Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0477

 

 

020 оны 07 сарын 21 өдөр             Дугаар 128/ШШ2020/0477                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “МТ” ХХК  

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Б, Б.Ц нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******... дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А , Ө.Э, хариуцагч Б.Б, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, иргэдийн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар нь “МГ” ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай  *******.... дүгээр шийтгэлийн хуудас гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд “зөрчилд хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулах үндэслэл процессыг, мөн хуулийн 7.2.1-д “Шийтгэлийн хуудас”-ийг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байн” гэж тус тус тодорхойлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан зорилго, зохицуулах хүрээнээс үзвэл тус хууль нь Зөрчлийн тухай хуульд нэрлэн заасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахад оршиж байна.

Зөрчлийн тухай хууль 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж тус хуулийн 18.1-д зааснаар 2017 оны 07 дугаар 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

Мөн хуулийн 2.4.1-д Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 1.4.3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 1.4.5-д ‘‘Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж зааснаас үзвэл зөрчил гарсан гэх 2011-2013 оны хугацаанд үүссэн аливаа үйл баримтад тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.3-д зааснаар торгох. баривчлах, эрх хасах гэсэн 3 төрлийн шийтгэл оногдуулах боломжтой бөгөөд “төлбөр ногдуулах” шийтгэл байхгүй.

Иймд Зөрчлийн тухай хуулийг хууль бусаар буцаан хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэж ажиллагаа явуулж шийдвэр гаргасан нь бүхэлдээ хууль бус байна.

Хоёр. Татварын ерөнхий хуулийг зөрчсөн.

Шийтгэлийн хуудсаар ТЕХ, НӨАТТХ, ААНОАТТХ, ҮХЭХАТТХ-иар нийт 8.301.246.008 төгрөгийн “зөрчилд” 814.824.600 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Татварын улсын байцаагчаас татвар нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Татварын Ерөнхий хуулийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөвлөлт хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт. шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл/ цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ ”гэж заасан бөгөөд “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт” үйлдэнэ. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана” гэж заасан, мөн хуулийн 47.3.3-д “нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх" гэж заасны дагуу татвар төлүүлэх ашиг гаргах ёстой.

Татварын хуульд зааснаар акт гарсан тохиолдолд шалгалтад хамрагдсан байгууллага актыг хүлээн зөвшөөрөхгүй бол Татварын ерөнхий хуулийн 72.1-д зааснаар татварын маргаан таслах зөвлөл болон цаашид шүүхэд хандан шийдвэрлүүлэх ёстой байсан.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр татварын улсын байцаагчид дараах 2 төрлийн шийдвэр гаргах боломжтой болсон.

Татварын хяналт шалгалтаар илэрсэн дутуу төлсөн татварыг төлүүлэх тохиолдолд Татварын улсын байцаагчийн хувиар акт, дүгнэлт гаргах.

Татварын хяналт шалтгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн, үүссэн үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хувьд иргэн хуулийн этгээдэд Зөрчлийн хариуцлага оногдуулж шийтгэлийн хуудас бичих.

Маргаан бүхий шийдвэр бол Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29.1-д Татварын улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.1-д заасан “татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх” гэж заасан мөн хуулийн 34.1 Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан эрхийн хүрээнд татварын ерөнхий байцаагчийн хувьд гаргасан “акт” байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд мөн хуулиар гарсан зөрчил бүрийг нэрлэн зааж түүнд оногдуулах хариуцлагыг тодорхойлжээ.

Гэтэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн *******0.... дүгээр шийтгэлийн хуудас нь “шийтгэл оногдуулах” арга хэмжээ авагдаагүй бөгөөд мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил” гэж заасан байхад Зөрчлийн тухай хуулийн “тусгай ангид” заасан ямар зөрчил гаргасан болохыг тогтоож нэрлэн заагаагүй байгаа тул “зөрчлийн шийтгэл оногдуулах” арга хэмжээ биш байна.

Иймд маргаан бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас нь байцаагчийн хоёр өөр хуулиудаар олгосон эрх хэмжээ, ажиллагааг хольсон буюу Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан шийтгэлийн хуудас хэлбэрээр гарсан, Татварын ерөнхий хуульд заасан акт байна.

Харин Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу заасан хяналт шалгалтаар “албан татварын төлбөр ногдуулсан” нь татвар төлүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг байна.

Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас Татварын ерөнхий хуулийн /2008 он/ дээр дурдсан холбогдох заалтыг зөрчсөнөөрөө хууль бус байна.

Гурав. Татварын улсын байцаагчид хүчин төгөлдөр прокурорын тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудалд дахин дүгнэлт өгсөн.

“МТ" ХХК-ийн 2011-2013 оны албан татвар төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийж тус шалгалтаар 8.228.484.461 төгрөгийн орлогод ногдох татварын төлөөгүй гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн ЗЗ.2.6-д зааснаар дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.

Тус хэрийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мөрдөн байцаах ажиллагаа явуулж улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох татгалзах саналтайгаар ирүүлснийг үндэслэн дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4329 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж тус шийдвэрт дээд шатны прокурорт гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр болсон.

Тус прокурорын тогтоолын олсон нь хэсэгт Хавтаст хэргийн 6-д авагдсан 2014 оны 06 сарын 26-ны өдрийн 24/00002... дугаартай улсын байцаагч Ж.Э Т.О нарын дүгнэлтээр татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх ёстой нийт орлого нь 8,223.484.461,96 төгрөг гэсэн боловч Шүүх шинжилгээний эдийн засгийн шинжээчийн 140 дугаартай дүгнэлтээр: “МГ” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд 2.233.235.100 төгрөгийн зөрчил илрүүлснээс 2013 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татварт 45.169.551,43 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварт 223.323.510,03 төгрөг нийт 268.493,061,46 төгрөг төлөх ёстой болсон байна.

Үүнээс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241401... тодорхойлолтоор дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 338.136.600 төгрөгийн илүү төлөлттэй гэх тодорхойлолт ирүүлсэн байна. Энэ нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд суутган тооцох боломжтой” гэжээ.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” 4329 тоот хүчин төгөлдөр тогтоолоор “МГ” ХХК ийн 2011-2013 оны хугацаа төлөх ёстой албан татварын хэмжээг эцэслэн тогтоосон.

Тус тогтоолоор НӨАТ-ын татварын тухайд 114.813.090 төгрөгийн татварын албанаас авлагатай компани болох нь тодорхой байна.

Нэгэнт татварын хяналт шалгалт, мөрдөн байцаах ажиллагааны дүнд тогтоогдож шийдвэрлэгдсэн асуудлаар хожим Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс дахин хяналт шалгалт явуулсан нь прокурорын эрх хэмжээнд халдаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэж заасныг зөрчжээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” 43... тоот тогтоолоор тогтоосон асуудлаар хожим дахин хяналт шалгалт хийх бус харин тус тогтоолыг “МГ” ХХК-тай прокурорын тогтоолд тусгасан үнийн дүнгээр тооцоо нийлж, илүү төлөлтөө суутган тооцох байдлаар хэрэгжүүлэх ёстой байжээ.

Дөрөв. Шүүхээр хүчингүй болсон улсын бүртгэлд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан.

Шийтгэлийн хуудсын 4-т “МТ” ХХК-ийн нэр дээрх Ү-*******... дугаартай 343,61 м.кв худалдаа үйлчилгээний барилга, Ү-*******... дугаарт бүртгэгдсэн 210 м.кв эрхийн гэрчилгээг үндэслэн 1.700.000,00 төгрөгийн албан татвар нөхөн ногдуулжээ.

Тус эд хөрөнгийг Улсын Дээд шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот тогтоолоор 2012 онд “МТ” ХХК-ийн нэр дээрх дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэсэн Улсын бүртгэгчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хариуцагчаас хяналт шалгалт хийх үед дээрх шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байтал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон бүртгэл бүхий эд хөрөнгөнд татвар ногдуулсан үндэслэлгүй.                                               

Тав. Хариуцагч нар нь татварын хууль тогтоомж зөрчиж шийтгэлийн хуудас

гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх гэж заасан ба энэ нь төрийн байгууллага албан хаагч үйл ажиллагаандаа хуулиар олгогдсон чиг үүргийг хэлбэрэлтгүй даган биелүүлэхийг шаардаж буйн илрэл байдаг. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /хуучин/ 29 дүгээр зүйлийн 29.1.8-д Татварын улсын байцагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заажээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч “МГ” ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” *******... дүгээр шийтгэлийн хуудсыг гаргасан байдаг.

Ингэхдээ илрүүлсэн зөрчилд тооцсон хүү, торгууль, алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулж шийдвэрлэсэн байна.

Гэтэл маргаан бүхий акт гарах цаг хугацаанд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиас гадна, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07 -ны өдөр батлагдсан байдаг.

Уг хуулиар татвар төлөгч 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс өмнө олсон орлогоо татварын байгууллагад мэдэгдээгүй, тайлагнаагүй, нуусан бөгөөд түүнийгээ өөрийн сайн дураар ил болгож татварын байгууллагад 2016 оны 02 сарын 20-ны өдрийн дотор мэдүүлснээр ийнхүү орлогоо нуусны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөхөөр уг хуульд заасан байхад татварын улсын байцаагч нар уг хуулийг хэрэглээгүй нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэл болж байна.

Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь гомдол гаргагч “МТ” ХХК-ийн 2011-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” *******... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“МТ” ХХК-ийн 2011-2013 оны татвар төлөлт, ногдуулалтын байдалд Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс шалгалт орж 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8 тэрбум төгрөгийн зөрчил байж болзошгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэх дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслээд Дүүргийн нэгдүгээр прокуророос 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 43... дугаартай прокурорын тогтоолоор “гэмт хэрэгт хамааралгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл 2017 онд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар “МГ” ХХК-ийн 2011-2013 оны татвар төлөлт, ногдуулалтад дахин шалгалт хийж зөрчилтэй гэж үзэж *******... дугаартай шийтгэлийн хуудас гаргасан. Энэ шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дагуу шийтгэлийг шүүхийн журмаар хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдоо. Нотлох баримт шинжлэн судлах үед шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсэгт Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэсэн. Үүнийгээ  Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл рүү шилжсэн гэж тайлбарлаж байна. Хуучин хууль хэрэгжиж байх үеийн зохицуулалтыг үндэслэж хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Энэ нь захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа хэлбэр биш. Хуучин Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хариуцлага нь торгууль, эрх хасах гэсэн хэлбэртэй байсан. Гэтэл шийтгэлийн хуудсыг харвал торгууль, алданги, хүү нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүчингүй болчихсон. Тэгэхээр улсын байцаагч нар маань Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь заалт буюу прокурорын тогтоол гарсан ч хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учраас шалгалт явуулж нөхөн татвар тогтоосон гэж тайлбарлаж байна. Гэтэл  Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасан захиргааны хариуцлага гэсэн хуулийн заалтыг буруу ойлгосноос шийтгэлийн хуудас гарсан байна. Нөхөн татвар ногдох хавтаст хэргийн 108-116 дугаар хуудсанд зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шинээр өгч байгаа тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварыг шинээр өгч байгаа тайлангаас харвал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нөхөн татвар ногдохгүй байх орлого байсан байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үйлдлүүд нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан заалтууд адилхан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид “орлогоос бусад албан татвар ногдох зүйл” гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй байхаар заасан. Энэ хуулийн хязгаарлалтыг татварын улсын байцаагч нар зөрчсөн.

43... дугаартай прокурорын тогтоол хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг байна. Уг тогтоолд 8,2 тэрбум төгрөгийн татварын зөрчил байхгүй, 2,2 тэрбум төгрөгийн татварын зөрчил байна. Үүнд 233 сая төгрөгийн нөхөн татвар ногдохоор байна. Үүнийг илүү төлсөн татвартай харилцан тооцож тооцоо нийлж суутгах талаар заасан. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 18-ны дотор эсэргүүцлээ бичээд маргах боломж байсан.

       Цаг хугацааны хувьд 2011-2013 онд гарсан зөрчилд 2008 оны Татварын ерөнхий хуулийг барьсан гэдэг. Уг хуулийн дагуу нөхөн ногдуулж байгаа татварт Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн зөвлөмжийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан. Манай тохиолдолд шийтгэл ногдуулах албадлагын арга хэмжээг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэх буюу 814 сая төгрөгийг төлөөгүй тохиолдолд хуучин эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ. Татвар төлөгчид ашигтай хуулийг барьж шийдвэрлэхийг буцаан хэрэглэх гэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмаар зөрчилд холбогдогч этгээдэд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу хуучин хуулийг хэрэглэнэ.

      Татварын ерөнхий хуульд заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу нөхөн татвар ногдуулахгүй байсан, 140 дүгээр шинжээчийн дүгнэлтийг буруу ойлгоод прокурорын тогтоолоор зөрчил биш зүйлийг зөрчил болгож аж ахуйн нэгжид олон жил татвар ногдуулсан байна. Тиймээс энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

     Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Э: Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох, баривчлах, эрх хасах гэсэн захиргааны хариуцлагын төрөл энэ шийтгэлийн хуудсанд байхгүй. 2011-2013 онд гарсан зөрчил байлаа гэхэд 4 жилийн дараа шийтгэлийн хуудас гарсан. Зөрчлийн тухай хуулийн 3.2-т зааснаар хамгийн хүнд хариуцлагын хэлбэртэй шийтгэлд хариуцлага ногдуулах хугацаа нь 6 сар байдаг. Шийтгэлийн хуудас ногдуулсан нь буруу юм. Татварын акт тавьсан бол зөв байсан. Татварын акт тавих асуудлын хувьд “МТ” ХХК-ийн хувьд 2011-2013 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, үл хөдлөх хөрөнгийн хувьд прокурорын тогтоолоор дүгнэгдсэн. “МТ” ХХК-ийн улсад одоогоор төлөх торгууль, татвар байхгүй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц , Б.Б нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын улсын байцаагчийн дүгнэлтийг Прокурорын газар хэрэгсэхгүй болгосныг шийдвэрлэх “Татварын хяналт шалгалт хийх *******0900... тоот томилолтын дагуу, ... регистрийн дугаартай, “МГ” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/00002... дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дугаартай дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн шалгалт хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******...  тоот шийтгэлийн хуудсаар 8 сая 200 төгрөгийн зөрчил илрүүлж 814 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлэхээр тогтоосон. Шийтгэлийн хуудсыг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нарын 24/00002... дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1... дугаартай дүгнэлт зэргийг үндэслэж гаргасан. Энэ дүгнэлтийг Цагдаагийн газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ нь татвараа хугацаандаа төлөөгүйд нь Татварын ерөнхий  хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэл ногдуулсан. Татварын ерөнхий хуулийн 74 зүйл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд хариуцлагын хэлбэр нь шилжсэн. Тиймээс татварын улсын байцаагчийн актыг үйлдэхгүйгээр Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан Шийтгэлийн хуудсын маягтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэл ногдуулсан.

        Хариуцагч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МГ” ХХК-д хяналт шалгалтаар 8.3 тэрбум төгрөгийн 4 зөрчил илэрсэн. 2013 онд харилцах дансаар орж ирсэн 2 тэрбум 233 сая төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд шийтгэл ногдуулсан. “МГ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар компани. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанийн хувьд  зөрчил аж ахуйн нэгж дээр компани дээр аль алин дээр нь яригддаг. Зөрчил 1,2 дээр адил тоотоор орлого ногдуулаагүй гэж шийтгэл ногдуулсан.

            “ТФ” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 онд 2 падаанаар 3,6 тэрбум төгрөгийн худалдан авалтыг компанийнхаа төсөвт төлөх худалдан авалтаас хасаж тооцсон. Шинжээч “ТФ” ХХК, “МГ” ХХК гэсэн 2 компани дээр зэрэг шинжээчээр орсон. Падаан бичиж өгсөн “ТФ” ХХК борлуулалтын орлогодоо тусгасан байсан бол “МГ” ХХК-д тооцохгүй байсан. Өмнөх шийдэгдсэн анхан шатны шүүх хуралдаанд шинжилгээ гаргасан шинжээчийг дуудаж энэ талаар тусгаагүй байсан талаараа хэлсэн.

Тухайн шалгалтын үед 2017 онд Улсын бүртгэлийн газраас бичиг авсан. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөөгүй асуудлын хувьд биднээс хойших процессын асуудал учраас бид мэдэхгүй байна. Үл хөдлөх хөрөнгө хэзээ хэн дээр байсан хэнд шилжсэнээс үл хамааран татвар ногдуулна.

Бид нөхөн татвар, алданги, торгууль тавьсан. Хяналт шалгалт арга зүйн удирдлагын газраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл хуулийн дагуу торгууль, алдангаас чөлөөл гэсний дагуу бид чиглэлийн дагуу 84 сая төгрөгийг чөлөөлсөн. Эдийн засгийн ил тодын байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ гэж заасан. Гэтэл энэ компанид Баянзүрх дүүрэгт иж бүрэн шалгалт хийгдсэн. Б.Б байцаагч бид хоёр хэсэгчилсэн шалгалт хийсэн. Тиймээс тухайн 4 зөрчилд хариуцлага ногдуулсан. 4 зөрчилд холбогдох баримт байгаа эсэх талаар бид удаа дараа шаардсан. Татварын ерөнхий хуульд заасны дагуу хяналт шалгалтад шаардлагатай баримтуудыг ирүүлэх тухай албан шаардлагыг хүргүүлсэн талаарх баримт хэрэгт байгаа. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Хүрэлбаатарт холбогдогчийн эрх үүргийг тайлбарласан.

2017 оноос Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн учраас уг хуулийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Бид акт тавих эсхүл шийтгэлийн хуудас бичих талаараа Улсын дээд шүүхэд тодруулга бичсэн. Улсын дээд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/36... тодруулгад “татварыг 5 жилийн хугацаанд хөөж үздэг учраас өмнөх хугацааны үйлдэгдсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах ба ногдуулахдаа эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Шийтгэлийн хуудсыг бичихэд Хяналт шалгалт арга зүйн удирдлагын газраас Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан шийтгэлийн хуудсаар хариуцлагаа ногдуул гэсэн чиглэл ирүүлсэн байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “...“МТ” ХХК нь Татварын ерөнхий хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлээгүй,  Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвараа хуулийн хугацаанд тайлагнаагүй учраас татварын улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэсэн. Хариуцлага нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн. Хөөн хэлэлцэх хугацааг өөр хуулиар тодорхойлсон бол тухайн хуулийг дагаж мөрдөнө. Татварын ерөнхий хуульд зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-ийн 5 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулахаар заасан. Шийтгэлийн хуудсын хөөн хэлэлцэх хугацаа нь хугацаанд, хуулийн хүрээнд, үнэн зөв тавигдсан учраас шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж” өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “МТ” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргажээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Т.О нар “МТ” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 6 дугаар сарын 19-нийг хүртэл хийж,

1.  2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Хас лизинг” ХХК-д 2,330,473,554.28 төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн боловч “ХЛ” ХХК нь тус компаниас тоног төхөөрөмж худалдан авах иргэн, хуулийн этгээдэд зээл олгож, үүгээрээ орлогоо тооцдог,

2. 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалтыг “ТФ” ХХК-иас хийсэн мэтээр тусган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичүүлж нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн ч “ТФ” ХХК руу төлбөр тооцоо шилжүүлсэн баримтгүй,

3.  2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй,

4. хөрөнгийн маргаантай шалтгаанаар их хэмжээний хөрөнгийг тайлан балансад тусгаагүй зэрэг зөрчлүүдээр нийт 8,228,484,461.96 төгрөгийн албан татвар ногдох орлогыг тайланд тусгаагүй, татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 24/00002... дугаартай дүгнэлт[1] бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэс “МГ” ХХК-ийн захирал Н.У-т холбогдуулан эрүүгийн 2014250003... дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 43... дугаартай тогтоолоор[2] "орлогоо санаатайгаар нуусан гэх субьектив санаа зорилго тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

“МТ” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар “хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн[3] бөгөөд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *******09004... тоот томилолтын[4] дагуу “МГ” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******... тоот шийтгэлийн хуудсаар[5]

1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,

2. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223,323,510.04 төгрөгийн нөхөн татвар,

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 01 дүгээр сард 12293... дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293... дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсон зөрчилд нь 366,477,580.74 төгрөгийн нөхөн татвар,  

4. 2013 онд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж 70 тоот 343.61 мкв Ү-*******... дугаартай, 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо Нарны зам /13332/ гудамж, .... тоот, 210 мкв, Ү-*******... дугаартай 70.000,000.00 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд нь 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар, нийт 814,824,600.81 төгрөгийн төлбөр тогтоож, дээрх зөрчлүүдэд ногдох 289,112,082.25 төгрөгийн торгууль, 295,750,454.39 төгрөгийн алданги, 669,970.53 төгрөгийн хүүг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар чөлөөлсөн байна.

Гомдол гаргагч нь “зөрчлийн хэрэг үүсгэж шалгах байсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй” гэж маргасан бол хариуцагч нар “татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад хамрагдахдаа татварын албанаас шаардсан тайлант хугацааны баримтуудыг огт ирүүлээгүй тул хасагдах зардлыг тооцох боломж байгаагүй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2014 оны 24/00002... дугаартай дүгнэлт гаргахдаа тухайн тайлант хугацааны баримт бичгүүдийг иж бүрэн шалгасан тул зөрчлийг тогтоогдсон гэж үзээд хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлажээ.   

Татварын улсын байцаагч 2017 оны 9 дүгээр сарын 25, 11 дүгээр сарын 09-ний өдөр татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримтуудыг татвар төлөгчөөс жагсаалтаар шаардсан[6], 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн баримт бичиг шаардах хуудсыг тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал Н.У 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн баримт бичиг шаардах хуудсыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон[7] Х.Х /захирал Н.У-ээр гарын үсэг зуруулаад өгнө гээд гарын үсэг зурахаас татгалзсан тэмдэглэлтэй/ тус тус гардан авсан боловч татварын албанаас хяналт шалгалтад шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй зайлсхийсэн, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13-т заасан “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах” татвар төлөгчийн үүргээ зөрчсөн байх тул “татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаагүй” гэх татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй.

Нөгөө талаас татварын албаны шаардсан баримтыг гаргаж өгөөгүй зөрчилд нь хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй атлаа “2014 оны 24/00002... дугаартай дүгнэлтээр зөрчил нь тогтоогдсон гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь татварын улсын байцаагчийн 2014 оны 24/00002...  дугаартай дүгнэлтээр үүсгэсэн эрүүгийн хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул хэдий эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь татварын хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй ч дээрх дүгнэлтээр зөрчил нь тогтоогдсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн томилолтоор хийж 2017 оны 12 дугаар сарын 06-ны шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсгийг баримталсныг гомдол гаргагчийн “зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан бол татвар ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусах байсан” үндэслэлээр буруутгах, энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь татварын хяналт шалгалт хийх ажиллагаа нь татварын хууль тогтоомжоор тусгайлан зохицуулагддаг, татварын улсын байцаагч татварын хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийн хүрээнд татварын хяналт шалгалтад хамаарах тайлант хугацааны баримт материалыг шаардсан ч ирүүлээгүй тул тухайн үед хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн давхардсан зохицуулалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгээгүй шийдвэрлэсэн нь шийтгэлийн хуудсаар тогтоогдсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.       

“МТ” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг байсныг Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар “хэлтэс хооронд аж ахуйн нэгж байгууллагыг шилжүүлэх тухай” тушаалаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн гэх шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг Чингэлтэй дүүрэгт хүргүүлээгүй[8] хугацаа алдсан гэх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн томилолтоор Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц, Б.Б нар тус компанийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийж, татварыг нөхөн ногдуулсан нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан татвар ногдуулах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацааны дотор багтсан байна. 

Эрүүгийн 2014250003... дугаартай хэрэгт шинжээчээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 140 дугаартай дүгнэлт[9] гаргасан, шинжээч эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргахдаа эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан тус компанийн болон “ТФ” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэлсэн гэх тул шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон тэдгээр баримтуудыг[10] шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлсэн болно.

Шийтгэлийн хуудсын зөрчлийн 1, 2-т заасан “2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2,233,235,100.36 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй” зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223,323,510.04 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварт мөн 223,323,510.04 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоосон ба шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хэрэгт авагдсан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 45,169,551.43 төгрөг, харин нэмэгдсэн өртгийн албан татварт 223,323,510.04 төгрөг төлөхөөр байгааг тогтоож, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2414014... дугаартай тодорхойлолтоор тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын 338,136,600 төгрөгийн илүү төлөлттэй гэж тодорхойлсныг дурдсан байна.

Гомдол гаргагч болон хариуцагч хэн аль нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаарх татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаж төлөгдөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн тул шийтгэлийн хуудсын зөрчлийн энэ хэсгийг шүүх дүгнэх шаардлагагүй, өөрөөр хэлбэл зөрчлийн энэ хэсэгт хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварт  223,323,510.04 төгрөг нөхөн ногдуулсныг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж 45,169,551.43 төгрөг төлүүлэх нь гэж үзлээ. 

Шийтгэлийн хуудсын зөрчлийн 3-т заасан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 1 дүгээр сард 12293... дугаартай падаанаар 2,029,369,640.00 төгрөгийн, 9 дүгээр сард 12293... дугаартай падаанаар 1,635,406,167.40 төгрөгийн, нийт 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасч тооцсоныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн  14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй” гэж зааснаар зөрчил гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Татварын хяналт шалгалтын тайлант хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль /2006 оны/ -ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох”-оор, 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж  тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

Хэдийгээр “ТФ” ХХК-иас 2,029,369,640.00 төгрөгийн үнийн дүнтэй 12293731 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 1,635,406,167.40 төгрөгийн үнийн дүнтэй 12293733 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн, тэр дүнгээр кассын орлогын болон кассын  зарлагын баримт бичигдсэн[11] ч нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт бодитой хийгдсэн өөр баримтгүй, “ТФ” ХХК нь борлуулалтын орлогоор тооцоогүй, борлуулалтдаа тайлагнаагүй нь “ТФ” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Г.Б нарын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 24/00002... дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлтэд “ ... 2013 онд “МТ” ХХК-д 3,664,775,807.40 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаанаар сэлбэг хэрэгсэл борлуулсан мэтээр бичилт хийж төлбөр тооцоо нь касс, харилцахад ороогүй” гэж дүгнэгдсэнээр[12], мөн “МТ” ХХК болон “ТФ” ХХК-д татварын хяналт шалгалт хийж дүгнэлт бичсэн татварын улсын байцаагч Ж.Э 2014 оны 9 дүгээр сарын 25-нд гаргасан тайлбартаа[13] “харилцан хамаарал бүхий “ТФ” ХХК-иас 3,664,775,807.40 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч “ТФ” ХХК борлуулалтын орлогоор тооцоогүй” гэж дурдсанаар тогтоогдож байна.   

Иймд “ТФ” ХХК-иас бичигдсэн 12293731, 12293733 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх 3,664,775,807.40 төгрөгийн үнийн дүнтэй  сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр худалдан авалт хийсэн нь тогтоогдохгүй байх тул төсөвт төлөх албан татвараас хасалт хийсэн нь үндэслэлгүй байна.  

Шийтгэлийн хуудсын зөрчлийн 4-т заасан “Улаанбаатар хот,Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Мэдээлэл санд нэмэх хаяг” гудамж, 70 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-*******... дугаарт бүртгэгдсэн, 343.61 м.кв талбайтай 100,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******...  дугаарт бүртгэгдсэн, 210 м.кв талбайтай, 70.000,000.00 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилгад 2013 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албанд ирүүлээгүй зөрчилд 1,700,000.00 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны 7/508 тоотоор ирүүлсэн лавлагаагаар[14] “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам 70 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******...  дугаарт, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны зам ... тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь эрхийн улсын бүртгэлийн Ү-*******...  дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр тус тус “МТГ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, шүүхийн холбогдох шийдвэрийн дагуу улсын ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 2017 оны 8 дугаар сарын 11–ний өдөр бүртгэлийг хүчингүй болгосон байна.

Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын тайлант хугацаанд буюу 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******... , Ү-*******... дугаарт бүртгэгдсэн 170,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “МГ” ХХК бүртгэлтэй байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна. Иймд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тооцон, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/16 дугаар тогтоолоор баталсан 1 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараа хуульд заасан хугацаанд тайлагнаж төлөөгүй зөрчилд 1,700,000.00 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******... тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, шийтгэлийн хуудсын зөрчлийн 1 дэх хэсгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 223,323,510.04 төгрөг нөхөн ногдуулсныг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж 45,169,551.43 төгрөг төлүүлэхээр тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “МГ” ХХК-ийн гомдлын шаардлагаас зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *******0... тоот шийтгэлийн хуудсын тогтоох хэсгээр ногдуулсан нөхөн татварыг 178,153,958.74 төгрөгөөр бууруулж, 636,670,642.07 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, гомдлын үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ГАНБАТ

                                        ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН

                                        ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]  Хэргийн 1 дүгээр хавтсын 33-35 дугаар хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 14-15 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 37-38 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 39, 54-56 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 49-53 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 40-45 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтсын 47,53 дугаар хуудас

[8] Хэргийн 2 дугаар хавтсын 13 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 36-39 дүгээр хуудас

[10]  Хэргийн 2 дугаар хавтсын 58-172 дугаар хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтсын 63-66 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 163-164 дүгээр хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 62 дугаар хуудас

[14]  Хэргийн 1 дүгээр хавтсын 236 дугаар хуудас