Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2510

 

Ө.Ш-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ё.Л-т холбогдох

Гэм хорын хохиролд 2 829 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Би 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Христийн сүмийн сагсан бөмбөгийн талбайд тоглож байгаад өөрийн танил Ё.Л-т зодуулан биедээ гэмтэл авсан. Миний бие тухайн үед 17 настай 11 дүгээр анги төгсөж байсан бөгөөд эрүүл мэндэд хохирол учирсны улмаас их дээд сургуулиудад элсэлтийн шалгалт өгч чадахгүй ирээдүйгээрээ хохирсон. Хамрын ясны хугарал гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс болж амьсгалж чадахгүйгээс эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах тул хамрын яс тэгшлэх мэс засалд орох шаардлагатай болсон. Иймд “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж тодорхойлолт авахад эрүүл мэндийн эмчилгээний төлбөр 1 209 000 төгрөг, үзлэгийн төлбөрт 25 000 төгрөг, шинжилгээний зардлууд нийт 205 000 төгрөг, хэвтэж эмчлүүлэх ор хоногийн төлбөрт 80 000 төгрөг, “Төгс ялгуун” гоо заслын эмнэлэгт үзүүлсэн 5 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500 000 төгрөг, “Супер проб” ХХК-д толгойн зураг авахуулсны 100 000 төгрөг, эмчилгээний дараах сувилалд 805 000 төгрөг, нийт 2 829 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё.Л 3 жилийн өмнө 14 настайдаа тоглоомноос болж 17 настай нэхэмжлэгч Ө.Ш-ын гэм буруутай үйлдлээс болж нүүрэн тус газар нь нэг цохисноос нэхэмжлэгч Ө.Ш-ын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан. Прокурорын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6145 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд нэхэмжлэгч Ө.Ш-ын ямар эрхтэнд хохирол учруулсан, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг дурдаагүй. Нэхэмжлэгч Ө.Ш 2017 онд амбулаторт хамрын гэмтлийг үзүүлж мэс засал хийнэ гэсэн ч нэхэмжлэгчийн өгсөн баримтуудад ямар эд эрхтнээ үзүүлж, гэмтсэн нь тодорхойгүй байна. Одоогоос 3 жилийн дотор хөнгөн гэмтэл авсан бол өнөөдрийг хүртэл уг гэмтлийн үр дагавар үргэлжилэх боломжгүй. Хөнгөн гэмтэл 14 хоногт эдгэдэг учир үүнээс хойшхи гэмтлийн зэрэг тогтоогддоггүй. Түүний гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Карт нээлгэж үзүүлсэн ч дугааргүй, онош нь оросоор, орчуулагагүй, эмчийн тамга, гарын үсгийн тайлалгүй байна. Амбулторын түр картыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн байх бөгөөд үүн дээр даатгалгүй 1 209 000 төгрөг, мэс заслын төлбөр даатгалтай 1 000 000 төгрөг гэсэн байхад эмчилгээ хийлгээгүй, төлбөр төлөөгүй байж даатгалгүйгээр нэхэмжилсэн байна.

“ЭМЖЖ” ХХК эмнэлэгт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ө.Ш нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзүүлсэн гээд орос хэл дээр бичигдсэн урьдчилсан зарцуулалтын тодорхойлолт бичсэнээс Ө.Ш-аас зардал гараад эмчилгээ хийлгэсэн баримт биш. “ЭМЖЖ” эмнэлгийн шинжилгээний хуудас дээр цусны дэлгэрэнгүй, биохими, маркер, сахар, цээжний гэрэл зураг авах гэх мэт шинжилгээ хийлгэхэд 205 000 төгрөг төлөх хуудас, ор хоногийн мөнгө зөвхөн 1 өдрийн 80 000 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгч эмнэлэгт хэвтээгүй. Мөн 25 000 төгрөгийн орлогын ордер “ЭМЖЖ” эмнэлэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ямар эрхтнээ буюу гэмтэл үзүүлсэн нь тодорхойгүй. 2014 онд учруулсан хөнгөн гэмтлийн уршиг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэмтсэн нь ойлгомжгүй. “Төгс ялгуун” эмнэлгийн 5 000 төгрөгийн үзлэгийн төлбөрийн огноо ойлгомжгүй, үзлэгийн төлбөр гэсэн ч ямар эрхтнээ үзүүлсэн нь тодорхойгүй, мөнгө төлсөн, хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй байна. 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 100 000 төгрөгийн баримтаар томограф зураг авахуулсныг хариуцагч үгүйсгэхгүй. Тухайн үед кассын орлогын ордероор толгойн зураг авахуулсан байна. Сувилалд эмчлүүлэхэд 805 000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээгүй ч хаашаа, сувилалд явсан нь бүрхэг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Л-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 125 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө.Ш-т олгож, шаардлагаас үлдэх 2 704 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч Ё.Л-ын гэм буруутай үйлдлээс болж Ө.Ш-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь зохигчийн тайлбар, Прокурорын 6147 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул гэм хорын хохирол учирснаа нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна гэж үзсэн атал нэхэмжлэгчийн толгойн томограф зураг авахуулсан төлбөрт төлсөн 100 000 төгрөг, үзлэгийн төлбөрт төлсөн 25 000 төгрөг, нийт 125 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд гаргуулан шийдвэрлэж, зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайгаа нотолж чадаагүй буюу хуулиар шаардсан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан нь Иргэнхий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчин илт үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар прокурорын байгууллагын эрүүгийн хэргийн архиваас шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ө.Ш хариуцагч Ё.Л-т холбогдуулан гэм хорын хохиролд 2 829 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ё.Л 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Христийн сүмийн сагсан бөмбөгийн талбайд нэхэмжлэгч Ө.Ш-ыг толгой тус газар цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6147 дугаар тогтоол /хх-6/, зохигчдын тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

  Хариуцагч нь нэхэмжлэгч Ө.Ш-ын биед хөнгөн гэмтэл учирсан боловч хэргийн баримтаар ямар эрхтэн гэмтсэн нь тодорхойгүй гэж  маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас томограф зураг авахуулсны 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ё.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр толгойн томограф зургийн төлбөрт төлсөн 100 000 төгрөг /хх-9 /, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үзлэгийн төлбөрт төлсөн 25 000 төгрөг /хх-8/ нийт 125 000 төгрөгийн хэмжээнд шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Үүнээс гадна шүүх эрүүл мэнд учирсан гэмтлийг эмчлүүлэх зайлшгүй шаардагдах зардлыг урьдчилан олгуулахаар шаардсан шаардлагыг баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж  авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.

Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэж гомдол гаргасан боловч архивт байгаа хэргийн хувьд нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй баримт биш бөгөөд уг баримтыг олж авах боломжгүй талаар гомдолд дурьдаагүй нөхцөлд шүүхийг буруутгах боломжгүй юм. Мөн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг гаргаагүй байх тул давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх хариуцагчийг буруу тодорхойлон Ц.Ё-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хувийг гардуулж, тайлбар авах зэрэг ажиллагааг явуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар зөвтгөн жинхэнэ хариуцагч Ё.Л-т холбогдуулан хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан байна. Эдгээр зөрчлүүд нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                      ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА