Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/00843/И |
Дугаар | 001/ХТ2020/00471 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00471
Ж.Б- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1743 дугаар магадлалтай,
Ж.Б-, Л.Б-, С.Б-, Т.Г-, Д.Г-, Ч.Г-, Н.Д-, С.М-, Б.М-, Э.М-, Б.М-, Г.Н-, Ц.Н-, Д.Э-, М.Г- нарын нэхэмжлэлтэй,
ЗТН ОНӨААТҮГазарт холбогдох
Мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 122.756.927 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-, Т.Н-, С.Т-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Нийслэлийн Нийтийн тээврийн газраас смарт картаар үйлчлэх болсонтой холбогдуулан мөнгө хураагчийн ажлын байранд ажиллаж байсан 600 гаруй хүний ажлын байрыг тодорхойгүй болгож, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. ЗТН ОНӨААТҮГ-ын удирдлагууд нь янз бүрийн дарамт шахалтаар кондукторуудыг ажлаас халж эрх ашгийг нь хохироож, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхотголд оруулж байна. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаархи тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Иймд нэр бүхий нэхэмжлэгч нар нь дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1. Ж.Б- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.934.409 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.650.859 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 69.174 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 110.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 5.529.310 төгрөг, нийт 9.845.652 төгрөг,
2. Л.Б- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.192.734 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.851.866 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 150.673 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 60.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.174.309 төгрөг, нийт 7.981.482 төгрөг,
3. С.Б- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.304.753 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.938.565 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 114.317 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 456.279 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 60.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8.547.314 төгрөг,
4. Т.Г- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.080.023 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.696.935 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 36.525 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 120.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 5.826.000 төгрөг, нийт 10.311.383 төгрөг,
5. Д.Г- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сар, 2014 оны 6 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.748.904 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар 1.469.178 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 121.455 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2015 оны 585.233 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 190.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 6.348.618 төгрөг, нийт 10.463.388 төгрөг,
6. Ч.Г- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.225.542 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.826.656 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 110.101 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.689.025 төгрөг, нийт 8.503.224 төгрөг,
7. Н.Д- ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.837.077 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 118.055 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 60.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.689.024 төгрөг, нийт 6.256.056 төгрөг,
8. С.М- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.061.368 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.703.526 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 11.413 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 484.309 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8.034.016 төгрөг,
9. Б.М- ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2015 оны 8 сар хүртэл 1.426.448 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 90.536 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2015 оны 613.837 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 60.000 төгрөг, нийт 2.190.821 төгрөг,
10. Э.М- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.994.112 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.705.584 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 79.711 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 60.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.495.400 төгрөг, нийт 7.886.707 төгрөг,
11. Б.М- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2015 оны 10 сар хүртэл 1.578.115 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2015 оны 10 сар хүртэл 1.288.586 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 9.012 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 455.816 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 80.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 2.734.898 төгрөг, нийт 6.146.427 төгрөг,
12. Г.Н- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 9 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.139.244 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.761.933 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 87.942 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 150.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 6.148.375 төгрөг, нийт 10.839.394 төгрөг,
13. Ц.Н- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 8 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.292.647 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.929.485 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 31.106 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 551.900 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 180.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 7.378.048 төгрөг, нийт 12.363.186 төгрөг,
14. Д.Э- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 9 сараас 2016 оны 4 сар хүртэл 2.036.535 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.737.401 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 52.803 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 505.309 төгрөг, удаан жилийн нэмэгдэл 2015 оны 100.000 төгрөг, орон тоо хасагдсан тул ажлаас халагдсны тэтгэмж 3.673.400 төгрөг, нийт 8.105.448 төгрөг,
15. М.Г- мэргэшсэн зэргийн нэмэгдэл 2013 оны 9 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.988.811 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2013 оны 4 сараас 2016 оны 4 сар хүртэл 1.753.809 төгрөг, илүү цагийн хөлс 2015 оны 23.506 төгрөг, үр дүнгийн урамшуулалт цалин 2015 оны 661.610 төгрөг, шагналт цалин 854.674 төгрөг, нийт 5.282.410 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Дээрх нэхэмжлэлийн шаардлага болох мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 2.1.12-т зааснаар 10-20 хувь байхаар заасан тул нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй юм. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Ажилчид үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно” гэж, 4 дүгээр зүйлийн 4.7-д “үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно” гэж тус тус заасны дагуу ур чадварын нэмэгдэл болон үр дүнгийн цалинг нэхэмжилж байгаа болно. Удаан жилийн нэмэгдлийг байгууллагын цалин хөлсний журмын 5.3.3-т, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4-т заасны дагуу хариуцагч байгууллага нь олгох үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, хамтын гэрээний 3.7-д заасны дагуу цомхтголын тэтгэмжийг нэхэмжилж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЗТН ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй нэр бүхий 15 хүний нэмэгдэл цалин гаргуулах шаардлагад хариу тайлбар гаргаж байна. Ж.Б- 2016.09.08-ны өдрийн Б/917 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарсан. Батцоож нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Баасанжав нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Т.Г- нь 2017.08.28-ны өдөр Б/707 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, Д.Г- нь одоо нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ч.Г- нь 2017.01.20-ны Б/42 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан, Долгорсүрэн нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, М.Г- нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Мөнхтуяа хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Мөнх-Амгалан нь 2015.09.02-ны өдөр Б/1233 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөнхзул нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Мөнхцэцэг нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Эрдэнэчимэг 2019.01.04-ний өдөр Б/03 тоот тушаалаар өндөр нас тэтгэвэрт гарсан, Г.Н- нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ц.Н- нь нэгдүгээр баазад ажиллаж байна. A.Эрдэнэчимэгийн шаардлагыг Ж.Алтанцэцэгийн хэрэгт шийдвэрлэсэн байгаа. Ингээд 1 шалгагч нэхэмжлэлээсээ татгалзсан, 1 хүний асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн, 1 шалгагч өөрийн хүсэлтээр, 4 шалгагч өндөр насны тэтгэвэрт гарснаар нийт 5 хүн байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Үлдсэн шалгагч нар одоогийн байдлаар ажлаа хэвийн хийгээд явж байна. Мэргэшсэн зэргийн нэмэгдэлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээрийг үндэслэн шаарддаг. Уг хамтын хэлэлцээрийн 8 дугаар зүйлд аж ахуйн нэгж байгууллага өөрийн хөрөнгийн бололцоо жолооч засварчдын мэргэжлийн зэргийн ур чадвар ажлын чанар хөдөлмөрийн гэрээний биелэлт үр дүнг харуулсан авто машины жолоочид дараах нэмэгдэл хөлс шагнал урамшууллыг олгож болно. Нэмэгдэл хөлсний хувь хэмжээ олгох журмыг байгууллагын захиргаа үйлдвэрчний эвлэлийн хамтын хэлэлцээрээр батлан шийдвэрлэнэ гэж заасан. Хамтын хэлэлцээрт заасны дагуу захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2014.01.22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шалгагч нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй, 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн талаар тохиролцоогүй. ЗТН автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний хороо нь 2013.07.09-ний өдөр баталсан 2013 оноос 2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрт бие даан оролцоогүй, гарын үсэг зураагүй, байгууллагын төлөөлөл оролцоогүй тул шаардах эрхгүй. Байгууллага мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох үүргийг хамтын гэрээгээр хүлээгээгүй. Ур чадварын нэмэгдэлийг хамтын гэрээний 4.2 дугаар зүйлийг үндэслэн шаарддаг бөгөөд байгууллагын дотор мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг мөрдлөг болгохоор хамтын гэрээнд заасан. Ингээд 2013.05.23-ны өдрийн автобус нэгдүгээр баазын цалин хөлсний тухай журамд ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгохоор тусгасан. Үргэлжлүүлэн 2013 оноос 2016 оны хувьд 2013 он 2014 онд цалин хөлсний журам үйлчилж байсан. 2015 оны цалин хөлсний журам 2016 онд үйлчлэх бөгөөд 2015.05.20-ны өдрийн зорчигч тээврийн цалин хөлсний журмын 5.5.1 дүгээр заалтад мөн ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний засварчид болон ерөнхий механик тоног төхөөрөмжийн цахилгаан гэрэлтүүлгийн засварчдад олгохоор тусгагдсан тул энэ шаардлага үндэслэлгүй байгаа. Илүү цагийн хөлсний тухайд нэхэмжлэгч анх 2016.01.18-ны өдөр гаргасан 61 мөнгө хураагчийн цомхтголын тэтгэмж гаргуулах шаардлагаа 4 удаа өөрчилсөн бөгөөд 2015 оны 07 сард илүү цагийн асуудал гарч ирсэн. Тэрнээс хойш 3 сарын дотор цалин хөлстэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байхад 2016.10.27-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа илүү цагийн хөлсний асуудал шаардсан. Нэхэмжлэгч надад илүү цагийн хөлс энэ сар олгоогүй гэдгийг цалин хөлсний дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан тул сар бүр илүү цаг орсон эсэхийг сар бүр цалин авахдаа мэдэх бүрэн боломжтой байсан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарч байгаа. Үр дүн, удаан жилийн шаардлагыг хамтын гэрээний 4.7 дугаар зүйлийг үндэслэн 2015 оны шаардаж байгаа, байгууллага 2015 онд үр дүн шагналт цалин олгоогүй. Яагаад гэвэл 2014.12.05-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 220 дугаар тогтоолоор нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага өмчит үйлдвэрийн ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журмыг баталж, журмыг 2015.01.01-нээс мөрдүүлэхээр заасан. Энэ журмын 2 дугаар зүйлд үр дүнгийн шагнал урамшуулал олгох санхүүгийн эх үүсвэрийг нэрлэн заасан бөгөөд байгууллага 2015 онд алдагдалтай ажилласан, энэ талаар нотлох санхүүгийн тайлан баримтууд хэрэгт авагдсан байгаа учраас үр дүнгийн цалинг олгоогүй. Энэ шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа мөн яригдана. Удаан жилийн нэмэгдэлийг цалин хөлсний журмын 5.3.3 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжилдэг бөгөөд байгууллага 2013 оны удаан жилийг 2014 онд олгосон, дахиж олгоогүй шалтгаан нь санхүүжилттэй холбоотой, хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа. Удаан жилийн огноог нэхэмжлэгч буруу бичсэн байгаа. Уг шаардлагыг 2016.05.10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор удаан жилийн шаардлага гэж оруулж ирдэг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Мөнхтуяа хурал дээр бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гээд, 2016.04.26-ны өдрийн шүүгчийн захирамж авагдсан байгаа. 2016.05.10-ны өдөр болтол шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа. Удаан жилийг 2013 оноос 2015 оных нэхсэн байгаад сүүлд зөвхөн 2015 он гэж өөрчлөгдсөн. Уг нь нэхэмжлэл гаргахдаа буюу 2016.01.14-ний өдөр гаргах ёстой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Цомхтголын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө нэхэмжлэгч нарын ажлын байрыг цомхтгоогүй юм байна бид шаардлагаа өөрчилнө гээд шүүх хуралдаанд хэлсэн. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөөр нотлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас 2013 оны 7 дугаар сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын нэмэгдэл, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, 2015 оны үр дүнгийн шагналт цалин, 2015 оны илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 127 661 429.05 /нэг зуун хорин долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-, Л.Б-, С.Б-, Т.Г-, Д.Г-, Ч.Г-, М.Г-, Н.Д-, С.М-, Б.М-, Э.М-, Б.М-, Г.Н-, Ц.Н-, Д.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас 796 257 /долоон зуун ерөн зургаан мянга хоёр зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1743 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас илүү цагийн хөлсөнд нэхэмжлэгч Ж.Б-д 69 174 төгрөг, Л.Б-ид 150 673 төгрөг, Тов.Ганчимэгт 36 526 төгрөг, Д.Г-т 121 456 төгрөг, Ч.Г-од 110 102 төгрөг, Н.Д-д 118 055 төгрөг, С.М-д 11 413 төгрөг, Б.М-т 9012 төгрөг, Г.Н-д 87 943 төгрөг, Да.Эрдэнэчимэгт 52 803 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116 707 357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалт болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г- нэхэмжлэлийн шаардлага болох 5 282 413 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, 2, 3-ийг 3, 4 гэж дугаарлаж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар тэтгэмж /59 033 208 төгрөг/ гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас 476 569 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 23 665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг байгуулахдаа Төрийн байгууллагыг төлөөлж Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, Ажил олгоч эздийг төлөөлж том оврын Автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дарга Ц.Пүрэвсамбуу ажилтаныг төлөөлж, дээд монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэбат болон бусад байгууллагууд хэлэлцээрт оролцож байгуулан хөдөлмөрийн яаманд баталгаажуулан бүртгүүлсэн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн, 2.1.12-т зааснаар кондукторын мэргэшсэн зэргийн нэмэгдэл 10-20 хувь цалинг нэхэмжилж байна. Тус хэлэлцээрээр сүхбаатар дүүрэгт 2013-2014 хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаан үүсгэсэн. Сүхбаатар дүүргийн томилсон Зуучлагчийн зөвлөмж 2014.06.27-ны өдөр гаргаж, мөн Арбиторын зөвлөмж 2014.07.29-ний өдөр гарч зөвлөмжийн 2.1 заалтад 2014.09.10-ны дотор багтаан 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөмж хүргүүлсэн байдаг. ЗТНийн захиргаанаас 2014.09.10 өдөр 1126 тоотоор Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон ЗТН ОНӨААТҮГ-ын автобусны 1-р баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагаас чиглэл өгвөл ЗТН ОНӨААТҮГ нь хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн ҮЭХ-дод албан ёсоор хариу өгсөн байдаг. Монгол улсын зам тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад 2014.10.01-ний өдрийн 2/5127 тоот албан бичгээр, Мөн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлсэн байдаг. Үүнд ЗТН ОНӨААТҮГ-т хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн. 2015.05.25-ны өдрөөс 06 сарын 05-ны өдөр хүртэл ЗТН ОНӨААТҮГ-ын жолооч, кондукторууд 12 хоног ажил хаялт хийсэн. Үүний дараа 2015.06.05-ны өдөр тохиролцоо хийгдэж ажил хаялт зогссон. Тохиролцооны 3-т зааснаар захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэрийг гаргуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Тохиролцооны 6-д захиргааны санаачилгаар шүүхэд хандахгүй байхаар заалт оруулсан байдаг. Кондуктор жолооч нарын Мэргэшсэн нэмэгдэлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбиторын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасантай нийцэхгүй байна. Мэргэшсэн зэргийн нэмэгдэл цалинг олгох дүрэм журмыг захиргаанаас гаргах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчин мэргэшсэн зэргийн нэмэгдэлийг нийт ажилчдад хамаарч олгохгүй байна. Иймд нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.
Захиргаанаас үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013.03.21-ний өдөр 348 тоот бичгээр нийт ажилчдыг ур чадвартай ажиллахыг шаардсан. 2013.02.05-ны өдрийн байгуулсан хамтын гэрээний заалтыг биелүүлж хэрэгжүүлэхээр ажилтаны хамтын маргаан үүсгэж урьдчилан шийдвэрлэж чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013.02.05-ны өдрийн байгуулсан хамтын гэрээний 4-р зүйлийн 4.2 заалт Ажилчид үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нэмэгдэлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн нөхцөл харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм журмыг мөрдлөг болгоно. Энэ нь үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар нэхэмжилж байна. 2013 оны ур чадвар, хүнд нөхцөлийн нэмэгдлийг 2013 оны 4 сараас эхлэн хөдөлмөрийн маргаан үүсгэж Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан Хан-уул дүүргийн захиргаанаас зуучлагч томилуулж маргааныг шийдвэрлэхийн тулд зуучлагчийн зөвлөмж 2013.05.29-ний өдөр гаргаж өгсөн, арбиторын зөвлөмж 2013.06.14-ний өдөр гаргасан. 2014.01.22-ны өдөр хэлэцээрт сууж хамтын гэрээнд нэмэлт оруулж цаашид зуучлагч Арбитрийн зөвлөмжийн дагуу хамтын гэрээг биелүүлж ажиллахаар захиргаа үйлдвэрчний эвлэлийн хороо тохирсон. 2015.01.07-ны өдөр дахин хэлэлцээрт орж хуучин хамтын гэрээг мөрдөж ажиллахаар тохирсон. Нэхэмжлэлийг 2016.01.14-ний өдөр үр дүнгийн цалинг нэхэмжилсэн байдаг. Xэргийн 42-р хуудаст 2016.04.25-ны өдөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж гаргасан байхад 3 сар хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжилсэн үр дүнгийн цалинг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2016.01.16-ны өдрийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд гаргахад хариуцагч нь хариу тайлбар шүүхэд өгөхдөө 2015.11.20-ны өдөр кондуктор нарыг хуралдуулж шинээр ажлын байр бий болгож мөнгө хураагч нарыг шалгагчийн ажилтай болгосныг нийт ажилчдад мэдэгдсэн гэж хариу тайлбартаа бичиж өгсөн байна. ЗТН ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2015.04.05-ны өдөр 61 тоот бичгээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас ЗТН ОНӨААТҮГ-ын 2016 онд бүтэц орон тоог баталсан захирамжийг гаргуулж авах хүсэлт өгөхөд ЗТН ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан Нийслэлийн засаг даргын 2014.12.23 өдөр А/1053 тоот захирамжийг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороонд хуулбар үнэн тамга дарж, 2016.04.12-ны өдөр өгсөн. Энэ захирамжинд 543 кондукторуудыг ажлаас чөлөөлөөгүй болохыг мэдэгсэн. ЗТН ОНӨААТҮГ-ын бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан 2014.12.23-ны өдөр А/1053 тоот НЗД-ын захирамжийг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГын захиргаа нь шүүхэд 2015.04.26-ны өдөр нотариотаар батлуулж ирүүлэхдээ 543 кондукторыг ажлаас чөлөөлөөгүй болохыг шүүхэд дахин мэдэгсэн. Ингээд Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2018.09.21-ний өдөр 70 тоот бичгээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас ЗТН ОНӨААТҮГ-ын 2015, 2016, 2017, 2018 онуудын бүтэц орон тоог баталсан мэдээлэл авахыг хүсэхэд НЗД-ын 2016.04.18-ны өдөр А/290 тоот захирамжаар кондукторуудыг ажлын байрнаас чөлөөлж шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог батлуулсан болохыг Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг дүгээр баазын ажилтаны үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018.11.12-ний өдөр мэдэгдсэн. Иймд Кондукторуудыг цомхотгож шалгагч болгосны тэтгэмж авах нэхэмжлэлийг дахин сэргээж шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад 2018.11.27-ны өдөр шүүгч нэхэмжлэлийг сэргээж дахин шийдвэрлэхээр захирамж гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж шүүх дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т нийцэхгүй байна.
Цалин хөлсний журмын 5.3.3-т ажилласан хугацааг тухайн байгууллагад үндсэн ажилтанаар томилогдсон тушаал гарсан үеэс эхлэн тооцно ажилласан жилүүдийн нэмэгдэлийг таваас дээш жил ажилласан ажилчдад ажилласан жил тус бүрийг 10.000 төгрөгөөр тооцож тайлан жилийн эцэст жилд нэг удаа байгууллагын даргын тушаалаар олгоно гэж зааснаар нэхэмжилж байна. 2015 оны удаан жилийн нэмэгдэлийн цалинг жилийн эцэст олгохдоо 2015 оны 12 сарын цалинг 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд буюу 2016 оны 1 сарын цалинтай хамт 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд багтаан олгодог. 2016.01.14-ний өдрийн нэхэмжлэл гаргасан. 2016.04.25-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэл гаргасан байхад 3 сар хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т заасантай нийцэхгүй байна.
Нийт 71 ажилчны цалингийн 335.247.594.78 төгрөг нэхэмжилж, тэмдэгтийн хураамжинд 2.193.804 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 56 кондукторын цомхотголын тэтгэмжид 207.760.684.92 төгрөг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.1-т заасны дагуу тэмдэгтийн хураамжаас 2016.01.25-ны өдрийн 102/Ш32016/03992 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн. Иймд нэхэмжлэгч нарын цалинд Ж.Б- 74.263.168 төгрөг, Д.Г- 3.993.315 төгрөг, Ч.Г- 4.704.098 төгрөг, Н.Д- 2.448.977 төгрөг, С.М- 4.349.203 төгрөг, Б.М- 3.402.518 төгрөг, Г.Н- 4.603.076 төгрөг, Д.Э- 4.379.246 төгрөг, цомхотголын тэтгэмжид Ж.Б- 5.529.310 төгрөг Л.Б- 3.174.309 төгрөг, Т.Г- 5.826.000 төгрөг, Д.Г- 6.348.618 төгрөг, Ч.Г- 3.689.025 төгрөг, Н.Д- 3.689.024 төгрөг, С.М- 3.673.400 төгрөг, Б.М- 2.734.898 төгрөг, Г.Н- 6.148.375 төгрөг, Д.Э- 3.673.400 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Нийт 71.106.184 төгрөг нэхэмжилж гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ж.Б-, Л.Б-, С.Б-, Т.Г-, Д.Г-, Ч.Г-, Н.Д-, С.М-, Б.М-, Э.М-, Б.М-, Г.Н-, Ц.Н-, Д.Э-, М.Г- нар ЗТН ОНӨААТҮГазарт холбогдуулан мэргэшсэн зэргийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, үр дүнгийн урамшуулалт цалин, удаан жилийн нэмэгдэл, цомхотголын тэтгэмж, нийт 122.756.927 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “мэргэшсэн зэргийн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн 2.1.12-т, ур чадварын нэмэгдлийг хамтын гэрээний 4.2-т, удаан жилийн нэмэгдлийг цалин хөлсний журмын 5.3.3-д, үр дүнгийн цалинг хамтын гэрээний 4.7-т, илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4, ажлаас халагдсны тэтгэмжийг хамтын гэрээний 3.7-д заасныг тус тус нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.
Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй үндэслэлээ зааж тайлбар гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Г- 5.282.413 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Анхан шатны шүүх М.Г- нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зарим нэхэмжлэгч нарт илүү цагийн хөлс гаргуулж, М.Г- нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт болон улсын тэмдэгтийн хураамж хуваарилах асуудлаар тус тус шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байх тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Мөн хоёр шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Г- нэхэмжлэлээсээ татгалзсныг батлахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох атал шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх энэ хэсэгт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу баримталсан алдааг залруулж, эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан бусад үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч бүрийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрт тусгаагүй, нийт үнийн дүнг алдаатай тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулж дүгнэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн харъяалал, урьдчилан шийдвэрлэх журам болоод уг журмыг хэрэглэх боломжгүйгээс шүүхэд хандсан нөхцөл байдлын талаар хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.
Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар ЗТН ОНӨААТҮГазарт кондуктороор ажиллаж байгаад, Ж.Б- 2016.09.08-ны өдрийн Б/917 тоот, Д.Э- 2019.01.04-ний өдрийн Б/03 тоот, Б.М- 2015.09.02-ны өдрийн Б/1233 тоот, Ч.Г- 2017.01.20-ны өдрийн Б/42 тоот, Т.Г- 2017.08.28-ны өдрийн Б/706 тоот тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн, Л.Б-, С.Б-, Д.Г-, Н.Д-, С.М-, Э.М-, Б.М-, Г.Н-, Ц.Н- нар тус тус ажиллаж байгаа нь тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “нэмэгдэл”-ийн талаар, ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн ...нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно гэж заажээ.
Ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан хамтын гэрээгээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн шууд зохицуулагдаагүй асуудлаар тохиролцдог байна.
Автобус-1 компанийг бусад аж ахуйн нэгжтэй нэгтгэж ЗТН ОНӨААТҮГазар болгож өөрчлөн байгуулсныг зохигч маргаагүй бөгөөд уг хугацаанаас хойш шинээр хамтын гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болоогүй тул Автобус-1 компанийн 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014.01.22-ны өдрийн гэрээний зохицуулалт хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Дээрх хамтын гэрээгээр ажилтанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохоор зохицуулаагүй байна.
2013-2014 онд хэрэгжүүлэхээр баталсан Автотээврийн салбарын хэлэлцээрээр зохицуулагдсан асуудлыг өөрийн компанийн хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгуулаагүйгээс уг хэлэлцээрийн 2.1.12-т заасан нь нэхэмжлэгч нарын мэргэшлийн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагын үндэслэл болохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй байна. Дээрх нэхэмжлэлийн талаар шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 16 дугаар зүйлийн 16.2,16.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын мэргэжлийн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж заажээ.
Хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдэл олгох үндэслэл тогтоогдоогүйг шүүх дүгнэжээ. Автобус-1 ОНӨААТҮГ-ын хамтын гэрээний 4.2-т “ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно” гэж заахдаа мэргэжлийн зэргийн чадвар, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзаж байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг баримтлах, тухайн нэмэгдэл нь ажилтны үндсэн цалингийн 15 хувиас хэтрэхгүй байхаар журамлажээ. Автобус-1 компанийн мөрдөж байсан 2013.05.23-ны өдрийн болон ЗТН ОНӨААТҮГ-ын мөрдөж буй 2015.05.20-ны өдрийн цалин хөлсний журамд “ур чадварын” гэсэн нэмэгдлийн талаар зохицуулахдаа кондуктор, шалгагчид олгохоор заагаагүй тул энэ үндэслэлээр ур чадварын нэмэгдлийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4, 50, 51 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тухай дүгнэлт хуульд нийцжээ.
Дээрх журмуудад хөдөлмөрийн нөхцөлийн болон ажлын байршил, ачаалал, онцлогоос хамаарсан бусад нөхцөлийн нэмэгдэл, тухайлбал мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгохдоо тухайлсан ажлын байрыг тодорхойлсонд кондукторын ажлын байр хамаарахгүй байна.
Хамтын гэрээний 4.7-д үр дүнгийн нэмэгдэл олгохдоо нэг сарын цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно гэсэн боловч байгууллагын 2013, 2015 оны цалин хөлсний журмын 5-д заасан нэмэгдэлд үр дүнгийн нэмэгдлийн талаар зохицуулаагүй, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014.12.15-ны өдрийн 220 дугаар тогтоолд заасан нөхцөл бий болсон нь тогтоогдоогүй байна. Шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.3.4-т заасныг зөрчөөгүй байна.
Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан байна. Хамтын гэрээнд уг нэмэгдүүлсэн хөлсийг 2 дахин олгохоор тохиролцсон байх боловч нэхэмжлэгч нар 2015 оны 1-р сараас 2016 оны 01-р сар хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг 2016.10.27-ны өдөр шаардсан тул уг нэхэмжлэлийг шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Харин хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд илүү цагийн хөлс төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр нэр бүхий нэхэмжлэгч нарт уг хөлсийг олгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч Л.Б-, С.Б-, Д.Г-, Н.Д-, С.М-, Э.М-, Б.М-, Г.Н-, Ц.Н- нар хариуцагч байгууллагад ажиллаж байгаа тул ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэл бүрдээгүй гэж үзэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ж.Б-, Т.Г-, Ч.Г-, Д.Э-, Б.М- нар өөрийн хүсэлтээр болон өндөр насны тэтгэвэрт гарах болсон шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тул тэдэнд тэтгэмж олгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байжээ. Улсын тэмдэгтийн хураамжид 2.193.804 төгрөг төлсөн гэх 2-р хавтаст хэргийн 230-р талд байгаа баримт эх хувиараа бус, нэхэмжлэлд төлсөн эсэх нь тодорхой бус байх тул энэ хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гаргаагүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид нөхөж 476.569 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг зөрчсөн тул энэ талаар өөрчлөлт оруулав. Харин нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй.
Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлага гаргах хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 115, 125 дугаар зүйлийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулав.
Мөн анхан шатны шүүх М.Г- нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэрэгсэхгүй болгох байтал шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх энэ талаар магадлалын хянах хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шийдвэрлэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба тогтоох хэсэгт хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримталж өөрчлөлт оруулсан нь зөрчилтэй, ойлгомжгүй болсныг өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1743 дугаар магадлалын 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “..Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч ЗТН ОНӨААТҮГазраас илүү цагийн хөлсөнд нийт 767.157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д 69.174 төгрөг, Л.Б-ид 150.673 төгрөг, Т.Г-т 36.526 төгрөг, Д.Г-т 121.456 төгрөг, Ч.Г-од 110.102 төгрөг, Н.Д-д 118.055 төгрөг, С.М-д 11.413 төгрөг, Б.М-т 9012 төгрөг, Г.Н-д 87.943 төгрөг, Д.Э-т 52.803 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116.707.357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “шаардлагыг” гэснийг “хэргийг” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар “ЗТН” ОНӨААТҮГ-с 22.962 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-ын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нар 318.669 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ