Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1006

 

2017,4,24 №1006

Б.Уянгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Болорчимэгт холбогдох

 

Түрээсийн төлбөр, засварын зардал, СӨХ-н төлбөр нийт 13 276 710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Итгэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уянга миний бие өөрийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Фловерс таун, Зайсангийн гудамж 46F байрны 3 тоотод байрлах орон сууцны зориулалттай 56,76 метр квадрат хоёр өрөө  мөн тус байрны 4 тоотод байрлах 95,65 метр квадрат 3 өрөө орон сууцыг  Л.Болорчимэгт  цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад зориулж  2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр  түрээсэлсэн. Гэрээг   хэд хэдэн удаа шинэчилж 2014 оны 4 дүгээр сард түрээсийн гэрээ байгуулсан.

Түрээсийн төлбөрт  сар бүр 5 000 000 төгрөг төлнө гэсэн   боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй сүүлд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаа сунгасан.  Л.Болорчимэг нь 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Б.Уянгыг дуудаж ойрхон хямд газар байна гээд бүх эд хөрөнгөө нүүлгэж, гэрээ цуцалсан. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талууд үлдэгдэл төлбөрийн талаар акт үйлдсэн байдаг. Талууд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т СӨХ-д өгөх төлбөр хариуцагч төлнө гэж тохиролцсон мөн Болорчимэг нь нэхэмжлэгчид хэлэлгүй засвар үйлчилгээ хийж байрны дотоод хэлбэр загварт өөрчлөлт оруулсан байсан. Түрээсийн гэрээний 4.2.6 дахь хэсэгт заасан гэрээ дуусгавар болмогц урьдын адил бүрэн бүтэн байдлаар буцааж өгнө гэж тохиролцсон энэ үүргээ хариуцагч тал бүрэн гүйцэтгээгүй учир гэрээ цуцлагдаж илүү зардал гарсан үүнийгээ шаардаж байгаа. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр талууд 5 ажил хийхээр тохиролцсон. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар дээр 3 тоот байрны угаалгын өрөөг бүрэн засварласан, 3,4 тоотын ханыг шавардаж замаска хийсэн, өрөө хоорондын ханыг бөглөсөн, 4 тоотын суултуурыг бүрэн суурилуулсан гэсэн байна үүнийг гэрээ дуусгавар болох үед үйлдсэн баримттай тулгаж үзвэл тохиролцсон 5 ажлаас 3-ыг нь гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Түрээсийн гэрээний 1,2,4-т заасан ажлууд хийгдсэн 3, 5 дахь хэсэгт заасан ажил хийгдээгүй, нэхэмжлэгч хариуцагчид шаардлага олон удаа тавьсан эвлэрүүлэн зуучлалд хүртэл хандаж байсан боловч хариуцагч талаас ирдэггүй байсан. 2016 оны 7 дугаар сараас засварын ажил эхэлж 2016 оны 8 дугаар сард дууссан. Үүнээс гадна тухайн үед байрыг хүлээлцэхэд мэдэгдэх боломжгүй зүйлүүд байсан. Актад заасан засвар үйлчилгээг Л.Болорчимэг заримыг нь хийгээгүй, анх гал тогооны 2 ком тавилга байсан мөн үүнийг өгөөгүй. Уг байрыг өөр хүнд дараа нь хөлслөхөд 9 379 400 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 13 276 710 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Б.Уянгын байрыг анх Матрекс Салон түрээсэлж үйл ажиллагаа явуулж байхад нь үргэлжлүүлж түрээсэлсэн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхлээд уг байрны 4 тоотыг дангаар нь түрээсэлсэн.  2013 оноос 3 тоотоос уг салоныг гаргаж байж түрээсэлсэн. Би Г.Уянгад 2013 оноос 2016 он хүртэл 68 654 140 төгрөг төлөх ёстойгоос 65 000 550 төгрөг төлсөн. Уянга нь Америкт байхдаа надаас 2 дансаар мөнгө авч байсан одоо тэр баримт нь надад байхгүй байна банкнаас тодруулах гэсэн боловч чадаагүй, би байрны ханыг нураагаагүй нийтийн эзэмшлийн газраас хоолой дамжуулж байна гээд нэг хаалга гаргасан мөн хоол дамжуулах жижиг цонх гаргасан тухайн үед Уянга нь Америк улсад амьдарч байсан. Уянга нь байраа хүлээж авахдаа 4 тоотод засвар хийх шаардлагагүй гэсэн, 2016 оны 02 дугаар сарын 01 өдөр байрнаас гарч 2016 оны 2 дугаар сарын 20 өдөр акт үйлдэж гарын үсэг зуралцсан, 4 тоотод нь 4 бор хаалга байдгаас нэг хаалганы дугуй цоож сольсон, надад улирал бүр мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж акт тавьдаг учир шал пөмбийсөн зүйл байхгүй,  бүргэд хаалга солино гэж огт тохиролцоогүй, би 3 116 000 төгрөгийг бол төлнө, нэхэмжлэгч тал гал тогооны хавтан гэж ярьж байна иж бүрэн гал тогооны ком би өгсөн тэгэхэд хавтангийн 79 000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би 3,4 тоот орон сууцны жорлон угаалтуурын засварыг хийж өгсөн, 4 тоотыг иж бүрэн засаагүй гээд байна ганцхан 4 тоотын ханыг л битүүлнэ гэсэн болохоос бид 4 тоотыг иж бүрэн засна гэж тохиролцоогүй. Харин 4 тоотын обойг хуулж ханыг замаска тавьж өгнө гэж бид тохиролцсон. Эвлэрүүлэн зуучлалд хандсан зүйл байхгүй. Бид хоорондоо орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэрээ дуусгавар болсонтой холбоотой маргаан байхгүй. Гэрээ дуусгавар болоход байрыг хүлээлгэж өгөхдөө ийм болгож авна гэж талууд харилцан тохиролцож гэрээний ард 5 зүйл бичсэн байдаг. Байр хүлээлцэх үед мэдэгдээгүй эвдрэл гэмтэл гарч түүнийг нь хариуцна гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц хөлсөлж байгаа тал орон сууц хөлслөх гэрээний ердийн элэгдэл хорогдлыг өөрөө хүлээнэ, гэтэл хариуцагч илүү засвар үйлчилгээг сайн дураараа хийсэн. 4 тоотын банныг солиогүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Сүүлд  бусдад түрээслэх зорилгоор байраа сайжруулж засвар үйлчилгээ хийснээ нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгчийн  шаардаж байгаа гэрээний 3, 5 дах хэсэгт заасан үүргийг гүйцэтгээгүй гэж байна. 3-т хаалганы бариул түгжээг нь хүлээн зөвшөөрч байгаа үүнийг түгжээ солих боломж байхгүй гэж 4 хаалгыг давхар шинээр сольсон гэдэг нь хууль бус, гэрээний 5 дахь хэсэгт заасан ванн солихыг хүлээн зөвшөөрч байгаа, харилцан тохиролцсон зардлаа засвар үйлчилгээг хийсэн тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2-д зааснаар хариуцагч Л.Болорчимэгээс 5 283 310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уянгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 993 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99 483 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 5 283 310 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн 4 321 310 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин зөрүү болох 962 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зөвхөн энэ хэсэгт гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Б.Уянга, хариуцагч Л.Болорчимэг бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болоход, гэрээний зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбоотойгоор хийсэн тохиролцоогоор Л.Болорчимэг миний бие түрээсийн зүйл болох 4 тоотын банны өрөөг плитадах үүрэг хүлээгээгүй. Гэвч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4 тоот байрны банны өрөөний плита, түүний цавууны үнэ гэх 779 000 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн 4 тоот байрны банны өрөөний лампир, хүрээний үнэ гэх 137 000 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар шийдвэр гаргасан. Миний бие лампирыг сольж өгнө гэж үүрэг хүлээсэн ч нэхэмжлэгчийн лампир, түүний хүрээний үнэ гэх 137 000 төгрөгийн баримт нь ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Тодруулбал зарлагын баримт дээр нь хэн худалдаж авсан тухай үг үсэг ч байхгүй буюу хэн худалдаж авсан нь тодорхойгүй, засвартай, хүлээн авагчийн гарын үсэг нь Б.Уянгын гарын үсэг биш буюу хэн гэдэг хүний гарын үсэг болох нь тодорхойгүй байсан. Лед гэрлийн үнэ гэх 46 000 төгрөгийг мөн л хариуцагч надаас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх талаарх зарчим зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээг 962 000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас гаргуулах мөнгөний хэмжээг 4 321 310 төгрөг болгон шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэргийн нөхцөл байдал, үйл баримт бүрэн тогтоогдоогүй  байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Уянга нь хариуцагч Л.Болорчимэгт холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 116 000 төгрөг, засварын зардалд  9 372 400 төгрөг, СӨХ-ийн төлбөрт 788 310 төгрөг, нийт 13 276 710 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Зайсангийн гудамжны 46Г дүгээр байрны 3 тоотод байрлах 56.76 м.кв 2 өрөө, мөн тус байрны 4 тоотод байрлах 95.65 м.кв гурван өрөө орон сууцуудыг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар нэг жилийн хугацаатайгаар түрээслэхээр, сарын 2 500 000 төгрөгийн хөлс төлөхөөр  түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ. /хх-8/

 

Хэргийн 20 дугаар талд Б.Уянгын түрээсэлсэн гэх орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Ү-2206016815, Ү-2206016814/ авагдсан болно./хх-10/

 

Анхан шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнээгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг бүрэн хийгээгүй гэж үзнэ.

 

Шүүх 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт  заасан үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлага болон мөн хуулийн 318.4 дэх заалтад нийцээгүй байна.

 

Тусдаа өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хөрөнгө түрээсэлж байгаа  нөхцөлд  хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан эсэх, үүнээс улбаалан маргааныг  шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэх, үр дагаврыг зөв шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол, эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардаж байгаа эсэх, шаардлага үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой байх ёстой. 

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан эсэх, 3 тоот орон сууцанд хариуцагчийн охин нь амьдарч байсан гэж тайлбарласан байхад уг байдлыг тодруулаагүй.

 

Түүнчлэн хэрэгт түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн талаар баримт авагдаагүй, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх, хариуцагчийн гомдолд дурдсан асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Шүүхийн шийдвэрийг бичихдээ утга найруулгын алдаатай, хуулийн нэр томьёо хэрэглээгүй байгааг анхаарвал зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Болорчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

 

                                           ШҮҮГЧИД                         Ш.ОЮУНХАНД       

 

 

                                                                                     Б.НАРМАНДАХ