Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01148

 

2017 оны 05 сарын 17 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01148                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 хороо, Үйлдвэр 1 дүгээр гудамж, 66 тоотод оршин суух, Боржигин овогтой Бямбаагийн Жаргалсайханы /РД:ГЮ87031017/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байрны 607 тоот, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст /РД:5702356/ холбогдох,

 

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 04-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд /одоо Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс болсон/ нийгмийн ажилтнаар ажилд орж энэ хугацаанд идэвхи санаачлагатай ажилласан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ажил олгогчоос тус хэлтсийн нийгмийн ажилтны албан тушаал байхгүй болсон тул ажлаас халах болсон тухай 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, улмаар албан тушаалаас чөлөөлөх тухай Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаал гардуулсан. Энэхүү тушаалд дурдсанаар тухайн хэлтсийн шинээр батлагдсан бүтцээр нийгмийн ажилтны орон тоо хасагдсан гэх боловч бодит байдал дээр миний өмнө нь ажиллаж байсан нийгмийн ажилтны ажлын байрны чиг үүрийг өөрөөр нэрлэсэн албан тушаал дээр хэвээр хадгалж үлдээн энэ орон тоонд өөр хүнийг ажилд авсан. Хуучин бүтцээр 11 орон тоотой байсныг шинэчлэгдсэн бүтцээр 15 болгон нэмэгдүүлснээс үзэхэд нийгмийн ажилтны ажлын байрны орон тоо хасагдах бус харин ажлын байрны нэрийг өөрчилсөн төдийгөөр намайг ажлаас халж, өөр хүнийг ажилд авах зорилготой болох нь тодорхой харагдаж байна. Ажил олгогчоос ажлаас халах тухай мэдэгдлийг танилцуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх” журмыг зөрчиж, 2017 оны 1 дүгээр сарын 19-нд мэдэгдлийг танилцуулсан бол үүнээс хойш 29 хоногийн дараа тушаалыг танилцуулсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр нь хууль зөрчиж байгаа тул намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтэс нь Жаргалсайхантай 2014 оны 8 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан. 2016 оны 11 сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/832 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-ын бүтэц, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэлтэс албадын бүтэц орон тоог баталсны дагуу 2017 оны 1 сарын 17-ны өдрийн А/11 тоот дүүргийн Засаг даргын захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц орон тоог баталсан. Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нь хэлтсийн зохион байгуулалтад орж, бүтэц шинэчлэгдэн батлагдаж Б.Жаргалсайханы Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоо хасагдан ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх” заалтыг зөрчөөгүй, мэдэгдэх хуудсыг 1 дүгээр сарын 19-ны өдөр танилцуулж, 2 сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Байгууллага хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй, орон тоо хасагдсанаас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Жаргалсайхан нь Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 11 орон тоотой байсныг шинэчлэгдсэн бүтцээр 15 болгон нэмэгдүүлснээс үзэхэд нийгмийн ажилтны ажлын байрны орон тоо хасагдах бус харин ажлын байрны нэрийг өөрчилсөн төдийгөөр намайг ажлаас халж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь бүтэц шинэчлэгдэн батлагдаж нийгмийн ажилтны орон тоо хасагдсан, 1 сарын өмнө мэдэгдэх заалтыг зөрчөөгүй, ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж маргав.

 

Монгол улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сантай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан, “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2013-2017” төслийг хэрэгжүүлэхээр Залуучуудын хөгжлийн төв байгуулан, нийгмийн ажилтны орон тоог бий болгосон байна.

 

Б.Жаргалсайханыг тус төвийн захирлын 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/8 тоот тушаалаар Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар туршилтын 6 сарын хугацаагаар ажиллуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэн төслөөс цалинжиж ажиллахаар тохиролцон, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлэн 4 жилийн хугацаатай байгуулжээ.

 

2016 оны 11 сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/832 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-ын бүтэц, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэлтэс албадын бүтэц орон тоог баталснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 1 сарын 17-ны өдрийн А/11 тоот дүүргийн захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг 15 орон тоотой байхаар бүтцийг баталсан байна.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Хан-Уул дүүргийн Засаг даргад 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/10 тоот албан бичгээр төслийн санхүүжилт зогссонтой холбогдуулан Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч, нийгмийн ажилтны цалин, НДШ, орон тоог харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтцэд оруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлэхийг хүсчээ.

 

Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Швейцарийн хөгжлийн агентлагт 2017 оны 2 дугаар сарын 13-ны 3/447 тоот албан бичгээр Залуучуудын хөгжил төсөл 2018 оны 6 сар хүртэл үргэлжлэх талаар мэдэгдсэн байна.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн Б.Жаргалсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д байгууллагын орон тоо хасагдсан бол 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах юм.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөгжлийн албыг 4 мэргэжилтэн, 1 ахлах мэргэжилтний орон тоотой байхаар баталсан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтцэд оруулж төслийг 2018 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэх байхад орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь эрхийн акт хууль зүйн үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Жаргалсайханыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны 3/678 тоот албан бичгээр “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр 2013-2017” төсөл үргэлжлэх талаар мэдэгдэж, Залуучуудын хөгжлийн төвийн 2017 оны төсвийн задаргаа, ажилтнуудын цалин, холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн байна.

 

Энэхүү зөвлөмжөөр нийгмийн ажилтны цалинг 669.367 төгрөг байхаар тусгасныг нэхэмжлэгч нь үндэслэн цалин олговрыг гаргуулна гэж тайлбарлаж байх ч хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойно бий болсон үйл баримт тул 669.367 төгрөгөөр тооцох боломжгүй. 

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрээр түүнд сүүлийн 3 сард олгогдсон цалингийн дундажийг /727.465+617.912+635.135/ тодорхойлж, 660.170 төгрөгийг ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт 1.980.512 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 46.638 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Боржигин овогтой Бямбаагийн Жаргалсайханыг /РД:ГЮ87031017/ Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвд Нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

  

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.980.512 /нэг сая есөн зуун наян мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан Б.Жаргалсайханд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 46.638 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ