Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 01066

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2017/01066

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б д холбогдох

29.900.000 /хорин есөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.У нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А би Б.Бд 2016 оны 09 дүгээр сарын 23-нд зээлийн гэрээ байгуулж 29.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хүүгүй, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлсэн юм. Гэтэл Б.Б зээлийн гэрээний хугацаа хэтэрч 3.000.000 төгрөгийн эд зүйлс өгч үндсэн зээлээс 26.000.000 төгрөгийг өгөхгүй өдийг хүрч байгаа ба би урд нь удаа дараа нэхэж байсан боловч өгөөгүй болно. Иймд би гэрээнд заасан 30 хоногийн 0,5 хувийн алданги болох 3.900.000 төгрөгийг нэмж үндсэн зээлийн хамт нийтдээ 29.900.000 төгрөгийг Б.Бэс нэхэмжилж байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Бтэй 55.000.000 төгрөг 4 хувийн хүүтэйгээр өгч зээлийн гэрээ байгуулсан. Тодорхой хугацаанд хүү болон мөнгөө төлж явсан юм. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Бэс зээлийн хүү өндөр байна, хүүг бууруулъя гэх хүсэлт тавьсны дагуу 3.5 хувь болгож гэрээг сунгасан. Улмаар 2015 оны 12 дугаар сард үндсэн мөнгөнөөс нь 5.000.000 төгрөг хасаад 50.000.000 төгрөг болгож, 3.5 хувийн хүүтэйгээр 3 дахь гэрээгээ байгуулсан юм. Сүүлд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б хүү төлөх боломжгүй болсон гээд бид хоёр тохиролцож, үлдсэн 29 сая төгрөгийг хүүгүйгээр зээлсэн. Үүнээс 3.000.000 төгрөгт нь эд бараа өгч, 26.000.000 төгрөгийг төлөлгүй үлдсэн юм. Дээрх хугацаанд удаа дараа тохиролцох гэсэн боловч энэ асуудал шийдэгдээгүй юм. Иймд 26.000.000 төгрөгийг алдангийн хамт авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Бтэй байгуулсан гэрээний ард хүү бичсэн тэмдэглэл, өгсөн бараа материалуудын хамт гарын үсэгтэйгээ хэрэгт хавсрагдсан байгаа. Хоёр дахь юм уу гурав дахь гэрээ хийгдээгүй бол бид аль эрт шүүхэд хандах асуудал гарах байсан. Гэрээ хийснээр “ямар нэгэн алдагдалд оруулахгүй, хохирол амсуулахгүй, хүүгээ төлөөд явна” гэж удаа дараа хойшлуулсан учраас сүүлд шүүхэд хандсан юм. Энэ 29.000.000 төгрөгийн гэрээг хүчээр байгуулсан мэтээр яриад байна. Би аль болох боломжийн өөрийнх нь хэлсэн хувилбарт тохируулан гэрээнүүдээ хийж явсан. Би энэ мөнгийг зээлдүүлэхдээ гэр бүлийнхээ хүнээр цалингийн зээл хүртэл авахуулж энэ хүнд өгсөн юм. Гэтэл 4 жилийн хугацаанд энэ хүн дээд тал нь 5.000.000 төгрөг, түүнээс доош мөнгийг цувруулж өгч байсан. Энэ үйлдэл нь өөрөө хүний эдийн засагт томоохон хэмжээний хохирол учруулж байгаа юм. ...Би 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг нийт 55.000.000 төгрөгийг Б.Бд зээлсэн. 2014 оны 04 сарын 26-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг бид бичгээр байгуулсан боловч 2014 оны 07 сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөг нэмж зээлэхдээ өмнөх гэрээгээ устгаж 2015 оны 07 сарын 25-ны өдөр нэгтгэн 55.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 55.000.000 төгрөг, 12 сарын хүү 26.400.000 төгрөг, нийт 81.400.000 төгрөгөөс бид хоёрын авлага өглөгийн бүртгэлээр өгч авалцсан 62.396.100 төгрөгийг хасаж үлдэх 19.003.900 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.А нь надаас ямар ч үндэслэлгүйгээр 29.000.000 төгрөг нэхэмжилж байна. Л.А бид хоёрын дунд байгуулагдсан “Зээлийн гэрээ” гэх хэлцэл нь ийм үйл явдал болсон мэт дүр эсгэж хийсэн хэлцэл бөгөөд Л.А нь надад 29.000.000 төгрөг огт шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар “Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно” заалтаас бидний хооронд огт гэрээ байгуулагдаагүй болно. Л.Аын нэхэмжилж буй 29.000.000 төгрөг гэх огт хийсвэр төгрөгийг миний бие зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Аоос удаа дараа мөнгө зээлж харилцан ашигтайгаар олон жил ажилласан юм. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Аоос 15.000.000 төгрөгийг дансаар 5.000.000 төгрөгийг бэлнээр авч 2 сарын хугацаатайгаар зээлсэн юм. Зээлснийхээ дараа хүүгээ төлж явсаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин 35 сая төгрөг бэлнээр авч 2 дахь гэрээгээ байгуулсан. Ийм өөр, өөр мөнгөн дүнтэй хоёр тусдаа гэрээ хийж явсан. Улмаар Л.А надтай шинэ гэрээ хийе гэхдээ “2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөг зээлсэн гэрээгээ хаалгүйгээр төөрөгдүүлж, нэмж 35.000.000 төгрөг зээлснийг маань бэлнээр 55.000.000 төгрөг зээлсэн мэтээр харагдуулж гарын үсэг зуруулсан” юм. Үүнээс хойш удаа дараа шинэ гэрээ хийж, ямар ч мөнгө тоолж өгөлгүйгээр гарын үсэг зуруулж байсан. Би сүүлд 29.000.000 төгрөгийн гэрээ хийхэд нь хэлэхэд “гэрээ ч яахав болно биз, би энд бүртгэлээ хөтөлж явдаг юм” гэдэг байсан. Ингээд гэрээ хийж явсаар надад Л.Аоос авсан 29.000.000 төгрөг ч байхгүй, 50.000.000 төгрөг ч байхгүй. Хамгийн эхэлж авсан 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 20.000.000 төгрөгийн гэрээтэй зээл, 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 35.000.000 төгрөгийн гэрээтэй зээл гэсэн хоёр гэрээ л байдаг юм. Би  2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд Л.Аод мөнгө төлөөд явсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд нийт 63.396.100 төгрөг төлсөн байдаг. Өмнөх зээлсэн мөнгөө бүтнээр нь төлж, нэмээд 10-аад сая төгрөгийн хүү төлсөн байгаа. Ийм байтал Л.А надаас огт аваагүй мөнгө нэхэж “машин тэргийг чинь авна” гэж дарамталсан. Хамгийн сүүлд 29.000.000 төгрөгийн гэрээ хийхэд нь “хууль бус гэрээ хийгээд байна, өмнөх гэрээнүүдээ аваад ир” гэхэд “өмнөх гэрээнүүдээ устгая, энэ гэрээгээрээ л явъя” гэсэн. Би “ямар ч мөнгө авалгүйгээр хууль бус гэрээ хийж болдог юм уу” гэж хоёр ч удаа хэлж байсан. Иймд 2014 оны хоёр гэрээнээс бусад гэрээг нь хүчингүй гэж үзэж байна. Бусдыг нь бол энэ хүний өөрийн дансаа хөтөлж байсан тэмдэглэл гэж үзэж байна. Би 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 35.000.000 төгрөг зээлж авахдаа 1.000.000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүндээ өгөөд 34.000.000 төгрөг тоолж авч байсан. Би Л.Аод бүх мөнгийг нь хүүтэй нь төлсөн. Одоо ямар ч хохиролгүй гэж үзэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан 29.900.000 /хорин есөн сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19.003.900 /арван есөн сая гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Бэс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 55.000.000 төгрөг, зээлийн хүү 26.400.000 төгрөг, нийт 81.400.000 төгрөг болж байгаагаас авлага өглөгийн тооцоогоор нийлсэн 62.396.100 төгрөгийг хасаж үлдэх 19.003.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Б.Б нь нийт 55.000.000 төгрөгийг Л.Аоос зээлж авсан нь үнэн боловч ингэж авахдаа 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийг авч зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг зээлж авсан ба энэ өдөр өмнө авсан 20.000.000 төгрөгөө нэмж нийт 55.000.000 төгрөг авснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан юм. 2014 оны 04 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ ёсоор 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож гэрээг байгуулсан боловч гэрээний нэг хувийг надад нэхэмжлэгч нь өгөөгүй. Дээрх гэрээ ёсоор би 20.000.000 төгрөгийг 4 хувийн хүүгийн хамт бүрэн төлсөн. Мөн 2014 оны 07 сарын 25-ны өдөр зээлсэн 35.000.000 төгрөгийг би хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Бд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг өгч зээлийн гэрээг 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бичгээр нөхөн байгуулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бичгээр нөхөн байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 46-р тал/ зэргээр тогтоогдож байна. 

Зохигч нь нийт 55.000.000 төгрөг зээлсэн эсэх, зээлийн эргэн төлөлт буюу 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “авлага өглөгийн бүртгэл” /хх-ийн 44-р тал/-д хөтлөгдсөн 62.396.100 төгрөгийг төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй ба харин хариуцагч Б.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Л.Аоос 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, хүүгээ төлж явсаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин 35.000.000 төгрөг бэлнээр авч хоёр дахь гэрээгээ байгуулсан. Өөр, өөр мөнгөн дүнтэй хоёр тусдаа гэрээ хийж явсан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байх боловч түүнийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлсэн гэх 20.000.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацааныхаа дотор нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан авлага өглөгийн бүртгэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх ба 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 35.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Аоос нэмж зээлж нийт 55.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр тохиролцож талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсгээ зурж баталгаажуулжээ. 

 Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага хангаж байх тул зохигч талуудын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Бэс зээл, зээлийн хүүд нийт 19.003.900 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Бэс 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн үндсэн зээл 55.000.000 төгрөг, 12 сарын хүү 26.400.000 төгрөг, нийт 81.400.000 төгрөгөөс зохигчийн авлага өглөгийн тооцоогоор нийлсэн 62.396.100 төгрөгийг хасаж үлдэх 19.003.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 19.003.900 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 252.969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Бэс 19.003.900 /арван есөн сая гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.450 /гурван зуун долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 252.969 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БЯМБАСҮРЭН