Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр

иргэдийн төлөөлөгч Г.Болдбаатар

хохирогч Д.Энхбаяр

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0695/          

шүүгдэгч П.Түмэнжаргал, Д.Оюунбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвийн Түмэнжаргал, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадоржийн Оюунбат нарт холбогдох эрүүгийн 201519000460 дугаартай хэргийг 2015 оны 11 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч П.Түмэнжаргалын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвийн Түмэнжаргал, урьд 2004 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөгдөж байсан /РД:ЧЗ69021014/ гэв.

 

Шүүгдэгч Д.Оюунбатын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, “Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, Ойгүүдэлт согтолт сэтгэцийн эмгэгтэй” хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваадоржийн Оюунбат /РД:ЧЖ58052500/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

            Шүүгдэгч П.Түмэнжаргал нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны хорооны нийтийн байрны гадаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж, зэвсэг хэрэглэн догшин авирлаж Д.Энхбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Оюунбат нь шүүгдэгч П.Түмэнжаргалыг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэн догшин авирлан, танхайрч Д.Энхбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэхэд өдөөн түлхэж, зоригжуулан хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: Хэрэг гарсан өдөр Төмөр замчдын баяр болоод архи хэтрүүлээд хэрэглэсэн болохоор тасарчихсан байсан. Би архи их хэмжээгээр хэрэглэж, тасархаараа босох чадвар байхгүй болчихдог юм. Тэр өдөр Төв аймгийн Лүн сумын Оюун гэдэг аптекийн эрхлэгчийн нөхөр намайг өргөж гэрт оруулсан гэсэн тэгээд нэг сэргэхэд Түмэнжаргал байхгүй болохоор нь би гараад хайсан чинь хажуу хашааны эмэгтэй Түмэнжаргалыг цагдаа аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дээр очоод хэрэг үйлдсэн байдлыг мэдсэн гэв.

 

            Хохирогч Д.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Түмэнжаргал архи уучихсан гэрт орж ирээд “сүү байна уу гээд гуйхад” нь Алтанцэцэг “байхгүй” гээд гаргасан. Тэгтэл буцаж орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би “хэрүүл хийхээ боль, яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл намайг “чи хэн юм гээд” надтай зууралдаж байснаа гэнэт халааснаасаа хутга гаргаж ирээд юм цавчиж байгаа юм шиг цавчсан. Тухайн үед Түмэнжаргалын биед хутга байсныг би мэдээгүй. Тэгээд гэрчүүдийн нэг нь хутга гээд орилсон. Тэгээд би хөл нүцгэн зугтааж гүйгээд эмнэлэгт очсон. Түмэнжаргалын эхнэр Оюунбат нь “наадах чинь гүйгээд явчихлаа наадхаа гүйцээгээч” гэж хэлж байсан. Миний хувьд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Мөн мөрдөн байцаалтанд гэрч Б.Азжаргал мэдүүлэгт: Тэр өдөр ээж бид 2 гэртээ байхад байрны гадаа хүмүүс шуугиад байхаар нь ээжтэй гарч хартал Түмэнжаргал ах Алтанцэцэг эгч рүү ална шүү гээд дайраад байсан. Ээж бид 2 ямар учраас ална шүү гээд дайраад байгааг ойлгоогүй. Ямартаа ч Түмэнжаргал ах эхнэр Оюунбатын хамт согтуу байсан. Өмднийхөө араас хар иштэй том хутга гаргаж ирээд Энхбаяр ахын толгойг нь хэрчиж зүссэн. Би Энхбаяр ахад хандаж хутга гэж орилтол гэрээс Алтанцэцэг эгч ээж 2 гарч ирсэн. Түмэнжаргал ах тэр хутгаараа Энхбаяр ахын толгой, хамар, уруул, гэдэс рүү нь хутгалж Энхбаяр ахаас цус их гарсан. Энхбаяр ахыг Түмэнжаргал хутгалах үед Оюунбат эгч “наадхаа гүйцээ” гэж нөхөртөө хэлж байсан. Тэгээд Энхбаяр ах зугтаад явсан. Тэгсэн чинь Түмэнжаргал хутгаа аваад гэр рүүгээ орчихоод буцаж гарч ирээд Энхбаяр ахын араас явж байгаад буцаж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Гэрч Д.Билэг-Өрнөх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2015 оны 08 дугаар сарын 04-ний орой гэртээ охины хамт байхад гадаа хүмүүс шуугиад байхаар нь том охин Азжаргалын хамт гарч хартал Түмэнжаргал гэдэг залуу Алтанцэцэг гэдэг эмэгтэй рүү ална шүү пизда минь гээд дайрч байсан. Тэр 2-ын хажууд Алтанцэцэгтэй хамтран амьдардаг Энхбаяр ах зогсож байсан. Түмэнжаргал Алтанцэцэг рүү дайраад байхаар нь Энхбаяр ах болиулах гээд тэр 2-ын голоор орж Түмэнжаргалыг салгасан чинь Түмэнжаргал чи муу энийг өмөөрөөд байгаа юм уу, хоёулаа үзэх үү гээд Энхбаяр ах руу дайраад тэр 2 бие биенээ заамдалцаж авсан. Тэр үед Алтанцэцэг гэр рүүгээ орохоор нь би дагаж хойноос нь орсон. Тэр үед Алтанцэцэг гэртээ тараг бүрж байсан. Алтанцэцэг, Энхбаяр ах, Түмэнжаргал нар бүгд нийтийн байранд өөд өөдөөсөө харсан хөрш айлууд байгаа юм. Гэхдээ Алтанцэцэг зуны улиралд сүү, саалийн гэр гэж нийтийн байрны гадаа Монгол гэр барьсан байсан юм. Алтанцэцэг бид 2-ыг гэрт байхад манай охин Энхбаяр ахаа хутга гэж орилох чимээгээр Алтанцэцэг бид 2 гэрээс гартал Түмэнжаргал ах иштэй том хутга баруун гартаа барьчихсан Энхбаяр ах руу дайрч хутгатай гараа савчиж байсан. Харин Энхбаяр ахын нүүр ам, толгой нь нил цус болсон байсан. Тэр үед Түмэнжаргалын эхнэр Оюунбат нь наадхаа гүйцээчихье дуусга, гүйцээгээч гээд орилоод байсан. Тэгээд Түмэнжаргал энийг гүйцээчихье айгаагүй бол хүрээд ир гээд араас нь хутгаа бариад яваад байхаар нь Энхбаяр ахаа зугт гэсэн чинь Энхбаяр ах зугтсан. Тэгсэн чинь Түмэнжаргал гэр лүүгээ орчихоод буцаж гарч ирэхдээ хутгаа орхиод хаана байна тэр муу хаачсан юм гүйцээчихье гээд Энхбаяр ахын араас явсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан. Сумын цагдаа Цэндбаяр дуудлаганд ирэх үед Түмэнжаргал “Ам цангав” гээд газар луу явж байхад нь бид нар зааж өгч бариулсан. Сумын цагдаа Түмэнжаргалыг аваад ажил руугаа явахдаа хутга хаана байна, олоод ир гэхээр нь манай охин бид 2 Түмэнжаргалын гэрт ороход уг хар иштэй хутганы цусыг нь арчаад түмбочканы араар нууж дээр нь футволка тавьсан байхаар нь манай охин “ээж хутга нь энэ байна” гээд аваад ирэхээр нь би ишнээс нь бариад гялгар уутанд хийж цагдаад аваачиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

Гэрч А.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Түмэнжаргал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу орж ирээд 1 аяга сүү өгчих гэхээр нь би Түмэнжаргал ахаа тарагны хөрөнгө хийчихсэн тараг бүрж байна, та энэ сүүнээс уугаад яах юм бэ гэхэд Түмэнжаргал сүү харамлалаа гээд уурлаж хараасан. Тэгсэн Энхбаяр Түмэнжаргалыг яагаад уурлаж орилж хашгирч байгаа юм бэ гэхэд Энхбаяр луу Түмэнжаргал уурлаж давшилсан. Тэгээд 2-уулаа хоорондоо маргалдаад гэрээс гараад Түмэнжаргал, Энхбаяр нар бие биенээ заамдалцсан зогсож байхаар нь би болиочээ гэж хэлээд тараг бүрж байсан сүү хөөрчих гээд байсан тул буцаж гэртээ орж сүүгээ суллачихаад буцаад гараад ирэхэд Түмэнжаргал баруун гартаа хар иштэй хутга барьсан Энхбаярын араас хөөгөөд савчуулаад яваад байсан. Энхбаяр ах зугтаагаад гүйсэн ба Түмэнжаргалын эхнэр Олио гараад ирчихсэн согтуу байсан. Тэгээд би цагдаа дуудаачээ гээд орилоход манай байрны Билэг-Өрнөх охинтойгоо гараад ирчихсэн харж байсан. Тэгсэн Энхбаярын нүүрнээс цус гараад байна гэхээр нь би араас нь очиж Энхбаяртай уулзахад нүүр нь битүү цус болсон байсан ба цагдаа дуудаарай гэхэд Түмэнжаргал зугтаагаад яваад өгсөн. Тэгээд Энхбаярыг дагуулж эмнэлэг орж цусыг нь цэвэрлүүлж, оёо тавиулсан юм. Түмэнжаргал баруун гартаа дээрх хар иштэй хутгыг барьсан дайрч байхдаа чи юу юм би чамайг хутгалж ална, урьд нь шоронд ороод ирсэн, дахиад ороод гарч чадна гэх мэтээр хашгираад байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч М.Азжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: Би 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрныхаа хажууд найзуудтайгаа тоглож байхад Билэг-Өрнөх гэх эгч бид нарын хажууд байж байгаад гүйгээд явахаар нь би юу болсон юм бэ гээд араас нь дагаад очиход манай гэрийн гадаа Түмэнжаргал гэж манай нийтийн байранд байдаг ах Энхбаяр ахыг хувцаснаас нь заамдсан маргалдаад байж байснаа өмднийхөө араас хар иштэй хутга гаргаж ирээд тэгээд эхлээд Энхбаяр ахын гэдсэнд нь хутгалсан, дараа нь хамрыг нь хутгаараа зүсээд доош нь тонгойлгоод толгойн дээр нь зүссэн. Тэгэхэд Энхбаяр ах зугтаагаад явсан. Түмэнжаргал гэж хүн гэр лүүгээ орчихсон юм. Тэр үед Түмэнжаргал ахын эхнэр Оюунбат их согтсон байдалтай байсан, бөгөөд наадхаа гүйцээчих гээд Түмэнжаргал  руу хашгираад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Б.Саруул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2015 оны 08 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим ажил дээрээ буюу Лүн сумын Эрүүл мэндийн төв дээр байхад Энхбаяр гэх хүн хэвлий, хамар, толгойн хуйх, дээд урууланд зүсэгдсэн шархтай толгой хамрын шархнаас их цус гарсан байдалтай байсан тул хамранд нь 6 ширхэг, толгойд 4 ширхэг, дээд урууланд 2 ширхэг оёдол тавиад мэдээ алдуулах тариа хийж ариун боолтоор боогоод эм бичиж өгөөд явуулсан. Энхбаяр гэж хүн согтуу хүнд хутгалуулсан талаар хэлсэн, хэнд хутгалуулсан талаар хэлээгүй, өөрөө архи уугаагүй, эрүүл байсан. Эхэндээ ганцаараа ирсэн араас нь 1 эмэгтэй ирсэн юм. Бүгд шинэ шархнууд байсан. Хэвлийн шарх нь оёо тавих шаардлагагүй өнгөц байсан. Өөр хөхөрч, няцарсан гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №245 тоот дүгнэлт: Д.Энхбаярын биед зулайн хуйх, хамар, уруул, хэвлийн шарх, хамранд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пүрэвийн Түмэнжаргал, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваадоржийн Оюунбат нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Д.Оюунбат хэрэгт хамтран оролцсон, П.Түмэнжаргал бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлан, зэвсэг хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:

 П.Түмэнжаргалын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй гарсан байна. Тухайлбал: хавтаст хэргийн 22 дугаар  хуудсанд гэрч Алтанцэцэг мэдүүлэхдээ: “аяга сүү гуйгаад орж ирээд маргаж байхад нь Энхбаяр хажуунаас нь оролцон түүнтэй маргалдан улмаар гэрээсээ чирч гаргасан” тухай мэдүүлгээр хохирогчтой маргалдан хохирогчийн гэрээс чирч гаргасан зүй бус харилцаанаас шалтгаалан үйлдэгдсэн. Түүнчлэн П.Түмэнжаргал нийгмийн хэм журмыг бүдүүлгээр зөрчсөн, олныг хамарсан, удаан хугацаагаар үргэлжилсэн хүмүүсийг басамжлан, доромжлох үйлдэл гаргасан нь нотлогдохгүй байна. Иймд П.Түмэнжаргалын  үйлдлийг Төв аймгийн прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул П.Түмэнжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг нь хэрэгсэхгүй болгох нь хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

 Харин Д.Оюунбат нь шүүгдэгч П.Түмэнжаргалыг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсэг хэрэглэн догшин авирлан, танхайрч Д.Энхбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдэхэд согтуугаар “наадхаа гүйцээчих”, гэж орилсныг Түмэнжаргалыг өдөөн түлхэж, зоригжуулан хамтран оролцсон гэж Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Д.Оюунбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна. Учир нь: Д.Оюунбат нь “Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг, Ойгуудэлт согтолт сэтгэцийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 80%-тай, группэд асаргаанд байдаг талаар нотлох баримтууд эмнэлгийн дүгнэлт нотолгоо хэрэгт хангалттай авагдсан. Хэрэг гардаг өдөр Д.Оюунбат өөрийн хамтран амьдрагч буюу асран хамгаалагч гэх П.Түмэнжаргалтай 2-уулаа архи хэтрүүлэн хэрэглэсэн согтуу байсан нь ч нотлогддог. Д.Оюунбатын архины хамааралтай Ойгүүдэлт сэтгэцийн өвчин нь архи уусан үед,  архиа уугаагүй эрүүл байх хоёрын хоорондын сэтгэцийн өөрөөр хэлбэл хэлж байгаа үг, гаргаж байгаа үйлдлээ адил хэмжээнд ухамсарлах эсэхийн ялгааг тогтоолгүйгээр согтуу байхдаа орилсноор гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж зүйлчилсэн нь  хуулийн үндэслэлгүй байна. Түүнчлэн Д.Оюунбатын алаад өг гүйцээгээд өг гэж хашгирсанаас болж П.Түмэнжаргал өдөөгдөж танхайрсан гэх үйлдлээ үргэлжлүүлсэн талаар хэрэгт шалгагдаж тогтоогдоогүй байдаг. П.Түмэнжаргалыг сүү гуйгаад Энхбаярынд ороход сүү өгөхгүй маргаж Энхбаяр Түмэнжаргалыг чирч гаргасны дараагаар П.Түмэнжаргал дахин ирж Энхбаярын биед гэмтэл учруулаад хүн цагдаа дуудлаа гэхээр Түмэнжаргал хутгаа гэртээ оруулж тавьчихаад гарч явж байхад нь Оюунбат гэрээс гарч орилсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Йимд Оюунбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хохирлын талаар: Хохирогч Д.Энхбаярын биед хөнгөн гэмтэл учирсан, 1.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжлэнэ гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай 25.000 төгрөгийн хохиролыг төлсөн байна. Хөнгөн гэмтэл 14 хоногийн дотор эдгэрдэг бөгөөд хохирогч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, хохирлын нотлох баримт байхгүй гэх тул гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

Эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай ажлын хэсэг  нь 18 см, 12 см бариултай, хуванцар хар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Түмэнжаргал, Д.Оюунбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298, 299, мөн хуулийн 248.1.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 208.1.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Оюунбатад холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Түмэнжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Пүрэвийн Түмэнжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар П.Түмэнжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар П.Түмэнжаргал, Д.Оюунбат нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар 30 см урттай, ажлын хэсэг нь 18 см, 13 см бариултай, хуванцар хар иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. П.Түмэнжаргал, Д.Оюунбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан П.Түмэнжаргал Д.Оюунбат нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧИД                                    Ю.ЭНХМАА 

 

                                                                                                Д.БУЯНТОГТОХ