Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/2074

 

 

 

 

 

      2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/02074

         Улаанбаатар хот

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ё.Л-т холбогдох,

Гэм хорын хохиролд 2.829.000 /хоёр сая найман зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах, хариуцагч Ё.Л-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Христийн сүмийн сагсан бөмбөгийн талбайд тоглож байгаад өөрийн танил Ё.Л-т зодуулан биедээ гэмтэл авсан юм. Миний бие тухайн үед 17 настай 11 дугаар анги төгсөж байсан бөгөөд эрүүл мэндэд хохирол учирсны улмаас их дээд сургуулиудад элсэлтийн шалгалт өгч чадахгүй ирээдүйгээрээ хохирсон. Биед нь гэмтэл учирсан шинжээчийн дүгнэлтээр хамрын ясны хугарал гэсэн. Үүнээс болж амьсгал явц саадтай болж бүрэн амьсгалж чадахгүйгээс одоо ч эрүүл мэндэд нь сөрөг нөлөө учруулах тул хамрын ясыг тэгшлэх мэс засалд орох шаардлагатай болсон. Үүнд “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж тодорхойлолт авахад эрүүл мэндийн эмчилгээний төлбөр 1.209.000 төгрөг, үзлэгийн төлбөрт 25.000 төгрөг, шинжилгээний зардлууд нийлээд 205.000 төгрөг, хэвтэж эмчлүүлэх ор хоногийн мөнгө 80.000 төгрөг, үзлэг “Төгс ялгуун” гоо заслын эмнэлэгт үзүүлсэн 5.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг, “Супер проб” ХХК-д толгойн зураг авахуулсны 100.000 төгрөг, эмчилгээний дараах сувилалд 805.000 төгрөг, нийт 2.829.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

            Хариуцагч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус эмчилгээ, сувилгааны зардал хэдэн төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс нь хэд гэдэг нь тодорхойгүй байсан ч сая нэхэмжлэгч тал тайлбарласнаар сонсож мэдлээ. Ё.Л- 3 жилийн өмнө 14 настайдаа тоглоомноос болж 17 настай Ө.Ш-ын гэм буруутай үйлдлээс болж хариу нүүрэн тус газар нь нэг цохисноос болж Ө.Ш-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан. Прокурорын газрын 2014 оны 7 сарын 04-ний өдрийн 6145 дугаартай прокурорын тогтоолоор ШШҮХ-ийн дүгнэлтийг зааж гэмт хэргийн субъектийн насны хязгаарт хүрэхгүй учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд Ө.Ш-ын яг ямар эрхтэнд хохирол учруулсан, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг дурдаагүй, өөрөөр хэлбэл ямар эрхтэнд хөнгөн гэмтэл учирсан нь тодорхойгүй. Ө.Ш- 2017 онд амбулторт хамрын гэмтлийг үзүүлж мэс засал хийнэ гэсэн ч нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримтууд нь ямар эд эрхтнээ үзүүлсэн, ямар эд эрхтэн нь гэмтсэн талаар тодорхой бус, ойлгомжгүй байна. Одоогоос 3 жилийн дотор хөнгөн гэмтэл авсан бол өнөөдрийг хүртэл уг гэмтлийн үр дагавар үргэлжлэх боломжгүй, хөнгөн гэмтэл 14 хоногт эдгэдэг учраас 14 хоногоос цааш гэмтлийн зэрэг тогтоогддоггүй. Ө.Ш-ын гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Карт нээлгэж үзүүлсэн ч дугааргүй, онош нь оросоор, орчуулагагүй, эмчийн тамга, гарын үсгийн тайлалгүй байна. Амбулторын түр картыг 2017 оны 2 сарын 01-ний өдөр нээлгэсэн байх бөгөөд үүн дээр томографийн зураг даатгалгүй бол 1.209.000 төгрөг, мэс заслын төлбөр даатгалтай бол 1.000.000 төгрөг гэсэн байхад эмчилгээ хийлгээгүй, төлбөр төлөөгүй байж даатгалгүйгээр нь нэхэмжилж байна. “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 5 сарын 10-ны өдөр Ө.Ш- нь 2017 оны 2 сарын 21-ний өдөр үзүүлсэн гээд орос хэлээр баахан зүйл бичээд урьдчилсан зарцуулалтын тодорхойлолтыг бичсэнээс Ө.Ш-аас зардал гараад эмчилгээ хийлгэсэн баримт биш. “ЭМЖЖ” эмнэлэгийн шинжилгээний хуудас дээр цусны дэлгэрэнгүй, биохими, маркер, сахар цээжний гэрэл зураг авах гэх мэтээр шинжилгээ хийлгэхэд 205.000 төгрөг төлөх хуудас байна. Ор хоногийн мөнгө зөвхөн 1 өдрийн 80.000 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгч эмнэлэгт хэвтээгүй. 25.000 төгрөгийн орлогын ордер нь “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 2 сарын 02-ны өдөр ямар эрхтнээ буюу гэмтэл үзүүлсэн нь тодорхойгүй. 2014 онд учруулсан хөнгөн гэмтлийн уршиг буюу 2017 оны 2 сарын 02-ны өдөр юу гэмтчихээд байгаа нь ойлгомжгүй. “Төгс ялгуун” эмнэлгийн 5.000 төгрөг үзлэгийн төлбөрийн огноо нь ойлгомжгүй, үзлэгийн төлбөр гэсэн ч ямар эрхтнээ үзүүлсэн нь тодорхойгүй, мөнгө төлсөн, хүлээн авсан этгээдийн гарын үсэг байхгүй байна. 2014 оны 5 сарын 29-ний өдөр 100.000 төгрөгийн баримтынх хувьд толгойн томограф авахуулсан байгааг хариуцагч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тухайн цаг мөчид кассын орлогын ордероор толгойн зураг авахуулсан байна. Сувилалд эмчлүүлэхэд 805.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээгүй ч өнөөдөр үлдэгдэл нь сувиллын зардал гэж байгаа нь хаашаа, ямар сувилалд явсан нь бүрхэг нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                               

                                                                                                                                                    

            Нэхэмжлэгч Ө.Ш нь хариуцагч Ё.Л-т холбогдуулан гэм хорын улмаас эмнэлэгт үзүүлсэн болон учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарах зардалд 2.829.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Иргэний хуулийн 228.4-д зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

            Хариуцагч нь 100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нүүрэн тус газар цохисноос хөнгөн гэмтэл учирсан ч өнөөдрийг хүртэл үр дагавар үргэлжлэх боломжгүй, нотлох баримтууд шаардлага хангахгүй гэж бусад зардлын хувьд маргалаа.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтанд тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

 

Хариуцагч Ё.Л-ын гэм буруутай үйлдлээс болж Ө.Ш-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь зохигчийн тайлбар, 6147 тоот Прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул гэм хороос учирсан хохирлоо нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байна.

 

            Иймд 2014 оны 5 сарын 29-ний өдрийн толгойн томограф зургийн төлбөрт төлсөн 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэгийн төлбөрт төлсөн 25.000 төгрөг, нийт 125.000 төгрөгийг хариуцагч Ё.Л-аас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд гаргуулан, шаардлагаас үлдэх 2.704.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хуулийн хуулийн 228.4-т заасан зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайгаа нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг баримтлан хариуцагч Ё.Л-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө.Ш-т олгож, шаардлагаас үлдэх 2.704.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                             

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

                

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

   ШҮҮГЧИД                                                         Б.МӨНХБАЯР

 

                                                                  Ж.СЭМЖИД