Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 80

 

Х.Маргуланы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0781 дүгээр магадлалтай, Х.Маргуланы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Х.Маргуланы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Х.Маргуланд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0781 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Маргуланы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Х.Маргуланд газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Х.Маргулан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2-р багийн иргэн Х.Маргулан миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА20116/0781 дүгээр магадлалыг хүлээж авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

... Давж заалдах шатны шүүхээс хууль буруу хэрэглэсэн талаар:

1. Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжаар Х.Маргулан надад Улаанхус сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хургах говийн овоо” гэх газраас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай хувийн гэр, сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га /700м.кв/ газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан заалттай нийцэж байгаа бөгөөд тухайн захирамжаар надад ямар нэгэн бэлчээрийн газрыг хуваарилаж өгөөгүй, бэлчээрийн тухай асуудлыг тухайн захирамжаар зохицуулаагүй байхад давж заалдах шатны шүүхээс бэлчээрийн маргаан гаргасан хэмээн үзэж, Захирагааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0781 дүгээр магадлалын тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтанд Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримталсан нь давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн явдал болжээ.

Учир нь Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/90 тоот ззхирамжаар Х.Маргулан надад эзэмшүүлсэн 0,07 /700 мкв/ га газар бол Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар хувийн гэр, орон сууц хашаа барих зориулалтаар эззмшиж буй газар юм. Ийм ч учраас тухайн газарт өвлийн сууц болох модон байшин барьсан болно.

2. Сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/90 тоот захирамжаар Х.Маргулан надад зөвхөн 0,07 га газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлсэн байхад аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/572 тоот захирамжийн захирамжлах нь хэсэгт Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д зааснаар “бэлчээр ашиглах асуудлаар гаргасан аливаа маргааныг багийн ИНХ-аар хэлэлцэж зохицуулна” гэж заасныг үндэслэн хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байхад уг маргааныг давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 13-нд 221/МА2016/0781 дүгээр магадлалын тогтоох нь хэсэгт мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зуйлийн 52.10-д заасан заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн явдал гэж үзэн гомдол гаргаж байна.

3. Уг хэргийн гуравдагч этгээд болох М.Даурен, М.Дастан нарт Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар сумын ИТХ-аас “бэлчээрийн бус нутгийг тогтоосон” эрхийн акт гараагүй, тэдэнд бэлчээрийн зааг хязгаарыг тогтоосон бэлчээр ашиглах гэрээ байгуулаагүй байхад Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.5-д заасан сумын Засаг дарга нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 тоот захирамжаар Х.Маргулан надад гэр бүлийн хамтын хэрэгцээнд хувийн орон сууц, хашаа барих зориулалтаар эзэмшүүлсэн 0,07 га газрыг М.Даурен, М.Дастан нарын бэлчээр нутаг гэж үзсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын   гомдол гаргаж байна.

4. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д бэлчээр ашиглах асуудлаар гаргасан аливаа маргааныг багийн ИНХ-аар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байхад аймгийн Засаг дарга “бэлчээр ашиглах талаар маргаан гаргасан” гэж үзээд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21.3-д заасан өөрийн бүрэн эрхэнд    хамаарахгүй асуудлыг шийдвэрлэж 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/572 тоот захирамж гаргасан нь хууль буруу хэрэглэсэн явдал байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаараагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “нотлох     баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлнэ” гэсэнд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Х.Маргулан миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар гаргасан  хяналтын гомдлын үндсэн дээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0781 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн иргэн Х.Маргулан, М.Дастан нарт “Хургах говь” гэх газарт тус тус 700 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг газрууд нь хоорондоо давхцалгүй, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Х.Маргулан, М.Дастан нар нь сумын Засаг даргад хандаж “өвөлжөөний газар эзэмших” хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу сумын Засаг даргын дээрх захирамжаар Х.Маргулан, М.Дастан нарт ойролцоо газар эзэмшүүлсэнээр иргэдийн хооронд бэлчээрийн асуудлаар маргаан үүсч, М.Дастан нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад хандан “...өвөг дээдсийн үеэс өвөлжиж ирсэн газарт Х.Маргуланд газар эзэмшүүлсэн ... хашаа хороо барьж өвөлжөөний ... бэлчээрийг сүйтгэж байна” гэх агуулгатай гомдол гаргасан, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжаар Х.Маргулан, М.Дастан нарт газар эзэмших эрх олгосон Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, Х.Маргуланаас уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, “...газар эзэмших эрх зөрчсөн” гэж маргасан, М.Дастан нь уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “...аймгийн Засаг даргын захирамжийг дэмжин” оролцож, “... аймгийн Засаг даргын А/542 дугаар захирамж хүчингүй болсон тохиолдолд миний бие газар эзэмших эрхгүй болно” гэсэн тайлбар шүүхэд гаргажээ.

Эдгээрээс үзвэл, газар эзэмшигч иргэн Х.Маргулан, М.Дастан нарын хооронд газар эзэмшихтэй холбоотой асуудлаар маргаан үүссэн, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн ... хооронд үүссэн ... маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх”, 60.1.3-т “газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх”, 60.2-т “... /уг/ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтан... аар шийдвэрлүүлэх”-ээр тус тус заасан байх тул иргэн Х.Маргулан, М.Дастан нарын хооронд газартай холбогдон үүссэн маргааныг Улаанхус сумын Засаг дарга шийдвэрлэнэ, сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны Засаг дарга болох аймгийн Засаг даргад гомдлоо гаргах хуулийн зохицуулалттай байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “.../аймгийн Засаг дарга/ газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох /эрхтэй/” гэсэн нь уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3-т тус тус заасан сумын Засаг даргын эрх хэмжээг үгүйсгэхгүй, харин 60.2-т заасны дагуу сумын Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлын үндсэн дээр хэрэгжүүлэх эрх болно.

Гэтэл гуравдагч этгээд М.Дастан нь бэлчээрийн газар эзэмшилтэй холбоотой асуудлаар Х.Маргулантай үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр сумын Засаг даргадаа хандаагүй, шууд аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан байхад, Баян-Өлгий аймгийн Засаг дарга газартай холбоотой үүссэн иргэд хоорондын маргааны улмаас М.Дастаны гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэж, Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн нарийвчилсан зохицуулалтад нийцээгүй, хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “...бэлчээрийн маргаан гарсан” гэж үйл баримтыг зөв дүгнэсэн атлаа маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих дээрх хуулийн заалтуудыг хэрэглээгүй, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан, маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ уг захирамжийн үндэслэлд заагаагүй Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг “Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамж зөрчсөн” гэх дүгнэлт хийсэн, түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга ... өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 30 дугаар зүйлийн 30.1.9-д “сум .../-ын/ Засаг даргын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд /аймгийн Засаг дарга/ хяналт тавих /эрхтэй/” гэсэн нь аймгийн Засаг даргын нийтлэг ерөнхий бүрэн эрх бөгөөд газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргаан гарсан тухайн тохиолдолд уг харилцааг зохицуулсан нарийвчилсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой, ийм зохицуулалт нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь заалт болно.

Иймд, “…давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2016/0781 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Маргуланаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА