Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2016/0663

 

 Ч.Д*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ч.Д*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д*******ын нэхэмжлэлтэй, С*******нд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С*******ны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Д******* намайг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг С*******нд даалгаж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Д*******ын С*******нд холбогдуулан гаргасан “С*******ны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолын Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Ч.Д*******ыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг С*******нд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх... хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

С******* нэр дэвшигч Ч.Д******* болон Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас ирүүлсэн бичиг баримтыг нуун дарагдуулж шүүхэд гаргаж өгөөгүй гэдэг нь дүүргийн сонгуулийн хороонд бичиг баримтыг шалгаж, тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсаны дараа хийсэн хурлын аудио бичлэгт тодорхой бичигдсэн гэдгийг сонгуулийн хорооны гишүүн мэдэгдсэн.

Тухайн бичлэгт бичиг баримтыг бүртгэж авахдаа бүрэн гүйцэд байсан, дүүргийн сонгуулийн хороо, шүүхэд зориудаар хуурамч мэдээлэл өгсөн, бичиг баримтыг нуун дарагдуулсан, бичиг баримтыг бүрэн байсан гэдгийг сонгуулийн хорооны хурлын протоколд тусгаагүй бөгөөд шүүхээс үзлэг хийхэд дүүргийн сонгуулийн хороо бичиг баримтыг хүлээж авахдаа хийсэн бичлэгээ өгөөгүй.

Сонгуулийн хорооны дээрх зөрчлүүд шүүхэд болон нэхэмжлэгчид мэдэгдэх боломжгүй байсан бөгөөд энэ нь дүүргийн сонгуулийн хорооны гишүүний хийсэн бичлэгээс тодорхой болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Учир нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд маргааны үйл баримтыг тогтоох, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Хэргийн оролцогч нар “Нэхэмжлэгч, орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Д******* нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан “...ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”-ыг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд ирүүлсэн эсэх” талаар маргажээ.

Хэрэгт дээрх үйл баримттай холбоотой Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас тус дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай” 16/48 тоот албан бичиг, түүний хавсралт, нэр дэвшигч Ч.Д*******ын 2016 оны орон нутгийн сонгуульд бүртгүүлэхээр бүрдүүлсэн материал, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэл зэрэг баримтууд авагдсан байх боловч эдгээр баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “нэр дэвшигч Ч.Д*******ын материал бүрэн байсан талаар Сонгуулийн хорооны хуралдаанд яригдсан боловч хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, харин хурлын аудио бичлэгт тодорхой бичигдсэн” гэж тайлбарлаж байх тул уг хурлын аудио бичлэгийг хэрэгт авсны дараа нэхэмжлэгчийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан баримт бичгийг Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд бүрэн ирүүлсэн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зөв юм.

Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 744 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН