Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 01459

 

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/01459

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Буянхишигийн Уянгын нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун 46Е байр, 13 тоотод оршин суух, регистрийн дугаар ФБ84122561/

 

Хариуцагч: Лхамжав овогтой, Лхагвын Болорчимэгт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил, 48А байр, 12 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 52 дугаар байр, 1 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ЖЯ71060668/

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.616.000 төгрөг, СӨХ-ны төлбөрт төлсөн 788.310 төгрөг, засварын зардалд төлсөн 1.379.000 төгрөг, нийт 12.783.310 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч Л.Болорчимэг, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Н.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, багасгаж байна. Үүнд: Л.Болорчимэг нь Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 3 тоот болон 4 тоот орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх түрээсийн үлдэгдэл төлбөр 3.116.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7.500.000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 788.310 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 4 тоот байрны гал тогооны тавцан засварлахад зарцуулсан 79.000 төгрөг, банны өрөөний хаалт, душны толгой засварлахад 338.000 төгрөг, банны өрөөний хана, плита, цавуунд 779.000 төгрөг, лед гэрэл 46.000 төгрөг, лампир хүрээ 137.000 төгрөг, нийт 12.783.310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

Хариуцагч Л.Болорчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Уянгын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 3 тоот болон 4 тоот орон сууцыг 2012 оны 8 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар түрээслэсэн нь үнэн. Иймд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх түрээсийн үлдэгдэл төлбөр 3.116.000 төгрөг, 4 тоот байрны банны өрөөний хаалт, душны толгой засварлахад 338.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин түрээсийн гэрээ нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Б.Уянга гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн 3 тоот орон сууцны хувьд бүрэн засварыг хийж өгсөн. 4 тоот орон сууцны засвар хийж өгөхөөр тохироогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

             Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Б.Уянгын нэхэмжлэлтэй, Л.Болорчимэгт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.616.000 төгрөг, СӨХ-ны төлбөрт төлсөн 788.310 төгрөг, засварын зардалд төлсөн 1.379.000 төгрөг, нийт 12.783.310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Уянга, хариуцагч Л.Болорчимэг нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч Б.Уянга нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 3 тоот болон 4 тоот орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч Л.Болорчимэг нь нэг сарын түрээсийн төлбөрт 2.200.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгажээ.

 

             Талууд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй хэдий боловч уг гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлсэн, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлж байсан, зохигчид түрээсийн гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Уянгын “Түрээсийн гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.116.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 4 тоот орон сууцны банны өрөөний хаалт, душны толгой засварлахад 338.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Болорчимэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Л.Болорчимэгээс 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.116.000 төгрөг, 4 тоот орон сууцны банны өрөөний хаалт, душны толгой засварлах 338.000 төгрөгийг гаргуулан Б.Уянгад олгох нь зүйтэй байна.

2. 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч тал “түрээсийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болоогүй”, гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусч байгаа гэсэн тайлбар гаргасан хэдий боловч /хавтаст хэргийн 9 дүгээр талын ард/ талуудын хооронд байгуулагдсан “Түрээсийн гэрээ”-ний хугацааг сунгасан гэрээний ар талын хуудсанд “түрээсийн гэрээг Л.Болорчимэгийн хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгов...” гэсэн бичилт хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, түрээсийн гэрээний зүйлийг түрээслүүлэгч хүлээн авч, тооцоо нийлсэн баримт үйлдсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3-т зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Түрээсийн гэрээ” нь 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Б.Уянга нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 7.500.000 төгрөг түрээслэгчээс шаардан гаргуулах эрхгүй юм.

 

3. Түрээсийн гэрээний 4.2.4-т “орон сууц ашиглалтын зардал СӨХ-ны мөнгийг цаг тухайд нь төлж, түрээсийн хугацаа дуусахад өргүй хүлээлгэж өгнө” гэж заасан, хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан “Оргил 46” СӨХ-ны “Болор-Өргөө цэцэрлэгийн СӨХ-ны төлбөрт төлөх ёстой 3 тоотын 2016 оны 2, 3 сарын төлбөр 68.328 төгрөг, 4 тоотын 2015 оны 7 сараас 2016 оны 3 сар хүртэлх хугацааны төлбөр 719.982 төгрөгийг Б.Уянга төлсөн” гэсэн тодорхойлолт, Төрийн банкны “...Оргил 46 СӨХ-д 929.516 төгрөг, 244.800 төгрөгийг Б.Уянга төлсөн” гэсэн орлогын мэдүүлэг, хариуцагч Л.Болорчимэгийн “...түрээслэх хугацаандаа Оргил 46 СӨХ-д сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Л.Болорчимэгээс “түрээсийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 3 тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд нэхэмжлэгч Б.Уянгын төлсөн 2016 оны 02 дугаар сарын 34.164 төгрөг, 4 тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд Б.Уянгын төлсөн 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 639.984 төгрөг”-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уянгад олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.2, 289 дүгээр зүйлийн 289.1.7-д заасантай нийцэж байна.

 

4. Нэхэмжлэгчийн “4 тоот байрны гал тогооны тавцан засварлахад 79.000 төгрөг, банны өрөөний хана, плита, цавуунд 779.000 төгрөг, лед гэрэл 46.000 төгрөг, лампир хүрээ засварлахад 137.000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Учир нь нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн баримт нь /хавтаст хэргийн 16, 17,19 дүгээр талд авагдсан/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун хотхоны 46F байрны 4 тоот орон сууцны гал тогооны тавцан, банны өрөөний хана, плита, лед гэрэл, лампирын хүрээг засварласан болохыг нотлохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа нэхэмжлэгч нотлож чадаагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Болорчимэгээс “2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.116.000 төгрөг, 4 тоот орон сууцны банны өрөөний хаалт, душны толгой засварлахад гарсан зардал 338.000 төгрөг, 3 тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд төлсөн 34.164 төгрөг, 4 тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд төлсөн 639.984 төгрөг” нийт 4.128.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 7.500.000 төгрөг, 4 тоот байрны гал тогооны тавцан засварлахад гарсан зардал 79.000 төгрөг, банны өрөөний хана, плита, цавуунд 779.000 төгрөг, лед гэрэл 46.000 төгрөг, лампир хүрээ засварлахад гарсан зардал 137.000 төгрөг, 3 тоот орон сууцны 2016 оны 3 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд төлсөн 34.164 төгрөг, 4 тоот орон сууцны 2016 оны 3 дугаар сарын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээний зардалд төлсөн 79.998 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.3, 288 дугаар зүйлийн 288.2.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Болорчимэгээс 4.128.148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.655.162 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 224.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Болорчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 81.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уянгад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД