Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00653

 

Л.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар магадлалтай,

Л.Сын нэхэмжлэлтэй

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413-р Н,Х ХА, “А Э”ХХК нарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Сын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХээс зохион байгуулсан манай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох 1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн байрны 3-57 тоот орон сууц, 2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудлын Баянбулаг 2-261 тоот газар, 3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг Тайж 5-513 тоот газар зэрэг гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг “А Э”ХХК-аар үнэлүүлжээ. Тухайн компани нь орон сууцыг зах зээлийн одоогийн үнэ ханшид тулгуурлан судалгаа, харьцуулалт хийж үнэлээгүй, хийгдсэн засварын ажлыг капиталжуулаагүйн улмаас манай орон сууц 52563845,5 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Мөн уг орон сууцны м2 нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрээ зөвхөн ашигтай талбайгаараа 40,5 м2 бичигдсэн байдаг ба бодит м2 нь 61 м2 юм. Тухайн байрны 1-р орцонд яг ижил хэрнээ засваргүй байрнууд 70 болон 75 сая төгрөгөнд зарагдаад удаагүй болно. Үнэлгээг ШШГХэлтсээс зохион байгуулан үнэлгээний компанийг сонгон үнэлгээ хийлгэсэн тул хариуцагчаар татах нь зүйтэй гэж бодож байна. ИХШХШТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХийн оршин байгаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дондмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Л.Сын арилжааны банкууд дахь дансыг хааж, Л.Саас төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хугацаатай өгсөн. Дансны хасалтаар 1.661.000 .төгрөг төлөгдөж төлбөрийн үлдэгдэл 83.619 000 төгрөг байна. Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Л.Сын өмчлөлийн Мандал сум 1 дүгээр баг тайж 5-513 тоотод байрлах, 699 мкв талбайтай Г-0000000000улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19340092/06 дугаартай битүүмжлэх тогтоолоор 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, гуравдагч этгээд Ж.Аптанжолоогийн өмчлөлийн Мандал сум 2 дугаар баг ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 19340092/08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор, Ж.Алтанжолоогийн өмчлөлийн Мандал сум 3 дугаар баг, баянсуудал, баянбулаг 2 гудамжны 261 тоотод байрлах 4049 мкв талбайтай, Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19340082/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр тус тус битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгсөн. Битүүмжилсэн эд хөрөнгүүдийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 19340092/11, 19340092/12, 19340092/13 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудаар хураан авсан. Талуудаас үнийн санал авахад үнийн санал тохиролцоогүй, зөрсөн тул 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19340092/14 тоот шинжээч томилох тогтоолоор хураагдсан эд хөрөнгийг үнэлүүлэхээр “А Э”ХХК-ий үнэлгээчинг шинжээчээр томилсон. Л.Сын өмчлөлийн Мандал сум 1 дүгээр баг тайж 5-513 тоотод байрлах, 699 мкв талбайтай Г-0000000000улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 4.041.490 төгрөгөөр, Ж.Алтанжолоогийн өмчлөлийн Мандал сум 2 дугаар баг ширхэнцэг, спиртийн 3 дугаар байрны 57 тоотод байрлах Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 52.563.845 төгрөгөөр, Ж.Алтанжолоогийн өмчлөлийн Мандал сум 3 дугаар баг, Баянсуудал, Баянбулаг 2 гудамжны 261 тоотод байрлах 4049 мкв талбайтай, Г-0000000000 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газрыг 19.630.975 төгрөгөөр нийт 76.236.312 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан. Үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгч Л.Ст танилцуулж, гуравдагч этгээд Ж.Алтанжолоо, болон төлбөр авагч Х.Бадамжаргал нарт шуудангаар хүргүүлэн тэмдэглэлээр баталгаажуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 516 дугаар шүүгчийн захирамжаар Л.Ст холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-д заасны дагуу дээрх эд хөрөнгийг тус хэлтэс нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд үнэлгээ нь бодитой үнэлэгдсэн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “А Э”ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХийн 79 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Бат-Эрдэний 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 19340092/14 шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр томилогдож Ж.Алтанжолоогийн өмчлөлийн орон сууц болон 2 ширхэг газар зэрэгт үнэлгээ тогтоож дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Ж.Алтанжолоогийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 3-57 тоот хаягт байрлах орон сууцыг 52.536.8455 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хийхдээ Үнэлгээний Олон Улсын Стандарт /YOУС/-ын дагуу орлогын хандлага, өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга зэрэг хандлагууд болон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаал /Барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ/ бусад хууль тогтоомжийг ашигласан болно. Дээрх 3 аргаар үнэлгээг тооцоход дараах байдалтай болсон бөгөөд орлогын хандлагын арга болон зах зээлийн хандлагын аргуудад ач холбогдлын хувийг өгч эцсийн дүнг тооцсон. Үүнд: 1. Орлогын хандлагын арга 55.895.992.6 төгрөг, ач холбогдол 60%, үнэлгээний дүн 33,537,595.5 төгрөг, 2. Зардлын хандлагын арга 9.016.609.5 төгрөг, ач холбогдол 0%, үнэлгээний дүн, 3. Жишиг хандлагын арга 47.565.625 төгрөг, ач холбогдол 40 %, үнэлгээний дүн 19,026,250 төгрөг, 4. Үнэлгээний дүн ач холбогдол 100% үнэлгээний дүн 52,563,845.5 төгрөг гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спиртын 3-57 тоот хаягт байршилтай, өмчлөх эрхийн гэрчилгээний 000362826, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарын бүртгэлтэй 40.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 52.563.8455 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх тухай Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын 2019 оны 05 сарын 21-ны өдрийн 145 дугаартай шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Л.Сын давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар гомдол гаргагч Л.Сын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.С хяналтын гомдолдоо: Магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж гомдлыг гаргаж байна. ...Магадлалдаа: анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа дүгнэлт хийж дээрх алдааг огт дурьдаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Жишээ нь: ИХШХШТ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасныг зөрчин хариуцагч талд буюу “Аривжих эстимейт” ХХК-н төлөөлөгч Э.Өлзийсайханд нэхэмжлэлийг 2019-05-10-ны өдөр гардуулсан хирнээ 14 хоног болоогүй байхад буюу хариуцагч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүх хуралдааныг 2019 оны 05-р сарын 21-ний өдөр товлон хийж байгаа нь хууль зөрчиж байгаа бөгөөд хэт нэг талд үйлчилж байгааг харуулж байна гэж үзэж байна. Мөн Үнэлгээний тайланд бичигдсэн бидэнд буюу уг үнэлгээнд огт хамааралгүй Д.Алтмаа гэж нэр байгааг ямар учиртайг нь нягтлан шалгаж үзээгүй бөгөөд дээрх үнэлгээ Д.Алтмаа гэж хүний үнэлгээ юм уу Ж.Алтанжолоо гэж хүний үнэлгээ юмуу гэдэгт би эргэлзэж байна. Үнэлгээний Олон улсын стандартын шаардлага хангаагүй, алдаатай үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. 1. “А Э”ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэ-Очирын хөрөнгийн үнэлгээний тайланг уншиж танилцаж байхад ҮОУСтандартын зарим нэг үг хэллэг арга хандлагуудыг буруу нэршлээр болон ҮОУС 2017-г баримтлан хийгээгүй байна. ... Хөрөнгийн үнэлгээний стандартад, “хөрөнгийн хандлага” гэсэн хандлага байхгүй байна. Мөн бид орон сууцаа гэр бүлийн хэрэгцээгээр ашигладаг гэтэл түрээслэдэг мэтээр ойлгож орлогын хандлагаар үнэлгээ хийсэн байгаа энэ хандлага энд хамааралгүй гэж үзэж байна. Уг үнэлгээний тайланд зах зээлийн хандлагыг хэрэглэсэн боловч зах зээлийн мэдээллийг хийсвэрээр зохион хийсэн нь тодорхой байна. Хэрвээ зах зээлийн ямар эх сурвалж хаанаас олж тэр үнэлгээг гаргаад байгаа нь нотлох баримт тайлан болон хавсралтаар харагдахгүй байгаа тул үнэлгээний тайлан худал хийсэн тодорхой харагдаж байхад дээрх алдаа, хууль зөрчин хэрэг шийдвэрлэж байгаад давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийхгүйгээр, хариуцагч талаас ч мөн нотлох баримтаа ирүүлээгүй байхад нэхэмжлэгч Л.С намайг гомдлынхоо шаардлага нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлт хийж уг хэргийг шийдвэрлэсэнд эргэлзээ төрж байгаа бөгөөд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эд хөрөнгийн үнэлгээний “А Э”ХХК-д тус тус холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ. Анхан шатны шүүх 2019 оны 5 сарын 01-ний өдрийн 516 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаарх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болсон боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ямар хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо тодорхой заагаагүй байхад зөвтгөөгүй нь буруу байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

1.Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Л.С нь Х.Бадамжаргалд зээлийн үүрэгт 85.280.000 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2018/01392 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байх ба Л.С нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн, төлбөр төлөгч санал ирүүлээгүй учир шинжээч томилсон ажиллагааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54, 14, 52 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэдэг тул хэрэгт шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд бүрэн авагдаагүй боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл, зохигчийн маргаагүй үйл баримтын хүрээнд хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзэв. Нэхэмжлэгч нь Мандал сумын 2 дугаар баг, спиртын 3-57 тоот, 49,5м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг зөвшөөрөөгүй нэхэмжлэлийн хүрээнд шүүх шийдвэр гаргасан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилж, хураасан эд хөрөнгө нь барьцааны зүйл эсвэл шийдвэр гүйцэтгэгчээс олж илрүүлсэн төлбөр төлөгчийн эд хөрөнгө эсэхийг дүгнэх боломжгүй байх ба энэ ажиллагаанд гомдол гаргаагүй хэдий ч шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн хуваарьт хөрөнгө, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуулийн дагуу явуулах үүрэгтэй болно.

Шинжээч “А Э”ХХК орон сууцыг 52 563 845 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч нь ижил орон сууц 70-75 сая төгрөгөөр худалдаалагдаж буй тайлбар гаргасан боловч баримтаар нотлоогүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээг хийсэн аргачлал, харьцуулсан байдал, шалгуур үзүүлэлтийн талаар тусгасан байхаас гадна “А Э”ХХК-ийг хариуцагч гэж үзэх үндэслэлгүй талаар шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийжээ.

Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...”А Э”ХХК нь үнэлгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгээгүй, үнэлгээний тайланд хөрөнгийн өмчлөгчийн нэрийг буруу бичсэн, зах зээлийн мэдээллийг хийсвэрээр зохиож хийсэн, үнэлгээний тайланд зах зээлийн харьцуулсан үнэлгээг хавсаргаагүй, баримтаа ирүүлээгүй  байхад нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн, шүүх “А Э”ХХК-д  2019.05.10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан хирнээ 11 хоногийн дараа хурлаа хийсэн...тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, буцааж өгнө үү...” гэжээ.

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх нэхэмжлэгчид  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан тул тэдгээрийн  өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж заасан. Хариуцагч “А Э”ХХК нь хариу тайлбараа 14 хоног өнгөрөхөөс өмнө гаргасан тул шүүх хуралдааныг товлосон нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ талаар хариуцагч гомдоогүй юм.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар магадлалын 1 дэх заалт, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 сарын 21-ний өдрийн 145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсгийг баримтлан хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, “А Э”ХХК-д холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Спиртын 3-57 тоот 3 өрөө орон сууцыг 52 563 845 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА