Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  15 дугаар хороо 6/2 байрны 15 тоотод оршин суух, Тайхар овогт Сүхбаатарын Хоссайханы /РД:ШБ77020272/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр байрны 7 тоотод оршин суух, Боржигон овогт Балдын Пүрэвсүрэнд /РД:ШВ79092706/ холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 4 725 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Хоссайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Түмэнсугар нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Хоссайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Пүрэвсүрэн нь надтай хамаатан байгаа юм. Тэгээд 1 сарын хугацаатай 3,000,000 төгрөг зээлсэн Б.Пүрэвсүрэн нь тогооч мэргэжилтэй учир албан байгууллагуудад хоол түгээлтийн төсөл бичиж санхүүжилтээ аваад өгнө гэж гэрээ байгуулж зээл авсан, дараа  нь би орлого байхгүй таны мөнгийг өгч чадахгүй байна. Салбар дэлгүүртээ авч ажиллуулаач гэж гуйсан тэгээд би ажилд аваад  өөрөө зээлтэй байгаагаа хэлж байсан. Намайг зээл авсанаас хойш Пүрэвсүрэн надаас мөнгө зээлсэн юм. Би 3,000,000 төгрөгний 36 сарын хугацаанд хүү болох 1,990,000 төгрөг банканд төлсөн байгаа, хэрэв Пүрэвсүрэн нь өмнө хугацаандаа мөнгөө өгсөн бол би банканд хүү төлөхгүй байх байсан. Пүрэвсүрэнгийн хасч тооцуулах гээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө өгсөн гэсэн боловч түүнийг нотлох баримт байхгүй байна. Пүрэвсүрэн нь ажил дээр маш олон удаа анхааруулга авсан тэгээд ажил дээр байж байх ёстой хүн надтай өөр газар тааралдаад ажиллаж чадахгүй хүн байна гээд ажлаас халсан. Пүрэвсүрэн нь 2015 оны 11 сард ажлаас гарахдаа надад зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлнө гэж бичиг үйлдэж өгсөн, Үүнээс хойш ямар нэг мөнгө надад өгөөгүй, одоо би Пүрэвсүрэнгээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 150 000 төгрөг, алданги 1 575 000 төгрөг нийтдээ 4 725 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мандахнаран шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Пүрэвсүрэн нь Хоссайхан ахынхаа дэлгүүрт 250 000 төгрөгний цалинтай ажиллаж байсан. 2014 оны 7 дугаар сард цалин нь 500 000 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанаас эхлээд 2015 оны 11 сард ажлаас гарах хүртлээ сар бүр 100 000 төгрөг цалингаасаа өгдөг байсан. Энэ нь 1 650 000 төгрөг болсон бөгөөд зээлийн гэрээний гүйцэтгэл болно гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний алданги нь үнийн дүнгийн 50%-иас 75 000 төгрөгөөр хэтэрсэн харагдаж байна, Иймээс 1 755 000 төгрөг хасаад үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

       Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч С.Хоссайханы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 150 000 төгрөг, алданги 1 575 000 төгрөг нийтдээ 4 725 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014.01.17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан,  1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирч, 3 000 000 төгрөгийг Б.Пүрэвсүрэн  зээлж авсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч тал “...зээлийн төлбөрөөс 200 000 төгрөг болон ажиллаж байх хугацаандаа цалингаасаа суутгуулж байсан” гэж тайлбарладаг боловч нотолсон баримтгүй байна.

  Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги тооцох заалтад нийцсэн байх тул зээлдэгч Б.Пүрэвсүрэн нь  үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт төлөх үүргийг хүлээнэ.

Зээлийн гэрээний дагуу алданги 1 575 000 төгрөг тооцсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3 150 000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй, нэхэмжлэгчийн тооцоолол зөв байна.    

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 90 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвсүрэнгээс 4 725 000 төгрөг гаргуулж С.Хоссайханд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Пүрэвсүрэнгээс 90 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хоссайханд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 550 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ