Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0594

 

Л.Уранчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Л.Уранчимэг, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Л.Уранчимэгийг төрийн албанаас халах тухай Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах мөн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Л.Уранчимэг нь ажилтнаа дарамталдаг, бусадтай бүдүүлэг харьцдаг, ...бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зэргээр Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үйлдэл нь өөр бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй болно. Л.Уранчимэгийг ажлаас халах гол үндэслэл болсон Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5-д заасан төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээнүүдийг зөрчсөн үйл баримтыг нотолсон нотлох баримтууд хэргийн материалд байхгүй юм. Аймгийн Засаг дарга нь Л.Уранчимэгийг ажлаас чөлөөлөхдөө Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргатай зөвшилцсөн гэх баримт хэргийн материалд байхгүй. “Зөвшилцөнө” гэдэг нь санал солилцсон байхыг ойлгодог. Аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/1053 тоотоор Хүүхдийн төлөө үндэсний газарт Л.Уранчимэгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас сольж өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг уламжилсан байх бөгөөд түүнээс ажлаас хална гэсэн санаа байхгүй. Мөн ажлаас халсан өдрөө ийм тоот гаргасан нь зөвшилцсөн гэсэн ойлголт биш. Төрийн албаны салбар зөвлөлд явуулсан албан бичигт Л.Уранчимэгийг ёс зүйгүй байдлаа байгууллага дээрээ байнга гаргаж, албан хаагчдаа дарамталдаг гомдол мэдээлэл ирэх боллоо гэсэн нь ийм гомдол мэдээлэл хэдэн удаа ирсэн нь тодорхойгүй. Зөвхөн Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Сувдмаагийн гаргасан өргөдлийг баримт нотолгоонд үндэслэлгүйгээр Л.Уранчимэгийн буруутай үйл ажиллагааг нотлуулах зорилго бүхий байдал төрүүлэхүйцээр аймгийн ёс зүйн хороо болон төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт гаргуулсан гэж үзэхээр байтал шүүх энд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Ёс зүйн хорооны 02 тоот дүгнэлт, ёс зүйн хорооны тэмдэглэлээс харахад дүгнэлт, хуралдааны тэмдэглэл хоёр нь огноо зөрүүтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үнэлэх боломжгүй. Ёс зүйн хорооны тэмдэглэлээс үзэхэд Л.Уранчимэгийг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг ямар байдлаар яаж зөрчсөн болохыг зөрчил бүртэй нь холбогдуулан эх сурвалжийг зааж хэлэлцээгүй. 02 тоот дүгнэлтээ Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.2-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн даргад танилцуулаагүй. П.Наранхүүг Ёс зүйн хорооны салбар зөвлөлийн даргаар томилсон, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилсон тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр байхгүй учраас ёс зүйн хорооны шийдвэр, тэмдэглэл хүчин төгөлдөр болж чадаж буй эсэх нь эргэлзээтэй байна. Ёс зүйн хорооны дүгнэлт аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөнд автаагүй нотлох баримтанд үндэслэгдсэн байх болохоос өргөдөл гаргагчийн ам тайлбар, болон бусад ерөнхийлсөн гэсэн дүгнэлт байх ёсгүй. Энэ хэрэгт гэрчээр асуугдсан Д.Оюунцэцэг, Н.Туяа нарын мэдүүлгээр Э.Сувдмаагийн гомдолд дурдагдсан асуудлууд, эрх бүхий байгууллагуудаас гаргасан дүгнэлтүүд үндэслэл муутай болох нь нотлогдож байна. Харин Л.Уранчимэг нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилтэн Э.Сувдмаагийн нэр дээр 3 хоногийн томилолт бичиж 90 жилийн ойн баярын арга хэмжээнд зарцуулснаа өөрөө ч хүлээдэг. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасан ...албаны бус зорилгод ...санхүүгийн эх үүсвэрийг ашиглах гэсэн зөвхөн энэ хэсэгт хамаарч байгаа болохоос 15.1.7-д заасан бүх зөрчлийн шинжийг бүхэлд нь зөрчөөгүй юм. Энэхүү зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн ажлаас халахаас бусад аль нэг төрлийн санкцийг сонгон хэрэглэх боломж байсан байтал өөр бусад үндэслэлгүй зөрчил дутагдлуудыг дурдан ажлаас халсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанд ярианы аудио бичлэгийг шинжлэн судлаагүй бөгөөд энэ бичлэгт чухам ямар асуудал бичигдсэнийг мэдэхгүй байна. Энэ ярианы бичлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Л.Уранчимэг Улсын дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолоор урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил албан тушаалдаа орж ажлаа хийсэн. Гэтэл Үндэсний Аудитын газрын харъяа Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 135 тоот Л.Уранчимэг, нягтлан Д.Оюунцэцэг нарт арга хэмжээ тооцуулах тухай саналыг аймгийн Засаг даргад хүргүүлэх шийдвэр гаргасныг мэдэгдлээ гэсэн албан бичигт 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/16 тоот төлбөрийн акт гарсан талаар дурдсан бөгөөд энэ асуудал нь Л.Уранчимэгийн ажил албан тушаалаа эрхлээгүй байх үеийн асуудал юм. Ийнхүү Б/70 дугаар захирамж бүхэлдээ үгүйсгэгдэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

          Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Уранчимэгийг ажилтнаа дарамтлах, бусадтай бүдүүлэг харьцах, бусдын нэр дээр албан томилолтын зардал гаргаж зориулалтын бусаар зарцуулан бусад албан хаагчдын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зэргээр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5 дахь заалтыг тус тус баримтлан Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас  халжээ.

          Нэхэмжлэгч Л.Уранчимэг дээрх захирамжийг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ажилтнаа дарамталж, бусадтай бүдүүлэг харьцсан ёс зүйн зөрчил гаргаагүй, бусдын нэр дээр албан томилолтын зардалд гаргуулсан 106.500 төгрөгийг хувьдаа завшаагүй Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээнд зарцуулсан” гэж тайлбарлан маргасан.

          Маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

          Аймгийн Засаг дарга Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргыг ажилд томилж, ажлаас чөлөөлөх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөх үүрэгтэй.

          Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/1053 дугаар албан бичигт Л.Уранчимэгийг тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас өөрчлөх тухай өөрийн саналаа илэрхийлснээс бус Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын саналыг авч, түүнтэй зөвшилцсөн гэх баримт болж чадахгүй байна.

          Гэтэл шүүх хэрэгт баримтаар нотлогдоогүй үйл баримт болох Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг Засаг даргатай утсаар ярьсныг дээрх хуульд заасан “зөвшилцөх” шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй.

          Иймд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

          Түүнчлэн, нэхэмжлэгч Л.Уранчимэг ажилтнаа дарамтлах, бусадтай бүдүүлэг харьцах зэргээр төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.

          Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэл болсон Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 тоот дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн Говьсүмбэр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор Л.Уранчимэгийг Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.2.6, 5.3.1, 5.3.2, 5.3.4, 5.3.5 дахь заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч дээрх дүгнэлт нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын Хоёр дахь хэсгийн 2.5.2, 2.5.4 дэх заалтуудыг зөрчин гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагчтай уулзаж тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, баримт бичгийг шаардан авах үүргээ гүйцэтгээгүй, гомдол мэдээллийг шалгасан дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Уранчимэгийн тайлбар мэдүүлэг болон баримт бичиг гаргаж өгөх эрхийг хангалгүйгээр зөвхөн гомдол гаргагч Э.Сувдмаагийн өргөдөл, түүний нотлох баримтаар гаргаж өгсөн аудио бичлэгийг үндэслэн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн Тав дахь хэсгийн 5.3.1-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх”, 5.3.2-д “төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх, 5.3.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох, 5.3.5-д “бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, дээр дурдсан журмыг зөрчсөн зөрчил болох ба хэрэгт авагдсан Л.Уранчимэг, Э.Сувдмаа нарын ярилцлага бүхий 4 хэсэг аудио бичлэгээр Л.Уранчимэгийг дээрх заалтуудыг зөрчсөн, бусадтай ёс зүйгүй харьцаж зүй бус үйлдэл гаргасан нь нотлогдсон гэж үзэх боломжгүй байна.

           Харин нэхэмжлэгч Л.Уранчимэгийн “бусдын нэр дээр албан томилолтын зардал гаргаж зориулалтын бусаар зарцуулсан” гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, тухайлбал Э.Сувдмаагийн нэр дээр томилолтын 106.500 төгрөгийг гаргуулан авч “Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр”-ын арга хэмжээнд зарцуулсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, ийнхүү зөрчил гаргаснаа нэхэмжлэгч Л.Уранчимэг хүлээн зөвшөөрсөн байх тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.  

Гэвч дээрх зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэлийг хэрэглэсэн нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан...сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг харгалзан үзээгүй, өөрөөр хэлбэл Л.Уранчимэг нь бусдын нэрээр томилолтын зардалд гаргуулан авсан мөнгийг хувьдаа завшаагүй, ойн арга хэмжээнд зориулан зарцуулсан бодит байдалд дүгнэлт хийлгүйгээр шүүхийн шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон Л.Уранчимэгийг дахин ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчмыг зөрчжээ.

Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, Л.Уранчимэгийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үндэстэй.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан Л.Уранчимэгийн Нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн картыг үндэслэн нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин 864.211 төгрөг, нэмэгдэл цалин 432.106 төгрөг, нийт 1.296.317  төгрөгөөр тооцож /хэргийн 119, 120 дугаар тал/, ажилгүй байсан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс /нэхэмжлэгчийн тайлбарласнаар/ шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 9 сар 06 хоногийн цалин хөлстэй тэнцэх 11.926.116  төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.Уранчимэгийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Л.Уранчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.926.116 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван зургаа/  төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                          

                            ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

                            ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ  

                            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН