Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 01073

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/01073

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-8-55 тоотод оршин суух, Боржигон овгийн Сайнчулууны Бямбацэцэг /МЮ84101368/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан баг ДЦС-52 тоотод оршин суух, Боржигон овгийн Отгоны Энхжин /ФА93013156/-д холбогдох

Гэм хорын хохирол 937 870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч О.Энхжин, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Ж.Баасанбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бямбацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бямбацэцэг нь 2016 оны 07 сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд наадмын талбай дээр явж байгаад нум сумаар харваж тоглож байсан О.Энхжин гэгч залууд духандаа харвуулсан. Тэр дор нь наадмын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн. Ингээд О.Энхжингийн хамтаар БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиж духандаа оёдол тавиулсан. Тэгээд наадмын талбай дээр буцаж ирсэн. Тэнд байсан цагдаагийн ахмад Батнасан биднийг хоорондоо зохицохыг зөвлөсөн. Ингээд бид маргааш нь буюу 07 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож салцгаасан. Гэвч орой нь миний хүзүү толгой маш ихээр өвдөж байсан тул О.Энхжин рүү залгаж бариачид очих шаардлагатай байна гэж хэлсэн. Харин О.Энхжин одоо очих боломжгүй машины мотор эвдэрсэн тул шаардлагатай байвал Говилийн 100 айлаас ирээд ав гэж хэлээд ирээгүй. 07 дугаар сарын 30-нд дахин боолт хийлгэхээр эмнэлэг рүү явахаасаа өмнө О.Энхжин рүү маш олон удаа залгаж, мессеж бичсэн боловч огт холбоо бариагүй учир 07 дугаар сарын 30-нд Орхон аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. С.Бямбацэцэг миний бие 2016 оны 07 сарын 29-өөс одоог хүртэл эмнэлэгээр явж оншлогоо, эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, онош нь гүйцэт тодорхойгүй байгаа тул Улаанбаатар явж ГССҮТ-д үзүүлэн хүзүүний MRI хийлгэх шаардлагтай гэсэн. Одоогийн байдлаар 643 200 төгрөгийн зардал зөвхөн оношлогоо эмчилгээнд зарцуулсан. Энэ хугацаанд О.Энхжин огт холбоо барилгүй гэрийн хаягаа худлаа хэлж хүндрэл учруулж алга болсон. Цагдаагийн тусламжтайгаар гэрийн хаягийг нь олж, утсаар холбогдсон боловч, би гэрийн хаягаа үнэн хэлэх албагүй гэсэн. О.Энхжингийн надад учруулсан хохирол 643 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах зардал, эмчилгээний зардалаа баримтжуулан нэхэмжлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Бямбацэцэг миний бие 2016 оны 08 дугаар сарын 17-нд нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс хойш Орхон аймгийн БОЭТ-н гэмтэл, мэдрэлийн эмчийн заалтаар 13А маягттай Улаанбаатар хотын ГССҮТ болон 1-р эмнэлэгт очиж үзүүлж MRI шинжилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлууд болох замын зардал 100 000 төгрөг, эм тарианы зардал 50 000 төгрөг, соривны тос 14 500 төгрөг, MRI шинжилгээ 95 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 29 170 төгрөг, нотариат 6000 төгрөг нийт 294 670 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Энхжин нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон. Тухайн үед нум сумаар харвуулдаг газар очиж 3000 төгрөгөөр нум сум харвахаар болсон. Ажиллуулж байсан хүн нь ганц эмэгтэй хүн байсан. Намайг харвахаас өмнө ажиллуулж байсан эгч ойр орчимд байсан хүмүүсд холдохыг анхааруулж сануулж байсан. Бямбацэцэгийн нөхөр энэ хүртэл харвана ононо гэж юу байхав гээд явсан. Би эхний сумыг харваж, цана нь явж байсан 2 хүний эхнэрийг нь оносон байсныг гэр бүлийн гишүүд болох аав, ээж 2 маань надад хэлсэн. Тэр дор нь гүйж очиход нөхөр нь над руу дайрч давшилан миний биед халдаж өшиглөсөн. Би тэр эгчтэй хамт наадмын талбай дээрх цагдаагийн хэлтэс рүү очиж Батнасан гэдэг хүнд мэдэгдсэн. Батнасан гэх цагдаа надад хэлэхдээ Бямбацэцэгийг эмнэлэг рүү авч яв. Би ажиллууж байгаа газрынх нь бүх юмыг хураагаад байж байя гээд, би Бямбацэцэгийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. 25 000 төгрөг тушаасан. Эмнэлэгээс гараад буцаад наадмын талбайн цагдаагийн хэсэг дээр очиход тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг алдаад явуулсан гэж хариулт өгсөн. Наадмын талбайн комисс руу ярихад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан газар байсан. Тэр хавьд нум сум харвуулдаг байсан хүмүүс надад хэлэхдээ: Хэрэв миний үйлчлүүлэгч хүн оносон байсан бол би 100% хариуцлага хүлээх байсан гэж надад хэлсэн. Уг нь бол нум сум харвах газрыг ажиллуулж байгаа хүмүүс 3, 4 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттайгаар ажиллуулдаг юм байна лээ. Харвуулах үйл явцад миний ах болох Энхбат тухайн газрыг ажиллуулдаг хүний утас, дугаар зургийг авсан. Сүүлд өөрийн харваж байхад авахуулсан зургаа харахад үзүүртээ тугалган сум байсан юм байна лээ. Тухайн өдрөө тэр газрын ажиллуулж байсан хүнийг өдөржингөө хайгаад олоогүй учир маргааш нь уулзахаар товлосон. Орой нь машин янзлаад байж байхад над руу ярьсан би боломжгүйгээ хэлсэн. Маргааш өглөө нь Солонгосын элчин сайдаас над руу залгаад би Эрдэнэтээс яаралтай гарсан. Тухайн үед утасны дэлгэц эвдэрсэн байсан учир дуудлага мессеж хүлээж авч чадаагүй. Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур төлбөрийн боломжгүй. Тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг олж өгөн, С.Бямбацэцэгийн гаргасан баримтуудыг шалгаж тогтоосны эцэст төлбөрийг хамтран барагдуулахаар тогтоож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                             ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь хариуцагч О.Энхжинд холбогдуулан гэм хорын хохирол 937.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас тал хувь буюу 468.935 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч О.Энхжин нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах баяр наадмын талбай дээр нум, сум харваж байгаад С.Бямбацэцгийн духан тус газарт онож, гэмтэл учруулсан байна. Талууд гэм буруугийн талаар маргаагүй, хариуцагч хохиролын тал хувийн төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч нь нум, сум харвуулж байгаа хүн аюулгүй байдлыг хангасан байх ёстой, зөвшөөрөлтэй байсан эсэхийг бид шалгах боломжгүй энэхүү байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бууруулах ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч нь Алтансувд гэдэг хүн тухайн үед тоглоом тоглуулж байсан гэж байгаа боловч үйл явдал болсон газар дээр очсон Цагдаагийн албан хаагч тоглоомыг хэн тоглуулж байсан, зөвшөөрөл авсан байсан эсэхийг шалгах, нум, сумыг хураах зэрэг ажиллагааг явуулаагүй, тайлбар мэдүүлэг аваагүй, уг этгээд хаана оршин суудаг нь тодорхойгүйгээр алга болсон байна. Дээрх байдлын улмаас түүнийг хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг  шүүх хангаагүй болно.

Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Нансалмаагийн мэдүүлгээр тухайн үед тоглоом тоглуулах зөвшөөрөл олгож байсан гэх Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Алтансувд гэх хүн зөвшөөрөл авсан тухай баримт байхгүй, хариуцагч О.Энхжин нь энэ талаар гомдол гаргаж тухайн этгээдийн талаар асууж тодруулаагүй байна. 

            Гэвч тухайн этгээд хэн байсанаас үл шалтгаалан О.Энхжин нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бусдын ашиг олох зорилгоор зохион байгуулан явуулж байсан тоглоомонд оролцон нум сумаар харваж байхдаа онох ёстой байны орчим яв байсан С.Бямбацэцгийг онож гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна.

Гэрч Нансалмаа тоглоом нь орчин тойрондоо аюул учруулах эрсдэлтэй эсэхийг тогтоосон шалгуур, аюулгүй байдлыг хангах талаар тодорхой дүрэм журам байхгүй, нум сум харвуулах ажиллагаа нь хөдөлгөөнт тоглоом гэдэгт хамт ордог зааг ялгаа байхгүй, аль болох хүнгүй зайдуу газар тоглуулахыг шаарддаг гэж мэдүүлж байна. Мөн хариуцагчийн тайлбараар тухайн тоглуулж байгаа этгээд нум, сум харвах гэж байгааг эргэн тойрондоо мэдэгдэж, байны орчим зогсоод хүмүүсийг хол байхыг анхааруулж эхэл гэдэг дохиог өгдөг байна.

            Хариуцагч нь нум, сум харвахаар шийдвэрлэхдээ энэ нь орчин тойрондоо аюул учруулж болох эрсдэлтэй гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой, өөрийн зүгээс анхаарал болгоомжтой байх бүх талын арга хэмжээг авах ёстой байсан бөгөөд хохирогчийн биед гэмтэл учирч эрүүл мэндээр хохирсон нь түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хариуцагч гэм буруутай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч О.Энхжин нум, сум харвах хөдөлгөөнт тоглоомыг тоглохдоо тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар шалгах боломжгүй, мөн тоглуулж буй хувь хүн, байгууллага тусгай зөвшөөрөлийг бусдад харагдахуйц газар байршуулах, тоглож буй хүнд аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, анхааруулах үүрэгтэй. Ийнхүү гэм хор учруулахад хохирогчийн анхаарал, болгоомжгүй байдал болон хөдөлгөөнт тоглоом тоглуулж буй хүний буруутай үйлдэл, эс үйлдэхгүй нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 30 хувь багасган хариуцагчаас 622,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч О.Э-ээс 622,790 төгрөг гаргуулан С.Бямбацэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасаныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29.170 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3.Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

           4.Шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч ,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Б.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Б.ХИШИГДАВАА

                                                                     Л.АРИУНЦЭЦЭГ