Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00126

 

   Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэртэй, А  сумын 4 дүгээр багт оршин суух Б-ийн нэхэмжлэлтэй, А  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Я.С  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: А  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1519500 төгрөг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2004 онд Шонхор биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй. 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар анх ажилд орж 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Ажилласан 9 жилийн хугацаандаа тус сургуульд асар их хөдөлмөр гаргаж, маш олон амжилтуудыг гаргаж ирсэн. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн захирал А нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Би шалтгаангүйгээр ажил таслаагүй ба хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ноцтой зөрчил эсхүл давтан зөрчил гаргаагүй байхад ажил олгогч өөрийн санаачилгаар намайг ажлаас халж хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчлөө. 

Миний бие ажлын бус цагаар гэртээ архи уух гэсэн боловч эхнэр маань надад архи уулгахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар цагдаа дуудан ирүүлж намайг эрүүлжүүлэх рүү оруулсан. Дараагийн өдөрт нь эхнэрийн маань гомдлоор аймгийн шүүхээс захиргааны шийтгэл хүлээлгэж, 8 хоног баривчлагдсан. Би баривчлагдангуутаа сургуулийн дотуур байрны жижүүр, өөрийн төрсөн дүү болох А-тай холбоо барьж сургуулийн захиралтай биечлэн уулзаж, болсон нөхцөл байдлыг хэлж, баривчлагдсан хугацаандаа надад цалингүй чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэлтээ уламжилсан бөгөөд дүү сургуулийн захирлаас чөлөө хүссэн боловч чөлөө олгохоос үндэслэлгүй татгалзаж, ...би ерөөсөө Б-ыг ажлаас гаргана, чөлөө байхгүй... гэж хэлсэн байсан. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баривчлах байрнаас гарангуутаа сургуулийн захиралтай очиж уулзах гэсэн боловч захирал хот руу семинарт явсан байсан тул түүнтэй утсаар ярихад “... ажлаа хэвийн хийгээд байж бай...” гэж хэлсний дагуу дараагийн өдрөөс нь эхэлж хэвийн ажиллаад байж байхад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн гэсэн гарчигтай тушаал өгч намайг ажлаас халсан. Би ажлын бус цагаар гэртээ архи ууж, гэр бүлийн дотоод шалтгаанаар сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн би ажилгүй байсан хугацааны цалин 5 дугаар сарын цалингийн зөрүү 368500 төгрөг /10 хоногийн цалинг хасаж тооцсон/, 6 дугаар сарын цалин 343000 төгрөг, 6 дугаар сард авах 3 сарын урамшуулал 220000 төгрөг, дутуу олгосон амралтын мөнгө 588000 төгрөг нийтдээ 1519500 төгрөгийг шаардаж байна. Иймд Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 1519500 /нэг сая таван зуун арван есөн мянга таван зуун/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Ажил олгогчоос 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 18 тоот тушаалаар Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад ажилтан Б нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үедээ гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан байна. Ажил олгогчоос тушаал гаргахад Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг үндэслэсэн. Ажилтан Б нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 8 хоног баривчлагдсан үед албан ажилдаа ирээгүй ба шалтгаангүй олон хоног ажил тасалсан. Тус байгууллагын дотоод журмын  23.1, 23.2, 23.3, 23.6, 23.4.14, 23.14.2, хөдөлмөрийн гэрээний 3.5-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэгч Б-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэрээр  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-ийн А  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1519500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “анхан шатны шүүх, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна. 

Миний нөхөр болох нэхэмжлэгч  Б нь 2008 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшаар анх ажилд орж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 9 дэх жилдээ ажиллаж байсан. Ажилласан хугацаандаа маш олон амжилтуудыг гаргаж ирсэн. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн захирал А хувийн ашиг сонирхлын үүднээс түүний хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас хууль бусаар халсан. 

Нэхэмжлэгч Б нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр сум дундын шүүхээс захиргааны шийтгэл хүлээж, 8 хоног баривчлагдахаар болсон. Энэ талаараа сургуулийн дотуур байрны жижүүрээр ажилладаг өөрийнхөө төрсөн дүү болох А-тай холбогдож сургуулийн захиралтай биечлэн уулзаж, болсон нөхцөл байдлыг хэлж, баривчлагдсан хугацаандаа сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу цалингүй чөлөө олгож өгөхийг хүссэн боловч, сургуулийн захирал нь чөлөө олгохоос үндэслэлгүй татгалзаж, “...би ерөөсөө Б-ыг ажлаас гаргана, чөлөө байхгүй...” гэж хэлсэн байна. 

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 19.1-т “Захиргаа нь ажилтанд түүний хүсэлтээр цалинтай буюу цалингүй чөлөө олгоно”, 19.1.1-т “Захирал багш, ажилтанд 2 ба түүнээс дээш өдрийн чөлөөг олгоно” гэж заасан байна. Үүнээс үзвэл ажилтан хүсэлт гаргасан бол цалингүй чөлөө олгохоор заасан байна. Б нь баривчлагдсан хугацаандаа цалингүй чөлөө авах тухай хүсэлтээ дүүгээрээ дамжуулж гаргасан болох нь гэрчийн мэдүүлгээр, хариуцагч энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэж тайлбар ирүүлээгүй байдлаас нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “ажил олгогч ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж заасныг баримтлан Хөдөлмөрийн дотоод журамд заасан “ажилтны хүсэлтээр чөлөө олгоно” гэж заасан нь хууль зөрчсөн учраас дотоод журмын заалтыг баримтлахгүй хэмээн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарласан явдал болсон. Хөдөлмөрийн дотоод журмаар ажилтны эрх зүйн байдлыг доордуулсан заалт оруулахыг хориглодог болохоос ажилтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн заалт оруулахыг хориглоогүй. Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөвхөн ажилтан батлаагүй. Үүнийг захирал өөрөө баталж, байнгын үйл ажиллагаандаа мөрдөж байгаа бөгөөд өчнөөн жил энэ дотоод журмаараа ажиллаж ирсэн. Нийт ажилтнууд өөрт нь ямар нэгэн зовлон тохиолдох л юм бол хүсэлтээ захиралдаа хэлээд л чөлөөгөө аваад л явдаг байсан. Сургуулийн захирал нь Быг урьд нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон гэж занаж явдаг байсан ба түүнийг ямар нэгэн байдлаар ажлаас халж, сургуулиас зайлуулахыг боддог байсан. Тэрээр энэ завшааныг ашиглаж хорт санаагаа хэрэгжүүлсэн. Үүнд бид их гомдолтой байна. Б нь сургуульд ёс зүйн асуудал гаргасан гэх асуудал ерөөсөө байхгүй ганцхан буруутгагдаж байгаа нь гэр бүлийн асуудлаас болж баривчлагдсан учир ажилдаа очиж чадаагүй. Өөрөө очиж чадаагүй тул дүүгээрээ чөлөө хүсэх тухай хүсэлтээ тавьсан. Манай дотоод журамд заавал биечлэн чөлөө хүсэх тухай заалт байхгүй. Хэн нэгнээр дамжуулан хүсэлтээ гаргаж болно. 

Нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээлгэж болохгүй гэдэг зарчмыг ноцтой зөрчсөн. Б нь нийгмийн хэв журмыг зөрчсөний төлөө хариуцлагаа хүлээсэн. Энэ нь хөдөлмөрийн зөрчил биш, гэр бүлийн хүрээний асуудал байсан. Гэтэл Б-ыг нийгмийн хэв журам зөрчиж хариуцлага хүлээсний төлөө ажлаас нь халж байгаа нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. 

Бд ажил олгогчоос нийгмийн хэв журам зөрчсөний төлөө хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Ажил олгогчоос түүнийг баривчлах шийтгэл хүлээсэн гэдгийг мэдсээр байж ажил тасалсан гэж үзэж ажлаас халж байгаа явдал нь хууль бус байна. Б нь эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, 8 хоног баривчлагдсан болохоор цаашид Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой. Захиргааны хариуцлага хүлээсний улмаас Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй.

Мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал: Анхан шатны шүүх нь анхнаасаа нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн. Би хавтаст хэрэгтэй танилцах гэсэн боловч хэрэг шүүгчид байгаа гэсэн үндэслэлээр хэрэгтэй танилцаж амжилгүй шүүх хуралдаанд оролцсон. Миний нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой шүүгч Б.Мангилик шүүгч байсан боловч Х.Мейрамбек шүүгч хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед Б.Мангилик шүүгч ээлжийн амралтаас ажилд орчихсон байсан ба түүнээс хэн ч татгалзаагүй байсан. Шүүгч Х.Мейрамбек миний өмгөөлөгчийн тайлбарыг тасалж, Үндсэн хуульд заасан үг хэлэх, хууль зүйн туслалцаа авах эрхэд минь халдсан.Мөн шүүх хуралдаанаас өмнө нь хариуцагч болон түүний өмгөөлөгчтэй биечлэн уулзаж байсан талаар шүүх хуралдааны үеэр өөрөө хэлж байсан. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зөвхөн хөдөлмөрийн харилцаанд бий болсон тохиолдлын талаар бус Б-ын хувийн байдалд нь дүгнэлт хийж, үүнийг үндэслэн маргааныг хянан шийдвэрлэсэн. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн А  сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Ажил олгогчоос 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 ;дугаар тушаалаар Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон хууль зүйн үндэслэл нь “ажилтан Б нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр архидан согтуурсан үед гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлд зааснаар 8 хоногийн баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан явдал юм. Ажил олгогчоос тушаал гаргахад Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3,8 дахь заалтуудыг үндэслэсэн. Ажилтан Б нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж 8 хоног баривчлагдсан үед албан ажилдаа ирээгүй ба шалтгаангүй олон хоног ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тус байгууллагын дотоод журмын 23.1, 23.2, 23.3, 23.6,  23.4.14, 23.14.2, хөдөлмөрийн гэрээний 3.5-т тус тус зааснаар Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан сахилгын шийтгэл ногдуулсан. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нь давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл буюу Г нь хавтаст хэрэгтэй бүрэн танилцуулаагүй, хэргийг анх хуваарилагдсан шүүгчээс өөр шүүгч хянан шийдвэрлэсэн, шүүгч Х.Мейрамбектэй холбоотой зарим асуудлыг дурджээ. Г нь хоёр өмгөөлөгчтэй байсан ба өөрөө анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон. Тухайн үед шүүгч нэхэмжлэгчийн эрх, үүргийг танилцуулж, тэрээр хөдөө А  суманд байдаг ба өдөр бүр шүүхэд ирж чадаагүй гэж байсан. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байна. Харин шүүгч Х.Мейрамбектэй холбоотой асуудал нь энэ маргаанд хамааралгүй ба тухайн үед зохигчид шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 568 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.“ гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргажээ. 

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Баян-Өлгий аймгийн А  сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын  2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, тус сургуулийн биеийн тамирын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт  1519500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 23.14.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.8 дахь заалтуудыг  тус тус үндэслэн Быг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар шийтгэврээр Б-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд найман хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулсан байна. Ажил олгогчоос Б-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоногоос дээш хугацаагаар буюу баривчлах захиргааны шийтгэл эдэлсэн 8 хоногийн хугацаанд ажил тасалж, хөдөлмөрийн гэрээний 3.5-д заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудад нийцсэн байна. 

 

 Б нь захиргааны шийтгэл хүлээж, найман хоног баривчлагдсаныг хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэх боломжгүй, ажил олгогч нь ажилтанд чөлөө олгох эсэх нь захирлын бүрэн эрх ба заавал чөлөө олгох үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй  гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

 

Нэхэмжлэгч тал ажилтны гаргасан нэг захиргааны зөрчилд (1) баривчлах, (2) ажлаас халах гэсэн хоёр төрлийн хариуцлага ногдуулсан нь “хүн гаргасан зөрчилдөө тохирсон нэг удаа хариуцлага хүлээх” зарчмыг алдагдуулсан гэж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил олгогчоос ажилтны гаргасан “ажил тасалсан” гэх хөдөлмөрийн сахилгын зөрчилд “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд ажилтан Б-ын “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх захиргааны зөрчилд холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулаагүй байна. Харин нэхэмжлэгч тал ажилтны гаргасан “найман хоног ажил тасалсан” хөдөлмөрийн сахилгын зөрчлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Б нь захиргааны зөрчил гаргаж, баривчлах шийтгэл хүлээсэн учраас уг шийтгэлийг эдлэх хугацаанд найман хоног ажил тасалсан ба уг хугацаанд ажлаас чөлөө олгохыг хүсэж, ажил олгогчид хандсан боловч үндэслэлгүйгээр чөлөө олгохоос татгалзсан гэжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл, ажилтанд ажил олгогчоос чөлөө олгосон нь тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.-т заасан зохицуулалтыг тухайн тохиолдолд ажил олгогчийн бүрэн эрхтэй нь холбож тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд шүүх түүний хэргийн материалтай танилцах эрхийг хангаагүй талаар дурджээ. Анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг нь тайлбарлаж, баримтжуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар 2017 оны 8 дугаар сарын 25, 31-ний өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцсан, харин 2017 оны 8 дугаар сарын 25, 31-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-д хэргийн материалтай шүүхийн байранд ирж танилцахыг удаа дараа мэдэгдэж, хэрэгт цугларсан нотлох баримттай танилцах боломжоор хангаж байсан нь хэргийн 20, 35, 72 дугаар талд авагдсан баримт, 84 дүгээр талд авагдсан шүүхийн захиргааны ажилтны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д  зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК