Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/03105

 

2019 оны 12 сарын 02 өдөр Дугаар 184/ШШ2019/03105 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, өнөр хороолол, 3 байр, 19 тоотод оршин суух Эрхий мэргэн овгийн Сэнгээгийн Түмээ /ГЮ72120113/

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 хаягт байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч С.Түмээ, Д.Отгонжаргал нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 403 975 төгрөг гаргуулан Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009481 дугаарт бүртгэлтэй, 50 мкв талбайтай З өрөө орон сууцыг талууд үний талаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Сэлэнгэ эстимэйт ХХК нь дээр дурдсан хөрөнгийг 96 728 940 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй, бодитой үнэлээгүй байх тул 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-г хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

Тухайлбал үнэлгээний тайлангийн 5 дугаар хуудас дээр үнэлгээний тайлангийн мэдээллийг зарын линкээр баталгаажуулсан гэсэн байгаа, гэтэл зарын линк нь байхгүй, шинжээчийг гэрчээр оролцуулсан шүүх хуралдаанаар энэ тухай асуусан боловч тодорхой тайлбар хэлж чадаагүй. Үнэлгээний 5, 7 дугаар хуудаст орон сууцны талбайг 50 м.кв талбайтай гэж байхад тооцоондоо 77 м.кв гээд аваад явчихсан байдаг, яагаад 50 м.кв талбайтай гээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь дээр ингэсэн байхад, үнэлгээ гаргах тооцоолол дээр тухайн орон сууцны талбайг 77 м.кв гээд авчихваа гэхээр энийгээ тайлбарлаж чадаагүй. Гэтэл 50, 77-ын хооронд асар том зөрүү байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь дээр байгаа тооцоо нь дээр яагаад 77 болчихсоныг тайлбарлаагүй. 7-р хуудаст дотор засал сайн гэж тухайн үнэлэх гэж байгаа объектынхоо чанар байдлыг ярьж байгаа гэхдээ яг үнэндээ бодит байдал дээр 3 өрөө байр, өрөө болгон 1 айл, гал тогоотойгоо нийлээд 4 өрөө байр, 4 айл уг байрыг эзэмшиж байгаа, нохойн хороо шиг, хамаг обой юмыг нь хуулчихсан байхад үнэлгээ нь дээр дотор засал сайн гээд биччихсэн байгаа. Үнэлгээ нь дээр хашаа, хороо байхгүй гэсэн байдаг, гэтэл бодит байдал дээр томоос том бетонон суурьтай төмөр хашаа байгаа, тэгэхээр энэ нөхөр хүн явуулаад зургийг нь авчихсан юм шиг байгаа, яг үнэлгээчин өөрөө очиж бодитоор үзээгүй, үзсэн бол дотор засал сайн байна гэж яагаад ч бичихгүй. Хашааны хаалгаар орчхоод хашаа байхгүй гэж бичнэ гэж яагаад ч байхгүй, тийм худлаа юм гэж байхгүй. Үнэлгээг 2019 оны 5 сарын 28-ны өдөр хийсэн байдаг юм байна лээ, гэтэл үнэлгээний 8-р хуудаст Монгол улсын макро эдийн засгийн судалгаа гээд 2018 оны 7 дугаар сар гэдгээр бичсэн байгаа, энэ бүтэн жилийн өмнөх тоо гэсэн үг, гэтэл 2019 оны 1 дүгээр улиралдаа багтаад 2018 оны тоо гарчихдаг, яагаад ядаж 2018 оны жилийн эцсийн тоог авахгүй, жилийн өмнөх тоог авч байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирж байгаа. Үүнээс болж 11 хуудас дээр орон сууцны үнийн индекс гэж, энэ нь туйлийн чухал баймаар байгаа юм, гэтэл 2018 оны 1 дүгээр сарын тоог авсан байгаа, өөрөөр хэлбэл 1 жил 4 сарын өмнөх тоог ашигласан байгаа юм. 12-р хуудаст шинэ орон сууцны 1 м.кв үнэ гэсэн хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын тоог ашигласан байдаг. 1 жил 4 сар өмнөх тоог ашигласан, ингэснээс гадна 12 дугаар хуудас дээрээ 2 өрөө орон сууцны үнийг тавьсан, гэтэл үнэлгээ хийлгээд байгаа байр нь 3 өрөө орон сууц байгаа. Гэтэл 1 жил 4 сарын өмнөх тоо авсан мөртлөө, тэр тоо нь ядаж байхад 2 өрөө орон сууцны үнийг авсан байгаа. 13 дугаар хуудаст Улаанбаатар хотын оффисын нийлүүлэлтийг ашигтай талбайгаар 2015 оны байдлаар авчээ гэж байгаа, 2016 он хүртэл гэж байгаа, бид бол ямар нэгэн оффисын үнэлгээ хийлгэхгээгүй, гэтэл 13-18 хуудасны хооронд нийт 6 хуудас оффисын тухай юм байгаа, үнэлгээ нь нийт 29 хуудастай, гэтэл 29 хуудастай үнэлгээний 6 хуудаст нь буюу 20 хувьд нь зөвхөн оффисын тухай бичсэн байгаа. Гэтэл энэ орон сууцыг оффисын зориулалтаар огт ашиглаагүй, хэрэв очсон бол тэнд 4 айл шамбааралдаад, түрээслээд амьдарч байхад яагаад гэж энэ талаар асуухаар ер нь ингэ оруулах ёстой байдаг юм л гэдэг, тэгээд тэр тоо нь бүр 2015 оныхыг авсан байдаг. 18 дугаар хуудаст газрын үнийн асуудлыг сөхсөн. Газрын үнийг ярихдаа 2016-2017 оны 5 сарын байдлаар буюу үндсэндээ үнэлгээ хийхээс 2 жилийн өмнөх тоог авсан байгаа. Энэ бол хашаа байшин биш, энэ нийтийн орон сууц шүү дээ гэхээр авах ёстой байдаг юм гэж байгаа. Авах ёстой байдаг юм бол та яагаад 2 жилийн өмнөх газрыг үнийг авч байгаа юм бэ гэхээр бидэнд байгаа мэдээлэл энэ гэж байгаад би ойлгохгүй байгаа. Тийм учраас магадгүй тэр хүний, шүүх хуралдааны тэмдэглэлд ч байгаа, яагаад 2 жилийн өмнөх тоог авч байгаа вэ гэхээр манайд байгаа мэдээлэл энэ байгаа, манайд байгаа мэдээллээ бид нар ашигласан гэдэг, тийм учраас шинжээч томилуулъя гээд эд нар, үнэхээр үнэлгээний байгууллага өөрт байгаа мэдээллээ ашиглахыг зөвшөөрдөг юм уу, эсвэл хамгийн сүүлд гарсан баталгаатай мэдээллийг ашигладаг юм уу, энэ дээр шинжээчээр дүгнэлт хийлгүүлэх ёстой юм гэж би үзэж байгаа юм. Тэгэхгүй бол нэг их л энд тэндээс баахан тоо хамж шимээд, санаа нь үндэслэлтэй хийсэн гэх гээд байх шиг байгаа юм. Харамсалтай нь тэр тоонууд нь 1-2 жилийн өмнөх тоо байдаг. 22 дугаар хуудаст орон сууцны жагсаалт дээр зарынх нь дугаарыг огт тавиагүй, зургийг нь харахаар үнэгүй.мн гэдэг сайтаас авсан юм шиг байна лээ. Зарын дугаарууд гээд байх ёстой, ямар нэгэн юм боллоо гэхэд сүүлд нь зараар нь дугаар нь хөөгөөд харахгүй бол тэр олон 3, 4 орон сууцыг хаанаас олох вэ. Энэ дээр 3 орон сууцны жишиг харьцуулаад байх шиг байна лээ, гэтэл тэр 3 орон сууцны жагсаалт дээр зарын дугаар нь байхгүй. 26 дугаар хуудаст 2 дугаар судалгаа гээд өчигдөр гэсэн тоо тавьчихсан, он сар байхгүй, харьцуулах гээд байгаа орон сууцны асуудал, өчигдөр гэдэг нь хэзээний өчигдөр вэ бүү мэд, үнэлгээчин маань 30 биш, 3 орон сууцыг харьцуулсан байгаа. 2 нь яахав ойролцоо байна гэж харахад харьцуулах гээд байгаа 1 орон сууцны нь зар тавьсан он сар дээр өчигдөр гэж байгаа, тэгэхээр тэр орон сууцны хувьд үнэхээр яг энэ зарагдах гэж байгаа орон сууцтай ойролцоо цаг үед байна гэж хүлээж авах боломжгүй. 3 арга ашиглачхаад харьцуулалтын аргыг 100 хувь сонгосон гэж байгаа, яг ямар үндэслэлээр 100 хувь сонгосон бэ гэдгийг тайлбарлаагүй, өөрөөс нь асуухаар шинжээчийн дотоод итгэл үнэмшил гэсэн юм тайлбарладаг. Тагтны тоо гэхэд 2 тагттай байхад 1 тагттай гээд тавьчхаж байгаа, тагтны хэмжээ нь м.кв-даа орж байгаа юм уу гэхээр орж байгаа гэдэг, тэгвэл талбай худлаа гарсан болж байгаа таарч байдаг. 2 тагтыг 1 гэж биччихээр яаж м.кв нь зөв гарах юм бэ. Өмнөх хуралдааны өмнө шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэж байгаа нь яагаад үл хөдлөхийн гэрчилгээ нь дээр 50 м.кв гэж байгааг тооцоо нь дээр 77 гээд бичиж байгаа вэ гэдэг талаар шинжээчээр дүгнэлт гаргуулъя гэсэн юм. 77 гэдэг тоо хаанаас, ямар аргаар гараад ирсэн, уг нь аргачлал, бодолт нь үнэлгээ нь дотор байх ёстой гэж бодож байгаа юм. Талбайны хувьд харьцуулж байгаа талбайнууд нь 79, 80, 79 гэсэн талбай байгаа, манай үнэлгээний талбай бол 50 м.кв байгаа ийм байхад яагаад 50 м.кв талбайтайтай ойролцоо талбай аваагүй вэ, ийм их зөрүүтэй байхад харьцуулж болдог юм уу үгүй юм уу, шинжээч томилсон бол шинжээчийн дүгнэлт дээр энэ талаар тусгуулъя гэж бодож байсан юм. Зарласан үнэ гээд үнэлгээний хүснэгтийн 5-ийн 4-р мөрөнд зарласан үнэ гээд баахан тоо тавьчихсан. Тэгээд 1 м.кв-ын үнэ гаргаж ингэхдээ хямрал 2 хувь гэж байгаа, энэ талаар би асуухад би тэр зар өгсөн хүмүүсээс утасдаж асуусан, тэр хүмүүс байраа хэдэн хувь буулгаж зарах вэ гэсэн чинь байраа 5-10 хувь хямдруулна гэж хэлсэн, тэгвэл өөрөө утасдаж асуухад 5-10 хувь хямдруулна гэсэн юм бол яагаад 2 хувь гэж байгаа юм бэ, магадгүй 7,5 хувь гэх мэтээр тавиагүй, 2 хувь гэж тавьсан юм бэ гэхээр, энэ нь бас шинжээчийн өөрийн нь мэдрэмж ч гэнэ үү тийм зүйл ярьдаг, шинжээч алдсан байвал яах юм бэ. Ингээд тэр үнэ дээрээсээ зарах магадлалтай үнэ гээд үнэ гаргаад ирж байгаа. Угаасаа хийсвэр баримжаагаар авсан тоонуудын дундаж гаргаад тэндээсээ м.кв-ын үнэ гаргаж ирээд тэрийгээ үнэлэх гэж байгаа байрны м.кваар үржүүлчихлээр анхны эх суурь нь яг баталгаатай хөдөлгөөнгүй тоо биш байгаа нөхцөлд дараагийн тоо худлаа гарна. Эхний тоо, 0 цэгийг энэ шинжээч хатуу аваагүй байгаа юм, 2 өөр хямдруулалт гэдэг юм гаргаж ирээд тэрийгээ өөрөө 5-10 хувь гэж хэлээд байхад нь 2 хувиар авчхаж байгаа, хэрэв 5 хувь гэвэл, 10 хувь гэвэл өөр тоо гарна. 2 хувиар гаргасан ч өөр тоо гарна. Энэ чинь суурь болгож авах гээд байгаа үнээ яриад байгаа тэрийгээ тайлбарлаж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд өөрийнхөө сонгосон 2 хувиар бодчихсон м.кв-ын үнийг яаж гаргасан нь мэдэгдэхгүй 77-оор үржүүлээд байрны үнэ гаргаад ирж байгаа. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлд хөрөнгийн үнэлгээний тайлан гэдэг дээр хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна гээд 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх гэж байгаа, үндэслэл гэдэг дээр 5-10 хувь хямдруулж болно гэж сонгож тавьсан байрны нь эзэд хэлсээр байтал өөрөө 2 хувь гэдэг тоо авчхаад тэрийгээ баахан тоо, нэмж, хасчхаад энэ бол энэ байрны үнэлгээ юм гэж, тэгвэл зохих үнэлгээ нь тодорхой байх гэж байгаа, 9.3.8-д зааснаар хөрөнгийн үнэлгээнд ашигласан, баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гээд маш тодорхой бичсэн байгаа. Энэ дээр гэтэл базаад хүснэгтэд нэг тоо тавьчихсан тэр талаар нь асуухаар тодорхой юм хэлдэггүй, зүй нь бол хууль дээр тайланд ийм зүйлүүдийг хавсаргах ёстой гэж заасан байхад энэ зүйлүүд нь байхгүй, өөрийг нь шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулан байж, шинжээчээс мэдүүлэг авахаар ийм бүрхэг юм хэлж байгаа юм. Тийм учраас миний шүүх хуралдааны өмнө хэлж байгаа, энэ нөхдүүдийг байх ёстой номоор нь үнэлгээ хийсэн юм уу, үгүй юм уу, авсан тоонууд нь үндэслэлтэй юм уу үгүй юм уу, магадгүй 2 хувь гэж гаргаж ирсэн нь ямар учиртай юм, тооцоолол нь байхгүй учраас би шинжээчээр энэ бүхийг тодруулуулъя гэсэн юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3-т заасан асуудал энэ хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойгүй байна. Мөн хуулийн 9.3.8-д заасан байгаа, гэтэл шинжээч мэдээллийг үнэгүй.мн-ээс авсан гээд байгаа болохоос биш, зарын дугаар нь байхгүй, линк нь байхгүй. 5-10 хувь гээд ярьдаг, гэсэн мөртлөө зүгээр тэр үл хөдлөх хөрөнгийн 2 хувь гэх зүйлийг авчихсан, тооцоолол огт байхгүй, зүгээр энд хураангуйлаад авчраад тавьчихсан, үр дүнг нь шууд авч ирээд тавьчихсан. Тэгэхээр хуульд заасан энэхүү шаардлагыг хангаж хийх ёстой гэж би ойлгож байгаа, хуульд байгаа зүйл тодорхойгүй байгаагаас өнөөдрийн энэ маргааны зүйл болоод байгаа ийм учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаар шүүгчийн захирамжаар С.Түмээ, Д.Отгонжаргал нараас 130 403 975 төгрөг гаргуулан Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй, харилцах, хадгаламжийн зарлагын гүйлгээг зогсооход мөнгөн хөрөнгө илрээгүй тул төлбөр төлөгчдийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 байр, 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201009481 дугаарт бүртгэлтэй, 50 мкв талбайтай З өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Битүүмжилсэн хөрөнгийг төлбөр төлөгч нар 190 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Хүрэн бэлчир уул ББСБ ХХК нь шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь 96 728 940 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хуульп зааснаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 384 дугаартай захирамжаар С.Түмээ, Д.Отгонжаргал нараас 130 403 975 төгрөг гаргуулан Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэрлэсэн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөр төлөхийг шаардсан боловч төлбөрийг төлөөгүй. Иймд төлбөр төлөгч нарын дансны битүүмжилсэн боловч хөрөнгө илрээгүй. Ийм учраас төлбөр төлөгч нарын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 03 дугаар байр 19 тоот хаягт байрлах 50 м.кв орон сууцыг битүүмжилж талуудаас үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг 190 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч тал нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулахыг хүссэн. Ингээд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээ гаргуулахад 96 728 940 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүний дагуу талуудад хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хөрөнгөнд шинжээч бодитой дүгнэлт хийсэн гэж шийдвэр гүйцэтгэгч миний зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ нь дээр 50 м.кв гэж бичигдсээр байтал яагаад 77 м.кваар үнэлээд үнэлгээг нь гаргасан гээд байгаа боловч яг улсын бүртгэл дээр бичигдсэн м.кв нь бодит м.кв-тай хоорондоо зөрүүтэй тохиолдолд зөндөө байдаг. Энэ бол заавал улсын бүртгэлийн, яг бодит м.кв-тайгаа дүгнэлт хийнэ гэхээс биш улсын бүргэлийн гэрчилгээ нь дээрх м.кв-тай хэмжилт хийнэ гэж байхгүй. Эсрэгээрээ та нар 50 м.кв-аар нь үнэлгээг гаргасан бол та нар бодит талбай нь 77 м.кв байх байсан гэж маргах байсан байх гэж үзэж байна, энэ бол бодит үнэлгээ байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн үнэлгээ хийх үнэлгээний компанийг сонгодоггүй, цаанаас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай гэрээ байгуулсан, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд энэ хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг гаргадаг. Би энэ хөрөнгийн үнэлгээтэй танилцсан, одоо байгаа гэж байгаа нь 2019 оныг хэлээд байгаа, 2019 оноос өмнөх 2-3 жилийн өмнөх л харьцуулсан үзүүлэлтийг л аваад үзсэн байна. Одоо тэр байр нь 3 өрөө байр байлаа гэхэд 1, 2 өрөө байр, оффисын байрыг яагаад судалсан бэ гэхээр энэ хөрөнгийн үнэлгээг явуулж байгаа хуулийн этгээд нь өөрөө маш олон жишиг үзүүлэлт, харьцуулалт авч үздэг юм байна лээ, түүнийхээ дагуу гаргасан байх гэж бодож байна. 2 өрөө байр ийм үнэтэй байсан байна лээ, одоогийн байгаагаас 2-3 жилийн өмнө 1 өрөө байр ийм үнэтэй байсан байна, 3 өрөө байр ийм үнэтэй байсан байна, өнөөгийн зах зээлийн байдалд ийм үнэтэй байна гэж. Хөрөнгийн үнэлгээг харахад ганцхан харьцуулалт аваагүй, дор хаяж 2-3 харьцуулалт авч үзсэн байна лээ. Тийм учраас үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна, шинжээч өөрөө тайлбараараа дэлгэрэнгүй тайлбарласан байна лээ. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай биш хөрөнгийн үнэлгээтэй маргаад байгаа, таны хариуцагч бол хөрөнгийн үнэлгээ гаргасан Сэлэнгэ эстимэйт ХХК байна. Та зүгээр л өөрийн таамаг, хардалт сэжгээр хөрөнгийн үнэлгээг үгүйсгээд байгаа боловч эдгээр тайлбараараа С.Түмээ өөрийнхөө хөрөнгийг хамгаалаад өнөөгийн зах зээлийн үнээс хэт доогуур, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа бол яг адилхан ийм хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан баримт, нотолгоо байхгүй байгаа учраас, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Түмээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/00384 дүгээр шүүгчийн захирамжаар Хүрэн бэлчир уул ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Түмээ, Д.Отгонжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 196 928 004 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 66 928 004 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130 000 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй /хх-17/ болгожээ. Мөн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШЗ2017/03275 дугаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг /хх-16, 19/ үндэслэн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18-55 дугаар зүйлээр зохицуулсан иргэний хэргийн талаархи шүүхийн шийвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан бөгөөд талууд энэ тухай маргахгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 131 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор /хх-36/ шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг /хх-41/ төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэж /хх-39, 76,78/, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь /хх-1-2/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ. Тодруулбал Иргэний хуулийн 72 дугаар зүйлээр хугацаа тоолох журмыг зохицуулж, 72.1-д ... эсхүл уул хугацаа өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тооцно гэж заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Түмээ эрхээ зөрчигдсөн болохоо 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн бол хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тооцогдох тул хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч тал иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай маргаагүй, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Сэлэнгэ эстимэйт ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална. гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Тухайлбал Шинжээч томилох тухай 161 дүгээр тогтоолд ... шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай. гэж заасан боловч шинжээч нь дүгнэлтийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д шинжээч нь ... тогтоосон хугацаанд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй бол шинжилгээ хийх хугацааг сунгуулах тухай хүсэлтээ шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргана. гэж заасныг зөрчжээ. Өөрөөр хэлбэл шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй, хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Мөн шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын бүх гишүүдийн 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар баталсан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрэм-ийн 3.2.5-д Үнэлгээчин үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь үр бүтээлтэйгээр гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар баталсан Үнэлгээний тайлангийн жишиг-ийн 2.1-д Үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайлан боловсруулахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2-т заасан шаардлагыг хангахаас гадна дараах баримт, мэдээллийг бүрдүүлнэ. Үүнд: үзлэгийн үеийн акт- үнэлгээний зүйлтэй газар дээр нь танилцсан огноо, гүйцэтгэгчийг төлөөлж байлцсан мэргэжилтний овог, нэр, гарын үсэг, захиалагчийг төлөөлж байлцсан этгээдийн овог, нэр, албан тушаал зэрэг мэдээллийг агуулсан баримт бичиг, 3.7-д Тайлангийн тооцооллын хэсэгт дараах мэдээлэл агуулагдсан байна. ... Хэрэв хэвлэмэл эх үүсвэр бол хэвлэлийн нэр, дугаар, огноо, хуудасны дугаарыг, хэрэв цахим эх үүсвэр бол цахим хаяг (линк)-ийг нэр, огнооны хамт хуулбарлан тайланд хавсаргана. гэж заажээ. Мөн Д.Отгонжаргал болон С.Түмээ нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2201009481 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн /хх-39-71/ 5.1-ийн 3-т Үнэлгээчин нь үл хөдлөх хөрөнгийн талаар тайланд тусгагдсан ерөнхий мэдээлэл, ашигласан аливаа мэдээллийг линк, утасны дугаар, зарын дугаар гэх мэт байдлаар баталгаажуулсан байна. /хх-49/ гэжээ. Үнэлгээний тайланг шинжлэн судлахад үзлэгийн үеийн актыг тайланд хавсаргаагүй, шинжээч нь үнэлж буй эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ мэдээллийн олдоц, мэдээллийн бодит байдлыг харгалзан нийтэд арилжааллагддаг жиших зүйлсийн аргаар тооцох нь илүү бодитой гэж үзсэн боловч /хх-60/ Хүснэгт № 5-д /хх-61/ unegui.mn гэх зарын линкээс бусад мэдээлэл буюу утасны дугаар, зарын дугаар, огноо бичигдээгүй байгаа нь Үнэлгээний тайлангийн жишиг болон тайлангийн 5.1-ийн 3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ. Тодруулбал шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгө үнэлэхэд ашигласан мэдээлэлдээ утасны дугаар, зарын дугаар, огноог дурдаагүй хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

Дээр дурдсанаас үзэхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд үнэлгээ хууль тогтоомжид нийцсэн байх /4 дүгээр зүйлийн 4.1.4/, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх /9 дүгээр зүйлийн 9.2.3/хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 9.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах /14 дүгээр зүйлийн 14.1.8/ гэж заасныг зөрчсөн шинжээчийн дүгнэлт гарсан байх тул Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 3 байр, 19 тоот хаягт байршилтай, 50 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Түмээд олгох үндэстэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 3 байр, 19 тоот хаягт байршилтай, 50 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШЗ2019/07180 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Түмээд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР