Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0771/З |
Дугаар | 128/ШШ2019/0281 |
Огноо | 2019-05-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2019/0281
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ө.
Хариуцагч: ОӨГД.
Гуравдагч этгээд: “М С Т” ХХК.
Гуравдагч этгээд: ““С *******” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 дугаар тушаалын “С*******”ХХК-ийн 2303 тоот дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “М С Т” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож, 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патентын эрхийг ““С *******” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “М С Т” ХХК-ийн төлөөлөгч Д.А, ““С *******” ХХК-ийн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Л.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “С *******” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан 3 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд тус компани нь Оросын Холбооны улс, Польш, Вьетнам, Турк зэрэг орноос хоолны төрөл бүрийн амтлагчийг импортлон оруулж ирэн, савлаж Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүд, зах бөөний төв, орон нутгийн дэлгүүрүүдэд түгээн борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.
Тус компани нь хоолны супер амтлагч болон бусад төрлийн амтлагчийн сав,баглаа, боодлын дизайныг боловсруулан 2013 онд бүтээгдэхүүний загварыг баталгаажуулахаар мэдүүлэг гарган шүүлт хийлгэж Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 101 тоот тушаалаар зөвшөөрөгдөн “С *******” ХХК-ийн нэр дээр 2303 дугаартай “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын патентийг эрхийн хамгаалалт хийж авсан.
Гэтэл 2016 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.О нь компанийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр, компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэргүйгээр дур мэдэн Оюуны өмчийн газарт албан бичгээр хүсэлт гарган улмаар Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 тоот тушаалаар компанийн 2303 тоот дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Түүнчлэн “М С Т” ХХК нь 2015 оны 12 сард үүсгэн байгуулагдсан компани бөгөөд үүсгэн байгуулагч нь Д.О байдаг.
Өнөөдрийн байдлаар “С *******” ХХК-ийн эрхлэн явуулж байсан үйл ажиллагаатай адил үйл ажиллагааг “М С Т” ХХК нь эрхлэн явуулж байгаа бөгөөд патентийн 2303 тоот гэрчилгээгээр баталгаажсан “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварыг үйл ажиллагаандаа ашиглаж, манай компанийг хохироож байна. Энэ нь Оюуны өмчийн газрын даргын хууль бус шийдвэрийн үр дүн гэж үзэж байна.
“С *******” ХХК-ийн эзэмшиж байсан патент “М С Т” ХХК- руу шилжсэн гэдгийг миний бие 2016 оны сүүлээр мэдсэн бөгөөд мэдмэгцээ Оюуны өмчийн газарт хандан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох албан бичгийг хүргүүлсэн ч маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг өгсөн юм.
Уг маргаатай асуудлын талаар 2017 оны 3 сард Оюуны өмчийн газрын ирүүлсэн албан бичгийг үндэслэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “С *******” ХХК нь татан буугдсан талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас мэдэгдсэн болно.
Компани татан буугдсантай холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 тоот тушаал буюу хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгөхийг хүссэн” нэхэмжлэлээ татан авсан.
Үүнтэй холбогдуулан “С *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө нь “С *******” ХХК-ийг татан буулгасан талаарх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 46 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2Ю/МА2018/00038 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00702 тоот тогтоолоор ““С *******” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 46 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож ““С *******” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн нь хууль бус, хууль зөрчсөн гэдгийн шүүх тогтоосон.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газраас
“С *******” ХХК-ний бүртгэлийг сэргээсэн мэдэгдлийг 2018 оны 8 дугаар сарын 13- ны өдөр ирүүлсэн болно.
Иймд Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 тоот тушаал буюу хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: ““С *******” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй. Гэтэл 2 хувьцаа эзэмшигч нь нийлж 2015 оны 12 дугаар сард шинээр “М С Т” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Шинээр үүсгэн байгуулсан тус компанийн нэр дээрээ ““С *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан. Уг зохиогчийн эрхийг шилжүүлэхдээ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж, хуралдуулахгүй, санал аваагүй. Өөрөөр хэлбэл Д.А, Д.Онар нь надад мэдэгдэлгүйгээр шинээр байгуулсан “М С Т” ХХК-д зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан. Тухайн байгууллагын оюуны өмчийг шилжүүлэхдээ шилжүүлэн авахыг хүссэн компанийн захирал болон “С *******” ХХК-ийн захирал Д.О нар хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас бусад хувьцаа эзэшигчдийн эрхийг хөндсөн эсэхийг хянаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Миний бие “С *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн бүтээгдэхүүний борлуулалтаас ашиг хүртэх эрх маань зөрчигдөж байгаа. Иймд хууль бусаар шилжсэн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг “С *******” ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү.
Оюуны өмч гэдэг нь мөнгөөр илэрхийлэгдэхгүй боловч тухайн компанийн өмчид тооцогддог. Компанийн өмчийг захиран зарцуулах эрхийг гүйцэтгэх захирал эдлэхгүй. Гүйцэтгэх захирал нь тухайн компанийн өдөр тутмын ажиллагааг хөтөлж, удирдаж явуулдаг. Түүнээс өмчтэй холбоотой эрхийг шилжүүлэх, худалдах өгөх эрхийг гүйцэтгэх захирал дангаараа хэрэгжүүлэх эрхгүй. Манай компанийн дүрэмд гүйцэтгэх захирлын эрхийг тодорхойлон заагаагүй бол Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирал компанийн ямар нэгэн өмчийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, худалдан борлуулах эрхийг дангаар хэрэгжүүлэх эрхгүй. Энэ нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл эсхүл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл патентын эрхийг дур мэдэн шилжүүлсэн. Биднийг эгч дүүс гэдгийг дурдаад байх зүйл биш. Энд зөвхөн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувьд компанийн өмчийг бусдад хууль бусаар шилжүүлсэнтэй холбогдуулан надад учирсан хохирлын асуудал яригдаж байгаа. 2 бүтээгдэхүүний патентийг манай компани эзэмшиж байсан. Уг 2 бүтээгдэхүүнийг бий болгоход миний оролцоо байсан уу гэдгийг Д.А, Д.О нар амаар хэлээд тогтоочихдог зүйл биш. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд дээрх бүтээгдэхүүн нь манай компанийн нэр дээр байсан бол тус бүтээгдэхүүнээс олсон орлого, үр ашгаас хүртэх бүрэн эрхтэй. Энэ нь Компанийн тухай хууль, Иргэний хууль, Үндсэн хуулиар надад олгогдсон эрх юм. Уг асуудлыг уг хоёр хүн дур мэдэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Компанийн эзэмшилд байгаа патентийн эрх нь бидний оролцооноос үл хамааран би эзэмших эрхтэй. Иймд гуравдагч этгээд нарын зүгээс хуульд нийцэхгүй тайлбарыг өгч байна...” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Патентийн тухай хуульд зааснаар бүтээгдэхүүний загвар патент нь компанийн өмч, үндсэн хөрөнгө болж байгаа. Үүнийг захиран зарцуулах эрх нь компанид буюу өмчийн эзэнд байгаа. Гэтэл өмчийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэхэд Оюуны өмчийн газар бүртгээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иргэний хуульд зааснаар энэ нь бусад этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх хэлцэл юм. Гэтэл зөвшөөрөл олгогдоогүй байхад патентийн эрхийг шилжүүлж байгаа үйлдэл хүчин төгөлдөр бус болно гэдэг байдлаар хуульчилсан байдаг. Хуулийн этгээдийн жинхэнэ өмчлөгч нь нэг хувьцаа эзэмшигчтэй бол тухайн этгээд, олон хувьцаа эзэмшигчтэй бол хувьцаа эзэмшиж буй хувь хэмжээгээр эрх эдэлнэ. Гэтэл хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг хуулийн этгээд мөн гэж тодорхойлоод бүртгэж авсан энэ үйлдэл хууль бус юм.
Хариуцагчийн зүгээс бүртгэж авах үүргээ хэрэгжүүлсэн гэдэг байдлаар тайлбар өгдөг. Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргийг хариуцагч хэрэгжүүлээгүйн улмаас энэ маргаан бий болсон юм. Тиймээс “С *******” ХХК-ийн өмчлөлийн патентийн эрхийг бусдад шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй юм” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С *******” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай байгууллагад хандаж Супер амтлагч сав баглаа-нд бүтээгдэхүүний загварын гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан. Мэдүүлэг нь бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолт, нэр, хаяг, бүтээгдэхүүний загварын нэр, хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон бүтээгдэхүүний загварын тухайд хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадалгаа, тодорхойлолт, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг зэргээс бүрддэг. Манай байгууллага бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрдлийг хянаад Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцдог. Дараа нь дээр дурдсан хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авсан мэдүүлэгтээ мөн чанарын шүүлт хийгээд мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана.Патент олгохоор шийдвэрлэсэн бол тухайн бүтээгдэхүүний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлдэг. Хэвлэлд нийтлэгдсэнээс хойш 3 сарын дотор няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгодог Энэ процессын дагуу үйл ажиллагаагаа явуулж Газрын даргын 2013 оны 101 дүгээр тушаалаар 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патент олгосон.
Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу
бүтээгдэхүүний загварын патент эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр оюуны
өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх бөгөөд энэ
өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой байдаг.
“С *******” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эзэмшигч өөрчлөх тухай хүсэлт гаргаж хүсэлтийн үндсэн дээр Газрын даргын 2016 оны А/70 дугаар тушаалаар эзэмшигчийг “М С Т” ХХК болгож патент олгосон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “С *******” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр супер амтлагчийн сав, баглаа, бүтээгдэхүүний загварын гэрчилгээ авах хүсэлт гаргасан байдаг. Уг мэдүүлгийг хүлээн аваад Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна гэж үзээд Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 101 дүгээр тушаалаар бүтээгдэхүүний загварын патентыг эрхийг олгосон. 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр патентын эрх эзэмшигчийг өөрчлөх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд ““С *******” ХХК-ийг төлөөлөн Д.О “М С Т” ХХК-ийг төлөөлөх Д.А нар “С *******” ХХК-ийн тамга, тэмдэг, гарын үсэгтэй Супер амтлагчийн патентын эрхийг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн. Уг хүсэлтийг хуульд заасны дагуу хүлээн аваад Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/70 дугаар тушаалаар “М С Т” ХХК-д патентын эрхийг олгосон байгаа. Патентын эзэмшигч өөрчлүүлэх хүсэлт хүлээн авахад хуульд заасан шаардлагыг хангасан байсан учраас патентын эрхийг шилжүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн эсэхийг шалгах хуулийн заалт байхгүй. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээд “М С Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С******* ХХК-ийн супер амтлагчийн сав баглааны загварыг зохиоход нэхэмжлэгч Д.Ө огт оролцоогүй бөгөөд 2008 оноос эхлэн шашны урсгалд автан ногоон хоолтон болж, ах дүүстэйгээ таарахаа больж, компанийн үйл ажиллагаанд байнга саад учруулж мөнгө нэхэн дарамтлах болсон бөгөөд компанийг дангаар эзэмшинэ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Ө: /1анай компани үйлийн үртэй ажил хийж байна энэ ажлаа зогсооё. Юу ч хийхгүй 1 жил болоход бурхан юу хийхийг заагаад өгнө гэж бурхны нэрийг барьж биднийг дарамталдаг байхдаа гадаад гуйвуулгын үнийн дүнг буруу хэлж мөнгө завших, компани аудитын шалгалтаар ороход аудитын төлбөр 500,000 төгрөг байсныг 1сая гэж хэлж авах мэтээр луйвар хийж байсан нь сүүлд илэрсэн. Компаниа татварын алба, гаалийн байгууллагуудад шалгуулж их хэмжээний торгуульд оруулж байсан. Компанийн зээл авах гэх мэт гарын үсэг хэрэг болох бүрт мөнгө авч зурдаг. Банкнаас авсан шугаман зээлийг миний гарын үсэггүйгээр зээл гаргаж болохгүй гэсэн албан бичиг өгч зогсоохыг оролдох зэргээр компанийг цаашид ажил явуулах аргагүй байдалд оруулсан. Иймд бид түүний гаргасан Агрос бүтээгдэхүүний загвар болон тус компаний явуулж байсан бүх үйл ажиллагаа буюу Польш улсаас импортолдог байсан 2 барааны эрхийг Д.Өт үлдээгээд зөвхөн өөрсдийн зохиосон Супер амтлагчийн сав баглааны загварыг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан болно.
“С *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. О нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд Компанийн тухай хууль болон “С *******” ХХК-ийн дүрэмд патентийн эрх шилжүүлэхэд хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр Варгана гэж заагаагүй.
Д.А, Д.О бид энэ бүтээгдэхүүний загварыг зохиож С. Э-оор зураг хийлгэж байсан болно. Д.Ө нь “С *******” ХХК-ийн 24 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд бид өөрсдийн зохиосон бүтээгдэхүүний загварыг шилжүүлсэн. Мөн Д.Ө нь патентийн эрх шилжүүлж байгааг 2016 онд мэдүүлэг өгөх үед мэдсэн бөгөөд Оюуны өмчийн газарт очиж патент 1 шилжүүлэхгүй гэж хэл үг хийж явсан бөгөөд тэр үед тус газраас нэмэлт тайлбар шаардаж авч байсан болно. Д.Өнь “С *******” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон ба компанид оруулсан бүх мөнгө болон ашгаа төрөл бүрийн аргаар дарамтлан авч дуусгасан, мөн дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас болж компани цаашид ажиллах боломжгүй болсон байхад Д.Өийн эрх хууль ёсны эрх ашиг яаж зөрчигдсөн нь тодорхойгүй. Компанийг татан буулгасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь Д.Өт хурлын тов мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болсон. Энэ нь хувьцаа эзэмшигчдийн хуралд хамаатай шийдвэр болохоос патентийн эрхийн асуудалд хамааралгүй гэж үзэж байна.
Мөн “С *******” ХХК тамга, хуулийн этгээдийн гэрчилгээг Д.Ө хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохгүй гэж татгалзаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичиг өгснөөс болж өдийг хүртэл авч чадаагүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М С Т” ХХК-ийн төлөөлөгч Д.А шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М С Т” ХХК нь 2 хувьцаа эзэмшигч гишүүнтэй. “С *******” ХХК нь Д.Өийн дарамт шахалтын улмаас ажиллах аргагүй байдалтай, татан буугдах хэмжээнд хүрээд байсан. Д.Ө нь өөрийн компанид оруулсан хөрөнгөө бүгдийг авч дуусгачхаад миний хөрөнгө энэ компанид байхгүй ч гэсэн компани ажиллаж байгаа тохиолдолд та нар надад мөнгө өгөх ёстой гэж байнга мөнгө нэхэж биднийг дарамталдаг байсан. Мөнгө өгөхгүй бол гааль, татварын байгууллагад хандан “С *******” ХХК-ийг шалгуулж маш олон удаа торгуульд оруулж байсан. Ийм байдлаар цаашид энэ компани ажиллах боломжгүй юм байна гэж үзээд татан буугдах шийдвэр гарч байсан. Д.Өийн ямар ч оролцоо байгаагүй учраас Супер амтлагчийн патентийн эрхийг өөрийн шинээр байгуулсан “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлж авсан. Агрос гэх бүтээгдэхүүнийг Д.Өийг ашиглаарай гэж үлдээсэн. Польш улсаас импортлон оруулж ирдэг бас нэг бүтээгдэхүүний борлуулах эрхийг Д.Ө нь өөрөө зарчихсан. Тэрээр энэ хоёр хүн намайг дээрэмдсэн, хамаг зүйлийг маань авчихсан гэж ярьдаг. Бид төрсөн эгч дүүсийн хувьд түүнд шударгаар хандаж байгаа. Дээрх бүтээгдэхүүний эрхийг хуулийн хүрээнд шилжүүлсэн гэж үзэж байна...” гэв.
Гуравдагч этгээд “С *******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С *******” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж, гадаад худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр 'ажиллагаа явуулж байсан. Компанийн хувьцааны 41 хувийг Д.А, 35 хувийг Д. О, 24 хувийг Д.Ө нар тус тус эзэмшдэг. 2008 оноос хойш Д.Ө нь ямар нэг шашинд татагдан орж компанийн үйл ажиллагаанд саад учруулж, бид нарыг дарамталж их хэмжээний мөнгө нэхэх болсон.
Ингэж байгаад бүх юмаа хураалгаад модоо барина даа та 2 гааль, татварт бүх юмаа зуслангаа ч хураалгана даа хураалгах талаар би санаа тавина”, “Бурхан авах юмаа заавал авдгийг мэдэрч ойлгоогүй юу, заавал хоосорч байж эцсийн юмаараа төлөх гээ юу”, зөрүүдлээд зүтгээд бай, мах цусаар чинь төлүүлнэ дээ, та 2 биш, ойр тойрныхон чинь өртдөг юм шүү бүх юм хяналттай. Бурхан дотроос чинь хянаж байхад буруу юм хийвэл дахиад л тохиолдох болно” гэх зэргээр мэссэж бичдэг. Ийм байдлаар мэссэж бичин, гэрийн гадаа ирж гал түлж хонох зэргээр дарамталдаг. МХГ, гааль, татвар зэрэг байгууллагад шалгуулж компанид торгууль ногдуулсан. Компанийн зээлийг зогсоох албан бичиг банкинд өгсөн.
Ийм байдлаар 2014 оноос хойш нийт 100 гаран сая төгрөг Д.Ө авсан боловч ханахгүй бүх зүйлээ өг гээд компанийг дангаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон.
“С *******” ХХК Польш улсаас хоолны амтлагч оруулж ирдэг байсан бөгөөд Д.Ө нь Цукори нэрийн амтлагчийг худалдах эрхийг хүнд өөрөө зарсан. Агрос болон супер амтлагч барааны тэмдгийн патентийгг “С *******” ХХК эзэмшдэг байсан бөгөөд бид Агросын патентыг Д.Өт үлдээсэн. Супер амтлагчийг Д.О, Д.А бид нар зохиож гаргасан. Д.Ө огт энэ үйл ажиллагаанд оролцоогүй. Энэ талаар гэрч С.Э мэдүүлэгтээ дурдсан байгаа.
Д.Ө нь бид нараас дарамталж мөнгө авахын зэрэгцээ өөрийн 2 өрөө байрыг барьцаанд тавьсан байхад нь барьцаанаас суллаж өгсөн боловч амьдрахгүй зарсан. Одоо ээжийнд амьдарч байгаа. Д.Ө нь хувьцаа эзэмшигчдийн хуралд ирдэггүй, гэрт нь очоод хийх гэхээр гараад зугтдаг, эсвэл өрөөндөө ороод гарч ирдэггүй. Тэгсэн мөртлөө Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд ногдол ашиг авахаар хоёр зуу гаран сая төгрөг “С *******” ХХК-иас нэхэмжилсэн байгаа. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгэхгүй байхыг даалгах нэхэмжлэл бас гаргасан.
“С *******” ХХК нь хуулийн дагуу супер амтлагчийн патентыг шилжүүлсэн тул Д.Өийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсье.
Гуравдагч этгээд “С *******” ХХК-ийн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Бид эгч дүү гурвуулаа “С *******” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. Д.Ө нь тус компанийн 24 хувийн хувьцааг эзэмшдэг. Миний бие болон Д.А нар нь 76 хувийн хувьцааг эзэмшдэг. “С *******” ХХК-ийн нэр дээр Агрос, Супер амтлагч гэсэн 2 төрлийн патентын эрх бүртгэлтэй байсан. Агрос гэдэг бүтээгдэхүүнийг Д.Ө нь бидэнтэй хамтран ажиллаж байхдаа нийлж гаргаж байсан. Супер амтлагчийг зохиоход Д.Өийн ямар ч оролцоо байгаагүй. Гаднах баглаа боодлын загварыг н.Э гэх хүнээр гаргуулсан. Уг бүтээгдэхүүнд Д.Өийн 1 хувийн ч оролцоо байгаагүй. Компанийн дүрэмд патентийн эрхийг шилжүүлэхэд хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн заалт байхгүй. Тухайн үед миний бие “С *******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан учраас өөрийн эрх хэмжээний хүрээнд патентийн эрхийг шилжүүлсэн. Мөн ““С *******” ХХК нь Цукорин гэдэг хоол амтлагчийг импортлон оруулж ирдэг байсан. Д.Ө нь бидэнд хэлэлгүй дур мэдэн борлуулах эрхийг нь өөр хүнд зарсан байгаа. Цукорин гэх бүтээгдэхүүн нь манай компанид ашиг, орлого сайн оруулдаг гол бүтээгдэхүүн маань байсан...” гэв.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Д.Ө нь бидний эгч дүүс байх нь хамаагүй. Компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ярих ёстой гэж байна. Д.Ө нь компанийн 24 хувийн хувьцааг эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зааж өгсөн. Компанийг татан буулгах, компанийг нийлэх, нэгтгэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх ёстой гэж заасан. Түүнээс патентийн эрхийг шилжүүлэх нь компанийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээний асуудал юм. “С *******” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3-д гүйцэтгэх захирал ямар эрхтэйг заасан. Компанийн тухай хуулийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасан. Мөн төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаас эрх олгож болох боловч хэлцэл хийх тохиолдлуудыг хуульд нарийн зааж өгсөн байгаа.
Гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлсэн. Хэрэв уг асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр шийдсэн, Д.Ө нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарла гэсэн бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох эрхтэй гэж заасан. Энэ эрхийнхээ дагуу тайлбар авсан. Д.Ө нь тухайн үед гомдол гаргасан учраас “С *******” ХХК, “М С Т” ХХК-иудаас холбогдох тайлбар албан бичгүүдийг авсан. Улсын бүртгэлд компанийн хувьцаа эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасан хориглох зүйл байхгүй бол бүртгэлийг хийх ёстой. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахыг хориглоно гэж заасан. Хуульд заасан бичиг баримт бүрэн байхад улсын бүртгэгч холбогдох бүртгэлийг хийсэн нь хуулийг зөрчөөгүй байна. Хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдсөн гэсэн маргаан иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ө Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 дугаар тушаалын “С *******”ХХК-ийн 2303 тоот дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “М С Т” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож, 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патентын эрхийг “С *******” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Өийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Ө өөрийн төрсөн эгч Д.Атай хамтран 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “С *******” ХХК-ийг үүсгэн байгуулж Компанийн 59%-ийг эзэмшиж, Д.А нь 41%-ийг эзэмшиж байгаад 2009 оны 05 дугаар сард компанийн дүрэмд өөрчлөлт оруулж Д.Ө өөрийн эзэмшлийн хувьцааны 35%-ийг эгч Д.О-д өгч, өөрөө 24%-ийг эзэмших болж, компанийн захирлаар Д.О-г томилсон байна.
“С *******” ХХК нь хоолны төрөл бүрийн амтлагч импортлон савлаж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн анхдагч огноотойгоор улсын бүртгэлийн 2303 дугаартай “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварт эрхийн хамгаалалт хийлгэж тус компанийн нэр дээр патент авчээ.
Нэхэмжлэгч Д.Ө “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний загварын нэртэй 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн анхдагч огноотойгоор улсын бүртгэлийн 2303, мэдүүлгийн 2866 дугаартай патентыг Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж үзэж олгосон Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 101 дугаар тушаалтай маргаагүй байна.
Харин “С *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А, Д.О нар 2016 онд “М С Т” ХХК-ийг үүсгэн байгуулж “С *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний патентийг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн баталгаажуулахаар шийдвэрлэн Оюуны өмчийн газарт хандсан нь “С *******” ХХК-ийн патент эзэмших эрхийг зөрчсөн хууль бус гэж нэхэмжлэл гарган маргаж байна.
Патент эзэмшигчийг өөрчлөн бүртгэх тухай “М С Т” ХХК-ийн захирал Д.А, “С *******” ХХК-ийн захирал Д.Онарын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан эзэмшигч (мэдүүлэг гаргагч)-ийг өөрчлөх тухай хүсэлтээр уг патентийг “М С Т” ХХК-ийн нэр дээр өөрчлөн бүртгэсэн хариуцагчийн шийдвэр Патентийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан онцгой эрхийг зөрчөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэв.
Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...бүтээгдэхүүний загвар...ын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан..., хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.”, 7.4-д “Бүтээгдэхүүний
загварын мэдүүлэг нь өргөдөл, бүтээгдэхүүний загварын зураг, тодорхойлолтоос бүрдэх бөгөөд шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материалыг хавсаргана.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага....бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлэн авсан өдрөөс хойш 20...хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.”,13 дугаар зүйлийн 13.1-д “....бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.”, 17 дугаар зүйлийн 17.1“Патент....эзэмшигч...бүтээгдэхүүний загвараа,...өмчлөх онцгой эрх эдлэнэ.” гэж тус тус хуульчлан зохицуулжээ.
Ийнхүү Патентийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий супер амтлагчийн сав баглаа бүтээгдэхүүний загварын патентийг анх “С *******” ХХК-д олгосон эрхийн хүрээнд тус компанийн хувьцаа эзэмшигчийн олонхийн шийдвэр, хүсэлтээр “М С Т” ХХК-д шилжүүлж бүртгэсэн хариуцагчийн А/70 (А/71) дугаар шийдвэрийн холбогдох хэсэг хууль зөрчөөгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч Оюуны өмчийн газар бүтээгдэхүүний загварыг Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуур, 7 дугаар зүйлийн 7.4-д заасан бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлсэн гэж үзэн анх “С *******” ХХК-ийн нэр дээр бүртгэж патент олгосон бөгөөд энэхүү патентийн өмчлөлийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэхэд өөр илүү материал баримт шаардсан зохицуулалт хууль, журмаар тогтоогоогүй байхад компанийн нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ө “С *******” ХХК-ийн хувьцааны 24%-ийг эзэмшигч хэдий ч компанийг үүсгэн байгуулагчийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “С *******” ХХК-ийн дүрмээр тус компанийн эрх, ашгийг зөрчсөн эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байна.
Харин “С *******” ХХК-ийн 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр[1] Даваагийн Отгонтуяаг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байх бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж зааснаар компанийг гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болно.
Үүнээс үндэслэн тус компанийн 41%-ийг эзэмшигч Д.А 35%-ийг эзэмшигч Д.О нарын шийдвэр, патент эзэмших эрхийг өөр компанийн нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтээр “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний патентийг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн А/70 (А/71) дугаар тушаалын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулиар тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь компанийн гүйцэтгэх захирал бөгөөд нэхэмжлэгч Д.Ө компанийн патент эзэмших эрхийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа нь хариуцагчийн шийдвэрийн холбогдох хэсэг түүний эрхийг хөндсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна.
Нөгөө талаар “С *******” ХХК-ийн 24%-ийг эзэмшигч Д.Өийн зөвшөөрлийг авахгүйгээр патентийн эрхийг өөр компанид шилжүүлэх, энэ асуудлыг компанийн гүйцэтгэх захирал бие даан шийдэх эрхгүй, патент өмчилж олсон орлогоос нэхэмжлэгч эзэмшиж байгаа хувьцааны хувь хэмжээгээр хүртэх байсан, ингэснээрээ Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн бөгөөд хариуцагч Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Учир нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрх хэрхэн зөрчигдсөн талаарх баримт, мэдээллийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шаардах, шалгах эрх олгогдоогүй бөгөөд хэрэв патентийн эрх шилжүүлж бүртгэсэнтэй холбоотой Компанийн хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрх зөрчигдсөн,бодит хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэгч харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болно.
Шүүх нэгэнт маргаан бүхий тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнээгүй учраас нэхэмжлэгчийн 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “С *******” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага мөн адил хангагдах үндэслэлгүй юм.
Нөгөө талаар нэхэмжлэгч “С *******” ХХК-ийн патент эзэмших эрх зөрчигдсөн талаар 2016 онд Оюуны өмчийн газарт урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж өргөдлийн хариуг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан атлаа түүнээс хойш хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй байсан үйл баримтыг үндэслэн Д.Өийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2223 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан хэдий ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхээ сэргээлгэх, хууль ёсны итгэлийг хамгаалах үүднээс нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх оролцоог хангаж, мэтгэлцэх боломж олгож, нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэн тус шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1354 дүгээр шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д зааснаар дээрх 2223 дугаар шүүгчийн захирамжийг илт үндэслэлгүй гарсан гэж хүчингүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0168 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Ийнхүү хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд “С *******” ХХК-ийн захирал Д.О, “М С Т” ХХК-ийн захирал Д.А нарын хүсэлтээр “С *******” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан “Супер амтлагчийн сав баглаа” бүтээгдэхүүний патентийг “М С Т” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн хариуцагч Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/70 (А/71) дугаар тушаалын холбогдох хэсэг нэхэмжлэгч Д.Өийн болон “С *******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 10 дугаар зүйлийн 10.1,13 дугаар зүйлийн 13.1,17 дугаар зүйлийн 17.1, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасныг баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2016 оны А/70 (А/71) дугаар тушаалын “С *******” ХХК-ийн 2303 тоот дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “М С Т” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож, 2303 дугаартай бүтээгдэхүүний загварын патентийн эрхийг “С *******” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах Нэхэмжлэгч Д.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас