Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          прокурор Т.Оюунжаргал,

          шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Ц.Амар

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1709 0056 91142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... тоотод оршин суух, /РД:.............../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 422 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Э- нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-аас 382.694 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-т олгож, хохирогч Д.Б- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хохирогч Д.Б-т 382.694 төгрөг болон нэмж 2.000.000 төгрөгийг анхан шатны шүүх хуралдааны дараа төлсөн тул хохирогч Д.Б-т төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй болно.

Миний бие эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг ба 4 настай, 1 нас 3 сартай хүүхэдтэй. Эхнэр “Мон Бакери” ХХК-д ажилладаг байсан боловч намайг гэмт хэрэгт холбогдсоноос хойш ажлаасаа гарсан.

Хохирогч Д.Б-ын эрүүд мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсандаа миний бие харамсаж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна.

Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Г.Э-ын зүгээс хохирогчид учруулсан 390.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Э- нь 2017 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ыг мөнгөө төлсөнгүй гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн талын хөндий дэх хий, шингэн /цус/ хуралдалт, бүсэлхийн L3 дугаар нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-ын “... уг автомашины урд суудал дээр хоёр хүүхэд сууж байсан. Гэхдээ би автомашинд суугаад л цааш нь санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд намайг тэр залуучууд “буу” гээд  байх шиг байсан. Тэгтэл жолоочийн хажууд сууж байсан өндөр залуу хойшоо хараад намайг цохиод байсан. Автомашинаас намайг чирч буулгаад газар унаган дэвсэж, өшиглөж зодсон ...” /хх 16-18, 23, 24-25/,

гэрч Д.С-ын “... Эрка ах араас нь очоод “ахаа мөнгөө өгөөч ээ” гэсэн чинь “тэгвэл намайг хүргэх газарт хүргэж өг” гэж хэлээд буцаад автомашинд суусан. Гэтэл ард “тамхи өг” гэж хэлж, миний нүүр лүү нэг удаа цохисон. Эрка ахын хоолойг араас нь боосон бөгөөд Эрка ах арай гэж гарыг нь тавиулаад “та яагаад байгаа юм бэ” гэсэн чинь нүүр лүү нь мөн 1 удаа цохисон ... Эрка ахын хоолойг боох үед хариу үйлдэл үзүүлж, нөгөө хүнийг цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна ...” /хх 68/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Б-ын биед зүүн талын 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн талын хөндий дэх хий, шингэн /цус/ хуралдалт, бүсэлхийн L3 дугаар нугаламын баруун талын хөндлөн сэртэн зөрүүгүй хугарал, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дугаар зүйлд зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн 10161 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий ялллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э-ын “... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э- нь анхан шатны шүүх хуралдааны дараа хохирогч Д.Б-т 382.694 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 03 жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Э- нь хохирогч Д.Б-т 382.694 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

                 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ