Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00134

 

 

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/00134

 

                                                                                                      

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус

нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга

Н.Төрбатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02312 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатын нэхэмжлэлтэй хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох

 

Хохиролд 3 780 557 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00861 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 5-ны өдрийн 1987 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 2 сарын 14-ний өдрийн тогтоолоор Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус 1-р бааз ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд 27 553 849 төгрөг олгуулахаар шийдвэрлэсэн боловч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮН-н захиргаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Үйлдвэрчний эвлэлийн хороо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 80 000 төгрөг, мөн урамшууллын зардал 1 817 984 төгрөгийг төлж, нийт 1 897 984 төгрөгөөр хохирсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 00457 дугаар шийдвэрээр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Р.Цэрэнхлхамд 7 259 924 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийг биелүүлээгүйгээс Р.Цэрэнлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 544 494 төгрөг, нийт 624 494 төлж хохирсон.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 сарын 11-ны өдрийн дугаар 1244 магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн тогтоолоор 857 761 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс Цээсүрэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал 60 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшуулал 242 909 төгрөг төлж хохирсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.10.17-ны өдрийн 183/ШШ2016/00961 тоот, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын 2017.2.2-ны өдрийн 327 дугаар магадлалаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н кондуктор ажилтай О.Минсэлд 5 250 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийг биелүүлээгүйгээс Минсэл нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагааны зардалд 60 000 төгрөг, мөн урамшууллын зардалд 393 750 төгрөгийг төлж гэрээ байгуулж 638 031 төгрөгөөр хохирсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 00079 дугаар шийдвэрээр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас Ж.Баяртөгсөд 3 731 140 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн боловч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс Баяртөгс нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зардалд 60 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 317 146 төгрөг, нийт 377 146 төгрөг төлж хохирсон. Иймд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд ногдох 1 897 984 төгрөг, Цэрэнлхамд ногдох 624 494 төгрөг, М.Цээсүрэнд ногдох 332 359 төгрөг, О.Минсэлд ногдох 638 031 төгрөг, Баяртөгсөд ногдох 377 146 төгрөг, нийт 3 780 557 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р.Цэрэнлхам нь тус үйлдвэрийн газрын 3 дугаар баазад мөнгө хураагчаар ажилд орж тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иргэн О.Минсэл нь тус үйлдвэрийн газрын даргын 1-р баазад 2000 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/614 тоот тушаалаар ажилд орж 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/5025 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Иргэн Ж.Баяртөгс нь тус үйлдвэрийн газрын 1-р баазад 2006 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. ...Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно. Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардлаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг нэхэмжлэгч нар байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 1 897 984 төгрөгийг гаргуулан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд, 624 494 төгрөгийг гаргуулан Р.Цэрэнлхамд, 332 359 төгрөгийг гаргуулан М.Цээсүрэнд, 638 031 төгрөгийг гаргуулан О.Минсэлд, 377 146 төгрөгийг гаргуулан Ж.Баяртөгсөд тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 439 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНААТҮГ-аас 75 439 төгрөгийг гаргуулан Зорчигч тээврийн нэгтгэл ОНААТҮГ-н нэхэмжлэгч Автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Н.Төрбатад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан аваад цаг хугацааны хувьд хариуцагч байгууллага шийдвэрийг биелүүлэх боломж олголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээгээр нотлогдоно. "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд байгууллагын санхүү, бэлэн мөнгө нь шугамын орлогоос хамааралтай тул зардлаа сар сараар төлөвлөн дотоод ажлаа зохион байгуулан ажилладаг. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг ирэх сарын зардалд тусган биелүүлэх боломжийг байгууллагад олголгүйгээр шийдвэр гүйцэтгэлд хандсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат нь Үйлвэрчний эвлэлийн хороог болон нэхэмжлэгч Р.Цэрэнлхам, М.Цээсүрэн, О.Минсэл, Ж.Баяртөгс нарыг төлөөлөн хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал төлж хохирсон үндэслэлээр нийт 3 780 557 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд нийт 3 780 557 төгрөг төлж хохирсон гэж тодорхойлжээ.

Хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, нэхэмжлэгч нар буюу төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх албанд зардал урамшуулал төлсөн нь хариуцагч байгууллагын үүргээ биелүүлээгүй гэм буруутай шалтгаант холбоотой гэсэн үндэслэлээр шаардлага гаргасан буюу зохигчдын хооронд үүссэн уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй байхад шүүх мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дангаараа хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/02312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын төлсөн 75 440 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ