Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2233

 
  • МАГАДЛАЛ

 

  • 2017.10.20                                                     Дугаар 2233                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ц.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Нэхэхмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Амгаланбаатар, хариуцагч Г.А  нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 220/54 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа 30 000 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад “Голд плаза” худалдааны төвийн өмчлөгч нь “Даян өндөр” ХХК байна. Гэтэл Ц.Амгаланбаатартай гэрээ байгуулсан этгээд нь иргэн Г.А  байсан. Иймд “Голд плаза” худалдааны төвийн өмчлөгч “Даян өндөр” ХХК, түүнийг төлөөлж компанийн эрх бүхий этгээд компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх боловч иргэн Г.А  “Даян өндөр” ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулахаар үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан явдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэж байна. Мөн гэрээг нотариатаар баталгаажуулаагүй тул хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.доллар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 73 789 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.А , Ц.А нар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний төлбөрийг бүрэн төлөх боломжгүй гээд урьдчилгаа төлбөр 30 000 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн байдаг. Дээрх талбайг худалдаж аваад өнөөдрийг хүртэл талбайдаа үйл ажиллагаа явуулж байна. 100 хувь төлбөрийг төлсөн тохиолдолд гэрчилгээг гаргаж өгнө гэж тохиролцсон боловч олон худалдан авагчдын боломжийг харж үзээд нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсний дараа лангууг нь хүлээлгэж өгсөн. Төлбөрөө бүрэн төлсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болохоор гэрээндээ заасан. Гэтэл нэхэмжлэгч нь 100 хувь шилжүүлээгүй учир нотариатаар батлуулах шаардлагагүй. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т худалдан авагч нь гэрээг хүсвэл нотариатаар батлуулах, үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгүүлэх, 5 дугаар зүйлийн 5.2.8-д худалдан авсан талбайн өмчлөлтэй холбоотой бүх зардлыг хариуцна гэж тодорхой заасан тул өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй, үлдэгдэл 10 000 ам.долларыг төлөөгүй байгаа юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт худалдан авсан эд зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар эд хөрөнгө худалдан авсанд тооцно гэсэн байдаг. Ц.А нь төлбөрийнхөө ихэнхийг төлчихсөн лангууг ашиглаж байхад хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай ярьж байгаа нь үндэслэлгүй. Г.А  өөрийнхөө хөрөнгөөр энэ барилгыг бариулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын газраас хувь хүнд биш компанид зөвшөөрөл өгдөг тул хариуцагч нь өөрийн 200 гаруй компаниас “Даян өндөр”ХХК-ийг сонгож авсан. Яагаад энэ компанийг сонгосон гэхээр үйл ажиллагаа явуулах зориулалттай газрыг мөн компанид олгодог, тэр газар нь “Даян өндөр” ХХК-ийн нэр дээр байдаг юм. Энэ компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй тул хувь эзэмшигчийн тогтоол гаргаад би өөрийнхөө хөрөнгөөр барилга бариулж, барилга бариулах компанийг “Даян өндөр” ХХК-ийн нэрээр сонгож авна гэсэн тушаал гаргасан байдаг. Иймд Г.А  өөрийн нэрээр бариулсан учир худалдан авагч 102 хүмүүстэй дандаа өөрөө хувь хүнээр гэрээ байгуулсан. Г.А  гэрээнд тамгаа дарж баталгаажуулсан. Харин “Даян өндөр” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн газар хариуцагчийг төлөөлж жагсаалтаа өгсөн, дараа нь Г.А  нь өр төлбөр тооцоогүй, энэ гэрээг би  хийсэн нь үнэн болно гэсэн баталгаа гаргаснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд гарсан байдаг. Иймд худалдах, худалдан авах гэрээ хийгдээд дуусчихсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Г.А гаас 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 529 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А гаас 526 899 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.А олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 40 000 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулж, 30 000 ам.долларыг төлж, гэрээний үлдэгдэл төлбөрийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний дотор төлөхөөр гэрээ байгуулж, 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 10 000 ам.долларыг төлөхгүйгээр худалдан авсан талбайдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төлбөрөө бүрэн төлж чадаагүйгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "Энэхүү гэрээ нь худалдах, худалдах авах гэрээ байна. Худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдагчид шилжүүлэх үүрэгтэй, Ц.А худалдсан “Голд плаза” худалдааны төв нь “Даян өндөр” ХХК-ийн өмчлөлд байдаг болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирсэн лавлагаагаар тус тус нотлогдож байна" гэж дүгнэжээ.

Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ, “Даян-Өндөр” ХХК-ийг ГАлтан үүсгэн байгуулсан, 100 хувь Г.А гийн өмчлөлийн компани тул өөрийн компанийн нэр дээр байгаа газар дээрээ барилга бариулахдаа хувийн хөрөнгөөр бариулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг огт анхаараагүйгээр барахгүй, “Даян-Өндөр” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 12-02 тоот тушаалаар “Даян-Өндөр” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр бариулсан барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх, талбай эзэмшигч нарт гэрчилгээ гаргуулахад бүрдүүлэх материалыг бэлдэхийг “Даян-Өндөр” ХХК-д даалгасан тушаалыг нотлох баримтаар үнэлээгүйгээс шийдвэр хууль бус гарсан байна. Хавтаст хэргийн материалд Г.А  өөрийн өмчлөлийн компанийн нэрээр зөвшөөрөл авсан газар дээрээ өөрийн хөрөнгөөр худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга бариулж, тухайн компани иь ашиглалтын үйл ажиллагааг хариуцах талаар худалдах, худалдан авах гэрээнд тусган, улмаар төлбөрөө бүрэн төлсөн 102 хүнд Г.А тай байгуулсан гэрээний үндсэн дээр Төрийн захиргааны байгууллага Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн нь нотлогдсон. Харин нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлөөгүйгээс гэрчилгээ авах боломж байгаагүй нь хавтаст хэрэгт тогтоогдсон, улмаар Г.А гийн өмч биш учраас Төрийн захиргааны байгууллага гэрчилгээ олгохоос татгалзсан талаар нотлох баримт байхгүй байхад эрхийн зөрчилтэй гэж дүгнэсэн хууль зөрчсөн дүгнэлт болжээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.5.1, 7.1-д "Эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллага, түүний орон нутгийн салбар нэгж бүртгэнэ" гэж заасан байна. Энэхүү     объект нь нийтийн зориулалтаар баригдсан, тус газар дээр баригдсан объектод худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор захиалга авч барилгыг барьсан, захиалагч нар нь гадаадад ажлаар явсан, захиалгын төлбөрөө бүрэн төлөөгүй гэх мэт шалтгаанаар бүрэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй тул захиалга авч барьсан Г.А  нь дээрхи барилгын гэрчилгээг аваагүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Г.А холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30 000 ам.доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...санхүүгийн байдал эрс муудаж, гэрээг цуцлах саналаа хариуцагчид хүргүүлсэн боловч урьдчилгаанд төлсөн долларыг буцаан өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн”, “...Даян-Өндөр компанийн өмч хөрөнгийг Г.А  захиран зарцуулахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж байгаа учир хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, гэрээгээр шилжүүлсэн 30 000 ам.долларыг гаргуулах...” гэж 2 янзаар тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн ОСГ-ны 2 дугаар хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдсан 5120 м.кв талбайгаас 1 давхрын 4 м.кв хэмжээтэй талбайг 40 000 ам.доллараар худалдан авахад зориулан урьдчилгаа 30 000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр төлж, талбайн үнийг бүрэн төлснөөр уг талбайг өмчлөх эрх худалдан авагчид үүсэхээр тохиролцсон байна. /хх 6-8/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх харилцан хүлээх үүргийг гэрээний талууд хүлээсэн байна.

Талуудын гэрээндээ үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжих талаар заасан нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч гэрээний үнийн үлдэгдлийг бүрэн төлөөгүй байгаа тохиолдолд хариуцагч эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгааг буруутгах боломжгүй, үнэ нь төлөгдөөгүй хэсгээр 1 м.кв талбайг ашиглуулсны түрээсийн төлбөр авч байгаагаас хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг зөчсөн гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал үүрэг гүйцэтгэхгүй байгаа нь нөгөө талд үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх олгодог.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч, тухайн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар марган, нэхэмжлэгч нь уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу гэрээгээр шилжүүлсэн зүйлийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хариуцагч Г.А  нь Даян-Өндөр ООК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн зохицуулалт нь өмчлөгчийн өмчлөх эрх хүрээ, өмчийн халдашгүй байдалтай холбоотой буюу эдийн баялгийн эрхэд хамаарах зохицуулалт байтал шүүх энэ зохицуулалтыг гэрээний эрх зүйн маргаанд хамааруулан буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн уг зохицуулалт нь тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгдэх ба худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч талын шаардах эрхэд хамааралгүй байна.

Маргааны зүйл нь хэргийн оролцогчдын өмчлөх эрх зөрчигдсөн эсэхтэй холбоогүй, гэрээний зүйл эрхийн доголдолтой байсан эсэхтэй холбоотой тул Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх учиртай.

Г.А  нь уг эд хөрөнгийг өмчлөх эрхгүй буюу улсын бүртгэлд “Даян Өндөр” ХХК нь уг хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа нь талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь худалдах, худалдан авах гэрээний зүйл нь худалдагчийн өмчлөлийн зүйл байх талаарх шаардлагыг хуулиар тавиагүй тул хариуцагч Г.А  худалдах, худалдан авах гэрээний зүйл болох уг эд хөрөнгийн хууль ёсны бүртгэлтэй өмчлөгч биш байгаа нь уг гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг худалдагч хүлээдэг.

Нэхэмжлэгч талыг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүйтэй холбоотойгоор хариуцагч гэрээний зүйлийн өмчлөлийг шилжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй байхад уг эрхийн доголдолтой хөрөнгө шилжсэн эсэх талаар дүгнэлт өгөх, маргах боломжгүй байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох 4 м.кв талбайн 3 м.кв талбайг нэхэмжлэгч бодитойгоор эзэмшилдээ авсан, гэрээний үнийн үлдэгдэл 10 000 ам.доллар төлөгдөөгүй байсантай холбоотойгоор 1 м.кв талбайг сар бүр түрээсийн төлбөр төлөн ашиглаж байгаа болох нь хэргийн 90-98 дахь талд авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Г.А гийн үүсгэн байгуулсан “Даян-Өндөр” ХХК-ийн худалдааны төвийн барилгын талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн компанийн ерөнхий захирал Г.А тай байгуулсан гэрээг үндэслэн олгож байгаа талаар бүртгэлийн байгууллага тодорхойлсон байна. /хх 65-67/

Хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь 4 м.кв талбайг эзэмшиж байх ба уг талбайг өөр хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байгаа гэх байдал тогтоогдоогүй, 1 м.кв талбайн түрээсийн төлбөр төлдөг тухайд талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдохгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь эрх зүйн үр дагаврын хувьд өөр өөр асуудал болно.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.А холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 30 000 ам. доллар буюу 73 789 800 төгрөг гаргуулах тухай Ц.Анэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 526 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ