Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хасбаатарын Ганболд |
Хэргийн индекс | 136/2016/0078/э |
Дугаар | 82 |
Огноо | 2016-09-13 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Иргэдийн төлөөлөгч С.Сэлэнгэ
Нарийн бичгийн дарга У.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн 201610000136 дугаарт хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 04 дүгээр сарын 04-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сум 4 дүгээр баг 3 дугаар хэсэг дундын байрны 1-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хошги овогт Хандсүрэнгийн Мөнх-Од /РД: УК83040416/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Мөнх-Од нь 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 1-1 тоотод иргэн А.Насанбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Мөнх-Одын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 04 сарын 24-ний өдөр Мөрөнгийнд очиход тэр хэд архи, пиво тавьсан уугаад сууж байсан. Мах идсэн бололтой махан дээр баахан аяга, шанага байсныг манай эхнэр цэвэрлээд байсан. Ороод очиход манай эхнэр чи юу хийж ирсэн юм бэ гээд үгээр идээд байсан. Би хайраа хоёулаа одоо болъё, хоёулаа гэртээ харъя гэсэн чинь Насанбаяр дундуур орж ирээд чи авгайтайгаа хардаад байдаг юу вэ гээд байлгахгүй намайг үгээр идээд байсан. Би Насанбаярыг чи дуугай бай, би эхнэртэйгээ юм ярьж байна гэсэн чинь Насанбаяр дуугүй болоод дахиад эхнэртэйгээ юм ярьж байхад дундуур орж ирээд чи ямар сонин юм бэ, эсвэл чи яв гэсэн. Гэтэл гэрийн эзэн Мөнх-Одоо байжээ байжээ гэсэн. Манай эхнэр, Чимэд эгч 2 гараад явахад Насанбаяр нэг шил архи авчраад хамт уусан. Цуг ууж байгаад эхнэр гараад явсны дараа Насанбаяр миний нүүр рүү шууд цохисон. Нүүр рүү цохиход нь би доошоо тонгойход хамраас цус гараад чи яаж байгаа юм бэ гээд босоод ирэхэд дахиад хажуу талаас цохисон. Би босч ирээд цуг унагахад хажуу талаас Баярсайхан ах байсан тэгэхэд Баярсайхан ах хажуунаас цохиод шалан дээр аяга, таваг бүх юм ойчоод гарын хажууд хутга байсан айлгах санаатай хутга барьсан. Би хутгатай байна шүү гэж хэлэхэд Насанбаяр юу ч яриагүй. Айж цочирдсон болохоор хутгалснаа сайн санахгүй байна. Насанбаяр би харьлаа гээд гараад гүйсэн хойноос нь Мөрөн очиж барьж аваад буцаж оруулж ирэхэд манай эхнэр орж ирээд манай эхнэрийн хажууд Насанбаяр намайг цохисон. Тэгээд цагдаа сэргийлэх дуудсан гэв.
Шүүгдэгч Х.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ...17 цагийн үед манай найз Батаа орж ирээд танай эхнэр Ариунтуяа Мөрөнгийн гэрт хүмүүстэй архи уугаад сууж байна гэхээр нь би ганцаараа Мөрөнгийн гэрт яваад очиход манай эхнэр Ариунтуяа, гэрийн эзэн Мөрөн, Бадиа ах, Бажуна, Чимэдтогтох эгч, Насанбаяр нар 2 давхарт зочны өрөөнд архи, пиво уугаад сууж байсан ба манай эхнэр намайг чи яах гэж ирсэн юм бэ, яв зайл гэхээр нь би хайраа 2-уулаа муудалцахаа болъё, гэртээ харъя гэсэн чинь явахгүй гэхэд Насанбаяр дундуур орж ирээд чи авгайгаа харддаг хэн бэ гээд юм яриулахгүй байхаар нь чи дуугүй бай, би эхнэртэйгээ ярьж байна гэхэд хуц пизда гэсэн энэ үед манай эхнэр Мөрөнгийн гэрийг цэвэрлээд байсан. Төдөлгүй хэрүүл маргаан гарах байна гээд манай эхнэр, Чимэд эгч 2 гараад явчихсан. ...Насанбаяртай барилцаж аваад хөргөгчний хажууд унахад тэр хавиар байсан түмпэн сав суулга газар унасан ба хутга миний гарт ойрхон байхаар нь аваад айлгах санаатай барьсан. Тэгээд яасанаа мэдэхгүй байна, Насанбаяр миний хутга руу орчихсон ар нуруунаас нь цус гарч байсан. Гаднаас Мөрөн, Бажуна 2 орж ирээд миний гарт байсан хутгыг авсан. ...Насанбаярт гарсан гэмтлийг би учруулсан байх. ...би ойр байсан хутгыг аваад айлгах санаатай байсан. Яг хутгалсанаа санахгүй байна. … Түмпэнтэй мах газар унаад хэдэн тийшээ тарахад мах идэж байсан бор иштэй хутга гарт таарахаар нь аваад боссон. Надаас өөр хүн хутгатай байгаагүй. Бүгд л нилээн согтуу байсан. Гэхдээ би ухаанаа алдаагүй байсан. ... Би 330000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж Насанбаярын эхнэрт өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй, өөрөө нэхэмжлээгүй гэсэн мэдүүлэг /хх 78-81, 83-85/,
Хохирогч А.Насанбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ариунтуяа, тогооч Чимэд эгч, Бадиа буюу Баярсайхан, Мөрөн бид нар хоорондоо ярьж байгаад Мөрөнгийн гэрт нь уулзаад мөнгөө нийлүүлж 2 шил Ерөөл 0.75л архи, 2-3 сав пиво дэлгүүрээс худалдаж аваад хувааж уусан. Ингээд байж байтал Мөнх-Од бага зэрэг халамцуу байсан байхаа орж ирээд бидэнтэй сууж архи, пивоноос уусан. Тэгсэнээ юунаас болсон бүү мэд Мөнх- Од эхнэр Ариунтуяатай маргалдаад байхаар нь би та 2 больцгоо айлд байж гэхэд чи манай эхнэрийг байхгүй байна гэж хэлээгүй биз дээ гэхээр нь би чи надаас тэгж асуугаагүй гэж хэлсэн. Ингээд би 15000 төгрөг гаргаад дэлгүүр орж 1 шил архи авчирч нөгөө хэдтэйгээ хувааж ууж байснаа санаад байгаа юм. Тэгээд тасарчихсан юу болсоныг мэдэхгүй нэг мэдэхэд би Айраг сумын эмнэлэг дээр оронд хэвтэж байсан. Нуруундаа хутгалуулсан байна хагалгаа хийнэ гэж байсан. … Миний зүүн далны доор хутганы шарх, мөн зүсэгдсэн шарх надад учирсан. Хэн учруулсаныг би мэдэхгүй байна миний санаж байгаагаар бол Мөнх-Одтой л маргаад байсан өөр зүйл болоогүй дээ. ...Эмчилгээний зардалд ойролцоогоор 400.000 орчим зардал гарсан. Энэ мөнгийг би өөрөөсөө гаргасан. ...Мөнх-Одыг Баярсайхантай бүлэглэж цохиж зодсон зүйл огт байхгүй. ...Би өөр хүнтэй муудаж бариагүй. ...Би Мөнх-Одод гомдолгүй гэсэн тэгэхэд Мөнх-Од нь Баярсайхан ах бид хоёрыг бүлэглэж зодсон гэж хэлээд байгаад гайхаж байна гэсэн мэдүүлэг /хх 25-29, 104/,
Гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ...архи ууж байхад хамт ажиллаж байсан Ариунтуяа, тогооч Чимэдээ 2 гаднаас орж ирээд ширээнд суугаад удаагүй байхад гаднаас Ариунтуяагийн нөхөр Мөнх-Од согтуу орж ирээд эхнэрээ чи ингэж явдаг юм уу гээд хоорондоо хэрэлдээд байсан. Ариунтуяа ширээн дээр байсан аяга таваг, түмпэнтэй махыг хурааж янзалчихаад Чимэдтэй хамт гараад явчихсан. Ингээд Мөнх-Од, Насанбаяр, Мөрөн, Бадамдорж бид хэд үлдээд үлдсэн архи, пивоо хувааж уухад Насанбаяртай Мөнх-Од эхнэрээ хардаад хоорондоо хэрэлдээд байсан. Бид больцгоо Мөнх-Одыг яв гэхэд явахгүй байсан юм. Ингээд Мөрөн, Бадамдорж бид гурав гарч бие засаж байхад Бадамдорж бие эвгүйрхээд байна гээд явсан. Мөрөнгийн гэрт Насанбаяр, Мөнх-Од хоёр үлдсэн. Би бие засчихаад Мөрөнгийн араас гэрт нь яваад ортол цонхны хажууд Насанбаяр намайг хутгалчихлаа гээд орилоод хэвтэж байсан ба ар нуруу нь нил цус болчихсон байсан. Мөрөн Мөнх-Одыг дараад суучихсан энэ Насанбаярыг хутгалчихлаа, би хутгыг нь булаагаад авчихлаа гэсэн. Ингээд Насанбаярыг тэвэрч босгоход зүүн талын суганы доод хэсэг, ар дал хэсэгт нь хоёр хутганы шарх байсан. ...Ер нь бүгд л согтуу байсан. Би юу болсныг сайн санаж байна. … Нилээн ноцолдсон бололтой хөшиг нь уначихсан шал хөшиг цус болчихсон хөргөгчний хажууд байсан тавиур дээрх сав суулга газар уначихсан байсан. ...Мөнх-Од эхнэрээ Насанбаяртай хардаад хэрэлдээд байсан бид нар хориогүй бол яг л зодолдчих гээд байсан шүү. Өөр хүнтэй хэрэлдэж зодолдоогүй. ...Би Мөнх-Одын эхнэртэй хэд хоног хамт ажилласан Мөнх-Од эхнэрээ байнга л хардаад байх шиг байсан гэсэн мэдүүлэг /хх 30-34/,
Гэрч Ж.Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баярсайхан, Насанбаяр хоёртой тааралдаад хамтдаа Мөрөнгийнд ороход ... Мөрөн 1 шил архи гаргаад Насанбаяр намайг дэлгүүр явуулж 2 сав пиво авчируулаад бид 4 хувааж ууж байтал гаднаас тогооч Чимэд, Мөнх-Одын эхнэр Ариунтуяа 2 орж ирээд удаагүй байтал Мөнх-Од араас нь халамцуу орж ирээд нилээн уурлангуй байсан. Ингээд эхнэртэйгээ хэрэлдээд байсан эхнэр нь ширээн дээрх юмыг янзалж байгаад Чимэдтэй гараад явсаны дараа нь би тэднийхээс гараад гэртээ хариад унтаад өгсөн. ... Мөнх-Од Насанбаяртай эхнэрээ хардаад хэрэлдээд … уурлаад эхнэр лүүгээ дайраад байсан гэсэн мэдүүлэг /хх 35-36/,
Гэрч Т.Мөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр намайг ...гэртээ байж байхад 12-13 цагийн хооронд манай сумын Баярсайхан, Насанбаяр, Бадамдорж 3 орж ирэхээр нь 1 шил архи гарган хувааж уусан. Насанбаяр дэлгүүрээс 2 пиво авчираад ууж байхад гаднаас Ариунтуяа, Чимэдтогтох 2 орж ирээд удаагүй байхад Мөнх-Од ганцаараа орж ирээд халамцуу би эхнэртэйгээ сар гаруй уулзаагүй та нар ингээд архидаад байж байна гээд үг хаяад байхаар нь Насанбаяр чи юу яриад байгаа юм гээд тэр 2 хоорондоо хэрэлдээд үлдсэн. Архи пивоо бүгд хувааж уухад Чимэдтогтох эгч, Ариунтуяа 2 яваад өгсөний дараа Бадамдорж яваад Баярсайхан бид 2 гарч бие зассан гэрт Мөнх-Од, Насанбаяр 2 үлдсэн. Би бөөлжиж байгаад гэртээ ортол Мөнх-Од түмпэнтэй махан дотор байсан модон иштэй хутгыг барьчихсан, Насанбаяр газар хэвтчихсэн намайг хутгалчихлаа гээд газар хэвтэж байсан ба ар нуруунаас нь цус гарчихсан байсан. Би Мөнх-Одоос хутгыг нь булааж аваад цаад өрөөнөөс нь гарч ирсэн Баярсайхан ахын хүүд нь өгөөд цааш нь тавиулсан. … гэсэн мэдүүлэг /хх 37-39/,
Насанд хүрээгүй гэрч А.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай аав Баярсайхан, Мөрөн ах Насан ах, Одко ах, Бажуна ах нар хажуу талын өрөөнд архи уугаад байсан. Тэгсэнээ манай аав Мөрөн ах 2 бие засахаар гарахад Насан ах, Одко ах 2 үлдчихсэн пижигнээд байхаар нь би өрөөнийх нь хаалгаар шагайхад Одко ах Насаа ахыг зодоод байсан. Тэлмэн бид 2 айгаад хаалгаа хаачихсан юм. Гэтэл гаднаас Мөрөн ах орж ирэхэд Одко ах гартаа хутга барьчихсан, Насаа ах нуруундаа хутгалуулчихсан газар хэвтэж байсан. Одко ахаас Мөрөн ах хутгыг нь булаагаад аваад надад өгөхөөр нь би аваад буйдангийн нь завсар хийсэн. ... хүрэн иштэй үзүүртэй хутга байсан. Тэр хутга анх махан дотор байсан. … гэсэн мэдүүлэг /хх 41-42/,
Насанд хүрээгүй гэрч У.Тэлмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Азаатай жижиг өрөөнд тоглож байхад Ариунтуяа, Чимэд эгч, Бажуна ах 3 гараад явсаны дараа аав, Бадиа ах 2 бие засахаар гараад явсан. Мөнх-Од, Насаа ах 2 үлдээд том өрөөнд пижигнээд чанга чанга дуугараад байхаар нь Азаа бид 2 харахад хөргөгчний тэнд ноцолдоод байхаар нь айгаад хаалгаа хаачихсан. Удалгүй аав, Бадиа ах 2 гаднаас орж ирэхэд Мөнх-Од ах гартаа манай гэрийн хутгыг барьчихсан байхад нь аав булааж аваад Азаад өгөхөд Азаа хутгыг нь жижиг өрөөнд нуусан, бид 2 өрөөнөөс гараагүй. ...Өөр зодоон болоогүй … гэсэн мэдүүлэг /хх 44-45/,
Гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ... Мөрөн, Насанбаяр, Бадамдорж, Баярсайхан нар архи пиво уусан бололтой бүгд халамцуу байсан. Удаагүй байхад манай нөхөр Мөнх-Од халамцуу орж ирээд Насанбаяр архи ундаа барьж орж ирээд тэд нар хувааж уусан. Би Мөрөнгийн ширээн дээрх зүйлийг цэгцлээд хогийг нь хаяж өгчихөөд Чимэдтогтох эгчтэй гараад явсан. Нөгөө хэд Мөрөнгийнд үлдсэн. Намайг гэрлүүгээ явж байтал Мөрөнгийн эхнэр Уртнасан Замын-Үүдээс утсаар яриад манай хүү гэрээс яриад байна Мөнх-Од Насанбаярыг хутгалчихсан гэнэ чи очоодох гэхээр нь би шууд Мөрөнгийнд яваад очиход хашаан дотор Насанбаяр, Мөнх-Од, Мөрөн, Баярсайхан 4 байсан. Мөнх-Од Насанбаярыг хутгалчихсан гэж Мөрөн, Баярсайхан 2 хэлсэн. Насанбаярын цамцыг нь сөхөөд хартал зүүн далных нь дээр, доор 2 газар зүсчихсэн байсан. ... Би түмпэнд байсан хоосон ясыг, мах идэж байсан хүрэн иштэй үзүүртэй хутгыг дотор нь хийгээд хөргөгчний хажуугийн тавиур дээр тавиад явсан. ...Бүгд нилээн согтуу байсан. ...Намайг очиход Мөнх-Одын хамраас нь цус гарсан бололтой байсан. Өөр сүйдтэй гэмтэл шарх ажиглагдаагүй гэсэн мэдүүлэг /хх 46-48, 109/,
Гэрч Д.Чимэдтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хамт ажилладаг Ариунтуяаг дагуулаад Мөрөнгийнд яваад очиход Насанбаяр, Бажуна, Бадиа, Мөрөн нар архи пиво уусан бололтой сууж байсан. Насанбаяр дэлгүүр явж 1 шил архи пиво аваад ирсэн дөнгөж задлаад ууж суухад гаднаас Ариунтуяагийн нөхөр Мөнх-Од нилээд халамцуу орж ирээд өө та нар ингэж суудаг юм уу гэсэн энэ үед Ариунтуяа бид 2 асуудалтай байгаа танайх руу явъя гэсэн. Ингээд Ариунтуяа ямар замбараагүй суудаг юм бэ гээд ширээн дээр түмпэнтэй яс, аяга тавагийг цэгцэлж хураачихаад бид 2 Мөрөнгийхөөс гараад очсон ба тэд нар Мөрөнгийнд үлдсэн гэсэн мэдүүлэг /хх 51-52/,
Гэрч Х.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Манайд ажилладаг хүүхний нөхөр Мөнх-Од гэдэг залуу 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зодуулсан гэж 04 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлэг дээр ирж үзүүлсэн сүйдтэй гэх гэмтэл энд тэндээ өнгөц төдий зулгарсан хөхөрсөн шарх байсан өөр юм байгаагүй. Харин 04 дүгээр сарын 25-ны өдөр Мөнх-Одод хутгалуулсан Насанбаяр гэх залуу эмнэлэг дээр ирсэн биеийн байдал хүнд байсан учир аймгийн эмнэлгээс эмч нар ирж хагалгаа хийсэн. ...Мөнх-Од хэнд зодуулсан талаараа огт хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 105-106/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.06.08-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/,
Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-12/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 89/ зэрэг болно.
Шүүгдэгч Х.Мөнх-Од нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 1-1 тоотод хохирогч А.Насанбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, дал, бугалганд хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Мөнх-Одын мөрдөн байцаалтанд өгсөн ... Насанбаяртай барилцаж аваад хөргөгчний хажууд унахад тэр хавиар байсан түмпэн сав суулга газар унасан ба хутга миний гарт ойрхон байхаар нь аваад айлгах санаатай барьсан. Тэгээд яасанаа мэдэхгүй байна, Насанбаяр миний хутга руу орчихсон ар нуруунаас нь цус гарч байсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч А.Насанбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Миний зүүн далны доор хутганы шарх, мөн зүсэгдсэн шарх надад учирсан. ... миний санаж байгаагаар бол Мөнх-Одтой л маргаад байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн ... цонхны хажууд Насанбаяр намайг хутгалчихлаа гээд орилоод хэвтэж байсан ба ар нуруу нь нил цус болчихсон байсан. Мөрөн Мөнх-Одыг дараад суучихсан энэ Насанбаярыг хутгалчихлаа, би хутгыг нь булаагаад авчихлаа гэсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бадамдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 04 дүгээр сарын 24-ний ... Чимэд, Мөнх-Одын эхнэр Ариунтуяа 2 орж ирээд удаагүй байтал Мөнх-Од араас нь халамцуу орж ирээд нилээн уурлангуй байсан. ... Мөнх-Од Насанбаяртай эхнэрээ хардаад хэрэлдээд … уурлаад эхнэр лүүгээ дайраад байсан гэсэн мэдүүлэг, гэрч Т.Мөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Мөнх-Од түмпэнтэй махан дотор байсан модон иштэй хутгыг барьчихсан,намайг хутгалчихлаа гээд Насанбаяр газар хэвтэж байсан ба ар нуруунаас нь цус гарчихсан байсан … гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... Одко ах Насаа ахыг зодоод байсан. ... гаднаас Мөрөн ах орж ирэхэд Одко ах гартаа хутга барьчихсан, Насаа ах нуруундаа хутгалуулчихсан газар хэвтэж байсан … гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Тэлмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Мөнх-Од, Насаа ах 2 үлдээд том өрөөнд пижигнээд чанга чанга дуугараад байхаар нь Азаа бид 2 харахад хөргөгчний тэнд ноцолдоод байхаар нь айгаад хаалгаа хаачихсан. ... Мөнх-Од ах гартаа манай гэрийн хутгыг барьчихсан байхад нь аав булааж аваад Азаад өгөхөд Азаа хутгыг нь жижиг өрөөнд нуусан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Мөнх-Од Насанбаярыг хутгалчихсан гэж Мөрөн, Баярсайхан 2 хэлсэн. Насанбаярын цамцыг нь сөхөөд хартал зүүн далных нь дээр, доор 2 газар зүсчихсэн байсан. ... гэсэн мэдүүлэг, гэрч Х.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 04 дүгээр сарын 25-ны өдөр Мөнх-Одод хутгалуулсан Насанбаяр гэх залуу эмнэлэг дээр ирсэн биеийн байдал хүнд байсан учир аймгийн эмнэлгээс эмч нар ирж хагалгаа хийсэн. ...Мөнх-Од хэнд зодуулсан талаараа огт хэлээгүй гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.06.08-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ... А.Насанбаярын биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус алдалт, цуллаг эрхтэний гэмтэл, далны шарх, бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо. Далны шарх, бугалганы шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт тус тус хамаарна ... гэжээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Мөнх-Одыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Мөнх-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт А.Насанбаяр бид хоёрыг муудалцаж цуг унах үед хажууд С.Баярсайхан ах байсан, С.Баярсайхан ах, А.Насанбаяр 2 намайг хоёр талаас зодсон гэж мэдүүлж байгаа боловч хохирогч А.Насанбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Мөнх-Одтой маргалдаж байхад Мөрөн, Баярсайхан ах хоёр байгаагүй, хоёулаа гараад явчихсан байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч С.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн ... Мөрөн, Бадамдорж бид гурав гарч бие засаж байхад Бадамдорж бие эвгүйрхээд байна гээд явсан. Мөрөнгийн гэрт Насанбаяр, Мөнх-Од хоёр үлдсэн ... гэсэн мэдүүлэг, гэрч Т.Мөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баярсайхан бид 2 гарч бие зассан гэрт Мөнх-Од, Насанбаяр 2 үлдсэн ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... манай аав Мөрөн ах 2 бие засахаар гарахад Насан ах, Одко ах 2 үлдчихсэн ... Одко ах Насаа ахыг зодоод байсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Тэлмэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... аав, Бадиа ах 2 бие засахаар гараад явсан. Мөнх-Од, Насаа ах 2 үлдсэн ... гэсэн мэдүүлгүүдээр гэрч С.Баярсайхан нь тухайн үед хамт байсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Мөнх-Од нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Шүүгдэгч Х.Мөнх-Одын цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай, улаан хүрэн өнгийн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын архидан согтуурах явдалтай холбоотой гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Одод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Хошги овогт Хандсүрэнгийн Мөнх-Одыг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хошги овогт Хандсүрэнгийн Мөнх-Одыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Одод оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Х.Мөнх-Од нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 23 см урттай, улаан хүрэн өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Одын цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Одод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН