Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1044

 

 

 

 

   2019 оны 06 сарын 04 өдөр

      Дугаар 182/ШШ2019/01044

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Чонос овогт Хишигдэлэгийн Г/РД:СЮ80042622/, Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 29-р байр, 294 тоот

 

Хариуцагч:  НШШГГ, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр

 

Гуравдагч этгээд: “ХЭ” ХХК /РД:5932424/, Баянзүрх дүүрэг 13-р хороо, Номин хайпермаркет, Голомт банк В1 давхар, 3 тоот

 

үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХГ2017/01523 тоот тогтоолоор “Н” ХХК-аас 764.547.285 төгрөг, Ц.Огаас 232.164.309 төгрөгийг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Оранж хотхон, Туул гол гудамж 59 дүгээр байр 27 тоотод байрлах 147.68 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаарт бүртгэлтэй Х.Гийн дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 236.264.400 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/7979 тоот мэдэгдлийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргасан. Үл хөдлөх хөрөнгө нь хотын төвийн А бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн unegui.mn зарын сайтаас харахад үл хөдлөх эд хөрөнгийн үнийн доод үнэ 1 м кв  нь 1.800.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн зах зээлийн ханштай байгаа. Мөн түүнчлэн дээрх зарын сайт болон үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулдаг Ремакс компаниас үл хөдлөх эд хөрөнгийн судалгааг авахад 1.800.000-2.000.000 төгрөг байна. Гэтэл үнэлгээгээр 1.599.0000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд Хан-Уул дүүрэг, 15 хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59-р байр, 27 тоот байрны зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 тогтоолоор “Н” ХХК болон Ц.О нараас 232.164.309 төгрөг, “Н” ХХК-аас 764.547.285 төгрөг, Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 659.385 төгрөг, “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4.482.123 төгрөг, нийт 1.001.853.102 төгрөг гаргуулж “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Төлбөр төлөгч “Н” ХХК болон Ц.О нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хунгийн хотхон, Зайсангийн тойруу гудамж 54/3 байр, 3 тоот 87.37 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206031793 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 29-р байр, 294 тоот, 35 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205018305 дугаартай орон сууц, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Оранж хотхон, Туул гол гудамж, 59-р байр 27 тоот, 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууц, Булган аймаг, Булган сум, 6-р баг, “Долоон бар” ХХК-ийн хойд талд байрлалтай, орон сууцны зориулалттай 65 хувийн гүйцэтгэлтэй 35 айлын 2.882 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0405002540 дугаартай орон сууцны барилга зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу Б.Т, Х.Гнарын өмчлөлийн Хтоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууцыг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 236.264.400 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хтоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай тогтоолоор “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон. Бид байрыг бодитой үнэлсэн гэж үзэж байна. Үнэлгээг гаргахад 2019 оны 03 сарын 27-ны өдөр орон сууцтай танилцаад 2019 оны 03 сарын 28-ны өдөр тайланг гаргасан. Тухайн үед зарагдаж байгаа Оранж хотхоны байрнуудын үнэ нь 1.500.000 төгрөгөөс 1.700.000 төгрөг байсан. Нэг давхарт байрлалтай үйлчилгээний зориулалттай байр нь 1.700.000 төгрөг байсан. Бусад давхарт байрлалтай орон сууцны дундаж үнэ нь 1.600.000 төгрөг орчим байсан. Бид нар зах зээлийн ханшийг бодитой, зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлаж гаргасан гэж бодож байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 дугаар тогтоол, гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоол, шинжээч томилох тухай тогтоол, “ХЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууцны үнэлгээний тухай мэдэгдэл зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00961 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1616 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2017/01523 дугаар тогтоолоор хариуцагч “Н” ХХК болон Ц.О нараас 232.164.309 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-аас 764.547.285 төгрөгийг, хариуцагч Ц.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 659.385 төгрөг, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4.482.123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Чингис хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шийдвэрийг албадан гүйцэтгэхээр барьцааны хөрөнгө болох Б.Т, Х.Гнарын өмчлөлийн Хтоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд үнийн санал өгөөгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “ХЭ” ХХК-ийг шинжээчээр томилж орон сууцыг үнэлүүлсэн байна. Шинжээч орон сууцыг 236.264.400 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 04 сарын 04-ний өдөр талуудад мэдэгдсэн, Х.Горон сууцны зах зээлийн үнэлгээг илтэд бага болсон үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2019 оны 04 сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, орон сууцыг үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Шинжээч “ХЭ” ХХК-ийн барьцааны орон сууцыг үнэлсэн үнэлгээ бодитой болж чадаагүй байна. Шинжээч орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлсэн байх боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал тайлангаас харагдахгүй байна. Үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар барилгын хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийгдсэн эсэх гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байна. Харьцуулж буй орон сууцнуудын талаар мэдээлэл байхгүй, шинжээч зөвхөн орон сууцнуудын үнийг, талбайн хэмжээтэй гол үзүүлэлт болгожээ. Гэтэл орон сууцны үнэлгээнд нөлөөлөх олон хүчин зүйл байх ба тэдгээрийг харгалзсан байдал алга байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас Оранж хотхонд өөрийнхтэй нь ижил давхарт буй байрын 1 м кв 1.800.000-2.000.000 төгрөгөөр үнэлэгдэж буй зарыг шүүхэд ирүүлсэн байна. Үнэлж буй орон сууцтай харьцуулж буй орон сууцнуудын талаарх мэдээлэл үнэлгээний тайланд байхгүй, тэдгээрийн үнийг хэрхэн яаж тодорхойлсон нь тодорхойгүй байх тул орон сууцуудын үнийг харьцуулсан байдалд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар албадан дуудлага худалдаанд оруулахаар Б.Т, Х.Гнарын өмчлөлийн Хтоот 147.68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206023051 дугаартай орон сууцыг үнэлсэн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                           С. БУД