Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01291

 

2017 оны 06 сарын 05 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01291                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, “Ариг банк” ХХК-ийн /РД:2111683/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Чингисийн өргөн чөлөө, КН апартмент, 6А байр, 11 тоотод оршин суух, Тэрт овогтой Эрдэнэбилэгийн Цогхүүд /РД:ЧС85122091/ холбогдох,

 

12/17 тоот Зээлийн гэрээг цуцалж, 212.802.999 /хоёр зуун арван хоёр сая найман зуун хоёр мянга есөн зуун ерэн ес/ төгрөг гаргуулах, Э.Цогхүүг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, Д.Санчир, хариуцагчийн өмгөөлөгч Б.Улаанбаатар, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Ариг Банк” ХХК нь Э.Цогхүүтэй 2012 оны 4 сарын 27-ны өдөр дугаар 12/17 тоот Зээлийн гэрээ байгуулж, 168,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Гэвч Э.Цогхүү нь зээлийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас хойш огт төлөөгүй тул гэрээний 4.2.3 дахь заалтыг үндэслэн банк нь Иргэний хуулийн 225, 227 дугаар зүйл, 12/17 тоот зээлийн гэрээ заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн үлдэгдэл 151,711,257 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 60,556,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 525,543 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 212,802,999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, БГД-ийн 10 хороо, Зүүн Нарангийн 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 3 сард БГД, 10 хороо Зүүн Наран 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрыг /Г-2205003585/ худалдах тухай зарын дагуу “Эрэл” банкны зээлийн эдийн засагч О.Анхбаяртай уулзахад 240 сая төгрөгөөр худалдах гэж байгааг мэдэгдсэн. Обьектыг зээлээр худалдах, худалдан авах талаар банкинд санал тавихад Банкны тухай хууль болон БЭБХЭМХ,ТТ,3-ийн үйл ажиллагааны тухай хуулиар “банк нь үл хөдлөх хөрөнгө худалдан ашиг орлого олох эрхгүй”, “банк үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь хуульд харшлах тул зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэсэн тайлбарыг өгч, банкнаас зээл аван обьектыг авах гэсний дагуу зээлэхээс өөр аргагүй байдалд орж, 2012 оны 4 сарын 18-ны өдөр урьдчилгаа 30 хувь болох 72 сая төгрөгийг ээжийнхээ орон сууцыг зарж бүрдүүлэн банкинд төлж, үлдэх төлбөр 168 сая төгрөгийг 10 жилийн хугацаанд 1.9 хувийн хүүтэй зээлсэн. Хэрэв зээлээр худалдан авах гэрээ байгуулан авсан бол 240 сая төгрөг төлөх, банкны зээлийн гэрээний дагуу төлөх графикаар 96 сая төгрөг төлөх ёстой, гэтэл зээлийн гэрээгээр одоо 206 сая төгрөг төлсөн. Банкны зээлээр орон сууц худалдан авахад банкнаас мөнгийг шилжүүлснээр худалдан авч буй орон сууцны өмчлөх эрх худалдан авагчид шилжин, орон  сууцаа банкинд барьцаалдаг тогтсон жишиг байдаг ч банк өмчлөх эрхийн гэрчилгээг одоог хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Банкны 2012 оны 4 сарын 27-ны өдрийн 1217 тоот “Зээлийн хорооны гишүүдийн шийдвэр”-ээр уг объөктын 40 хувь буюу 96 сая төгрөгийг банкинд урьдчилан төлсөн тохиолдолд миний нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэнэ, сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгох боломжгүй гэснээр 168 сая төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлэхээс өөр аргагүйд хүрч “Зээлийн гэрээ” болон “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ” байгуулсан ба зээлийн гэрээг зээлээр худалдан авах гэрээ гэж ойлгож болно. Учир нь банкнаас олгох зээлийн гэрээ нь ИХ-ийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг бүхэлд нь агуулсан хэмээн банкны зүгээс тайлбарласан. Миний хувьд амины орон сууцыг худалдан авах худалдан авах сонирхол маш их байсан тул урьдчилгаанд 72 сая төгрөг банкинд төлсний дараа анх худалдах үнийг 5 дахин нугалж төлөх талаар санаа зовинож гэрээнээс татгалзаж төлсөн төлбөрөө буцаан авахад ихээхэн хүндрэл учрах магадлалтай, нөгөө талаас амины орон сууц нь “Ариг банк” ХХК-ны өмч тул /хуурч төөрөгдүүлэхгүй байх/ зээлээр худалдан авч байна гэж ойлгон “Зээлийн гэрээ”, “Санхүүгийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Хариуцагч нь 2012 оны 4 сарын 27-ноос 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл нийт 206.150.350 төгрөг төлж байгаад банкны эдийн засагч солигдсон, объектын үлдэгдэл төлбөрийг тулган баталгаажуулалт хийх талаар хэлэхээр банкинд очиход Зээлийн хувийн хэрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хууль ёсны өмчлөгч нь Д.Төмөрхүү болохыг мэдсэн. Зээлийн гэрээний 1.1-д “Зээлдэгч нь худалдан авсан нийтийн орон сууцны зориулалттай объектын үнийн дүнгийн 40 хувийг банкинд бүрэн төлснөөр банк объектыг зээлдэгчийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ үйлдэх болно’’ гэж заасан гэрээний үндсэн нөхцөл нь бодит байдал дээр огт хэрэгжих боломжгүй ба би объектын үнийн дүнгийн 40 хувь болон үлдэгдэл төлбөрийг банкинд бүрэн төлсөн ч банк уг худалдан авагч миний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй юм. Учир нь ЭХӨЭТХЭХБЭУБтХ-ийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр 1 этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно", 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана" гэж заасан тул миний бие объектын хууль ёсны өмчлөгч иргэнтэй “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” огт байгуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 72 сая төгрөг бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлээгүй, банкнаас үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмнөөс худалдан борлуулах, захиран зарцуулах, барьцаалах итгэмжлэл, баталгаа “Зээлийн хувийн хэрэг"-т байхгүй болно. Банкинд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаанд Төмөрхүүд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөөс болж амь нас нь эрсдсэн тохиолдолд түүний үр хүүхэд, өв, эд хөрөнгө залгамжлагчаас миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй талаар мэдэгдэж, объектыг бусдын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хангагдсан тохиолдолд би 2015 оны 4 сарын 27-ныг хүртэл банкинд төлсөн 206.150.350 төгрөгөөр зогсохгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болох бодит эрсдэл нүүрлэх магадлалтайг ойлгосон. “Зээлийн гэрээ” нь “Зээлээр худалдан авах” гэрээ болох нэг нотолгоо нь Монгол Улсын Зээлийн мэдээллийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжээс ямар нэгэн арилжааны тодорхой хэмжээний зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн мэдээллийн бүртгэж оруулах үүрэгтэй ч банк бүртгүүлээгүй байдал юм. Хэрэв гэрээ нь “Зээлийн гэрээ" байсан бол 2 тал хүлээн зөвшөөрч дээрх хууль болон “Зээлийн мэдээллийн сангийн журам”-д заасны дагуу зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 2012 оны 4 сард оруулах боломжтой байсан. Тус эрсдэлтэй хүчин зүйлээс шалтгаалж 2015 оны 4 сард банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, хуулийн зөвлөх Хүрэлбаатар нартай уулзаж, зээлээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.Төмөрхүүгийнх болох, урьдчилгаа төлбөр болон 134.150.350 төгрөгийг банкинд төлж байсан, цаашид объектын үлдэгдэл төлбөрийг банкинд төлөх үндэслэлгүй, учир нь хууль ёсны өмчлөгчтэй “Зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг Төмөрхүүд төлөөгүй нь худалдан авагчийн хувьд маш их эрсдэлтэй байгаа тул өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх эсвэл шүухээр асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагыг тавьсан. Гэвч Гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь гэрээнд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 40 хувь буюу 96 сая төгрөг төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр минь улсын бүртгэлд бүртгүүлнэ, банк аливаа өмчлөлийн зүйлс болох газар болон үл хөдлөх эд хөрөнгийг гүйцэтгэх захирлын нэр дээр гаргуулан бүртгэдэг, тухайн объектын хууль ёсны өмчлөгч банк бөгөөд гэрчилгээгээр миний нэр дээр бүртгэгдсэн байгаа нь үнэн, миний шаардлагыг Зээлийн хорооны гишүүдийн хурлаар оруулах боловч зээлийн хороог би ахалдаг тул шаардлагыг чинь биелүүлэх боломжгүй гэдгийг урьдчилан хэлж, би гэрээний дагуу явна, чи бизнес хийдэг хүн, шүүхээр маргаан үүсгэвэл дахин Монголд чамд бизнес хийх боломжгүй болгож чадна, би Монголын Банкуудын Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд бусад банкуудтай харилцахад хар тамга дарж чадна гэсэн тайлбар өгч, дарамталсан байр сууринаас хандсанаар би гэрээнээс татгалзаж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Объект нь ЭХӨЭТХБЭУБтХ-ийн 4.1-д "өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж авснаар баталгаажна”, 4.3-т “үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө, өмчлөх эрхтэй холбоотой энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж заасан тул банк бус, Д.Төмөрхүүгийн өмч болох нь тодорхой. Банкны тухай хуулийн 34.1-т “Банкны гүйцэтгэх удирдлага гэрээний үндсэн дээр ажиллана" гэж, Компанийн тухай хуулийн 83.6-т гүйцэтгэх удирдлага нь ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигдийн хурал/-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна гэж заасан ба Д.Төмөрхүү нь банктай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа, банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн бус тул түүний нэр дээрх үл хөдлөх болон бусад хөрөнгө нь түүний хувийн өмч юм. Мөн хуулийн 83.1-т “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна" гэж заасан ба Д.Төмөрхүүд объект, газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэх тухай банкны ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн албан ёсны ямар нэгэн шийдвэр байхгүй, Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 сарын 23-ны өдрийн албан бичигт Ч.Энхбат, Ш.Оюунцэрэн нараас 2011 оны 12 сарын 01-ний өдрийн “Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдан авах гэрээ”-ээр өмчлөх эрх тус бүрийг 1.500.000 төгрөгөөр шилжүүлж авсан байдаг. “Ариг банк” ХХК нь 2012 оны 4 сарын 27-ны өдөр байгуулсан “Санхүүгийн түрээсийн барьцааны гэрээ” нь хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн ба үүргийн гүйцэтгэл хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгчийн бусад эд хөрөнгөөр төлүүлэх зорилгыг агуулж байсан нь нотлогдоно. Миний банкинд хувийн орон сууцны урьдчилгаа төлсөн 72 сая, үлдэгдэл 168 сая, нийт 240 сая төгрөгийг Ч.Энхбатын данс руу зээлийн эдийн засагч нь дур мэдэн БЭБХЭМХ, ТТ, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.3-т “төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчиж хууль бусаар шилжүүлсэн байсныг 458 дугаар шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр гүйлгээ хийснээ хүлээн зөвшөөрсөн. Банк төлсөн 206.150.350 төгрөгийг буцааж өгөх ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ариг Банк” ХХК нь хариуцагч Э.Цогхүүд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 212.802.999 төгрөг гаргуулах, Э.Цогхүүг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын өмчлөгч болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь банктай зээлээр худалдах, худалдах авах гэрээ байгуулах байтал зээлийн гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцэл, мэдээллийн санд бүртгүүлээгүй, барьцаагүй зээл олгосон нь хууль зөрчсөн тул хийсэн өдрөөсөө хүчин төгөлдөр бус гэж маргав.

 

“Ариг Банк” ХХК нь Э.Цогхүүтэй 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дугаар 12/17 тоот Зээлийн гэрээ байгуулж, 168 сая төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан, гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуусах бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.  

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд гэрээнд гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхойлсон хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор заасан байна.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн хяналтын хуудсаар хариуцагчид 2014 оны 5, 6, 8 саруудад гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилсан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заажээ.

Зээлийн дансны хуулга болон зохигчийн тайлбараар хариуцагч нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зохих ёсоор биелүүлж байсан, үүнээс хойшхи хугацаанд зээлийн гэрээний дагуу үүргийг шаардсан, урьдчилан сануулсан буюу гэрээг цуцлах талаар мэдэгдсэн болон зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаа олгосон гэж үзэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Гэрээнээс аль нэг татгалзах санал гаргах бол нөгөө талдаа мэдэгдэх, санал гаргаагүй тал татгалзах хугацааг тогтоохоор Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасан журмыг нэхэмжлэгч нь зөрчсөн байх тул 204.2-т зааснаар гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Талууд Зээлийн гэрээний 4.2.3 дахь заалтаар зээлдэгч зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахаар тохирсон байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний энэхүү заалтаар нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцална гэж шаардлагын үндэслэлээ болгож байгаа боловч гэрээний тухайн заалт нь Иргэний хуульд заасан нөгөө талдаа мэдэгдэх, нэмэлт хугацаа тогтоох журамд нийцүүлэн ойлгох тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч нь зээл, зээлийн хүү төлөх үүргээ шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгч “Ариг банк” ХХК нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзэв.

 

 “Ариг банк” ХХК нь Э.Цогхүүг 2015 оны 5 дугаар сараас зээлийн төлбөрийг огт төлөөгүй гэж тайлбарласан тул Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваариар хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэхэд 150.393.053,72 төгрөгийн үлдэгдэлтэй, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөр зээлээс 133.803.206,28 төгрөгийн үлдэгдэлтэй байх байсан тул энэ хугацааны хариуцагчийн үндсэн зээл төлөх үүргийг тодорхойлж болох юм.

 

Өөрөөр хэлбэл 150.393.053,72 - 133.803.206,28 = 16.589.847.44 төгрөгийг Э.Цогхүү нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Зээл, түүний хүүг буцаан төлөх хуваариар хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэхэд 150.393.053,72 төгрөгийн үлдэгдэлтэй байхаар тохиролцсоноос Э.Цогхүүгийн Зээлийн дансны хуулга баримтаар зээл олгосон өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 151.711.257.06 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул байна.

 

Дээрх хуваарийн дагуу хариуцагчийн зээлийг төлснөөр үлдэх байсан үлдэгдлээс тооцоо хийсэн өдрийн үлдэгдлийн зөрүүг хүүний төлбөрт тооцох нь зүйтэй бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар үндсэн хүүний төлбөрт 1.318.203,34 төгрөгийг /151.711.257.06 - 150.393.053,72/ төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба талуудын байгуулсан гэрээний 1.9 дэх заалтаар нэмэгдүүлсэн хүүг тохирсон байх тул зээлийн төлөдөөгүй үндсэн хүү 1.318.203,34 төгрөгийн 20 хувиар тооцож 263.640,66 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд төлөх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Цогхүүтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээнээс учирсан хохиролд 194.631.307,56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Э.Цогхүүгээс /16.589.847,44 + 1.318.203,34 + 263.640,66/ нийт 18.171.691,44 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Э.Цогхүү нь 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Эрэл” банкинд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад шаардлагатай байгаа 168 сая төгрөгийг олгох хүсэлтээр зээлийг олгож, хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр болох талаар дүгнэж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 67 тоот тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагчийн гэрээ хүчин төгөлдөр бус талаар татгалзал нь үндэслэлгүй юм.

 

Баянгол дүүрэг, 10 хороо Зүүн Нарангийн 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж /Ү-2205036217, 80 хувийн гүйцэтгэлтэй/, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрын /Г-2205003585/ хууль ёсны өмчлөгч нь Д.Төмөрхүү байна.

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд Д.Төмөрхүүгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Цогхүүгийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргахад өмчлөгчөөс түүнд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байх бөгөөд хэрэгт гаргаж өгсөн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Итгэмжлэлээр нэхэмжлэл гаргах эрхийг “Ариг банк” ХХК-д бус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнд олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Д.Төмөрхүүг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд болох “Ариг банк” ХХК нь Д.Төмөрхүүгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг Э.Цогхүүгийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэлээр гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг хэлэлцэхэд тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарын хүрээнд түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1.221.966 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 248.808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн гэрээг цуцалж, 194.631.307,56 төгрөгийг хариуцагч Э.Цогхүүгээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Тэрт овогтой Эрдэнэбилэгийн Цогхүүгээс /РД:ЧС85122091/ зээлийн гэрээний үүрэгт 18.171.691 /арван найман сая нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д /РД:2111683/ олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар БГД-ийн 10 хороо, Зүүн Нарангийн 18 гудамж, 61 а тоотод байрлах 411 м2 хувийн орон сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 142 м2 өмчлөлийн газрын өмчлөгчөөр Э.Цогхүүг тогтоолгохыг хүссэн “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 1.221.966 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 248.808 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ