Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00492

 

Г.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1901 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.О-

          Хариуцагч: “Жи..” ХХК-д холбогдох

           ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баясгалангийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонжаргал, С.Дэлгэржаргал, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Жи.. ХХК-д 2018-01-06-ны өдрөөс эхлэн ХАБЭА-н зохицуулагчаар ажиллаж байсан. 2018-02-03-с эхлэн Цахилгааны чанар хяналтын инженерийн ажилд ажиллах болсон. Дүүжин краны үе шатын ажлыг батлагдсан тодорхой зураг байхгүй, Оюу толгой стандартад кабелийн өнгө болон голчийн хэмжээ нийцэхгүй байдлаар угсарч ямар нэгэн тест үзлэг шалгалт хийгдээгүй байхад кабелийн 2 талын үзүүрийн холболтуудыг хийж дуусгасан байсан учир 2019-04-16-ны өдөр цахилгааны инженер Д.Б-тэй үүнээс болж маргалдсан. Миний ажил үүрэг нь бүх кабелуудыг тестлэх, шалгалтын хуудаснуудыг баталгаажуулах, хүчдэл авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэхэд саад болж байсан тул би кабелиудын 2 талын бүх үзүүрийг тайлсан юм. Гэтэл Д.Б- инженер доромжилж, загнасан. Тэгээд би Босоо ам 4 дээр яваад очтол Д.Б- краны хажууд зогсож байхаар нь би барьж явсан нимгэн хавтсаар гарын булчингийн хавьцаа 1 удаа хүрсэн. Оффис дээр очоод энэ талаар удирдлага болон багийг ахалдаг дарга нарт хэлсэн бөгөөд хүний нөөцийн ажилтан Ө.Оргилмаатай уулзахад энэ талаар гомдлоо бичгээр өг гэсэн тул бичгээр өгсөн. 2019-04-19-ний өдөр хүний нөөцийн ахлах ажилтан М.Сайнзаяа гэх хүн намайг өрөөндөө дуудаж танай багийн менежер Grant Williams чамайг үнэлсэн үнэлгээний дагуу 04-01-ний өдрөөс цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх захирлын тушаал гарсан гэж хэлээд 2 тушаал гаргаж ирээд нэгийг нь надад өгч нөгөөг нь өөртөө үлдээсэн. Мөн Чанар хяналтын инженер ажлын байрны тодорхойлолт гэх мэт бичиг баримтуудад гарын үсэг зуруулаагүй байсан байна гээд гарын үсэг зуруулахдаа 2019-01-18-ны өдрөөр зураад өгөөрэй гэсэн тул би хүсэлтийнх нь дагуу зурж өгсөн. 2019-04-27-ны өдөр би ростерийн амралтаа аваад УБ хотод байж байтал хотын оффисоос Н.Б- гэж хүн утсаар ярьж таны гаргасан гомдолтой холбоотой асууж тодруулах зүйл байна гээд очиж уулзсан. Тэгээд надаас бэлдсэн гээд хэдэн асуулт асуусан бөгөөд миний гаргасан гомдолтой холбоотой асуулт огт асуугаагүй. Ингээд 2019-05-11-ний өдөр ростерийн амралт дуусч ажил дээрээ очиход М.Сайнзаяа намайг дуудаж Д.Б-тэй холбоотой маргаанаас болж намайг ажлаас чөлөөлөх болсон талаар хэлсэн. Миний бие Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 2019-05-13-ны өдрийн GCR-0-16-Б/289 дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Д.Б-д ямар нэг байдлаар хүч хэрэглэсэн, бие махбодид нь халдсан зүйл огт байхгүй. Нөгөө талаас Төслийн тусгай шаардлагын 1.2.1-д заасан зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохгүй Оюу толгойн уурхайн талбараас гаргах боломж ажил олгогчид байсан. Иймд  ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3,587,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Г.О- 2019-04-16-ны өдөр ажлын байран дээрээ цахилгааны инженер Д.Б-тэй маргалдаж, Д.Б- мөрөн тус газар барьж явсан зүйлээрээ хэд хэдэн удаа цохьсон байдаг. Энэхүү үйлдэл нь Г.О-гийн өөрийн болон холбогдох ажилтнуудын өгсөн тайлбараар нотлогддог. Г.О-гийн тус үйлдэл нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул 2019-05-13-ны өдрийн тушаалаар Г.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл уг шийдвэрийг бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон холбогдох бусад зүйл заалтад нийцсэн үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд Г.О-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 183/ШШ2019/01927 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.О-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 428,16 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1901 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. 

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 183/ШШ2019/01927 дугаар шийдвэрийн 3 дугаар нүүрний 8 дахь догол мөр “Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар Г.О- Д.Б-тэй маргалдах үедээ А4 хэмжээтэй хавтсаар биед нь цохисон нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч дээрх үйл баримтын талаар маргаагүй боловч цохисон үйлдэл нь Д.Б- биед хохирол учруулаагүй, ялимгүй зөрчил гэж тайлбарлаж байгаа нь дээр дүгнэсэнчлэн хөдөлмөрийн гэрээнд уг үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор нэрлэн заасан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна” хэмээн шийдвэрлэсэн. Жи.. ХХК болон Г.О- нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хавсралт №2 Төслийн тусгай шаардлагын 1.2.1-т “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” үйлдлийг хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох эсхүл ажилтныг уурхайн талбайгаас гаргах ноцтой зөрчилд тооцохоор заасан. Шүүх нэхэмжлэгчийг зөвхөн энэ үндэслэлээр буюу бусдын эсрэг хүч хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасанд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд 40.1.4-т заасан “ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байдаг. Энэхүү тайлбараас харвал тухайн зөрчлийн нөлөө, сөрөг үр дагавраас хамааран ноцтой эсэхийг тогтоох бөгөөд гэрээнд ноцтой гэж тооцсон зөрчил болгон ноцтой зөрчилд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил хэмээн тооцсон үйлдэл ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц үр дагавар бий болгоогүй бол тухайн зөрчлийг ноцтой гэж үзэхэд учир дутагдалтай юм. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээний хавсралт Төслийн тусгай шаардлагын 1.2.1-т “Бусдын эсрэг хүч хэрэглэх, бусдын бие махбодод халдах” заасан зөрчил нь утга агуулгын хувьд бусад үйлдлээс юугаар ялгагдах, хэр хэмжээний хувьд ямар байх зэрэг нь утга агуулгын хувьд ойлгомжгүй байдлаар томьёологдсон. Энэхүү шаардлага нь Оюутолгойн уурхайд ажиллаж буй бүх хүмүүст тавьж буй дахин давтагдан хэрэглэгдэх шинжтэй шаардлага бүхий заалтууд юм. Хөдөлмөрийн гэрээний талууд уг заалтуудыг нэг бүрчлэн тохиролцох боломжгүй байсан. Тиймээс уг сахилгын зөрчлийг тайлбарлан хэрэглэхдээ ИХ-н 201.1-т заасны дагуу санал хүлээн авагчийн талд ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй. Санал хүлээн авагч нь дээрх заалтыг “ажилтан бусад этгээдийг хүч чадлынхаа илүүг ашиглан зодсон, зодолдсон, санаатайгаар хүчтэй давтамжтайгаар цохисон эсхүл цус гарсан эсхүл хөхөрсөн няцарсан үр дагавар гаргах”-ыг хориглох юм байна хэмээн ойлгох боломжтой. Тиймээс уг зөрчлийг тайлбарлахдаа санал хүлээн авагчийн талд ашигтайгаар тайлбарлах нь зүйтэй. Жи.. ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019-05-13-ны өдрийн GCR-0-19-Б/289 дугаартай Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалаар Г.О-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Магадлалын 6-р нүүрний 4 дэх мөрт “Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч цахилгааны инженер Д.Б-тэй маргалдах үедээ А4 хэмжээтэй хавтсаар цохисон нь тогтоогдсон үйл баримт байх бөгөөд ажил олгогч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн талаар шүүхийн дүгнэлт зөв болжээ” хэмээн дүгнэсэн байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байна” хэмээн тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгчийн үйлдэл нь бусдын буруутай, ёс зүйгүй үйлдлээс үүдэлтэй бөгөөд түүний гаргасан үйлдлийн шинж чанар, үр дагавар нь түүний хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахад тохирсон гэж үзэхгүй байна. Тиймээс дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан гэж үзэж байна. Хоёр. Шүүх хуулиар тогтоосон ХХША-ны журам зөрчсөн: 2.1. магадлалын 7 дугаар нүүр 2 дахь цогцолборт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019-09-17-ны өдөр нэхэмжлэгчийн ур чадвар, ажилдаа хандах хандлагын талаар гэрч Грант Уйлльямсыг асуулгах хүсэлт гаргасан нь маргааны үйл баримтад хамааралгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ХХША-ны журмыг зөрчсөн гэх үндэслэлгүй” гэжээ. Гэвч ИХШХШТХ-н 38.6-д “..гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” хэмээн заасан. Гэрчийн хэрэгт ач холбогдолтой мэдээллийг мэдэж буй эсэхийг гагцхүү шүүхийн зүгээс гэрчийн мэдүүлэг авсны үндсэн дээр тогтоодог учир гэрчийг урьдчилан хэрэгт ач холбогдолгүй хэмээн үзэх боломжгүй юм. Грант Уйлльямс нь ИХ-н 43.8-д заасан гэрчээр дуудаж болохгүй этгээдэд хамаарахгүй. Тиймээс шүүхийн зүгээс талуудыг мэтгэлцэх боломжийг хууль бус үндэслэлээр хязгаарлаж ХХША-ны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажилдаа хандах хандлага, зан байдлыг тогтоохгүйгээр маргааныг нэг мөр хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой. 2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2019-07-08-ны өдөр анхан шатны шүүхэд А4-ийн хэмжээтэй улаан хавтсыг нотлох баримтаар хүргүүлсэн байдаг (хх.26-р тал). Хариуцагчийн зүгээс О-г тус хавтсаар Н.Б-г цохиж ноцтой зөрчил. гаргасан хэмээн тайлбарладаг. Тиймээс дээрх нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйлийг эд мөрийн баримт юм. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс 2019-07-19-ний өдөр шүүх хуралдаан хаасны дараа тус нотлох баримтыг ач холбогдолгүй хэмээн үзэж бидэнд буцааж өгсөн. ИХШХШТХ-н 38.9-т “..хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” хэмээн заажээ. Гэвч анхан шатны шүүхийн зүгээс тус хавтсыг нотлох баримтаас хасахдаа шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаагүй. Бид энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлдээ тайлбарласан боловч магадлалд энэ талаар тусгагдаагүй байна. Тиймээс нотлох баримтыг хасахдаа шүүхийн зүгээс тогтоол, шүүгч захирамж гаргаагүй нь ХХША-ны журмыг ноцтой зөрчигдсөн гэж үзэхэд хүргэж байна. Иймд ИХШХШТХ-н 176.2.5-д заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.О- 2019-06-07-ны өдөр Жи.. ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “чанар,хяналтын инженер”-н ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь  тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж,анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Жи..” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019-05-13-ны өдөр “ Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” GCR-0-19-Б/289 дугаартай тушаал гаргаж, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1.,  15.1.9.20., Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, хөдөлмөрийн гэрээний  6.1.1.,6.1.11, 10.2.1, хөдөлмөрийн гэрээний хавсралт №2 Төслийн тусгай шаардлагын 1.2.1-г үндэслэн “... маргалдаж, улмаар Д.Б-г 2019-04-16-ны өдөр ...мөрөн тус газар барьж явсан зүйлээрээ цохисон..” гэж Г.О-г чанар, хяналтын инженерийн ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.

      2019-04-16-ны өдөр гаргасан гэх Г.О-гийн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч буйг хариуцагч нотлож чадаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчжээ.

        а/. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө Г.О- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж маргасан байна.   

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцалж болно. Ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь  тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарна. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

       Талуудын хооронд байгуулагдсан 2019-01-18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул уг гэрээний заалтыг зохигчийн хэн аль биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5,6, 21 дүгээр зүйлд нийцнэ. 

       Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2019-04-16-ны өдөр Д.Б- уурхайн талбарт ажил үүргээ гүйцэтгэж байхад нь Г.О- нь түүнийг мөрөн тус газар нь барьж явсан зүйл буюу А-4-н хэмжээтэй хавтсаар цохисон нь тогтоогдсон боловч энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч буй нь нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. 

       б/. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас нь халахдаа хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 6.1.11 дэх хэсгийн заалтыг үндэслэсэн боловч эдгээр нь нэхэмжлэлийг үгүйсгэхгүй байна.    

       Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 130 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл хөдөлмөрийн дотоод журмыг ажилтны төлөөлөгчдийн саналыг тусган, ажил олгогч батлах бөгөөд энэ нь нийт ажилчдад хамааралтай баримт бичиг юм. Харин хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тухайн ажилтны гүйцэтгэх үүрэг, ажлын байрны тодорхойлолтоос хамаарч өөр өөр нөхцөлтэй байгуулах бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл мөн хамаарна. 

       Өөрөөр хэлвэл, ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хөдөлмөрийн дотоод журмаар бус, харин тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоно.

       Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.1.1, 6.1.11 дэх хэсгийн заалтыг ажилтан биелүүлээгүй байдлыг ноцтой зөрчилд хамааруулахаар зохигч тохиролцоогүй тул уг заалтуудыг гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөрчинө.   

       в/. Ажилтныг ажлаас нь чөлөөлсөн тушаалын үндэслэлд заасан Төслийн тусгай шаардлагын 1.2.1-н заалт нь “кемпийн дотод журам,ёс зүйн дүрэм”-д хамаарч байх бөгөөд   “кемп” гэдэгт байрлагсдын амьдрах байр,хоолны газар,амралт чөлөөт чаг өнгөрүүлэх газар,үйлчилгээний газрууд,спорт заал болон кемпийн хашаа орчмын бусад сул чөлөөтэй газар болох нь “Оюутолгой ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц,зохион байгуулалтын хэлтэс. ХН-Ж7.1:Кемпийн дотоод журам,ёс зүйн дүрэм”-н 19.1.3, 19.1.5 дахь хэсгийн заалтаар тогтоогджээ. 

       Г.О- уурхайн талбарт гаргасан гэх үйлдлийг кемпийн дотоод журам,ёс зүйн дүрмийн талаарх хөдөлмөрийн гэрээний 10.2.1., төслийн тусгай шаардлагын 1.2.1-т хамааруулсан үндэслэлээ ажил олгогч тайлбарлаагүй байхад шүүх ажилтан “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил” гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3., 198 дугаар зүйлийн 198.1., 198.2-т нийцээгүй байна

        г/. Хөдөлмөрийн гэрээг ажилтны эсхүл ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. Ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд хамаарна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан тохиолдолд буюу 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж болно.

       Өөрөөр хэлвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-р зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан журмыг баримтална.

        Иймд нэхэмжлэгчийг ажлаас нь халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэл болгосон нь хариуцагчийн татгалзлыг нотлохгүй гэж үзнэ. 

        д/. Зохигчийн хооронд 2019-01-18-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2-т  талууд ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тохиролцсон, үүнд 2019-04-16-ны өдөр гаргасан ажилтны үйлдэлд хамаарахгүй байхад хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1.4 дэх хэсгийн “... ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно...” гэснийг зөрчсөн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         2. Г.О- нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

         Ажил олгогч ажлаас нь үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэг хүлээнэ. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. Ажил олгогч болон ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.

         Иймд Г.О-г Жи.. ХХК-ийн чанар, хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийг ажлаас нь халсан 2019-05-13-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гаргах 2019- 09-17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны  олговорт хариуцагчаас нийт 8.632.144 төгрөг гаргуулж /дундаж цалин хөлс 1,239,760 төгрөг/ Г.О-д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу тооцож, холбогдох бичилт хийхийг ажил олгогчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэг, 69, 128 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн  46.1,46.2-т нийцнэ.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, Г.О-гийн нэхэмжлэлийг хангав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1901 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/01927 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1., 69 дүгээр зүйлийг баримтлан Г.О-г Жи.. ХХК-ийн чанар , хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Жи.. ХХК-с 8.632.144 төгрөг гаргуулж Г.О-д олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай...” гэж., 2 дахь заалтын “...олгосугай..” гэснийг “...олгож, Жи.. ХХК-с 200,570 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баясгалан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ