Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/0569

 

2015 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2015/1569

Улаанбаатар хот

 

ТГ ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Нм, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Цв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дан, гуравдагч этгээд Эт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж гуравдагч этгээдийн өмгөөлөгч Днарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ТГ ХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТГ ХК-ийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тал булаг нэртэй газрын 35 га талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх 14563А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг юм. Эт ХХК хэмээх компанид Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Кадастрын албанаас 2003 онд хайгуулын, 2008 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо ТГ ХК-ийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ бүхий эзэмшил газраас ажилчдын тосгон, авто зам, шатахуун түгээх станц, аж ахуйн болон конторын барилгууд, тэсрэх материалын агуулах зэрэг олон обьект байрлаж буй 56 га газрыг Эт ХХК-ийн дээрх 14209А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд оруулан олгож манай компанийн хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулахад хүргэсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яамд удаадараа хандаж ирсэн ба тус компанид ирүүлсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /тухайн үеийн албан тушаалын нэрээр/ Н.Чын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6-2799 тоот албан бичигт ...Мөн шалгалтын явцад Эт ХХК нь 14209А тоот тусгай зөвшөөрлийг авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан материалыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож байна.

Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Эт ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6/2795 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүллээ. Цаашид хуулийн холбогдох арга хэмжээг авч ажиллах болно гэсэн хариу өгсөн болно. Эт ХХК-ийн хууль бусаар авсан 14209А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хариу авснаас хойш 1 жил гаруй хугацаанд хүлээсэн билээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны 6-3464 тоот албан бичгээр ...Кадастрын хэлтсийн зүгээс 6/2795 тоот мэдэгдлийн дагуу арга хэмжээ авахыг түр түдгэлзүүлсэн хэвээр байна гэсэн ойлгомжгүй хариу бидэнд өгсөн. Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Эт ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Эт ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Эт ХХК-д Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрөл олгосон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 08/01/561 тоот дүгнэлтээр Эт ХХК-д олгогдсон ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрлийн талбайд ТГ ХК-ийн уурхайн эдэлбэрээс 56 га газар давхардаж олгогдсон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар сүүлд олгогдсон Эт ХХК-ийн 14209А тоот тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулж давхцлыг арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарч байсан байна. Тус дүгнэлтийн дагуу талбайн давхцлыг арилгаагүй байна. Геологийн мэдээллийн сангаас шүүлт хийж үзэхэд Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын талбайтай бүхэлдээ давхцалтай байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Тал булаг 1 нэртэй нүүрсний ордын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж 13-02 дугаар бүхий дүгнэлт гарган, тус дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 515 дугаар тушаал гарсан байна. Эт ХХК нь 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх /хуучин нэрээр/ газартай Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Тал булаг 1 нүүрсний ордын хайгуулынажлын зардлыг Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулсан байна.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахдаа мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичгийг хавсаргахаар хуульчилсан байна. Эт ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 14209А тоот тусгай зөвшөөрлийг анх авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заагдсан Хайгуулын ажлын үр дүнгийн тайлан хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр-ийг ирүүлсэн байдаг.

Дээрхи баримтууд нь хуурамч болохыг Ашигт малтмалын газрын ажлын хэсгийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын удирдлагуудтай хийсэн хурлын тэмдэглэл, тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологийн газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/39 дүгээр албан тоотоор тогтоогдож байгаа гэж хэдийгээр бид дүгнэж байгаа хэдий боловч баримт бичиг хуурамч гэдгийг төрийн захиргааны байгууллага тогтоохгүй хууль хяналтын байгууллага тогтоох юм. Иймд ТГ ХК-ийнгаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Эт ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Эт ХХК-д 2008 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. ТГ ХК-д Ашигт малтмалын газраас 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-2799 тоот албан бичиг, 2014 оны 05 сарын 03-ны өдрийн 6-3464 дугаар албан тоотуудаар тус тус хариу явуулсан байдаг. Гэтэл ТГ ХК нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд хандаж,нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Эт ХХК-ийн эзэмшиж байсан 1390.59 гектар ашиглалтын талбайгаас 689.17 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж шийдвэрлэсэн байдаг. Мөн Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6/3960 дугаар албан тоотоор ирүүлсэн тойм зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбай болон гуравдагч этгээдийн эзэмшиж буй талбай нь хоорондоо давхцалгүй болох нь харагдаж байна.

14209А дугаар тусгай зөвшөөрлийг авахдаа Үйлдвэр худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн С-2-2 дүгнэлт, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Эрдэс баялгийнмэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13-02 дүгнэлт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн С-01 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар салбар хуралдааны гишүүдийн саналыг үндэслэн 14209А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон юм.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж ТГ ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 26 дугаар зүйлийн 26.2.2, Ажахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ТГ ХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Эт ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, Эт ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ц давж заалдах гомдолдоо: Манай компанийн зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаар Ашиг малтмалын газарт хандахад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н. Чын 2013 оны 04 дүгээр сарын 29-ний 6-2799 тоот албан бичигт "... Мөн шалгалтын явцад Эт ХХК-нь 14209А тоот тусгай зөвшөөрлийг авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан материалыг хуурамчаар үйлдсэн нь нотлогдож байна. Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1.3-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Эт ХХК-д 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 6/2795 албан тоотоор мэдэгдэл хүргүүллээ. Цаашид хуулийн холбогдох арга хэмжээг авч ажиллах болно." гэсэн хариу өгсөн болно.

Эт ХХК-нь 14209А тоот тусгай зөвшөөрлийг авахаар хандсан 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хүсэлтэд ямар нөөц батлуулсан тухай ямар ч баримт байгаагүй нөөцийн тайланг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөх ёстой боловч сүүлд 2008 оны 9 дүгээр сард Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулсан гэдэг шүүхээс дээрх байдлыг тодруулахаар Ашигт малтмалын газрын Геологийн төв архив, Кадастрын архивт үзлэг хийхэд гарч ирээгүй хамгийн ноцтой нь Үндэсний төв архиваас авсан баримтаас харахад Эт ХХК-нь 14209А тоот тусгай зөвшөөрлийн нөөцийн тайланг огт хэлэлцүүлж байгаагүй болох илэрсэн юм. Шүүх, гуравдагч этгээд болох Эт ХХК-д хариуцагч Ашигт малтмалын тухай хуульд зааснаас өөр нөхцөл, журмын дагуу үйлчилж, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайг сонгон шалгаруулалт явуулалгүй ашигт малтмалын ашиглалтын тусгайзөвшөөрөл олгосон үйлдлийг зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компанийн эрх ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдөж, зөрчигдөж буйг шүүх хуралдаан дээр миний бие маш тодорхой ярьсан гэж бодож байна.

Тухайлбал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах уул, геологийн нөхцөлгүй болгосон.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулга, хэргийн үйл баримтыг буруу үнэлж, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг бүрэн цуглуулаагүй шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар захирамжаар нэхэмжлэгч ТГ ХК-д уурхайн ашиглалтад зориулж 89 га, хот тосгонд зориулж 2 га, зам шугам сүлжээнд зориулж 10 км замыг 20 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан захирамж, газар ашиглах эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Эт ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тал булаг нэртэй газарт 1391 га талбай бүхий газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч 14209А дугаар тусгай зөвшөөрлийг, мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар захирамжаар Эт ХХК-д нүүрс олборлох зориулалтаар 1391 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ТГ ХК нь нэхэмжлэлдээ ... Кадастрын хэлтсээс Эт ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо ажилчдын тосгон, авто зам, ШТС, аж ахуйн болон конторын барилгууд, тэсрэх материалын агуулах зэрэг олон обьект байрлаж буй 56 га газрыг 14209А дугаар тусгай зөвшөөрлийн талбайд оруулж манай хэвийн үйл ажиллагааг ноцтой алдагдуулахад хүргэсэн ... гэж дурдсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд ...56 га газар давхардаж олгогдсон. 56 га газар...ТГ ХК-ийн Сүхбаатар сумтай гэрээ байгуулж, төлбөрөө хийсэн газар юм. Техникийн нөхөн сэргээлт, дотоод овоолго хийх талбай, хот суурин тосгоноо байгуулах, үйлдвэрлэл явуулах, бусад шаардлагатай барилгуудыг барих зориулалтаар ашигладаг талбай эдний лицензийн талбайтай давхардаж олгогдсон... Манай 35 га тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан гэж маргаагүй. Бидний технологийн болон дамжин өнгөрдөг замууд эдний талбайд орсон... тусгай зөвшөөрлийнхөө дагуу ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоод байна... гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь уурхайн эдэлбэр буюу тусгай зөвшөөрлийн талбайтай давхцсан талаар маргаагүй, харин барилга байгууламж нь байрлаж байгаа ашиглах эрх бүхий газартай нь давхцуулан Эт ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноос тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй эрх нь зөрчигдөж байгаа талаар маргажээ.

Гэтэл анхан шатны шүүх ... нэхэмжлэгч нь газар ашиглагчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн аливаа үйлдлийг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна ... гэж нэхэмжлэлийн агуулгыг буруу дүгнэснээс хэргийн оролцогчдын маргаагүй асуудал буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн талбай давхцсан эсэх талаар шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, улмаар холбогдох байгууллагаас энэ талаар баримт цуглуулснаар түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн, уг баримтыг үнэлж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Эт ХХК-д дээрх байдлаар тусгай зөвшөөрөл олгохдоо ТГ ХК-ийн эд хөрөнгө байрладаг, ашигладаг газартай давхцуулан олгосон талаар удаа дараа хандсан 2013 оны 08, 14/10 тоот албан бичигт нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6-2799, 5 дугаар сарын 23-ны өдрийн 6-3464 дүгээр албан бичгүүдээр ... Эт ХХК нь тусгай зөвшөөрлийг авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5-д заасан материалыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон талаар дурдаад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.3-д заасны дагуу арга хэмжээ авах талаар хариу өгсөн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ТГ ХК-ийн гомдлыг нь шийдвэрлэж хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргахаар заасны дагуу нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгсөн 2007 онд хийсэн хайгуулын ажлын тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл архивт байгаа боловч уг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон учраас хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хариуг нэхэмжлэгчид өгсөн, мөн түүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх ... гуравдагч этгээд Эт ХХК нь 14209А тусгай зөвшөөрлийг авахдаа ... Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргасан нь ... тогтоогддог. Иймээс Эт ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5-д заасан баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй ... гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт хуурамч болох нь эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, албан бичгүүдээр тогтоогдсон, үүнийг хариуцагч үгүйсгээгүй, харин нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ... хуурамч болохыг хууль хяналтын байгууллага тогтоох юм гэж дээрх албан бичгүүдийнхээ дагуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаагаа тайлбарласан бөгөөд үүнтэй холбоотой хариуцагч хууль хяналтын байгууллагад хандсан эсэхийг тогтоож уг тайлбар нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х ... манайх нүүрсээ хямд зарснаас болж нэхэмжлэгч нь газрын давхцлын тухай ярьж байгаа болохоос эрх нь зөрчигдөөгүй ... гэх боловч хуурамч баримт бүрдүүлж ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь тогтоогдсон тул арга хэмжээ авна гэх хариуцагчийн албан бичгийг хүлээн авсан нэхэмжлэгчийн хувьд энэ талаарх маргах эрхтэй гэж үзнэ.

Түүнчлэн уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхтэй холбоотой нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын хил хязгаар, уг газар дээр нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө байгаа эсэх, уг газар нь гуравдагч этгээдийн анх олгогдсон болон талбайн зарим хэсгийг сүүлд буцаан өгсний дараа үлдсэн тусгай зөвшөөрлийн талбайтай болон ашиглах эрх бүхий газартай нь давхцалтай эсэх талаар баримтыг цуглуулаагүй байх тул энэ талаарх баримтыг цуглуулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 584 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ