Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00615

 

Х.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлалтай,

Х.Гийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1523 дугаар тогтоолоор Нида ХХК-аас 764 547 285 төгрөг, Ц.Оюумаагаас 232 164 309 төгрөгийг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр 27 тоотод байрлах 147.68 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Х.Гийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 236 264 400 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Үл хөдлөх хөрөнгө нь хотын төвийн А бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Үнэгүй.мн /unegui.mn/ зарын сайт болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулдаг Ремакс компаниас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн судалгааг авахад 1 800 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг байхад үнэлгээгээр 1 599 000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Иймд тус үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Оюумаагаас 232 164 309 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 659 385 төгрөг, Нида ХХК-аас 764 547 285 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 4 482 123 төгрөг, нийт 1 001 853 102 төгрөг гаргуулж Чингис хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна. Тус шийдвэрээр төлбөр төлөгч Нида ХХК болон Ц.Оюумаа нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот 87.37 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 29 байр, 294 тоот, 35 м.кв талбай бүхий орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59 байр 27 тоот, 147.68 м.кв талбай бүхий орон сууц, Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, Долоон бар ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай, 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2.882 м.кв талбайтай бүхий орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн, хурааж, тус үл хөдлөх эд хөрөнгийг мөн хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шинжээч томилон 236 264 400 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: Бид байрыг бодитой үнэлсэн гэж үзэж байна. Үнэлгээг гаргахад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр орон сууцтай танилцаад мөн сарын 28-ны өдөр тайланг гаргасан. Тухайн үед зарагдаж байгаа Оранж хотхоны байрнуудын үнэ м.кв нь 1 500 000 төгрөгөөс 1 700 000 төгрөг, нэг давхарт байрлалтай үйлчилгээний зориулалттай байрны м.кв нь 1 700 000 төгрөг, бусад давхарт байрлалтай орон сууцны 1 м.кв дундаж үнэ нь 1 600 000 төгрөг орчим байсан. Бид нар зах зээлийн ханшийг бодитой, зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлаж гаргасан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 байр, 27 тоот 147.68 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцыг үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлалаарЧингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хариуцагч НШШГГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалаар “Шинжээч “Хөрнгө эстимэйт” ХХК-ийн барьцааны орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлсэн байх боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал тайлангаас харагдахгүй байна. Үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар барилгын хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийгдсэн эсэх гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байна. Харьцуулж буй орон сууцнуудын талаар мэдээлэл байхгүй, шинжээч зөвхөн орон сууцнуудын үнийг, талбайн хэмжээтэй гол үзүүлэлт болгожээ. Гэтэл орон сууцны үнэлгээнд нөлөөлөх олон хүчин зүйлс байх ба тэдгээрийг харгалзсан байдал алга байна” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд болох Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр, 27 тоот 147.68 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай орон сууцыг үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Хөрөнгө эстимэйт” ХХКомпани нь үнэлгээний тайланг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлэхдээ үнэлгээ хийж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй ашиглаж байгаа барилгын нэг квадрат метр талбайн үнэ, байрлал, барилгын хана, суурь хучилтын хийцийн ангилал, бусад итгэлцүүрийг үндэслэн шинжилгээ, судалгаа тооцон үзэж тоон, чанар, шинжээчийн аргыг ашигласан. Энэ нь ижил төстэй хөрөнгийг худалдан борлуулсан үнийн мэдээлэлтэй харьцуулан зэрэгцүүлсэн. Мөн байршилын итгэлцүүрийг тогтоохдоо үнэлгээ хийж буй хөрөнгийн дүүрэг, бүсчлэл, тухайн орчинд байрлах ижил хөрөнгийг суурь үнэ болгон сонгосон байна. Орлогын аргаар үнэлгээ хийхдээ хөрөнгийг бусдад түрээсээр эзэмшүүлбэл ямар хэмжээний орлого олж болохыг үндэслэсэн байна. Иймд шинжээч тус хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн шинж байдал, онцлогыг харгалзан үнэлсэн байна. Шинчээжийн үнэлгээ бодитой байгаа тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлийг заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгө эстимейт ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 1523 дугаар тогтоолоор Нида ХХК болон Ц.Оюумаа нараас 232 164 309 төгрөгийг, Нида ХХК-аас 764 547 285 төгрөгийг тус тус гаргуулан Чингис хаан банк ХХК-д олгож, шийдвэрийг эс биелүүлбэл Б.Төгөлдөр, Х.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон /17041/, Туул гол гудамж, 59 дүгээр байрны 27 тоотод байрлах орон сууцны зориулалттай 147.68 м.кв талбайтай 4 өрөө бүхий орон сууц болон бусад 5 үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 6-15 дахь тал/

Төлбөр төлөгч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх 34-35 дахь тал/

Х.Г нь төлбөр төлөгч биш, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарахгүй хэдий ч барьцааны зүйлийн хамтран өмчлөгчийн хувьд орон сууцыг битүүмжлэх, хураах үед байлцсан, орон сууцны үнийн санал өгөхийг мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон байх тул үнэлгээний талаар гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан зохицуулалт хамаарна. Хариуцагч нь 2019 оны 04 сарын 01-ний өдөр үнэлгээг мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2019 оны 4 сарын 08-ны өдөр шүүхэд гомдлоо гаргажээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилохыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д тус тус заасан тул НШШГГ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 04 дүгээр тогтоолоор шинжээч томилсон, шинжээч орон сууцыг 236 264 400 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 36-50 дахь тал/

Харин Хөрөнгө-Эстимэйт ХХК үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагын баримтлаагүй, үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх зохих дүгнэлтийг хийжээ.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/01044 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлалыг тус тус хэвээр  үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА