Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00599

 

 

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/00599

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Бодь цамхаг, 306 тоотод байрлах, регистрийн дугаар 2088606/

 

Хариуцагч: “МИАТ” ТӨХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа-45, өөрийн байранд байрлах/

 

            Даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь “Бодь даатгал” ХХК нь “МИАТ” ТӨХК-иас зарласан агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулахаар тендерт шалгарч, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон. Иймд манай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь “МИАТ” ТӨХК-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд “...Бодь даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, МИАТ ТӨХК-д холбогдох, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул нь шүүхэд гаргасаннэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “МИАТ” ТӨХК-д холбогдох, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

“Бодь даатгал” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 16/0483 дугаар итгэмжлэлээр “Э.Туулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүрэн эрхийг олгов” гэснийг дурдав.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишигийн тус шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн “...улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзав.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 106.6-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан, эсхүл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр хариуцуулахаар заасан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 890.530 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 133.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МИАТ” ТӨХК-д холбогдох, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 173.137.095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 890.530 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 133.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн төлөөлөгч Б.Мөнххишиг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул нарын “...улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД