Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2017/01111/и |
Дугаар | 01771 |
Огноо | 2017-08-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 01771
2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/01771 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,
/Өмнөговь аймаг, Даланзадгад сум, аймгийн нутгийн удирдлагын ордон, улсын бүртгэлийн дугаар 1170001081, регистрийн дугаар 9048677/
Хариуцагч: “Бидплюс” ХХК-д холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, 57А байр, 1 дүгээр давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011328012, регистрийн дугаар 4368029/
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баянмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх ӨМ/2014/Т-06 дугаартай гэрээг “Бид плюс” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд заасны дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулан “Баян авзага” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч компаны санал болгосон ажлын төсвийн үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан өгч орон нутагт барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжийг тус компанид олгосон юм. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу захиалагч нь гүйцэтгэгч талд урьдчилгаа 1.000.000.000 төгрөгийг төлөх, гүйцэтгэгч тал нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд 50 айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулах, гэрээний урьдчилгаа болгон өгсөн санхүүжилтыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм. Гэрээний дагуу “Бид плюс” ХХК-д урьдчилгаа төлбөрийг 2014 оны 5 дугаар сарын 30-нд 350.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 650.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгаагүй байна. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан санхүүжилтыг эргэн төлөх хугацааг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болгон өөрчилсөн. Тухайн нэмэлт гэрээний 2.1.2-т “...барилгыг хугацаандаа гүйцэтгээгүй, санхүүжилтыг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд нийт санхүүжилтын 10 хувьтай тэнцэх торгуулийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөх” нэмэлт үүргийг гүйцэтгэгч тал хүлээсэн байна. Гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон боловч барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээгүй, санхүүжилтыг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна. Хариуцагч компаниас 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний 2 дугаар заалтын 2.1.2-т заасны дагуу санхүүжилтын 10 хувьтай тэнцэх 100.000.000 төгрөгийн торгуулийг үндсэн төлбөрийн хамт хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд “Бид плюс” ХХК-иас гэрээний санхүүжилт 1.000.000.000 төгрөг, торгууль 100.000.000 төгрөг, нийт 1.100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Бид плюс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хөхөөсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Даланзадгад суманд хэрэгжих “50 айлын орон сууц барих төсөл”-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 1.100.000.000 төгрөгийг төлж барагдуулна. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөх байсан боловч санхүүжилт дутагдсаны улмаас барагдуулаагүй. Уг төлбөрийг барилга баригдаж, борлуулсны дараа буюу 2018 оны 9 дүгээр сард төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, “Бидплюс” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн “...Бид плюс ХХК-иас гэрээний дагуу 1.000.000.000 төгрөг, торгууль 100.000.000 төгрөг, нийт 1.100.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас “...нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000.000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сард төлж барагдуулна” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Бид плюс” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ӨМ/2014/Т-06 дугаар “Өмнөговь аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууц барих төслийн хүрээнд Даланзадгад суманд хэрэгжих 50 айлын орон сууц барих төслийг гүйцэтгэх ажлын гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч “Бид плюс” ХХК нь төслийн дагуу барилгыг барьж, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор ашиглалтад оруулж, иргэдэд худалдах, шилжүүлэх, төслийн санхүүжилтыг 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дотор эргэн төвлөрүүлэх үүрэг хүлээж, захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар нь орон сууцны нийт өртөгийн 50 хувь болох 1.000.000.000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг олгохоор талууд тохиролцож, 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр “...төслийн санхүүжилтыг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, торгууль төлөх хугацааг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан” байх бөгөөд гэрээний дагуу захиалагч талаас 1.000.000.000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн, ажил гүйцэтгэгч санхүүжилтыг гэрээнд заасан хугацаанд эргэн төлөөгүй талаар талууд маргаагүй болно.
Иймд хариуцагч “Бид плюс” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтланорон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийн эргэн төлөлт 1.000.000.000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4, гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.1.2-т “гүйцэтгэгч тал барилгыг хугацаандаа нийлүүлээгүй, санхүүжилтыг бүрэн эргэн төлөөгүй тохиолдолд төслийн нийт олгогдсон санхүүжилтын 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө” гэж заасны дагуу торгуульд 100.000.000 төгрөг, нийт 1.100.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэп хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч “Бид плюс” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.100.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Бид плюс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5.657.950 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД