Володя, Уткин Дмитрий Николаевич нар нь танилууд юм шиг байсан. Уткин Дмитрий Николаевич нь намайг ажилд орсоноос хойш ажилд орсон ба би хэрхэн яаж Володятай холбогдож ажилд орсоныг нь мэдэхгүй байна.

...Баха л гэж нэг найзынх нь талаар сонсож байсан. Монгол найз бол байхгүй байх. Би нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна..” гэжээ. /1 хав 69-70 хуудас/

 

Гэрч Овчинников Владимир Юрийвич мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сард би жолоочоор ажиллах хүн хайж байхад манай найз Леонид гэх Орос хүн намайг Уткин Дмитрий Николаевичтай танилцуулж байсан. Би өөрөө Оргил худалдааны төвд гэрээт борлуулагч хийж байсан юм.Би нэг жолоочтой байсан боловч хуучин ажиллаж байсан жолооч маань ажлаа хийж чадахгүй байсан учир би энэ тухай Леонидод хэлээд Леонид намайг Уткин Дмитрий Николаевичтай танилцуулж байсан. Уткин Дмитрий Николаевичтай би 2013 оны 8 дугаар сараас хойш хамт ажиллаж байгаа.

Би Уткин Дмитрий Николаевичийг хэдэн онд  Монголд ямар шалтгаанаар орж ирсэнийг нь би мэдэхгүй байна. Би Уткин Дмитрий Николаевичийг 2013 оноос хойш л мэддэг болсон. Тэрнээс өмнөх амьдралыг нь бол мэдэхгүй. Алтан Дорнод ХХК-д ажиллах гэж Монгол улсад орж ирсэнийг нь мэднэ. Миний мэдэхээр Зулаа гэх эхнэр байдаг удахгүй төрөх гэж байгаа гэж байсан. ...Баха, Леонид гэх 2 найзтай би найз нарынх нь талаар сайн мэдэхгүй...” гэжээ. /1 хав 71-72 хуудас/

 

Гэрч Каюмов Баходур Муродович мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Уткин Дмитрий Николаевич нь …талаар муу зүйл ярьж чадахгүй. ...Уткин Дмитрий Николаевич өөрөө хэлэхдээ Хишигжаргал гэгч эмэгтэйтэй гэрлэсэн гэж ярьж байсан. Сүүлийн үед Зулаа гэх эмэгтэй танилцаж хамт амьдарч байсан. Зулаа одоо Уткин Дмитрий Николаевичийн охиныг төрүүлсэн байгаа. Би Утикин Дмитрий Николаевичийн гэрт нь очиж үзэж байгаагүй миний мэдэхийн Өргөө кинотеатрын ойролцоо амьдарч байсан дараа нь UB palace-н ойролцоо амьдарч байсан гэсэн. ..Би Уткин Дмитрий Николаевичтэй архи уух, хамт гадуур явах үед зөндөө байсан. Гэхдээ би түүнийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байхыг нь хараагүй, мэдэхгүй юм байна. …Уткин Дмитрий Николаевич бол манай гэрт олон удаа ирж хонож өнжиж байсан. Гэхдээ миний дэргэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаагүй...” гэжээ. /1 хав 163-164 хуудас/

 

Гэрч Колодин Леонид Валериевич мэдүүлэхдээ: “…Уткин Дмитрий Николаевич нь манай компанид Газел машины жолоочоор ажилд орсон. Тэр үед Уткин Дмитрий Николаевич “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн баазын нийтийн байранд амьдардаг байсан. Уткин Дмитрий Николаевич нь урьд өмнө Монгол улсад ирж байсан талаар би мэдэхгүй Монгол улсад ажил хөдөлмөр хийх гэж ирсэн байсан. Би бол Монгол улсад амьдардаг учраас боловсон хүчинтэй уулзаад л ажилд орсон. Уткин Дмитрий Николаевич нь хэрхэн яаж Алтан Дорнод ХХК-тай холбогдож ажилд орсон талаар би мэдэхгүй байна.

...Уткин Дмитрий Николаевич Алтан Дорнод ХХК-наас гарсаны дараа хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрүүдэд ажилладаг байсан. Тэр үедээ буюу миний санаж байгаагаар 2012 онд байх нэг байр хөлслөж Хишигжаргал гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. ...Харин сүүлийн үед Зулаа гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. Миний санаж байгаагаар 1 жил Зулаатай амьдарч байгаа.

…Хишигжаргалтай хамт амьдарч байхдаа Уткин Дмитрий Николаевич нь Монгол улсад оршин суух бичиг баримт бүрдүүлээд Харъяатын албанд өгч байсан. Дараа нь Уткин Дмитрий Николаевич бид 2 өргөдөлийн хариуг буцааж авахад оршин суух зөвшөөрөл өгөхгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байсан. Миний ойлгосоноор бол Уткин Дмитрий Николаевич нь Монгол улсад оршин суух зөвшөөрөл хүссэн материал бүрдүүлэхдээ урьд өмнө ял шийгэл эдэлж байсанаа нуун дарагдуулсанаас болж хуучнаар харъяатын албанаас оршин суух зөвшөөрөл олгоогүй. Би тухайн болсон асуудлын сар өдрийг мэдэхгүй байна.

Би Уткин Дмитрий Николаевичийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан, зарж борлуулж байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. …ОХУ-д урьд өмнө эрүүгийн хариуцлагад татагдаж байсан гэсэн. Гэхдээ хар тамхины асуудалд холбогдож байгаагүй гэдгийг би мэдэж байна, миний сонссоноор хулгай, танхайн асуудлаар хэрэгт холбогдож байсан гэсэн...” гэжээ. /1 хав 166-167 хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уткин Дмитрий Николаевичид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /CHER, MET, COC, AMP, THC/ илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Drugs of abuse test нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул Уткин Дмитрий Николаевичийг Мөрдөн байцаах газрын 00-ийн өрөөнд оруулан тестний битүүмжлэлийг сэжигтэн болон хөндлөнгийн гэрч нарт харуулан задалж, сэжигтэн Уткин Дмитрий Николаевичийг тестний саванд зааврын дагуу шээлгэж үр дүнг хүлээв.

1 минутын дараа тестний зүүн талаасаа 2 дахь багана буюу MET /метамфетамин/ гэсэн хэсгийн С хэсэгт 1 улаан зураас тодорч positive буюу эерэг гэж заасан нь тухайн шээсэнд метамфетамин гидрохлоридын төрлийн сэтгэцэд нөлөөт бодис илэрч байна гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэжээ. /1 хав 15 хуудас/

 

Гаалийн төв лабораторийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013776 тоот сорилтын дүн: Шинжилгээний дүнгээс үзэхэд №1-3 дээжүүдэд /1 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн тарианы усны хагарсан шил/ метамфетамин илэрлээ. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарагдсан болно гэжээ. /1 хав 76-77 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5187 тоот дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 8, 9, дугаарлагдсан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүдэд каннабис илэрч байна. /дельта 9 тетранидроканнабинол/ Каннабис /дельта 9 тетранидроканнабинол/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно” гэжээ. / 1 хав 80-83 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5093  дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн Уткин Дмитрий Николаевичийн гэх шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэжээ. / 1 хав 85 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн 602 тоот дүгнэлт: “Уткин Дмитрий Николаевич нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна. Уткин Дмитрий Николаевич нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Уткин Дмитрий Николаевич нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Уткин Дмитрий Николаевич нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Уткин Дмитрий Николаевич нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг баримт мэдээлэл байхгүй  байна” гэжээ. /1 хав 90 хуудас/

 

Шинжээч эмч Б.Ламчин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Шинжилгээнд хүргүүлсэн бодис 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно. Дээрх метамфетамин болон каннабис нь өөр бодисууд ба 2-лаа 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд ордог. Ер нь бол үйлчлэх хугацаа нь 4-6 цаг байдаг. Биеэс гарах нь харилцан адилгүй. Амрах, хоол унд идэх, уух зэргээс шалтгаална. Каннабис зэрлэг ургамал юм. Каннабис нь 1971 оны  НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг. Уг бодисыг хэрхэн яаж тарьж ургуулж боловсруулж хэрэглэдэг талаар хэлэх боломжгүй...Будаа агшаагчинд жигнэж барьцалдуулж хэрэглэх боломжтой. Жигнэж байгаа асуудал нь өвс тамхийг чийглэг болгож, хооронд нь барьцалдуулж байж болно” гэжээ. / 1 хав 92-95 хуудас/

 

Гэрч Г.Хишигжаргал мэдүүлэхдээ: “Уткин нь 1972 онд ОХУ-н Амурский мужид төрсөн гэсэн. Уткин нь эцэг эхээс 3-уулаа ба айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Нэг эгч, нэг дүүтэй. Би бол ээжтэй нь болон хүү Ивантай нь уулзаж байсан. Би ОХУ-д гэрт нь очиж байгаагүй ба Уткин бид хоёр 2007 онд танилцаад 2009 онд гэр бүлээ батлуулж байсан. Бид 2 дундаасаа хүүхэдгүй. Бид хоёр Дарь эх дээр 1 жил орчим амьдраад дараа нь 16 гэх газар нийтийн байр хөлслөж амьдарч байсан. Тухайн үед Уткин Үндсэн Хүнс нарийн боовний цехэд түгээгч жолоочоор ажиллаж байсан. Ер нь энд тэнд жолоочоор түгээгчээр ажилладаг байсан. Уг нь бид хоёр 2009 онд нэг гэр бүл болоод Уткин цагаачаар амьдрахаар бид 2 хөөцөлдсөн боловч бүтээгүй. Бид хоёр 4 жилийн өмнө цуг амьдрахаар болсон. Уткиныг манай хамаатан садангууд бүгд мэддэг. Уткин надтай хамт амьдарч байх хугацаандаа ОХУ-руу огт явж байгаагүй ээж, аав 2 нь бол монголд ирж байсан удаатай. Би уг хэрэгт холбогдсоныг нь 2015 оны 10,11 сард интернетээс мэдсэн...” гэжээ.  /2 хав 60-61 хуудас/

 

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич манай улсад ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хав 123 хуудас/

ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн материал /1 хав 180-185 хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 2-13 хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 15-18 хуу/

Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 20-33 хуудас/

 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/245 тоот: 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсаас 1 жилийн хугацаатай албадан гаргасан гэсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэжээ. /1 хав 204 хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 34-35 хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 36-41 хуудас/

Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 42-43 хуудас/

Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1 хав 125 хуудас/

1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон Каннабис /Дельта 9 тетранидроканнабинол/-ын Олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /2 хав 70-72 хуудас/

Cannabis sative L. тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /2 хав 94-104 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4912 дугаартай дүгнэлтэд: 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “А” гэсэн хаягтай дээжийн гялгар ууттай жин нь 9,7828 г, цэвэр жин нь 9,3437 г байна. “Б” гэсэн хаягтай дээжийн гялгар ууттай жин нь 7,6953 г, цэвэр жин нь 7,2148 г байна. “А” болон “Б” гэсэн хаягтай дээжүүдийн найрлаганд каннабинол /cannabinol/, тетрагидроканнабиварин /tetrahydrocannabivarin/-ийн агуулга тус тус илэрч байна. Энэ нь НҮБ-ын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэжээ. /2 хав 133 хуудас/

4912 тоот шинжилгээний зураг /2 хав 134-135 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 4131 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “1.avi”, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургууд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1.avi”, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “1.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс төгсгөл, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн эхлэлээс 00:00:26 секунд хүртэлх хугацаанд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургуудад дүрслэгдсэн Уткин Дмитрий Николаевич дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “20160609_154846.mp4”, “20160609_15 5309.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд болон гэрэл зургуудад дүрслэгдсэн Уткин Дмитрий Николаевич нь шинжилгээнд ирүүлсэн “1.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:25 секундэд хүнээс 20,000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, 00:00:35 секундэд хүнд тамхины хайрцагт хийсэн зүйл өгч байгаа, “2.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:15 секундэд хүнд жижиг хэмжээтэй нийлэг уутанд хийсэн бор өнгөтэй зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна” гэжээ. /2 хав 142-143 хуудас/

 

Шинжээч Д.Золзаяа мэдүүлэхдээ: “...Каннабис нь каннабинолийн бүлгийн бүтцийг агуулдаг шинжлэх ухаанд бүртгэгдсэн цорын ганц ургамал юм. Каннабист 400 гаруй химийн нэгдэл агуулдагаас 61 нь каннабисын төрлийн бодис буюу каннабинолууд гэж нэрлэдэг. Эдгээр 61 төрлийн каннабинолууд каннабисын ургамлын сэтгэцэд нөлөөт үйлчилгээг нөхцөлдүүлэгч үндсэн бүрэлдэхүүн юм. Олсын ургамалаас гаргаж авсан каннабинолууд каннабинол, каннабидиол гэх мэт нилээн хэдэн багтана. Эдгээрээс сэтгэцэд нөлөөт чадвар хамгийн өндөртэй нь дельта-9, тетранидроканнабинол нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн  жагсаалтад каннабинол, тетранидроканнабинол нь НҮБ-н “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-н жагсаалтанд багтана” гэжээ. /2 хав 147-148 хуудас/

 

Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /2 хав 126-128 хуудас/

ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 4131 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /2хх 144-145/

Интертолын шугамаар ирүүлсэн хүсэлтийн хариу /2 хав 166 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич 2015 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй бодисыг удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10Б байрны 36 тоотод байх гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй савлагааны хамт 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсаас 1 жилийн хугацаатай албадан гаргасан боловч 2010 оноос хойш Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэг үйлдсэн болох нь

гэрч Б.Алтанзул: “...Ажлынхаа шугамаар бараа түгээх гэж Дархан руу ганц хоёр удаа явж байсан. Яг хэзээ хэдэн сард Дархан явсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 хав 64-65 хуу/,

Гэрч Р.Эрдэнэболор /1 хав 69-70 хуу/, Овчинников Владимир Юрийвич /1 хав 71-72 хуу/, Каюмов Баходур Муродович /1 хав 163-164 хуу/, Колодин Леонид Валериевич:  “2012 онд байх нэг байр хөлслөж Хишигжаргал гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. ...Харин сүүлийн үед Зулаа гэх эмэгтэйтэй танилцаж хамт амьдарч байсан. Миний санаж байгаагаар 1 жил Зулаатай амьдарч байгаа.

…Хишигжаргалтай хамт амьдарч байхдаа Уткин Дмитрий Николаевич нь Монгол улсад оршин суух бичиг баримт бүрдүүлээд Харъяатын албанд өгч байсан. Дараа нь Уткин Дмитрий Николаевич бид 2 өргөдөлийн хариуг буцааж авахад оршин суух зөвшөөрөл өгөхгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хав 166-167 хуу/,

Гэрч Г.Хишигжаргал: “…бид хоёр 2009 онд нэг гэр бүл болоод Уткин цагаачаар амьдрахаар бид 2 хөөцөлдсөн боловч бүтээгүй...” гэх  /2 хав 60-61 хуу/

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уткин Дмитрий Николаевичид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /CHER, MET, COC, AMP, THC/ илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Drugs of abuse test нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэсэн тул Уткин Дмитрий Николаевичийг Мөрдөн байцаах газрын 00-ийн өрөөнд оруулан тестний битүүмжлэлийг сэжигтэн болон хөндлөнгийн гэрч нарт харуулан задалж, сэжигтэн Уткин Дмитрий Николаевичийг тестний саванд зааврын дагуу шээлгэж үр дүнг хүлээв.

1 минутын дараа тестний зүүн талаасаа 2 дахь багана буюу MET /метамфетамин/ гэсэн хэсгийн С хэсэгт 1 улаан зураас тодорч positive буюу эерэг гэж заасан нь тухайн шээсэнд метамфетамин гидрохлоридын төрлийн сэтгэцэд нөлөөт бодис илэрч байна гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав” гэх /1 хав 15 хуу/,

 

Гаалийн төв лабораторийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 0013776 тоот сорилтын дүн: Шинжилгээний дүнгээс үзэхэд №1-3 дээжүүдэд /1 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн МУ-ын мөнгөн дэвсгэрт 50 төгрөг, 2 гэж тэмдэглэсэн тарианы усны хагарсан шил/ метамфетамин илэрлээ. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад хамаарагдсан болно” гэх /1 хав 76-77 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5187 тоот дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 8, 9, дугаарлагдсан гялгар ууттай бор шаргал өнгийн ургамал мэт зүйлүүдэд каннабис илэрч байна. Каннабис /дельта 9 тетранидроканнабинол/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад багтдаг болно” гэх /1 хав 80-83 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 5093  дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн Уткин Дмитрий Николаевичийн гэх шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэх / 1 хав 85 хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ хийсэн 602 тоот дүгнэлт /1 хав 90 хуу/, шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич манай улсад ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хав 123 хуу/, ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн материал /1 хав 180-185 хуу/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 2-13 хуу/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 15-18 хуу/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 20-33 хуу/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/245 тоот /1 хав 204 хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 34-35 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав 36-41 хуу/, гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хав 42-43 хуу/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1 хав 125 хуу/, 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад орсон Каннабис /Дельта 9 тетранидроканнабинол/-ын Олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /2 хав 70-72 хуу/, Cannabis sative L. тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /2 хав 94-104 хуу/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4912 дугаартай дүгнэлтэд /2 хав 133 хуу/, 4912 тоот шинжилгээний зураг /2 хав 134-135 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн 4131 дугаартай дүгнэлтэд /2 хав 142-143 хуу/,

ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 4131 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /2хх 144-145/

Шинжээч Д.Золзаяа /2 хав 147-148 хуу/, шинжээч эмч Б.Ламчин /1 хав 92-95 хуу/ нарыг байцаасан тэмдэглэл,

Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх ажиллагаа хийсэн талаарх танилцуулга /2 хав 126-128 хуу/,

Интертолын шугамаар ирүүлсэн хүсэлтийн хариу /2 хав 166 хуу/ эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

Харин Анхны ардчилсан сонгуул болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1-д заасан гэмт хэрэг нь хамаарч байх тул уг хэргийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич болон түүний өмгөөлөгч нарын “мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг давтан үйлдлээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдоогүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан бөгөөд хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-4-13/, хүний биед үзлэг хийсэн фото зураг, тэмдэглэл /хх-15-18/, эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Саша гэх найз маань канопля байна гэж хэлсэн...Саша бид 2 нэг, нэг гялгар уутыг зулгааж авсан...” гэх мэдүүлэг /хх-113-116/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчилсэн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хавтас хэргийн 184-р талд авагдсан ОХУлсын Интерполын Үндэсний төв товчооноос Амур мужийн цагдаагийн газраас авсан мэдээллээр шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич нь өөрийн нутагтаа 1991 оны 9 дүгээр сарын 16-нд ОХУ-ын хуучин Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /улсын эсвэл олон нийтийн өмч хулгайлах/, 1998 оны 9 дүгээр сарын 21-нд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /их хэмжээний мансууруулах эм бэлдмэл эсвэл сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авах эсвэл хадгалах/, 2002 оны 02 дугаар сарын 13-нд 158 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /хулгайлах/, 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /цөмийн материал эсвэл цацраг идэвхт бодис хулгайлах эсвэл эзэмших/ ял шийтгэгдэж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевич 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт 352 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

 

Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5/2181 дүгээр албан бичгийг үндэслэн Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар “Оросын холбооны улсын иргэн Уткин Дмитрий Николаевичийн Монгол улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн” тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Уткин Дмитрий Николаевич бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй тус тус дурдах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар тушаалыг хүчингүй болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1003737918 дугаартай Оросын Холбооны улсын иргэний үнэмлэх, 51№4268156 дугаартай гадаад паспорт, 62№4025759 гэсэн дугаар бүхий гадаад паспорт зэргийг Уткин Дмитрий Николаевичид буцаан олгох,

Монгол улсын АК9679070, АJ7090295 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх,

-“3” үсгээр тэмдэглэсэн  цагаан өнгийн паалантай сав 1 ширхэг,

-“D” үсгээр тэмдэглэсэн ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

-“Е” үсгээр тэмдэглэсэн Galanz гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч залгуурын хамт,

-“17” гэж дугаарласан Urbanic гэсэн бичиглэл бүхий олон тооны цоолсон тагаар бөглөсөн 2 талдаа шинжтэй цагаан өнгийн металл сав,

-“17” гэж дугаарласан оригнал асаагуур гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн асаагуур,

-“В1” гэж дугаарласан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

-“А1” гэж дугаарласан Новокаин 0.25%-2мл, 261002, 2013.11-2016.11 гэсэн бичиглэл бүхий тарианы ус,

-“А1” гэж дугаарласан Medical Gauze Bandage гэсэн бичиглэл бүхий бинт,

-“D1” гэж дугаарласан тарианы усны хагархай шил /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан улбар шаргал өнгийн лого бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1932 гр байх ба уг Каннабисаас 1 гэж дугаарлан дээжлэн авсан 30 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1962 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1588 гр байх ба уг Каннабисаас 2 гэж дугаарлан дээжлэн авсан 30,9 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1618,9 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1279 гр байх ба уг Каннабисаас 3 гэж дугаарлан дээжлэн авсан 39.6 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1318,6 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан хөх өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 140 гр байх ба Каннабисаас 4 гэж дугаарлан дээжлэн авсан 23,5 гр-г буцаан нийлүүлэхэд 163,5 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан цаасан хайрцагны ёроол хэсэгт задгай байх Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1264 гр байх ба уг Каннабисаас 5 гэж дугаарлан дээжлэн авсан 29 гр-г буцаан нийлүүлэхэд 1293 гр,

-“А1” гэж тэмдэглэн хураан авсан “Номин” гэх хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 120 гр,

-“А3” гэж тэмдэглэн хураан авсан шар өнгийн дэвсгэр дээр “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугааратай дүгнэлтээр савлагааны хамт 23 гр,

- Каннабисын нийт жин нь савлагааны хамт 6499 гр,

- Уткин Дмитрий Николаевичийн шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан Multi Drug Screen Test Cup-н дүн савны хамт,

-А гэж дугаарлан уутлан савласан 9,8 грамм бор шаргал өнгийн бодис, Б гэж дугаарласан ууталж савласан 7,7 грамм бор шаргал өнгийн бодис /нийт жин нь уутны хамт 18,7 грамм/ зэргийг устгахаар тогтов.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Уткин Дмитрий Николаевичийг Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт каннабис /дельта тетрагидроканнабинол/ гэх нэршилтэй 6499 грамм мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, удаа дараагийн давтан үйлдлээр борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн Монгол улсад байх эрхийн баримт бичиггүй оршин суусан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, 240 дүгээр зүйлийн 240.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Уткин Дмитрий Николаевичийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Уткин Дмитрий Николаевичид оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Уткин Дмитрий Николаевичийн цагдан хоригдсон 352 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Уткин Дмитрий Николаевич бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/235 дугаар “Оросын холбооны улсын иргэн Уткин Дмитрий Николаевичийн Монгол улсаас гарахыг түр түдгэлзүүлсэн” тушаалыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1003737918 дугаартай Оросын Холбооны улсын иргэний үнэмлэх, 51№4268156 дугаартай гадаад паспорт, 62№4025759 гэсэн дугаар бүхий гадаад паспорт зэргийг Уткин Дмитрий Николаевичид буцаан олгох,

АК9679070, АJ7090295 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг мөнгөн дэвсгэрийг улсын орлогод оруулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх,

 

 -“3” үсгээр тэмдэглэсэн  цагаан өнгийн паалантай сав 1 ширхэг,

-“D” үсгээр тэмдэглэсэн ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

-“Е” үсгээр тэмдэглэсэн Galanz гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн будаа агшаагч залгуурын хамт,

-“17” гэж дугаарласан Urbanic гэсэн бичиглэл бүхий олон тооны цоолсон тагаар бөглөсөн 2 талдаа шинжтэй цагаан өнгийн металл сав,

-“17” гэж дугаарласан оригнал асаагуур гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн асаагуур,

-“В1” гэж дугаарласан ягаан өнгийн олон тооны цэцгэн зураглалтай нимгэн даавуу,

-“А1” гэж дугаарласан Новокаин 0.25%-2мл, 261002, 2013.11-2016.11 гэсэн бичиглэл бүхий тарианы ус,

-“А1” гэж дугаарласан Medical Gauze Bandage гэсэн бичиглэл бүхий бинт,

-“D1” гэж дугаарласан тарианы усны хагархай шил /шинжээчийн дүгнэлтээр метамфетамин илэрсэн/,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан улбар шаргал өнгийн лого бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1932 гр байх ба уг Каннабисаас 1 гэж дугаарлан дээжлэн авсан 30 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1962 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1588 гр байх ба уг Каннабисаас 2 гэж дугаарлан дээжлэн авсан 30,9 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1618,9 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1279 гр байх ба уг Каннабисаас 3 гэж дугаарлан дээжлэн авсан 39.6 гр-г буцаан нийлүүлэхэд нийт 1318,6 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан хөх өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 140 гр байх ба Каннабисаас 4 гэж дугаарлан дээжлэн авсан 23,5 гр-г буцаан нийлүүлэхэд 163,5 гр,

-“А” үсгээр тэмдэглэн хураан авсан цаасан хайрцагны ёроол хэсэгт задгай байх Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 1264 гр байх ба уг Каннабисаас 5 гэж дугаарлан дээжлэн авсан 29 гр-г буцаан нийлүүлэхэд 1293 гр,

-“А1” гэж тэмдэглэн хураан авсан “Номин” гэх хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугаартай дүгнэлтээр савлагааны хамт 120 гр,

-“А3” гэж тэмдэглэн хураан авсан шар өнгийн дэвсгэр дээр “Номин” гэсэн хөх өнгийн бичиглэл бүхий цагаан өнгийн гялгар торонд савласан Каннабис нь шинжээчийн 5187 дугааратай дүгнэлтээр савлагааны хамт 23 гр,

- Каннабисын нийт жин нь савлагааны хамт 6499 гр,

Уткин Дмитрий Николаевичийн шээсэнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан Multi Drug Screen Test Cup-н дүн савны хамт,

-А гэж дугаарлан уутлан савласан 9,8 грамм бор шаргал өнгийн бодис, Б гэж дугаарласан ууталж савласан 7,7 грамм бор шаргал өнгийн бодис /нийт жин нь уутны хамт 18,7 грамм/ зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Уткин Дмитрий Николаевичийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Уткин Дмитрий Николаевичийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧИД                                                                Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                                                                

                                                                                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ