Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00631

 

С.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр магадлалтай,

С.Тгийн нэхэмжлэлтэй

НШШГГ    т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дүгээр шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Т, Д.Отгонжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 403 975 төгрөг гаргуулан Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 50 м.кв талбайтай З өрөө орон сууцыг талууд үний талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр НШШГГ2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Сэлэнгэ эстимэйт ХХК нь дээр дурдсан хөрөнгийг 96 728 940 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, бодитой үнэлээгүй байх тул 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжаар С.Т, Д.Отгонжаргал нараас 130 403 975 төгрөг гаргуулан Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй, харилцах, хадгаламжийн зарлагын гүйлгээг зогсооход мөнгөн хөрөнгө илрээгүй тул төлбөр төлөгчдийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 50 мкв талбайтай З өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Битүүмжилсэн хөрөнгийг төлбөр төлөгч нар 190 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Хүрэн бэлчир уул ББСБ ХХК нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь 96 728 940 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хуульд зааснаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 3 байр, 19 тоот хаягт байршилтай, 50 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2019/07180 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, Дээд шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан болно. Шүүгчийн дээр дурдсан үйлдэл нь ИХШХШТХуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т “Шүүх хуралдааны завсарлагаар зохигчийг гарч явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дуудлага худалдаанд оруулах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж, үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн атлаа хяналтын журмаар гомдол гаргасан нь агуулга муутай, түүний гаргасан гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан хяналтын журмаар хэргийг хянах үндэслэлд хамаараагүй тул  хангахгүй орхино. Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “...анхан шатны шүүхийн шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зохигчдыг танхимаас гаргасан...” гэх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, ноцтой зөрчилд хамаарахгүй тул гомдол үндэслэлгүй болно.

С.Т нь Д.Отгонжаргалын хамт шүүгчийн захирамжийн дагуу 130 403 975 төгрөгийг Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ. Барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, Өнөр хороолол, 3-р байр 19 тоот 50м2, 3 өрөө  орон сууцыг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зорилгоор орон сууцны үнийг тогтоолгох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагджээ. Харин дуудлага худалдаанд оруулах орон сууцыг  96 728 940 төгрөгөөр тогтоосон шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй болоогүй талаар хоёр шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн, үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                     П.ЗОЛЗАЯА