Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 142

 

Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох эрүүгийн 1708020980239 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Отогууд овгийн Б.Б-, 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            Б.Б- нь согтуугаар, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн үүдэнд иргэн П.Баярмагнайг утсаар ярьж байхад нь түүний эзэмшлийн “LG” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу “шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Б-ын цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдлыг тооцох хугацаа болж байсан. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар дээрх зохицуулалтыг бүхэлд нь хассан байдаг. Энэ нь ялтай байдал насан туршид нь хугацаагүй үргэлжлэх бус харин эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндэслэл болох тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялгүйд тооцох үндэслэлтэй.

2. Б.Б- нь ялгүй болох хүртэл хугацаандаа буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2015 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн өдөр хүртэл шинээр гэмт хэрэг үйлдээгүй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувьд тухайн оногдуулсан хорих ялыг тэнсэж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар зөвхөн хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор зохицуулсан тул эдгээр 2 хуулийн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжгүй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээ гарвал тухайн асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.

Иймд Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялгүйд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үйл баримтын талаар хэлэх тайлбар алга. Харин хууль хэрэглээний талаар дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байдаг. Уг шийтгэх тогтоолд түүнийг 19 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсан бөгөөд үүнийг тэнсэн хянан харгалзах хугацаанаас нь хасч тооцвол ялтай байдал нь арилна. Иймээс энэхүү эргэлзээ бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсье...” гэв.

            Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б- нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан байхдаа буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр урьд нь 2 удаа шүүхээр ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзагдсан бөгөөд энэхүү байдалтай дүгнэлт хийгээгүй, засарч хүмүүжээгүй байна. Тэнсэн хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Б.Б- нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтуурсан үедээ, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сувдан төвийн үүдэнд иргэн П.Баярмагнайг утсаар яриад зогсож байхад нь “LG” загварын 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг шүүрэн авч зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч П.Баярмагнай нь бусдад эд зүйлээ алдсан цаг хугацаа, газар, болсон үйл явдлын талаар “...2017 оны 10 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн хуучин эцсийн буудал дээр утсаар ярьж байтал гэнэт миний “LG” загварын гар утсыг нэг эрэгтэй хүн шүүрч аваад зугтсан. Удалгүй эргүүлийн цагдаа тухайн залууг бариад аваад ирсэн...” /хх-ийн 25-28/ гэж тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Ганзоригийн “...Сувдан төвийн гадаа 1 хүн гар утсаа дээрэмдүүлсэн байна гэсэн дуудлагын дагуу шуурхай очиж ажиллахад Баярмагнайгийн гар утсыг булаасан Б- гэх залууг хоёр залуу хойноос нь мөшгиж барьсан байсан...” /хх-ийн 147/ гэсэн, яллагдагч Б.Б-ын “...Сувдан дэлгүүрийн үүдэнд байсан настай эрэгтэй хүний гар утсыг булааж аваад гудамж руу ороод гүйсэн. Тэгэхэд араас хоёр залуу гүйж ирээд барьж авсан...” /хх-ийн 67, 76-77/ гэсэн мэдүүлгүүд, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 149-150/, алдагдсан эд зүйлийг Б.Б-аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21-22/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаа давж заалдсан гомдолд, өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолд Б.Б-ыг 19 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсан бөгөөд үүнийг тэнсэж хянан харгалзсан хугацаанаас нь хасч тооцвол түүний ялтай байдал арилна. Иймээс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг сэргээн эдлүүлэх үндэслэлгүй...” гэжээ.

Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж оногдуулахаар хуульчилсан.

Харин цагдан хоригдсон хугацааг гагцхүү шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцохоор хуульчилсан ба хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаагаар тоолдог. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Б.Б- нь урьд хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн байх бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд итгэл хүлээлгэж, тухай бүрт нь хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурьдвал зохино.

Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН