Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/02206

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр                   Дугаар 183/ШШ2017/02206                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.С-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндулам, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.С- нь 2013.11.27-нд гэрээг байгуулахдаа өөрийн бизнест хөрөнгө оруулалт хэрэгтэй гэхээр нь олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, олон түмэнд нэр хүндтэй, “Парадокс” салоны захирал гэдэгт итгэж, 4 хувийн хүүтэй, 10 сая төгрөгийг зээлсэн. Гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүг өгөөд 2 сараар сунгаж, зээлийн хүүг хугацаанд нь өгч байсан. Сунгалтын хугацаа дуусахад дахин 3 сараар сунгах хүсэлт гаргасан. Миний хүү 2014.03 сард хүнд хагалгаанд орсон, хүүний мөнгө миний хүүгийн эмчилгээний зардалд маш их нэмэр болсон тул хүсэлтүүдийг хүлээн авч байсан. 2014.06.28-нд Н.С анхны зээлсэн 10 сая төгрөгийг буцаан өгөхийн тулд эхлүүлсэн бизнест нь дахин хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон тухай хэлж, дахин 10 сая төгрөгийг зээлэхийг хүссэн. 2 дахь гэрээг зээлдэгчийн хүсэлтээр 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, гэрээний хугацаа дуусахад анхны гэрээний мөнгөн дүнгийн хамт нийт 20 сая төгрөгийг буцаан олгохоор тохиролцож гэрээ байгуулсан. 2 дахь гэрээний хугацаа дуусахад 2014.08.28 хүртэл дахин 1 сар сунгасан. Сунгалтын хугацаа дуусахад боломжгүй гэж 2015 оны 6 сар хүртэл хойшлуулахыг хүссэн. Итгэлийг минь алдаагүй, найдвартай зээлдэгч байсан тул хүсэлтийг хүлээн авсан. 2014 он дуустал хүүг төлөөд 2015 оны 5 сараас хүүг огт төлөхөө больсон. Энэ үеэс Н.С- нь өөрийн найз Эрдэнэчимэг гэдэг хүнээс авлагатай тул авч байж өгнө гэх болсон. Эрдэнэчимэг нь миний хуучин танил ч анх би гэрээг Н.С-тай хийсэн тул хариуцлагаа хүлээж зээлээ төлөх нь зөв гэж үзэж байна. 2015.06 сараас хойш Н.С, Эрдэнэчимэг нар нь намайг хамтран төөрөгдүүлж, зээлийг эргүүлэн төлж барагдуулна гэсээр өнөөдрийг хүрлээ. Иймд би өөрийн зээлдүүлсэн 20 сая төгрөгийг арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүү 15 хувиар тооцож, 6 сая төгрөгийн хамт Н.С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.       

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны зээлийн үүргээ хариуцагч биелүүлж, харилцаа дуусаад дахин 2014.01.15-нд 10 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар зээлж, эхний гэрээний доор гарын үсгээ зурсан. 3 сараас сунгах хүсэлт гаргаснаар сунгаж, хүүгээ төлсөн, үндсэн 10 сая төгрөгийг төлөөгүй. Дахин 2014.06.28-нд 10 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн, 6 сараар сунгасан, хүүг төлсөн, зээлийг төлөөгүй. Иймд зээлсэн 20 сая төгрөгийг арилжааны банкны хадгалажийн 15 хувиар тооцож, гэрээнээс учирсан хохирлоо гаргуулна гэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч байна. Н.С- нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны 464008567 тоот Ч.У-ийн дансанд найз Эрдэнэчимэгээр дамжуулан бэлнээр тушаасан. Гэтэл Ч.У нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт хүлээн авсан боловч шүүхэд огт төлбөр төлөөгүй мэт худал тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд нараас гаргасан тайлбартаа: 2013.11.27-нд 10 сая төгрөгийг 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж, 2 сараар сунган, зээлийг хүүгийн хами эргүүлэн төлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Харин 201.01.15-нд зээл аваагүй, авсныг нэхэмжлэгт тал нотлохгүй буюу баримтгүй байна. 2014.06.28-нд 10 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сар зээлсэн. 6 сараар сунгаж, хүүнд 3.6 сая төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн хадгаламжийн дэвтрээр хариуцагч нь 2014.11.25-нд 10 сая төгрөг төлсөн байна. Эхний гэрээгээр үндсэн 1 сар, сунгасан 2 сар, нийт 3 сарын хугацааны /3х400.000/ 1.200.000 төгрөг төлөхөөс 2 сарын хүү 800.000 илүү төлсөн. Иймд зээлийг төлснөөр гэрээнүүдийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У- нь хариуцагч Н.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 сая төгрөг гаргуулах, тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хариуцагчийн хаягийн харьяаллаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 2013.11.27-ны гэрээг 2 болон 3 сараар сунгаж, хүүг төлсөн, зээл төлөөгүй гэж, төлөөлөгч нь 2013 оны гэрээний үүргээ хариуцагч биелүүлснээр дуусгавар болж, 2014.01.15-нд дахин 10 сая төгрөг зээлснээ төлөөгүй гэж зөрүүтэй тайлбар гаргасан, дахин 2014.06.28-нд 10 сая төгрөгийн зээлийг хүүг төлсөн, үндсэн зээл төлөөгүй тул  үндсэн зээлүүдийг банкны хадгаламийн хүүгээр тооцон хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нь 2013 оны гэрээ дуусгавар болсон, 2014.01.15-нд зээл аваагүй, 2014.06.28-нд авсан зээлийг хүүгийн хамт буцаан төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д нэхэмжлэлийн талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ч.У- нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.С-тай зээлийн гэрээ байгуулан, 10.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болсон, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан байна.

 

Зээлдэгч нь эхний гэрээний хугацааг 2 удаа нийт 5 сараар сунгах хүсэлт гаргасныг зээлдүүлэгч нь хүлээн зөвшөөрсөн, сунгалтын хугацааны хүүг төлөх үүргээ биелүүлсэн, энэ талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх бөгөөд зээлийг төлсөн гэж тайлбарлах ч нотолж чадахгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээ 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтээр дахин 1 сарын хугацаагаар сунгасан, энэ хугацаанд хүүг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Н.С- нь 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөг буцаан төлөх үүргээ бииелүүлсэн гэж үзэх байдал тогтоогдохгүй буюу хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.     

 

Хариуцагч тал хэдийгээр нэхэмжлэгчийн хадгаламжийн дэвтэр дэх 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 сая төгрөгийн орлого орсныг Н.С-гаас Ч.У-т зээлийг төлсөн гэж тайлбарлах ч тухайн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн данс руу Уранцэцэгийн дүүгийн үндсэн зээл гэсэн утгаар шилжүүлснийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийг буцаан төлөх үүргээ хариуцагч нь биелүүлээгүй байх тул Н.С-гаас зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн хүүг цаг тухайд нь биелүүлж байсан гэж тайлбарласан тул хадгаламжийн дэвтрээр хариуцагчийн гэрээнүүдийн хугацаанаас хойш 800.000 төгрөг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлснийг, 400.000 төгрөг 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлснийг /800.000+400.000/ үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй тул 2 жилийн хугацаанд банкны хадгаламжийн хүүгээр тооцож хохирлоо тодорхойлж байх боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу аль банкны, хадгаламжийн хүү ямар хугацаанд хэдэн хувь болох, ямар тооцооллоор 6 сая төгрөг гарснаа нотолж чадахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 287.950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 251.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.С-гаас зээлийн гэрээний үүрэгт 18.800.000 /арван найман сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 287.950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 251.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ