Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00553

 

Т.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00937 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1285 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Э-

          Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК

          Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбекийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Т.Э-, Э.Э- нараас ЧД-н ИХАШШ-н 2017-05-16-ны өдрийн 182/ШШ2017/01094 дугаар шийдвэрийн дагуу 42,293,997 төгрөгийг гаргуулж “Ариг” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Т.Э-ийн өмчлөлийн БГД-н ..-р хороо, ..-р хороолол, .. тоотод байрлах 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэгжийн талбарын ....182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг НШШГГ-с шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн. НШШГГ-с үнэлгээний ямар байгууллагаар үнэлгээ хийлгэх болсноо танилцуулаагүй ч 2019-02-28-ны өдөр 4/5004 дугаар мэдэгдлээр шинжээчийн үнэлгээг танилцуулсан. Үнэлгээ хийсэн шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй хэт доогуур 121,550,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Миний охин Э.Э- бид хоёр 2019-02-28-ны өдөр НШШГГ-т үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгүүлэх талаар гомдол гаргасан ба гомдлын хариуг 2019-03-18-ны өдөр үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх боломжгүй гэсэн хариуг өгснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний өмчлөлийн БГД-н ..-р хороо, ..-р хороолол, ... тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-.........24 дугаарт бүртгэлтэй 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгжийн талбарын .....182 дугаар бүхий 130 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг 121,550,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: ..Төлбөр төлөгч Т.Э-, Э.Э- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ..15/4 тоотод байрлах 85 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, .. 130 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2018-08-28-ны өдрийн 18300573/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2019-01-23-ны өдрийн 18300573/04 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураах үйл ажиллагаа явуулсан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул ИХ-н 177.1-т зааснаар 2019-01-30-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-г хөндлөнгийн шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэхэд 2019-02-25-ны өдөр ирүүлсэн үнэлгээний тайлангаар дээрх хөрөнгийн зах зээлийн үнийг 121,550,000 төгрөгөөр үнэлж, үнэлгээг талуудад ШШГТХ-н 55.3-т заасны дагуу 2019-02-28-ны өдрийн 4/5005, 4/5004 дугаар албан бичгүүдээр мэдэгдсэн. Дээрх үнэлгээг үндэслэн 2019-02-26-ны өдрийн 3/23 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор тус газраас зохион байгуулсан 2019-03-15-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээний 70 хувь буюу 85,085,000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. ЧД-н ИХАШШ-н 2019-04-05-ны өдрийн 2833 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр тайлбартаа: НШШГГ-н тогтоолын дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Т.Э-ийн өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан орлого, өртөг, жишиг үнийн хандлагын аргаар тооцоолол хийх ёстой. Үүнээс өртгийн арга болон зах зээлийн жишиг үнийн аргаар тооцоолол хийж, зах зээлийн жишиг үнийн аргад 100 хувийн ач холбогдол өгсөн. Зах зээлийн жишиг үнийг гаргахдаа үнэлж буй объекттой 300 метрийн хооронд байршилтай адилхан орон сууц болон орон сууцны өргөтгөл хийсэн, м.кв харгалзаж хийсэн. Судалгаа нэгд 2019-02-11-ний өдөр unegui.mn сайт дээр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Судалгаа хоёрт 2019-02-15-ны өдөр гаргасан ийм судалгааг харьцуулж м.кв үнийг гаргаж, жигнэсэн дунджаар тооцоолол хийж үзсэн. Эхний судалгаан дээр 1 м.кв нь 1,548,000 төгрөг, хоёр дах харьцуулсан хөрөнгө 1,310,000 төгрөг, энэ хоёрын дунджаар гаргаж үнэлж буй хөрөнгийн м.кв 1,430,000 төгрөг буюу 85 м.кв-тай харьцуулж 121,550,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Үнэлгээг гаргахад энэ обьекттой адилхан, жишиж болохуйц, хамгийн ойрхон 300 метрийн зайд орших хөрөнгөтэй харьцуулж хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа хэт доогуур үнэлж байгааг нэхэмжлэгч өөрөө нотлох баримт гаргаж өгөөд, манай хажуу талын хөрөнгө ийм үнээр зарагдсан байна гэсэн нотлох баримт байхгүй байна. Зах зээлийн судалгаагүй гэж хэлж болохгүй. Тухайн өдрөөр хамгийн боломжит нийтэд арилжаалагддаг жишиг үнээр судалгааг хийж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 182/ШШ2019/00937 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2019-04-05-ны өдрийн 182/ШЗ2019/02833 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1285 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Үнэлгээ хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-н шинжээч зах зээлийн ямар ч тооцоо судалгаагүй хэт доогуур 121,550,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө болон газрыг үнэлсэн байдаг ба төлбөр төлөгч Т.Э- “үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна дахин үнэлгээ хийлгэж өгнө үү” гэсэн хүсэлтээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргахад “дахин үнэлгээ хийлгэхгүй” гэсэн хариуг өгсөн. Үнэлгээ хийсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ны шинжээч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө, газар ирээдүйд зам дагуу цэвэр, бохирын шугам татаж 4 давхар барилга барих зөвшөөрөл авбал, зах зээлийн ханш нь үнэлсэн үнэлгээ болох 121.550.000 төгрөгөөс илүү үнэтэй болох талаар тайландаа тусгаж үнэлгээ хийх байсан ч энэ байдлыг тайландаа тусгаагүй үнэлгээ хийсэнд маш их гомдолтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “үнэлгээний тайлангийн аргачлал буруу буюу үнэлгээ дүн доогуур гарсан гэж үзэх үндэсгүй байна” үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Т.Э-ийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийг гэрчилгээтэй 130 мк.в талбайтай газар нь 15 жилийн хугацаатай олгосон. Баянгол дүүргийн төвийн бүсэд байрлалтай хот төлөвлөлтөнд орсон, орон сууцны барилга барих, худалдаа, үйлчилгээ зориулалттай барилга барих газар гэдэг талаас нь үнэлгээ хийж, тайлангаа гаргаагүй зүгээр гэр хорооллын хашаа , байшинтай харьцуулан үнэлгээ гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө, газрын хажууд 8 давхрын орон сууц баригдсан, нэхэмжлэгч дэлгүүр ажиллуулдаг, хэрчсэн гурил, банш, бууз хийж борлуулдаг, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа зэргийг огт харгалзан үзээгүй үнэлгээ хийсэн байхад анхан шатны шүүх үнэлгээг зах зээлийн үнэлгээнд нийцсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж шийдвэрийг хэвээр үлдээсэнд маш их гомдолтой байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн газар хотын А бүсэд байрлалтай ирээдүйд өндөр үнэлгээтэй болох талаас нь үнэлгээ хийгээгүй үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцсэн дүгнэлт гаргасан гэж дүгнэлт хийсэнд бас гомдолтой байна. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Т.Э- нь 2019-03-19-ний өдөр шүүхэд Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...85 кв.м үл хөдлөх эд хөрөнгө, 130 кв.м газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг..” хүссэн байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Адалбекийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Т.Э-, Э.Э- нар нь Ариг банк ХХК-д 42,309,997.15 төлөх талаар эвлэрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-05-16-ны өдөр 182/ШШ2017/01094 дугаартай захирамж гаргасан, уг захирамжид нэхэмжлэлд заасан хөрөнгө барьцаанд байгааг дурдсан байна.

        Төлбөр төлөгч 42,309,997 төгрөгийг төлөөгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх  захирамж 2017-11-06-ны өдөр гарч, гүйцэтгэх хуудас бичигджээ.

        Шүүхийн 2017-05-16-ны өдрийн 182/ШШ2017/01094 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд энэ нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байна.

        Хариуцагч талуудаас үнийн санал авч, шинжээч томилсон, шинжээч эд хөрөнгийн үнэлгээ хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хяналтын гомдлын үндэслэл болсон газар нь өмчлөлийн бус, харин тодорхой хугацаатай, зориулалтыг нь эрх бүхий байгууллагаас тогтоосон эд хөрөнгө /хх18/ байхаас гадна үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур тодорхойлсныг нотлох баримт хэрэгт байхгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзлээ. 

       Өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүргийг талууд хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

       Хэрэгт авагдсан баримтаар, хяналтын гомдолд заасан нөхцөл байдал нотлогдоогүй байна. Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3,8,11 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 40 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00937 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ