Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00633

 

“У А” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2113 дугаар магадлалтай,

“У А” ХХК-ний нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов

Нэхэмжлэгч “У А”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ийн Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот 100 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч уг байрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны үнэ зах зээлд м.кв нь 2 300 000 төгрөг, үүн дээр байрлал, орчны байдлаас шалтгаалж үнэлгээ өндөр, гэтэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3100 дүгээр шийдвэрээр “У А” ХХК-иас 155 803 150 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны гэрээг үндэслэн Ч.Долгорсүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ны Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ 160 141 200 төгрөгийн 70 хувь болох 112 098 840 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр талуудад мэдэгдсэн. Мөн дээрх байр 100 м.кв талбайтай орон сууц гэж байгаа боловч энэ нь ердийн хэрэглээний орон сууцны зориулалттай биш нийтийн байрны зориулалттай дотор нь хэд хэд хувааж түрээсэлдэг, ашигласан он удаан хугацааных бөгөөд харин ч үнэлгээ өндөр гарсан гэж дүгнэхээр байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У А”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2113 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Уг шийдвэр, магадлал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны явагдаагүй ялангуяа үнэлгээг хийлгэхдээ үнэлгээ хийлгэх компанийг томилсон тогтоолыг танилцуулаагүй зэрэг хууль бус ажиллагааг үл хайхран шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий олж чадсангүй байна гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч нарт хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ үнэлгээ хийлгэх компанийг томилсон тогтоолыг танилцуулаагүй, үнэлгээний мэдэгдэл буюу дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан гэх боловч анхны дуудлага худалдаанд үнэлгээний үнийн 70%-иар оруулдаг болохыг танилцуулж ойлгуулдаггүй зэрэг нь төлбөр төлөгч нарын эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон гэх “Хөрөнгө эстимэйт” ХХК-нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, АОС-ийн Б хэсэг 5-р байрны 100 метр квадрат орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн. Энэ нь тухайн байрны байршил хүн амьдрах нөхцөл, засвар үйлчилгээ хийсэн бодит байдлаар уг байрыг анх орсон цагаас нь хойш засвар үйлчилгээ хийсэн эсэхийг тооцдоггүй зөвхөн хэдэн онд ашиглалтанд орсон байна түүнээс элэгдэл хорогдлыг нь тооцсон зэрэг нь учир дутагдалтай бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээ хийлгэх тухай тогтоол дээр уг үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханшийн үнэлгээ хийлгүүлэх утга бүхий тогтоол байхад түүнийг үл харгалзан зөвхөн тухайн байрыг хөрөнгийн хандлага буюу элэгдэл хорогдлыг нь хасаж тооцсон нь зах зээлийн өнөөдрийн худалдан борлуулдаг ханшнаас хэт доогуур үнэлгээ болсон. Иймд уг байрны үнэ нь үнэлгээний тэнцлүүр болон үнэлгээний харьцуулалт нь өнөөдрийн зах зээлд нийцэхгүй үнэлгээнд тулгуурлаж хийснийг нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “У А” ХХК нь НШШГГт холбогдуулан дуудлага худалдаанд оруулж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэжээ. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Харин шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул залруулж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр “У А” ХХК-аас 115 000 000 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 5 дугаар хороо, АОС-ын Б хэсэг 5 дугаар байрны 2 тоотод байршилтай, 100 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх25-28/

Барьцааны зүйлийг битүүмжлэх, хураах, талууд, өмчлөгчөөс үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн, шинжээч томилсон НШШГГын ажиллагааны талаарх шүүхийн хууль зүйн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хөрөнгө эстимэйт ХХК 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгийг 160 141 200 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэх байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2113 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/02826 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...55.1...гэснийг 55.7 гэж өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА