Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0238/З |
Дугаар | 128/ШШ2020/0395 |
Огноо | 2020-06-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2020/0395
2020 оны 06 сарын 08 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: АМГТГКХ
Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД-ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Манай компани нь АМГТГКХД-ын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2614 дугаартай шийдвэрээр С аймгийн Х суманд орших газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн эзэмшиж эхэлсэн.
Тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд компанийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлэхээс гадна хуулиар тогтоосон тайлан судалгааг гаргах, төлөвлөгөө хураамжийг тогтоосон цаг бүрт нь төлж, үүргээ биелүүлсээр ирсэн.
2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С овогтой Э нас барсан нөхцөл байдлаас шалтгаалж, хувьцаа эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд тогтоогдохгүй, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдүүдийн хувьд маргаан бүхий асуудал үүсч 2020 оны 02 дугаар сард хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэлтсийн Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэрээр “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан.
Харин 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс хойш компанийн зүгээс ямар шалтгаан нөхцөлийн улмаас Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасан бүрдүүлбэрээр хугацаа сунгалтад орох боломжгүй байсан. Гэтэл энэ талаар хүсэлт гомдлыг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмалын газрын тосны газар болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад гаргах боломжгүй байсан талаарх нөхцөл байдал нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдох боломжтой байсан учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Компанийн анхны хувьцаа эзэмшигч болон С.Э нар нь гэр бүл байсан бөгөөд эдгээр хувьцаа эзэмшигч нь нас барснаар компанийн хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэгчгүй үр дагавар үүсгэсэн. 2013 оны 10 дугаар сард компанийн хувьцааны эзэмших эрхийг хууль бусаар авсан талаар мэдээлэл гарч компанийн хууль ёсны эзэмшигч нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, мөрдөн байцаах тасагт гомдлыг хүлээн авч шалгасан. Гомдол шалгах явцад н.С нь хувьцаа эзэмших эрхийг хуурамчаар бүрдүүлж, компанийн шилжүүлэх эрх болон бэлэглэлийн гэрээг хууль бусаар бүрдүүлж, компанийн эрхийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон. Гэвч тухайн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, тухайн асуудалд өв залгамжлагч н.Нямсүрэн нь цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлсэн. 2017 оны 01 дүгээр сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн н.Сд холбогдох бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
Захиргааны хэргийн шүүх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2372 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2019 оны 6 дугаар сар хүртэлх хугацаагаар маргаан бүхий асуудлаар 3 удаа шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа хангаж шийдвэрлэж байсан бөгөөд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаартай шийдвэр нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй.
Хууль бусаар бүртгэгдсэн н.Сийн бүртгэлийг хүчингүй болгосон бөгөөд Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хууль ёсны хувьцаа эзэмшигч н.Нг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 01/03 дугаартай албан бичгээр АМГТГКХт гомдол гаргаж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 158 дугаартай шийдвэрийг дахин хэлэлцэж бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдэг хариу хүргүүлсэн байдаг.
Иймээс маргаан бүхий асуудлыг талаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тус компанид 2007 оны 12 дугаар сард Кадастрын хэлтсийн даргын зөвшөөрлөөр С аймгийн Х суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажиллагаа 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тооцсон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн хугацаа дуусахаас өмнө нэг сарын дотор сунгах ёстой байсан. 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл сунгагддаг учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан байх ёстой. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө төрийн захиргааны байгууллага болон хуулиар зөвшөөрсөн өргөдлийн дагуу өгөөгүй учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гарсан.
2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах ажиллагааг бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл тус компани нь бүрдүүлээгүй юм. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас маргаан бүхий захиргааны акт гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “АМГТГКХД-ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэлээ.
Анх 2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас /хуучин нэрээр/ С аймгийн Х сумын Нуурын тагт нэртэй газар 300 гектар талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн “А” ХХК-д олгожээ.
2012 онд өвлөх эрхийн гэрчилгээгээр “А” ХХК-ийн 100 хувь буюу дүрмийн сангийн 1.200,000 төгрөгийг Д.Ё нөхөр С.Э шилжүүлэн, компаний дүрмийг шинэчлэн улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Үүний дараа 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн компаний эрх бэлэглэх гэрээгээр С.Э нь “А” ХХК-ийн 100 хувь буюу дүрмийн сангийн 1.200,000 төгрөгийг Д.Сд бэлэглэх гэрээг үйлдэж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг гурван жилийн хугацаагаар гурван удаа сунгуулах эрхтэй, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчныг хамгаалах тухай төлөвлөгөө, тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудын хавсарган төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх хуулийн шаардлагыг тавьжээ.
Хариуцагчаас “Ашигт малтмалын хайгуулын 1317-Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусгавар болохоос өмнө хуульд заасны дагуу сунгах өргөдлөө гаргаагүй, ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй” гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл “А” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 151 дугаартай “...Хөдөө орон нутагт цас ихтэй зудын байдалтай. Засаг дарга болон Байгаль орчны байцаагч нар нь гадагш явсан тул байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй, тодорхойлолт авч чадаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 18-нд хугацаа сунгуулах өргөдлөө өгч чадаагүй...” гэсэн утга бүхий албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл “А” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт гаргаж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Тухайн тохиолдолд захиргааны байгууллагаас 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан 158 дугаартай шийдвэрээр “А” ХХК-ийн XV-01317- дугаартай тусгай зөвшөөрлийг хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй, ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, гэсэн үндэслэлээр хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэсний зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл “А” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс захиргааны байгууллагаас XV-01317- дугаартай тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлөө ирүүлээгүй, ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухай тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэснийг, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулах гэснийг зөрчөөгүй байна.
Гэхдээ 2013 оноос 2020 он хүртэлх хугацаанд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, Д.Сэд холбогдох маргааныг нэхэмжлэгч Э.Н хуулийн байгууллагаар 2013 оноос эхлэн шалгуулжээ.
Үүний дүнд дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/280 дугаартай тогтоолд “...иргэн Э.Н-ийн гомдлын дагуу холбогдох шалгалтыг хийхэд Д.С нь 2013 оны 06 дугаар сарын 13-ний өдөр компаний эрх шилжүүлэх гэрээ, А компанийн бэлэглэлийн гэрээр хуурамчаар үйлдэж 1.200,000 төгрөгийн хөрөнгөтэй “А” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдож, Д.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.
Мөн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Э.Нгийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дээр бичигдсэн Д.С, Н.Н нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, энэ маргаан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албадан гүйцэтгэх захирамж гарч, “А” ХХК-ийн улсын бүртгэлд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Э.Нг 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэжээ.
Харин 2015 оны прокурорын тогтоол, захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Д.Сийг “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар 31-ний өдрийн, Н.Нг 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, Д.Сийг 50 хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтаас үзвэл тухайн үеийн “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хуулийн дагуу хугацаа сунгуулах өргөдлөө захиргааны байгууллагад ирүүлээгүй, ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр 13176Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг татвар төлөгч хуулийн этгээдэд олгохоор, мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахгүй гэсэн заалтыг зөрчөөгүй.
Гэсэн хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэр гаргах цаг хугацаанд буюу 2013 оноос 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Д.Сийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, тус компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хуурамчаар үйлдэж, “А” ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан болохыг тогтоосон байна.
Иймээс Д.Сийг “А” ХХК-ийг төлөөлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон байх тул, тус компаний хууль ёсны хувьцаа эзэмшигч Э.Нгийн хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нөгөөтэйгөөр Э.Нд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “А” ХХК-ийн хувьцаа, түүний дагалдах эрх, компаний хөрөнгийн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх ба нэхэмжлэгч энэхүү компанийг буцаан авахын тулд 2015 оноос 2020 он хүртэл тасралтгүйгээр маргаж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан прокурорын тогтоолууд, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж зэрэг баримтуудаар нотлогдож байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, АМГТГКХД-ын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ