Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 112

 

Б.А-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 921 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох эрүүгийн 1805052291056 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Б.А-, 1990 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй,

            Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна автозогсоолд байрлуулсан иргэн Н.Эрхэмбаярын эзэмшлийн 86-27 УНЛ улсын дугаартай, “Toyota Vitz” загварын автомашины 2 ширхэг дугуйг, обудын хамт машин механизм ашиглан хулгайлж, нийт 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-г машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, “Мөнхтакси” ХХК-ийн эзэмшлийн 52-45 УНУ улсын дугаартай, “Hyundai Sonata 6” загварын автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 26 дугаар байрны гаднах ил зогсоол дээр байсан иргэн Н.Эрхэмбаярын эзэмшлийн 86-27 УНЛ улсын дугаартай, “Toyota Vitz” загварын автомашины 2 ширхэг дугуйг обудын хамт хулгайлан авч, улмаар өөрийн жолоодон явсан автомашинаараа зөөж тээвэрлээд хэргийн газраас холдсон үйл баримт тогтоогддог. Шүүгдэгч Б.А- нь гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаас уламжлан ирсэн, нарийвчилсан зохицуулалт юм. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.7-д “...машин механизм хэрэглэсэн гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй” гэж тайлбарласан байдаг. Энэ ч утгаараа 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор...” гэж гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдаас төлөвлөж бэлтгэсэн байхыг ойлгохоор заажээ. Шүүгдэгч Б.А-гийн хувьд такси үйлчилгээнд явж байхдаа гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн бөгөөд хулгай хийх зорилготойгоор тухайн газар төлөвлөж, урьдаас бэлтгэн очоогүй байдаг. Мөн тэрээр автомашинаас дугуй, обуд зэргийг салган авч өөрийн эзэмшилд шилжүүлснээр тухайн гэмт хэрэг төгссөн ба улмаар өөрийн жолоодож авсан автомашиндаа зөөвөрлөж, тээвэрлэсэн байна. Иймээс шүүгдэгч Б.А- нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм урьдчилан бэлтгэж ашиглаагүй байх тул холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би такси үйлчилгээнд явж байгаад тухайн газарт хүн буулгасан. Буцах замдаа гоё обуд дугуй олж хараад ийм хэрэг үйлдсэн. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хотод ирээд ажил хөдөлмөр эрхэлж, олсон мөнгөө хөдөө орон нутагт оршин суух эхнэр, хүүхдүүд лүүгээ явуулдаг байсан. Миний гэмт үйлдлийг уучлахыг хүсье” гэв.

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн тул 2002 оны Эрүүгийн хуулийг тайлбарыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Тухайн үед шүүгдэгч Б.А- нь тээврийн хэрэгсэлгүй явсан бол бусдын тээврийн хэрэгслээс дугуй, обудыг салган авч явахад саад бэрхшээл учирна. Хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.А- нь 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, “Мөнхтакси” ХХК-ийн эзэмшлийн 52-45 УНУ улсын дугаартай, “Hyundai Sonata 6” загварын автомашиныг жолоодон такси үйлчилгээнд явахдаа, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна автозогсоолд байрлуулсан иргэн Н.Эрхэмбаярын эзэмшлийн 86-27 УНЛ улсын дугаартай, “Toyota Vitz” загварын автомашины 2 ширхэг дугуйг, обудын хамт хулгайлан авч, өөрийн жолоодон явсан автомашинаар зөөвөрлөсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Н.Эрхэмбаяр нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртөг, өөрийн эд хөрөнгөд халдсан этгээдийн талаар /хх-ийн 7-8, 31/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Э.Болор-Эрдэнэ /хх-ийн 32/, шүүгдэгч Б.А- /хх-ийн 13-14, 37-38/ нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 10-11/ зэргээр давхар нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдсан гомдолдоо “Б.А- нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм урьдчилан бэлтгэж ашиглаагүй” гэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.

Прокуророос Б.А-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

Тухайлбал, шүүгдэгч Б.А- нь өөрийн төрсөн эгч Д.Мөнхцэцэгийн “Мөнхтакси” ХХК-иас түрээслэсэн 52-45 УНУ улсын дугаартай, “Hyundai Sonata 6” загварын автомашиныг жолоодон 2018 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байсан нь гэрч Д.Мөнхцэцэгийн /хх-ийн 39/ мэдүүлэг, “Мөнхтакси” ХХК болон жолоочийн хооронд байгуулсан такси ажиллуулах гэрээ /хх-ийн 40/ зэргээр тогтоогдсон бөгөөд Б.А- нь тухайн цаг хугацаанд, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны гадна зорчигчийг буулгахдаа, 86-27 УНЛ улсын дугаартай, “Toyota Vitz” загварын автомашины дугуйг олж харснаар бусдын эд зүйлийг хулгайлах санаа төрж, энэ зорилгод хүрэхийн тулд тухайн автомашины 2 ширхэг дугуйг, обудын хамт тайлан авч, өөрийн жолоодон явсан автомашинаараа зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй.

Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно.

Шүүгдэгч Б.А- нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ялын талаар гаргасан шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ц.Амарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 921 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Б.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Боржигон овгийн Батаагийн А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.” гэж тус тус өөрчилж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.А- нь 59 хоног цагдан хоригдсоныг дурьдаж нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.ПҮРЭВСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН

                          ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН