Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 02826

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр                Дугаар102/ШШ2019/02826               Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр 0 тоотод байрлах “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     

        Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байр, Н байгууллагад газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

        

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч”У”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 3100 дугаартай шийдвэрээр 115.803.150 төгрөгийг, Үндэсний хөрөнгө оруулалтын газарт төлөхөөр шийдвэр гарсан.

         Гэтэл тус байр зах зээлийн ханшаар метр квадрат нь 2.300.000 төгрөгийн үнэтэй байгаа тул зах зээлийн үнээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Иймд Н байгууллагаас Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байрны 0 тоот 100 метр квадрат орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ийн Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот 100 метр квадрат орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргасан.

        Нэхэмжлэгч уг байрыг үнэлсэн “Х” ХХК-ийн шинжээчийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад, зөвшөөрөхгүй байна бэ? гэвэл өнөөдрийн байдлаар дээрх орон сууцны үнэ зах зээлд метр квадрат нь 2.300.000 төгрөг, үүн дээр байрлал, орчны байдлаас шалтгаалж үнэлгээ өндөр, гэтэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Ус алмаз” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан.

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3100 дүгээр шийдвэрээр “У” ХХК-иас 155.803.150 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчөөс барьцаалсан Ч.Д-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 байрны 0 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан.

            Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад, харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 пэх хэсэгт заасны дагуу “Х” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ 60.141.200 төгрөгийн 70 хувь болох 112.098.840 төгрөгөөр тооцож,анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний “Мэдэгдэл”-ийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр талуудад мэдэгдсэн.

        Мөн дээрх байр 100 метр квадрат талбайтай орон сууц гэж байгаа боловч энэ нь ердийн хэрэглээний орон сууцны зориулалттай биш нийтийн байрны зориулалттай дотор нь хэд хэд хувааж түрээслэдэг, ашигласан он удаан хугацааных бөгөөд харин ч үнэлгээ өндөр гарсан гэж дүгнэхээр байсан.

            Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нахэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч”У”ХХК, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

       

          Хэрэгт авагдсан баримтаар, Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/03100 дугаартай Шийдвэрээр “У” ХХК-иас 115.000.000 төгрөгийг гаргуулж, “Ү” банк ХХК-д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод байршилтай, 100 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

        

Түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ч.Д болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

        

         Н байгууллагад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 145 дугаартай Гүйцэтгэх хуудас олгогдож, улмаар хариуцагч байгууллага 146 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ.

 

          2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19250256/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 байрны 0 тоотод байршилтай, 100 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж,

         

          2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 19250256/03 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж,

         

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу”У”ХХК болон Ч.Д-д 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4/11294, 4/11295 дугаартай албан тоотоор үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн нь тогтоогдож байна.

         

           Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үнийн талаар тохиролцоогүй бол үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 159 дугаартай Тогтоолоор Н байгууллага “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үнэлгээний газар орон сууцыг 160.141.200 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлтээ  ирүүлсэн нь нотлогдож байна.

 

          Дээрх дүгнэлтээр үнэлсэн 160.141.200 төгрөгийн 70 хувь 112.098.840 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах болсон талаар төлбөр төлөгч нарт 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4/14113, 4/14112 дугаартай “Мэдэгдэл”-ээр шийдвэр гүйцэтгэгч хүргүүлсэн нь тогтоогдож байна.

 

          Иймээс нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгүүдэд зааснаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй, хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”У”ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н байгууллагад холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.АРИУНАА