| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/00646/и |
| Дугаар | 00835 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00835
| 2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2017/00835 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Даш овогтой, Очирбатын Өлзийсайханы нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 74 дүгээр байр, 12 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧМ85041608/
Хариуцагч: Боржигон овогтой, Дашнямын Мөнхцэцэгт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ68011424/
Хариуцагч: Буурал овогтой, Ухнын Мөнх-Алдарт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоотод оршин суух, регистрийн дугаар ЕЗ68060712/
Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Жамц, хариуцагч У.Мөнх-Алдар, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Өлзийсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Өлзийсайхан нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг 54.000.000 төгрөгөөр О.Намнандоржоос худалдаж авсан бөгөөд улсын бүртгэлийн 00435830 дугаар гэрчилгээгээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш хувийн асуудлаас шалтгаалан түр хугацаанд өөр газар амьдарч байсан ба орон сууцны түлхүүрийг ахдаа үлдээсэн байсан. Гэтэл миний орон сууцанд танихгүй хүмүүс болох У.Мөнх-Алдар, Д.Мөнхцэцэг нар хууль бусаар амьдарч байх тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч У.Мөнх-Алдар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Мөнхцэцэг болон У.Мөнх-Алдар нар нь уг орон сууцанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа. Би Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг н.Батсүх, н.Намнандорж нараас 90.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 65.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Энэ асуудлыг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, н.Батсүх, н.Намнандорж нартай уг орон сууцыг худалдаж авсан талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
О.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот, 54.39 м.кв талбай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь О.Өлзийсайхан мөн болох нь улсын бүртгэлийн Ү-2206042245 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000435830 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн О.Намнандорж, О.Өлзийсайхан нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, Хаан банк болон О.Өлзийсайхан нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ” зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нар “...Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Иймд хариуцагч Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарын “маргааны зүйл болох орон сууцанд оршин сууж байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн” тайлбар, У.Мөнх-Алдарын иргэний үнэмлэхэнд бичигдсэн хаягийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Хариуцагч тал “...У.Мөнх-Алдар нь уг орон сууцыг М.Батсүх, О.Намнандорж нараас худалдаж авсан, М.Батсүх нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, О.Намнандоржид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ эрүүгийн хэрэг нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцтай холбогдолтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хангахаас татгалзав.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 201626030203 дугаар тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тухай 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 201625010769 дүгээр тогтоол, Яллагдагчаар татах тухай 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол, М.Батсүхийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, О.Намнандоржийг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, У.Мөнх-Алдарыг гэрчээр байцаасан тэмдэглэл, У.Мөнх-Алдарыг иргэний нэхэмжлэгчээр байцаасан тэмдэглэл зэрэг баримтаар “О.Намнандоржийн бусдыг залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн байх бөгөөд уг хэргийн хохирогчоор Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нар оролцоогүй байх ба Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцны талаар маргаж байгаа болох нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын харилцаанаас үүссэн маргаантай холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.
О.Намнандоржид холбогдох уг эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь О.Өлзийсайханы нэхэмжлэлтэй, Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нөлөөлөхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын “...улсын бүртгэлээс ирүүлсэн баримтад гэрээний сүүлийн хуудас буюу нотариатын батласан хуудас ирээгүй байх тул уг баримтыг гаргуулж өгнө үү, мөн гэрээний дагуу О.Намнандоржид О.Өлзийсайхан нь орон сууцны худалдаж авсан гэх төлбөрийг төлсөн талаарх баримтыг улсын бүртгэлээс гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хангахаас татгалзав. Учир нь дээрх баримт нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд хариуцагч талаас уг хүсэлтийг урьд нь гаргах бололцоотой байсан ба шүүх хуралдааны үед гаргасан хүндэтгэн үзэх шалтгаан нь тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 407.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20.000 төгрөгийг нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулж, хариуцагч Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нараас улсын тэмдэгтийн хураамжид 427.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Өлзийсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД