Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01496

 

Б.Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1523 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ж-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар орж ажилласан. Ажил олгогчоос тус хэлтсийн нийгмийн ажилтны албан тушаал байхгүй болсон тул ажлаас халах тухай 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдэж, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Энэ тушаалд дурдсанаар тухайн хэлтсийн шинээр батлагдсан бүтцээр нийгмийн ажилтны орон тоо хасагдсан гэх боловч бодит байдалд ажлын байрны чиг үүрийг өөрөөр нэрлэсэн албан тушаалд хэвээр хадгалж үлдээн өөр хүнийг авсан.

Хуучин бүтцээр 11 орон тоотой байсныг шинэчлэгдсэн бүтцээр 15 болгон нэмэгдүүлснээс үзэхэд нийгмийн ажилтны ажлын байрны орон тоо хасагдах бус харин ажлын байрны нэрийг өөрчилсөн төдийгөөр намайг халж, өөр хүнийг ажилд авах зорилготой нь тодорхой харагдаж байна. Ажил олгогч ажлаас халах тухай мэдэгдлийг танилцуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 19-нд танилцуулж, 29 хоногийн дараа тушаалыг гаргасан.

Дээрх үндэслэлүүдээр ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр хууль зөрчиж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин олговор гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэс Б.Ж-тай 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/832 дугаар захирамжаар дүүргийн ЗДТГ-ын бүтэц, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах хэлтэс албадын бүтэц орон тоог батласны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/11 тоот Засаг даргын захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц орон тоог баталсан.

Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нь хэлтсийн зохион байгуулалтад орж бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтны орон тоо хасагдсан тул түүнийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч мөн хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тухай ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх гэснийг зөрчөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулж, 02 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлсөн. Байгууллага хууль бусаар ажлаас чөлөөлөөгүй, орон тоо хасагдсан тул ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Ж-ыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1 980 512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 46 638 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1523 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх Б.Ж-ыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн орон тооны ажилтан мэтээр дүгнэлт хийжээ. Гэтэл нь 2013-2017 оны хооронд МУ-ын Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийн байгуулагдсан. Энэ НҮБ-ийн Хүн амын сан, МУ-ын ХАХНХЯамтай хамтран ажиллах санамж бичиг, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдоно.

Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг ХУД-ийн ГБХЗХХ-т өмнө нь болон 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ХУД-ийн Засаг даргын А/11 дугаар захирамжаар тус хэлтсийн бүтэц орон тоо баталсан бүтцэд нийгмийн ажилтны орон тоо байхгүй болно. 2017 оны 01 дүгээр сард тус хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа зогссон, хэлтсийн бүтэц орон тоонд нийгмийн ажилтны орон тоо батлагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж 1 сарын тэтгэмж олгосон. 04 дүгээр сарын 01-нээс Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах төсөл хэрэгжиж, ажилд эгүүлэн авах боломжтойг хэлсэн тухайн үед Б.Ж-ыг Солонгос улсад ажиллаж байсан тул буцаан авах боломжгүй болсон. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа зогсож санхүүжилтгүй байх үеийн цалинг эргүүлж авна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх байдлыг дүгнэн үзвэл шүүх хэргийг тал бүрээс нь шүүгээгүй нэг талыг барьсан байна гэж үзэж байна.

Иймд ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ж- нь хариуцагч Хан-уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах, нийгмийн  болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б\06 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ж-ыг нийгмийн ажилтны ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлажээ. Ажил олгогч тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн дээрх тушаалд “хэлтсийн шинэчлэгдэн батлагдсан бүтцээр “нийгмийн ажилтан” албан тушаал байхгүй болсон тул” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан буюу нийгмийн ажилтны орон тоо ажил олгогч байгууллагын бүтцэд угаас байсан гэх байдал тогтоогдоогүй байгааг шүүх анхаараагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А\11 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бүтэц 11 орон тоотой байсныг 15 болгон баталсан гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан эсэхийг бодитоор дүгнэж чадаагүй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Ж- нь Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан ба Залуучуудын хөгжлийн төв нь өөрөө Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн \хуучин нэрээр\ бүтцэд орж байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна. Монгол Улсын Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2017 оны хооронд Залуучуудын хөгжлийн төвийг байгуулсан байх ба энэхүү төвийн үйл ажиллагааны талаар НҮБ-ийн Хүн амын сан болон Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулагджээ.

Дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн \хуучин хэрээр\, мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн \шинэ нэрээр\ бүтэц орон тоог баталсан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А\11 дүгээр захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А\389 дүгээр захирамжийн хавсралтад Залуучуудын хөгжлийн төв, уг төвийн нийгмийн ажилтны орон тоо тусгагдаагүй байна. Тухайн байгууллагын бүтэц, орон тоог тодорхойлсон өөр баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ж-ыг Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтнаар 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс туршилтын 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах тухай Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн захирлын 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б\8 дугаар тушаал хэрэгт авагдсан байна. Гэтэл уг тушаалын дагуу 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааг 4 жил гэж тодорхойлжээ. Түүнчлэн уг хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалингийн хэмжээг “төслөөс цалинжих” гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр цомотгогдсон эсэхийг, улмаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийхийн тулд тухайн ажлын байр ажил олгогч байгууллагын бүтэц, орон тоонд хамаарч байсан эсэх, тухайн орон тоог байнгын ажлын байр гэж үзэх эсэхийг тодорхой болгох шаардлагатай болно.

Хугацаатай төслийн ажилтны ажлын байрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй юм. Байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил хамаардаг ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил нь дээрх шинжийг агуулж байсан ч төсөл өөрөө байнгын бус буюу тодорхой хугацаатай хэрэгжих үйл ажиллагаа тул төслийн ажилтнуудын ажиллах хугацаа уг төслийн хугацаанаас шууд хамаарах учиртай.  Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг төслийнх гэж үзэх эсэх, уг төслийн хугацаа сунгагдсан эсэх, төслийн нэгжид хамаарах ажлын байр төрийн орон нутгийн байгууллагад шилжсэн эсэх асуудлыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэлтэй хэрэглэсэн эсэхийг нь хяналтын шатны шүүх дүгнэх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01148 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1523 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН