Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 00046

 

Л.А-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.У нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох 29 900 000 /хорин есөн сая, есөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А би Б.Б-д 2016 оны 9 дүгээр сарын 23-нд зээлийн гэрээ байгуулж 29 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хүүгүй, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлсэн юм. Гэтэл Б.Б зээлийн гэрээний хугацаа хэтэрч                   3 000 000 төгрөгийн эд зүйлс өгч үндсэн зээлээс 26 000 000 төгрөгийг өгөхгүй өдийг хүрч байгаа ба би урд нь удаа дараа нэхэж байсан боловч өгөөгүй болно. Иймд би гэрээнд заасан 30 хоногийн 0,5 хувийн алданги болох 3 900 000 төгрөгийг нэмж үндсэн зээлийн хамт нийтдээ 29 900 000 төгрөгийг Б.Б-с нэхэмжилж байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ гэрээний дагуу би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 55 000 000 төгрөг, 12 сарын хүү 26 400 000 төгрөг, нийт 81 400 000 төгрөгөөс бид хоёрын авлага өглөгийн бүртгэлээр өгч авалцсан 62 396 100 төгрөгийг хасч үлдэх 19 003 900 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.А нь надаас ямар ч үндэслэлгүйгээр 29 000 000 төгрөг нэхэмжилж байна. Л.А бид хоёрын дунд байгуулагдсан Зээлийн гэрээ гэх хэлцэл нь дүр эсгэж хийсэн хэлцэл бөгөөд Л.А нь надад 29 000 000 төгрөг огт шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэх заалтаас бидний хооронд огт гэрээ байгуулагдаагүй болно. Л.А нэхэмжилж буй    29 000 000 төгрөг гэх огт хийсвэр төгрөгийг миний бие зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд Л.А мөнгө төлөөд явсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд нийт 63 396 100  төгрөг төлсөн байдаг. Ийм байтал   Л.А надаас огт аваагүй мөнгө нэхэж “машин тэргийг чинь авна” гэж дарамталсан. ... Би 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөг зээлж авахдаа 1 000 000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүндээ өгөөд 34 000 000 төгрөг тоолж авч байсан. Би Л.А-д бүх мөнгийг нь хүүтэй нь төлсөн, одоо ямар ч хохиролгүй гэж үзэж байна гэжээ .

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Б-с 19 003 900 /арван есөн сая гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн      307 450 /гурван зуун долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 252 969 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.А-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: ... Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Б Л.А-ын гаргасан 29 900 000 төгрөгийн гэрээ бүхий нэхэмжлэлийн шаардлагыг “хангагдахгүй” гэж урьдаас шүүхийн шийдвэрийнхээ үр дүнг тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа засч өөрчлөх санааг өгч, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж багасгасан бөгөөд яг энэ өөрчилсөн шаардлагаар нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэдүүлэх эрх, эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудад хөндлөнгөөс халдаж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны үед миний бие 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Л.А-с 20 000 000 төгрөг зээлж авсан гэдгээ тайлбарласан. Үүнийг ч Л.А үгүйсгээгүй бөгөөд “тухайн өдөр бичгээр гэрээ байгуулсан гэрээ нь одоо байхгүй байна.” гэж тайлбарласаар байтал тухайн нөхцөл байдлыг огт дурдаагүй байна.

Л.А бид хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх зорилго бүхий 2 өөр гэрээ хэлцэл байсан. Энэ нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр болон 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээ хэлцлүүд бөгөөд өмнө нь мөнгө өгсөн харилцаагаа нөхөж зээлийн гэрээ хийсэн зүйл огт байхгүй, үүнийгээ ч шүүх хуралдаанд миний бие болоод өмгөөлөгч А.У  хангалттай ойлгомжтой тайлбарласан атал шүүхийн шийдвэрт огт тусгаагүй. Мөн 3 000 000 төгрөгийн эд бараа өгч зээлээс хасуулж тооцсон, энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь тайлбартаа тодорхой дурьдсан атал шүүх огт анзаараагүй, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцолгүй шийдвэрлэсэн байна.

Миний бие 2 тусдаа зээлийн гэрээний харилцааг ялган тайлбарлаж, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр авсан 35 000 000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан. Харин 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай авсан 20 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан атал тухайн асуудал шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй байна. 2014 оны 4 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Л.А-с 20 000 000 хүлээн авсан, зээлийн гэрээ хийсэн эсэхдээ маргаан үүсгээгүй, энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан заалттай нийцсэн үйл баримт байхад шүүх тусад нь ялгалгүй дараагийн гэрээ болох 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр нөхөж хийсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Хэргийг хянан шийдвэрлэх явцад өмнө нь байгуулсан зээлийн гэрээг дараа нь буюу 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нөхөж хийсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь тайлбарлаагүй байхад “талуудын тайлбараас” хэмээн худал дүгнэлт гаргасныг энд дурдах нь зүйтэй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 29 900 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19 003 900 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 Хариуцагч нь үндсэн зээлийг хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Б-д 20 000 000 төгрөг, 35 000 000 төгрөг зээлж, дээрх зээлийг нэгтгэж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр  байгуулж               55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 29 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн гэх зээлийн гэрээг үндэслэсэн байх боловч энэхүү маргаан нь 55 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Зохигч нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний хугацааг сунгаж, хүүг өөрчлөн 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2016 оны 9 дүгээр 23-ны өдөр 29 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүй төлөх гэрээг тус тус байгуулсан байх ба эдгээр гэрээгээр мөнгө шилжүүлээгүй нь тогтоогдож байх тул зээлийн үлдэгдлийг анх зээлсэн 55 000 000 төгрөгөөс тооцсон нь үндэслэлтэй гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн болон сунгасан хугацаанд нийт 62 396 100 төгрөг төлсөн  нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн гаргасан “...2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай авсан 20 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй,...” гэх гомдлын тухайд хариуцагч Б.Б нь ... 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ ёсоор 20 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож гэрээг байгуулсан боловч гэрээний нэг хувийг надад нэхэмжлэгч нь өгөөгүй...” гэж тайлбарлаж, энэхүү тайлбараа нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж өгөөгүй, 20 000 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацааныхаа дотор нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан авлага өглөгийн бүртгэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож  байх тул дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, үнийн дүнг хэдийд ч багасгах эрхтэй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Хариуцагчаас нэхэмжлэгчид 62 396 100  төгрөгийг төлснөөс гадна эд бараа өгч  3 000 000 төгрөгийг төлсөн  нь зохигчдийн тайлбараар нотлогдож байх тул шийдвэрт үнийн дүнгийн хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  1066  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 19 003 900 төгрөг... “ гэснийг “... 16 003 900...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 252 965... “ гэснийг “...237 969...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 970 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                                    ШҮҮГЧИД                                 Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                      Т.ГАНБАТ