Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00489

 

Г.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01748 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1777 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Г.Ө-

          Хариуцагч: “Н..” ХХК-д холбогдох

          Нэхэмжлэл: ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай,

          Сөрөг нэхэмжлэл: Ажилгүйдлийн сангаас тэтгэмжид авсан 3,864,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Энхтамирын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ө-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саран-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2017-04-08-с тус компанийн байнгын орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний зөвлөхөөр ажиллаж байсан боловч 2019-03-04-ний өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл, 2019-04-01-ний өдрийн Н.. ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2019-04-09-ний өдрөөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирлын 02-19/04-01 тоот тушаалд гэрээг дуусгавар болгох гэж тусгасан нь үндэслэлгүй. Учир нь компанийн удирдлага үндэслэлгүйгээр цомхтгох зорилгоор ажлаас чөлөөлсөн. Мөн Н.. ХХК нь Г.Ө-ыг гэрээний зөвлөхөөр авч ажиллуулсан боловч нэг жилийн хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн. Өнгөрсөн хугацаанд энэхүү хууль зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулах зорилгоор тодорхой тушаал шийдвэрүүдийг гаргаж байсан. Н.. ХХК нь байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон Г.Ө-тай хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус юм.Иймд менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, талуудын хооронд  хөдөлмөрийн гэрээ байгуулсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн маргаанаа шүүхээр өмнө шийдвэрлүүлэх явцдаа эвлэрлийн гэрээ байгуулж маргааныг шийдвэрлэсэн бөгөөд эвлэрлийн гэрээ хүчинтэй байгаа. Өмнөх хөдөлмөрийн маргаантай холбогдуулан талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд энэхүү асуудлыг зохицуулж, тусгаагүй тул Г.Ө- дээрх төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй. Одоо тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хөдөлмөрийн маргаан нь ажил олгогчийн өөр тушаалаар Г.Ө-ыг ажлаас дахин чөлөөлсөнтэй холбогдох маргаан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Нөгөө талаас Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын байцаагчийн акт нь ажил олгогч Н.. ХХК-д холбогдох захиргааны акт бөгөөд энэхүү актаар Г.Ө-т ямар нэг үүрэг хүлээлгээгүй тул энэхүү мөнгөн төлбөрийг Г.Ө- хариуцан барагдуулах үндэслэлгүй. Ажил олгогчийн зүгээс энэхүү захиргааны акт тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь хөндөж байгаа гэж үзсэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх боломж нь нээлттэй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Н.. ХХК үйл ажиллагааныхаа онцлогийг харгалзан Г.Ө-тай хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуулийг тус тус үндэслэн 2017-04-08-ны өдөр 1 жилийн хугацаатай менежмент /контракт/-ын гэрээг харилцан тохиролцож байгуулж, гэрээний зөвлөхөөр ажиллуулсан. Компанийн орон тооны бүтэц, зохион байгуулалтад уг албан тушаал батлагдаж байгаагүй, компанийн үйл ажиллагааны хэрэгцээ, шаардлагын хүрээнд тодорхой хугацааны хүрээнд бий болсон, компанийн баталсан цалингийн сүлжээний дагуу цалин тооцдоггүй, компани нь төслийн барилга угсралтын үйл ажиллагааны онцлогоос хамааран төслийн үргэлжлэх хугацаагаар гэрээлдэг бөгөөд байнгын ажлын байраар хангах боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Г.Ө-тай байгуулсан менежмент /Контракт/-ын гэрээний 11.1-11.2 заалтуудыг үндэслэл болгон тус гэрээг сунгахгүй болсон тухайгаа бичгээр 2019-03-04-ний өдрийн 2019/15 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн ба тухайн үед хүлээн авч танилцан гарын үсэг зурсан. Бидний зүгээс хуулийн үндэслэл бүхий тушаал гаргаж хөдөлмөрийн харилцааг гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд дуусгавар болгосон. Энэ талаар ажилтанд урьдчилан мэдэгдсэн ямар нэгэн эрхийн зөрчил гаргаагүй болно. Хэрэв уг албан тушаал нь байнгын ажлын байр гэж үзэж байсан бол гэрээ байгуулах үед аль эсвэл гэрээ байгуулагдсан өдөр мэдэж байсан ба энэ талаар ямар нэгэн санал гаргаж байгаагүй атлаа, мөн гэрээг 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдсөний дараа гэрээг сунгахгүй болсон тухай мэдэгдэл хүргүүлэхэд мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хүлээн авсан. Энэ үед мөн л санал, гомдол гаргаагүй атлаа гэрээ дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дагуу гомдолтой мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Г.Ө-ын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Ө- нь манай компанид гэрээний зөвлөхийн албан тушаалд ажиллаж байгаад 2018-02-12-ны өдрийн компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар чөлөөлөгдсөн. Шүүхэд маргаан хянагдаж байхад ажлаас халагдсаны тэтгэмж авсан нь Г.Ө-ын буруутай үйлдэл бөгөөд ажилгүйдлийн сангаас үндэслэлгүйгээр тэтгэмж авсан. Үүнээс шалтгаалж Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс манай компанийн нийгмийн даатгалын тайланг хүлээн аваагүй. Нийгмийн даатгалын тайлангаа хуулийн хугацаанд нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлж баталгаажилт хийлгээгүй тохиолдолд нийт ажилтан албан хаагчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, шимтгэл төлөлтийн мэдээлэл баталгааждаггүй тул манай компани олон ажилтан, албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүднээс нийгмийн даатгалын нөхөн тайланг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн. Гэтэл ажилгүйдлийн сангаас тэтгэмж үндэслэлгүй авсан Г.Ө-ын тэтгэмж түүнтэй холбоотой алдангийн нийт дүнг төлж барагдуулсан тохиолдолд нөхөн тайланг хүлээн авч баталгаажуулах боломжтой талаар бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу бид нийгмийн даатгалын байцаагчийн актын дагуу дээрх төлбөрийн дүнг бүрэн төлж барагдуулаад байна. Г.Ө- нь ажилгүйдлийн сангаас авсан ажилгүйдлийн тэтгэмжээ санд буцаан төлсөн тохиолдолд манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн өр төлбөр үүсэхгүй байсан. Нийгмийн даатгалын хэлтсээс нийт 6,139,500 төгрөгийн акт тавигдсан бөгөөд актын дүнгээс Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаартай тогтоолын дагуу 2,275,000 төгрөгийн шимтгэл нь төлбөл зохих шимтгэл тул хасч тооцох учиртай. Харин үлдэх 3,864,500 төгрөгийг Г.Ө- ажилгүйдлийн сангаас тэтгэмж хэлбэрээр авсан мөнгөн хөрөнгө бөгөөд манай компани нийгмийн даатгалын хэлтсийн шаардлагын дагуу төлж барагдуулсан. Иймд 3,864,500 төгрөгийг Г.Ө-аас гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 183/ШШ2019/01748 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Ө-ыг гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч “Н..” ХХК-иас 13,543,883 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Н..” ХХК-д хариуцуулж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 372,651 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1777 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/01748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж , Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Г.Ө-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4 дэх заалтыг 2 гэж дугаарлан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсан өөрчлөлтийг оруулж, 5 дахь заалтыг 3., 6 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгчөөс төлсөн 372,651 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Энхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс “..анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-т заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн, мөн хуулийн 23.2.1-т заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй тул “НВИК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019-04-01-ний өдрийн 02-19/04-01 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ” гэж магадласан байна. Давж заалдах шатны шүүхээс магадлалынхаа энэ хэсгийн үндэслэлийг тайлбарлахдаа “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-21-ний өдрийн 181/ШШ2018/01165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-01-25-ны өдрийн 1752 дугаар магадлалаар талуудын хооронд [контракт]-ын гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдсон байх тул ИХШХШТХ-н 40.4-т зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар өөр дүгнэлт хийсэн нь буруу болжээ” гэж дүгнэсэн хэсэгт гомдолтой байна. Учир нь 181/ШШ2018/01165 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, улмаар хариуцагчийн зүгээс Г.Ө-ыг 2018-10-15-ны өдрийн 02-18/780 дугаар тушаалаар ажилд эгүүлэн авч, маргаан бүхий үйл баримт дуусгавар болсон. Харин хариуцагчийн 2019-04-01-ний өдрийн 02-19/04-01 дугаар тушаалаар гэрээний зөвлөх ажилтай Г.Ө-ыг ажлаас дахин чөлөөлснөөр талуудын хооронд хөдөлмөрийн маргаан шинээр үүссэн. Г.Ө- шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан төдийгүй маргааны нөхцөл байдлаас хамааран “... байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох...“ тухай нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд шинээр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэг талаас 181/ШШ2013/01165 дугаартай шүүхийн шийдвэр, түүний дүгнэлтүүд нь талуудын өмнөх маргаанд хамааралтай. Нөгөө талаас нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн шүүхэд шинээр гаргасан “хариуцагч “Н..” ХХК нь байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон ажилтан Г.Ө-тай хугацаатай “менежментийн гэрээ” байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагад 181/ШШ2018/01165 дугаартай шүүхийн шийдвэр болон түүний “талуудын хооронд контрактьн гэрээ байгуулсан гэх дүгнэлт” хамааралгүй болно. Учир нь нэхэмжлэгч түүнийг ажлаас дахин үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа өмнө нь шүүхээр хянан хэлэлцэгдээгүй шинэ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс “..нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэх ба шүүхээр бие даан шийдвэрлүүлэх шаардлага биш тул энэ талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд авч шийдвэрлэх үндэслэлгүй.” гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс ИХШХШТХ-н 40.4-г үндэслэн шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүхээс дахин үнэлэхгүй” гэх үндэслэлээр хангахгүй орхиж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн шүүхээс маргааныг шийдвэрлэсэн шүүх хуралдааны эцэст гаргасан шийдвэрийнхээ тогтоох хэсгийн агуулгыг уншиж сонсгохдоо “..нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ..” гэсэн атлаа хожим шийдвэрээ бичгээр үйлдэхдээ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг “..шүүхээр бие даан шийдвэрлүүлэх шаардлага биш тул энэ талаар дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд авч шийдвэрлэх үндэслэлгүйг дурдах нь гэж шүүх үзлээ” гэж зөрчилдсөн дүгнэлт хийсэн. Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү хууль зүйн алдаатай шийдвэрийг хэлбэрийн буюу техникийн хувьд зөвтгөн залруулж шийдвэрлэсэн мэт боловч хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн Г.Ө-ын үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг нэгтгэх замаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ямар нэг хууль зүйн тусгайлсан дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхээс шинээр нэхэмжилсэн нэхэмжлэлд анхан шатны шүүх: “...шүүхээр шийдвэрлүүлэх бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж дүгнэсэн” бол Давж заалдах шатны шүүх: анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлт зөв буруу эсэхэд үндэслэлтэй дүгнэлт гаралгүйгээр нэхэмжлэлийн бусад шаардлагатай нэгтгэх замаар хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр Г.Ө-ын нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах анхан болон дааж заалдах шатны шүүхийн үндэслэл бүхий хууль зүйн ямар нэг дүгнэлтгүйгээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шүүх шийдсэн нь ИХШХШТХ-н 116.2-т нийцээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон ажилтан Г.Ө-тай хугацаатай “менежментийн гэрээ” байгуулсан нь хууль бус болохыг тогтоож, энэхүү гэрээг хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх материаллаг эрхийг шүүхээс маргалдагч талуудын харилцаанд өөрчлөлт орсныг харгалзахгүйгээр талуудын өмнөх маргаанд холбогдох шүүхийн шийдвэрийг шууд эшлэн процессын хуулийн зохицуулалтыг үндэслэсэн шийдвэрлэсэн хэрэг юм. Гэтэл анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас “Н..” ХХК-ийн “гэрээний зөвлөхийн ажлын байр”-ны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг батлах хангалттай нотлох баримт гэж үзэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцсэн болно. Тийм ч учраас хэрэгт авагдсан энэ болон бусад нотлох баримтад тулгуурлан шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Ө-тай байгуулсан менежментийн гэрээ утга агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээ болох нь нотлогдож анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байх. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгыг бүхэлд нь өөрчилснөөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох гэрээний зөвлөхийн ажлын байр нь байнгын ажлын байр эсэх талаарх маргааны хувьд аль ч шүүхийн үндэслэл бүхий няцаалт, дүгнэлтгүйгээр маргаан шийдвэрлэгдэх нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж болно. Ингэснээр Хөдөлмөрийн хуулийн байнгын ажлын байранд хугацаагүй гэрээг байгуулан ажилтныг тогтвортой ажиллуулах шаардлагаас зайлсхийн, нэхэмжлэгчтэй халхавчилсан гэрээ байгуулсан “Н..” ХХК-ийн хууль бус үйлдлийг Монгол Улсын шүүхээс зөвтгөж байгаа мэт нөхцөл байдал үүсэхээр байна. ...ИХШХШТХ-н 176.2.5-д зааснаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл 176.2.3-т заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилж, үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Ө- 2019-05-08-ны өдөр “Н..” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, гэрээний зөвлөхийн ажил эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгах, байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, энэхүү гэрээ нь хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгохыг шаарджээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа 2019-06-10-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, ажилгүйдлийн сангаас үндэслэлгүйгээр авсан 3,864,500 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2017-04-08-ны өдөр 125 дугаартай “..менежментийн гэрээ /контракт/..” гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан, “Н..” ХХК-иас 2019-03-04-ний өдрийн 2019/15 дугаар албан бичгээр уг гэрээний хугацааг сунгахгүйгээр 2019-04-09-ний өдрөөр дуусгавар болгож байгаа талаар мэдэгдсэн нь тогтоогдсон, хариуцагчийн 2019-04-01-ний өдрийн 02-19/04-01 дугаар тушаалаар Г.Ө-тай байгуулсан гэрээг 2019-04-09-ний өдрөөр дуусгавар болгосон байх бөгөөд энэ үйл баримт нотлогджээ. 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-05-21-ний өдрийн 181/ШШ2018/01165 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-07- 25-ны өдрийн 1752 дугаар магадлалаар талуудын хооронд “контрактрын гэрээ” байгуулагдсан нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

         Ажил олгогч нь байгуулсан гэрээг сунгахгүй талаар ажилтанд мэдэгдэж, улмаар гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үйл баримт нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-г зөрчинө.

         2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байна.

         Г.Ө- шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид  даалгахыг хүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа “...байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон ажилтан Г.Ө-тай хугацаатай менежментийн гэрээ байгуулсан нь хууль бус болохыг мөн гэрээ нь хөдөлмөрийн гэрээ болохыг тус тус тогтоолгох ..”-р нэмэгдүүлжээ. 

         Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг болон 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, Г.Ө-ын нэхэмжлэлийн талаарх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийж магадлалаар бүрэн шийдвэрлэсэн байна.

        Г.Ө-ыг гэрээний зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буюу “...олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгах, байнгын ажлын байрыг түр ажлын байраар тооцон гэрээ байгуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, гэрээ нь хөдөлмөрийн гэрээ болохыг тогтоолгох ..” шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болно.

        Иймд “...анхан шатны шүүх бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж дүгнэсэн  бол давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй...” гэх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна. 

         3. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Энхтамирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Энхтамир хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ