Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00977

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2017/00977

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Дэмчигийн Баярцогтын нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 59А гудамж, 10Е тоотод оршин суух, регистрийн дугаар ШЗ57091878/

 

Хариуцагч: Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, Бахаг цагаан толгой өөрийн байранд байрлах/

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Баярцогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбилэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баярцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хилийн цэргийн 120 дугаар ангид гэрээт харуулаар 2011 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажиллаж ирсэн.2011 оноос хойш тус цэргийн ангид энгийн гэрээт харуулаар ажиллаж ирсэн. Гэтэл намайг 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр командлалын шалгалтаар архи уусан байдалтай байсан гэсэн ямар ч үндэслэлгүй шалтгаан гарган, захирлын зөвлөл хуралдаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь шударга үнэнд нийцэхгүй тул хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг урьд нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд олгож, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ангид энгийн гэрээт харуулчнаар ажиллаж байсан Д.Баярцогт нь  тус ангид 2011 онд ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 4 дүгээр сар хүртэл ажилласан. Байгууллагаас Д.Баярцогтод удаа дараа сахилгын шийтгэл ногдуулсан ба тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, архи уусан үедээ ажлын байранд ирсэн тул Д.Баярцогттой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцласан. Гол ажлаас халсан шалтгаан нь ажлын байранд архи ууж, удаа дараа сахилгын шийтгэл авч байсан тул түүнийг ажилд нь буцааж авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Баярцогтын нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Баярцогтын “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...Д.Баярцогтыг удаа дараа архи ууж сахилгын арга хэмжээ авагдсан, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлын байранд согтуу байсан тул түүнийг ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалын байгууллагын эд хөрөнгийг дутааж үрэгдүүлсэн гэх үндэслэл нь Д.Баярцогтод хамааралгүй, Т.Баярсайханд хамаатай” гэсэн тайлбар гаргажээ.

 

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/411 дүгээр “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар Д.Баярцогтыг энгийн гэрээт харуулчнаар томилж, талууд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар маргаагүй болно.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажилтан Д.Баярцогтыг ажлаас нь чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар“сахилгын зөрчлийг давтан гаргасан, архи уусан үедээ ажлын байранд ирсэн нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

           

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаал, 2013 оны 5дугаар сарын 17-ны өдрийн Б/111 дүгээр тушаал, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/164 дүгээр тушаал, 2014 оны 11дүгээр сарын 07-ны өдрийн Б/186 дугаар тушаал, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар Д.Баярцогтод сахилгын шийтгэл ногдуулсан талаар талууд маргадаггүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж заасны дагуу ажил олгогчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаал гарах үед ажилтан Д.Баярцогт нь сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байсан болно.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбилэг нь “...Д.Баярцогт нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлын байранд согтуу байсан тул ажлаас нь чөлөөлсөн” гэсэн тайлбар гаргадаг боловч хавтаст хэрэгт “Д.Баярцогтыг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ажлын байранд согтуу байсан” талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иймд ажил олгогч Зэвсэгт хүчний 120 дугаар анги нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчиж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б/76 дугаар тушаал гаргаж, ажилтан Д.Баярцогтыг энгийн гэрээт харуулчны ажлаас нь чөлөөлсөн байх тул түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Д.Баярцогтын 0613863 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 3 сар буюу 2016 оны 01, 02, 3 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 27.178 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх нийт ажлын 258  хоногоор тооцож 7.011.924 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцогтод олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Баярцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Зэвсэгт хүчний 120 дугаар ангид даалгах нь зүйтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбилэг “...Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн захирагчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/76 дугаар тушаалын байгууллагын эд хөрөнгийг дутааж үрэгдүүлсэн гэсэн үндэслэл нь Д.Баярцогтод хамааралгүй, Т.Баярсайханд хамааруулж гаргасан” гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баярцогтыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн энгийн гэрээт харуулчны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас “Д.Баярцогтын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7.011.924 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцогтод олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Д.Баярцогтын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангид даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баярцогт нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураажид 197.340 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД