| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 133/2018/00100/И |
| Дугаар | 001/ХТ2020/00551 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2020/00551
Д.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дүгээр шийдвэр,
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Д.Г-
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох
Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Х-, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-10-17-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 52.865.006,76 төгрөгийг Ч.Х-, Д.Г- нараас гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэр гарч тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бид зээлийн барьцаанд 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 кв.м 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 кв.м талбайтай 15 жил эзэмших эрхтэй газар, 2 контейнер, 20 тонны даацтай саарал өнгөтэй төмөр чингэлэг зэргийг барьцаалсан юм. Тус албан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг миний хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанаас эхлэн бүхэлд нь зөрчин Д.Г- миний оролцогч байх эрхийг хангаагүй. Тухайлбал зөвхөн нэг заалтыг дурдахад мөн хуулийн 55.1-д ...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө” гэжээ. Гэтэл надаас үнийн санал аваагүй, мөн хуулийн 55.3-т ...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө..., мөн хуулийн 66.3-т шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлээгүй болно. Мөн төлбөр төлөгч миний нөгөө тал болох Ч.Х-д Д.Г- би өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг Иргэний хуульд заасны дагуу олгоогүй болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4-р зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг зөрчин миний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй явуулсан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн зохион байгуулсан 2017-10-20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-10-17-ны өдрийн 361 дүгээр шүүгчийн захирамжаар Д.Г-, Ч.Х- нараас 56.865.006,76 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Д.Г-, Ч.Х- нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Хас банк нь тус хэлтэст шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж 2016-11-08-ны өдрийн 16050577 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч Ч.Х-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэлтэй 90 м.кв талбайтай 3 өрөө, 34 м.кв 2 өрөө орон сууц, дэлгүүрийн зориулалттай барилгыг битүүмжлэн хурааж, Гэр бүлийн тухай хуулийн 71.1.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2017-01-26-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Д.Г-ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Ч.Х-г тогтоосон байх тул Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Тус хэлтэс нь төлбөр төлөгч Ч.Х-д 2017-05-02-ны өдөр шинжээчийн үнэлгээг мэдэгдсэн ба ШШГТХ-н 66.3-т заасны дагуу “Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасны дагуу Д.Г- Ч.Х- нар нь УБ хотод байсан тул ШШГТХ-н 14.4-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан “мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж зааснаар утсаар холбогдож мэдэгдсэн. Тус хэлтэс нь төлбөр төлөгч Ч.Х-д бүх ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 133/ШШ2018/00509 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Д.Г-, Ч.Х- нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн .. дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулсан 2017-10- 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Харнууд овогтой Дашдэлэгийн Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсан байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ч.Х-, Д.Г- нар Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтсээс түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан холбогдох нотлох баримтыг хуулбарлаж өгнө үү гэж амаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Иймд шүүхэд 2018-05-04-ний өдөр хүсэлт гаргахад хангаж шийдвэрлээгүй. Мөн уг хүсэлтийг дахин бичгээр Говь-Алтай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2017-12-26, 2018-01-15, 2018-09-20-нд тус тус гаргасан боловч мөн л гаргаж өгөөгүй. Иймд дахин 2018-10-09-ний өдөр шүүхэд .. анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан холбогдох бүх баримтыг хэргийн материалд хавсаргах шаардлагатай.. хэмээн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг үндэслэн тус Шүүхээс 2018-10-16-ны өдөр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гарсан бөгөөд захирамжинд нотлох баримтыг ИХШХШТХ-н 44.2-т заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасан. Гэтэл шүүх хурал дээр шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2018-10-29-ний өдөр ирүүлсэн 35 хуудас бүхий материал нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эдгээр нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж шүүх үзсэн. Иймд өмгөөлөгч би хэргийн материалаас ИХШХШТХ-н 44.2-т заасан шаардлага хангасан ХХ-6 буюу “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ХХ-29 Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХ-30 шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХ-32 “2017-10-06-ны өдрийн Мэдэгдэх хуудас”, ХХ-33 “2017-10-03-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж зөвхөн эдгээр баримт дээр тулгуурлан уг дуудлага худалдааг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэн эрх зүйн дүгнэлтээ хэлсэн. Тухайлбал шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нь ШШГТХ-н 13-г зөрчсөн. Мөн хуулийн 55.3.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. 5.1. Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. 66.3. Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. Эдгээр заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлэн ажиллаагүй өөрөөр хэлбэл төлбөр төлөгч Д.Г-ын Монгол улсын Үндсэн хууль болон ШШГТХ-р олгогдсон эрхээр хангаагүй төдийгүй ШШГТХ-н дээрх заалтыг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд процессийн алдаа гарган явуулсан байна. ХХ-32 “2017-10-06-ны өдрийн Мэдэгдэх хуудас” Уг мэдэгдэх хуудсанд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа ИХ-н 177.4-д заасан хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 52 621 394 төгрөгийн 70 хувиар буюу 26 310 697 төгрөгөөр 2017-10-20-ны өдрийн 10 цагт болох тухай төлбөр төлөгч Д.Г-од мэдэгдээгүй, төлбөр төлөгч Ч.Х-д мэдэгдсэн байна. Гэтэл ИХ-н 177.4 Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэж заасан байна. Иймд дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна. Учир нь Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол нь 2017-10-03-ны өдөр гарсан байх бөгөөд хуудас 2017-10-06-ны өдрийн “Мэдэгдэх хуудас” аар төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнийн дүнгийн хуульд заасан 50 хувиар биш 70 хувиар тооцон дуудлага худалдаанд оруулахаа тус хэлтсийн тасгийн дарга ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунтуяа, 20-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Цэгмид нар төлбөр төлөгч Ч.Х-д мэдэгдсэн байх юм. /төлбөр төлөгч Д.Г-од мэдэгдээгүй/ ШШГТХ-н 7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэтэл Шүүхээс энэ журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байсан. Өмгөөлөгч би шүүхээс үнэлэхгүй гэсэн нотлох баримт биш зөвхөн нотлох баримтын шаардлага хангасан эдгээр 4 баримт дээр ярихад л шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ийм их процессийн алдаа гарсан байсныг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судлуулсан төдийгүй хариуцагчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г-, Ч.Х- нараас зээлийн гэрээний үүрэгт 52 865 00, 76 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоо тогтоосон байна гэсэн. Гэтэл хэргийн материалд энэхүү захирамж байхгүй бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагчаас Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар өгсөн эсэхийг тодруулан асуухад өгөөгүй гэдгээ хэлсэн болно. Гэтэл яагаад шүүх байхгүй баримтыг байсан мэтээр үнэлж бичсэн нь ойлгомжгүй юм. Мөн үндэслэх хэсэгт 2017-10-03-ны өдрийн 10/11 тоот “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” гарч дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч оролцогчгүй байсан тул 2017-10-20-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн байх юм. Уг нь бол 2017-10-03-ны өдөр дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй шүү дээ ямар үйл баримтаар үүнийг тогтоосон юм. Шүүгч тус хэлтсээс ирүүлсэн нотлох баримтыг хуулийн шаардлага хангаж ирүүлээгүй үнэлэхгүй гэдгээ хурал дээрээ хэлсэн гэтэл ямар баримтыг үнэлээд ийм шийдвэр гаргасан эсэхэд гайхаж байна. Өмгөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан Тус албан дуудлага худалдааг зохион байгуулахдаа ШШГТХ-г миний хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанаас эхлэн зөрчсөнийг /Шүүгч нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн хх-68, хх-70 “Эд хөрөнгө битүүмжлэх акт”, “Эд хөрөнгө хураасан акт” -аар төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжлээгүй өөр хөрөнгө битүүмжилсэн байсан төдийгүй тус хэлтсээс ирүүлсэн материал нь бүхэлдээ ШШГТХ-г зөрчин явуулсан талаар шүүх хуралдааны явцад тодорхой хэлсэн. Мөн дуудлага худалдаанд оруулсан гэх төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрыг битүүмжлээгүй, хураагаагүй төдийгүй шинжээчид газар үнэлэх талаар үүрэг болгоогүй байхад шинжээч үнэлсэн байна. Гэтэл ямар үйл баримтыг хэрхэн яаж үнэлж Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн зохион байгуулсан 2017-10-20-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааг хуулийн дагуу зохион байгуулсан гэж шүүхээс үзсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхэд ирүүлсэн шүүх үнэлээгүй нотлох баримт гэх материалтай танилцахад ШШГТХ-н 71-г хангаж явуулсан буюу 2017-10-20-ны өдөр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан гэх баримт байхгүй байсан бөгөөд ямарч ойлгомжгүй хурлын протокол гэх баримт байсан болно. Мөн нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зөрчсөн эсэх талаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно. магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Г-, Ч.Х- нарын өмчлөлийн дээрх 62 мкв гал тогооны хамт 3 өрөө орон сууц 34 мкв 2 өрөө дэлгүүр, 20 тонн даацтай төмөр чингэлэг зэргийг битүүмжлэн хураажээ гэж дүгнэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн 2017-01-11-ний өдөр үйлдсэн “Эд хөрөнгө битүүмжлэх акт”-аар 3 өрөө 62 мкв, 2 өрөө дэлгүүр, контейнер гэх зүйл битүүмжилсэн харин 2017-01-27-ны өдөр үйлдсэн ” Эд хөрөнгө хураасан акт” -аар 90 мкв гал тогооны хамт 3 өрөө, 34 мкв 2 өрөө гэх зүйл хураасан байна. Өөрөөр хэлбэл битүүмжлэн хураасан хөрөнгө нь өөр өөр байгаа бөгөөд ШШГТХ-р нэр заасан хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсны дараа төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаа өгч тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн битүүмжилсэн хөрөнгийг хураан авч дуудлага худалдаанд оруулдаг. Гэтэл дуудлага худалдаанд оруулсан хөрөнгийн нэр, хөрөнгийн хэмжээ мкв, төрөл зориулалт нь шийдвэр гүйцэтгэгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх акт, “Эд хөрөнгө хураасан акт”, Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, хөрөнгө үнэлсэн шинжээчийн тайлан зэрэгт өөр өөр байдлаар бичигдсэн байна. Үүнээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд процессийн алдаа гарч дуудлага худалдаа хүчингүй болох нэг үндэслэл гарч байна. Мөн давж заалдах шатны шүүх нь Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ ШШГТХ-н 5.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж хуульчилсан. Гэтэл Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс төлбөр төлөгч нарын ямар хөрөнгийг ямар шүүхийн шийдвэрийн дагуу мөн уг хөрөнгө хэн хэний нэр дээр албан ёсоор байдаг эсэх, ямар зориулалтын хэдэн мкв үл хөдлөх хөрөнгө байдаг газар нь хэн хэний өмчлөл эзэмшилд байдаг талаар ямар ч баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүх ямар баримтыг үнэлээд ингэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй юм. Мөн талуудаас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд төлбөр төлөгч Ч.Х- , Хас банкны Говь-Алтай салбарын захирал Г.Жаргалсайхан нараас тухайн үед үнийн санал ирүүлж байжээ, мөн Ч.Х-д шинжээчийн дүгнэлт танилцуулсан байна гээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал өгөх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар тухай бүр төлбөр төлөгч Д.Г-, Ч.Х- нарт мэдэгдэж байсан гээд хавтаст хэргийн 89, 90, 98 дугаар хуудсыг шүүх дурджээ. Гэтэл эдгээр болон Говь-Алтай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс ирүүлсэн баримтад төлбөр төлөгч Ч.Г-ын оролцогч байх эрхийг хангасан ямарч баримт байхгүй билээ. Хамгийн гол нь төлбөр төлөгч Ч.Г- миний оролцогч байх эрхийг хангаагүй надад мэдэгдээгүй миний хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байхад юуг үндэслээд төлбөр төлөгч Ч.Г-ын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнээд байгаа нь өөрөө ойлгомжгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г-; Ч.Х- нараас зээлийн гэрээний үүрэгт 52 865 007 төгрөгийг гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгохоор тогтоож, 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017-01-11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх акт үйлдэн төлбөр төлөгч Ч.Х-, хөндлөнгийн гэрч Х.Чулуунхүү, Г.Хишигдэмбэрэл нарыг байлцуулан нэр заасан эд хөрөнгийг битүүмжилжээ гэж дүгнэсэн. Гэтэл уг хэргийн материалд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамж байхгүй ба тус хэлтэс нотлох баримтаар гаргаж өгөөгүй мөн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй билээ. Мөн давж заалдах шатны шүүхээс 2017-01-11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх акт үйлдэн төлбөр төлөгч Ч.Х-, хөндлөнгийн гэрч Х.Чулуунхүү, Г.Хишигдэмбэрэл нарыг байлцуулан нэр заасан эд хөрөнгийг битүүмжилжээ гэсэн. Гэтэл ШШГТХ-д хөндлөнгийн гэрч оролцох эрх үүргийг болон шийдвэр гүйцэтгэгчийн заавал хийх ажиллагааг хуульчилсан. Тухайлбал ШШГТХ-н 41-р зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах талаар хуульчилсан.. Г-ын Ураншүр гэх төлбөр төлөгчийн хүүхдийг хөндлөнгийн гэрчээр байлцуулсан нь ШШГТХ-н 41.3-г зөрчсөн. Мөн эдгээр хүмүүст хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар санал гаргах эрхтэй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн эцэг эхийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаарыг тусгаагүй, хөндлөнгийн гэрч өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй байдгийг тайлбарлан танилцуулсан баримт байдаггүй болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Г-, Ч.Х- нарын хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа ШШГТХ-г зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд процессийн алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн тус аймгийн анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзээд хэлэлцээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ШШГТХ-г баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Г- 2018-02-27-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ...-р байрны ард байрлах Д.Г-, Ч.Х- нарын өмчлөлийн орон сууц дэлгүүрийн зориулалттай 62 кв.м. гал тогооны хамт 3 өрөө сууц., 34 кв.м 2 өрөө дэлгүүр,үйлчилгээний зориулалттай барилга, 96 кв.м талбай бүхий 15 жил эзэмших эрхтэй газар-г 2017-10-20-ны өдөр дуудлага худалдаанд оруулах 2017-10-03-ны өдрийн 10/11 дугаартай дуудлага худалдааг хүчингүй болгох...” -г шаарджээ.\хх1\
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.\хх21\
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. “...2016-10-17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамж байхгүй...тус хэлтэс нотлох баримтаар гаргаж өгөөгүй...гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаггүй...” гэсэн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2016-11-08-ны өдрийн 577 \16050577\ дугаартай тогтоол \хх 27\-р шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн байх бөгөөд энэ нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаар захирамжийн дагуу хийгдсэн нь 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудас \хх 120\ болон 2017-02-03-ны өдөр гаргасан Ч.Х-гийн \хх 31\ хүсэлтэд буй мэдээллээр нотлогджээ.
Тодруулбал, 2017-02-03-ны өдөр төлбөр төлөгч Ч.Х-гийн үнийн талаарх хүсэлтэд “...шүүхийн 2016-10-17ны өдрийн 361 дугаар захирамж, 16050577 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу...” ажиллагаа хийгдэж буй талаар, 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудас \хх120\-т “...Ч.Х-, Д.Г- нараас 52,865,006.76 төгрөг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгохоор Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн...” талаар тус тус тодорхой дурдагдсан байх бөгөөд үүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.
Түүнчлэн, Ч.Х-, Д.Г- нараас 52,865,006.76 төгрөг гаргуулан Хас банкны Говь-Алтай салбарт олгох тухай 361 дугаартай захирамжийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016-10-17-ны өдөр гаргаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэний шүүхийн шийдвэргүйгээр явуулсан гэж бус, харин шийдвэрийг хариуцагч гаргаж өгөхгүй \хх 61-63\ байгаа буюу хэрэгт авагдаагүй гэсэн агуулгаар маргаж байгаа тул энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасан үндэслэлд хамаарахгүй юм.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016-10-17-ны өдрийн 361 дугаар захирамжийн дагуу явуулж байгааг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул уг баримт хэрэгт авагдаагүй байдлыг шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.4., 167 дугаар зүйлийн 167.1.5.,168 дугаар зүйлийн 168.1.3.,172 дугаар зүйлийн 172.2.2-т нийцэхгүй байна.
2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгч Л.Г-од мэдэгдээгүй гэх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ч.Х-, Д.Г- нар төлбөр төлөгч байх бөгөөд Ч.Х-г Д.Г-ын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай А/10 дугаартай захирамж \хх28\-г Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг дарга 2017-01-26-ны өдөр гаргасан байна.
Хариуцагч нь 2016-11-01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудас \хх 120\-т 2016-11-08-ны өдөр 577 \16050577\ дугаар тогтоол \хх 27\-р шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг төлж барагдуулах талаар 2017-01-27-ны өдрөөс буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын 2017-01-26-ны өдрийн А/10 дугаартай захирамж гарснаас хойшхи ажиллагааны талаар Ч.Х-д мэдэгдэж байсан тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3., 32.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын 2017-01-26-ны өдрийн А/10 дугаар захирамжийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүйгээс гадна уг захирамжийн агуулга нь энэ хэргийн маргааны зүйл биш байна.
3. Анхан шатны шүүх үнэлээгүй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлсэн гэх гомдол магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.
Ч.Х- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтуудыг хуулбарлан хэрэгт хавсаргах хүсэлтийг шүүхэд 2018-10-09-ний өдөр гаргасан \хх60\ -г шүүх 2018-10-16-ны өдрийн 133/ШЗ2018/01673 дугаар захирамж \хх 64\-р хангажээ.
Хариуцагч нь захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг шүүхэд ирүүлсэн \хх70-113\ боловч эдгээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4-г зөрчөөгүй байна.
Д.Г- нь 2017-10-20-ны өдрийн “...хоёрдахь дуудлага худалдаа..”-г хүчингүй болгох шаардлага гаргасан байх бөгөөд энэ шаардлагын талаар хэрэгт буй баримтын хэмжээнд буюу хэргийн 6,27-33,120-122 дугаар талд буй баримтыг үндэслэн дүгнэлт хийх боломжтой байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнэв.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хариуцагч хууль зөрчсөн \процессийн алдаа гаргасан гэх\ талаарх гомдол нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй байна.
а/. Нэхэмжлэгч нь 2017-10-03-ны өдрийн 10/11 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэх үндэслэл заасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5., 16, 62, 122, 301 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй болно.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах, хөрөнгө үнэлэх, хөрөнгийг албадан худалдан борлуулахаас бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор түүний дээд шатны албан тушаалтанд гаргана. Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.
б/. Ч.Х-, Д.Г- нар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаар захирамжаар 52,865,006.76 төгрөгийг Хасбанк-д төлөх болсон, уг захирамжид 2016-11-01-ний өдөр 459 дугаартай гүйцэтгэх хуудас \хх 120\ бичигдсэн, хариуцагч 2016-11-08-ны өдөр 577 \16050577\ дугаартай тогтоол \хх 27\-р шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, төлбөр төлөх талаар 2017-01-27-ны өдөр төлбөр авагчид мэдэгдсэн \хх 121\ байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2., 14,18-21 зүйлийн зохицуулалтад нийцжээ.
Шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар төлбөр төлөгч болон төлбөр төлөгчийн төлөөлөгчид мэдэгдэж байсан нь тогтоогдсон тул энэ тухай гомдол шийдвэр, магадлалыг үгүйсгэхгүй байна. Тухайлбал, 2017-02-03-ны өдөр төлбөр төлөгч Ч.Х- нь хариуцагч байгууллагад хандан үнийн санал өгөхдөө \хх 31\ “...шүүхийн 2016-10-17-ны өдрийн 361 дугаар захирамж, 16050577 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу 52,865,006.76 төгрөгийг Ч.Х-, Д.Г- нараас гаргуулж Хасбанк-д олгохоор шийдвэрлэсэн. Уг төлбөрийг зээлийн барьцаанд тавьсан 2 иргэний өмч болох Баянхайрхан багийн ..-р байрны ард байрлах дэлгүүр орон сууцны зориулалттай 90 кв.м талбай бүхий гал тогооны хамт 3 өрөө. 62кв.м дэлгүүрийн 34,2 м.кв 2 өрөөг, ......034 нэгж талбарын дугаартай 96 кв.м талбай бүхий 15 жилээр эзэмших эрхтэй газар улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аваагүй байгаа салшгүй хэсэг болох өргөтгөл хийсэн 2 давхарын 90 м.кв талбай бүхий дөрвөн өрөө барилгын хамт дуудлага худалдаанд оруулахад 200 сая төгрөгийн үнийн санал өгч байна...” гэжээ. Түүнчлэн, үнэлгээний талаар Ч.Х-д 2017-05-02-ны өдөр хариуцагч нь мэдэгдэж, тэмдэглэл \хх29\ үйлдсэн, хоёр дахь дуудлага худалдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаа 2017-10-25-ны өдөр хариуцагчид тайлбарлаж \хх30,122\ байсан ба энэ талаарх баримтад төлбөр төлөгч Ч.Х- гарын үсэг зурсан \хх 29,30\ байдлаа үгүйсгээгүй байна.
в/. Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 2017-10-03-ны өдөр 10/11 дугаартай тогтоол гаргаж, 90кв.м 3 өрөө, 34 кв.м 2 өрөө, эзэмших эрхтэй 96 кв.м газрыг хоёрдахь дуудлага худалдаанд 2017-10-20-ны өдөр оруулахаар шийдвэрлэж \хх6,33\ энэ талаар 2017-10-06-ны өдрийн мэдэгдэх хуудас \хх32\-р Ч.Х-д \гарын үсэг зурсан байдлаа үгүйсгээгүй\ мэдэгдсэн нь тогтоогджээ.
Хариуцагч хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/11 дугаартай тогтоолыг 2017-10-03-ны өдөр гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх хэргийг хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч тал нь “хоёрдахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр”-г хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан, шүүх энэ шаардлагын хэмжээнд хэрэгт буй баримтын талаар дүгнэлт хийсэн, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь 2017-10-03-ны өдрийн 10/11 дугаар тогтоолоос өмнөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд “....битүүмжлэх,хураах,үнэлгээ хийх зэрэг ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн..анхны дуудлага худалдааг зохион байгуулсан баримт хэрэгт авагдаагүй...хэний өмч болох баримт хэрэгт байхгүй...” гэх зэрэг агуулга бүхий гомдол нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122, 301 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцэхгүй байна.
6. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээв.
Д.Г- нь 2018-04-23-ны өдөр \хх23\ болон 2020-03-17-ны өдөр тус тус итгэмжлэл олгосон тул шүүх төлбөр төлөгч Ч.Х-г нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2., 36.3-г зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШЗ2019/00838 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г- хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ