Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/537

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжав, 

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч О.Одхүү,  

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

   Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Галт овгийн Д.Ө, Боржигон овгийн Г.Г нарт холбогдох эрүүгийн 201601000274 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Галт овгийн Д.Ө, 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Москва хороолол, 1-72 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЮ85072912.

 

2. Боржигон овгийн Г.Г, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишигндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол, 17-1602 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ74122711.    

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Ө нь “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөх Н.Өүлэнгийн “Б.Цагаандарь нарт холбогдох эрүүгийн 2014250004191 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоож, хохирлын мөнгийг түрүүлж төлүүлж өгнө үү” гэх ашиг сонирхлын үүднээс тус компаний ерөнхий инженер Б.Даваабаатараар дамжуулан 2014 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 7 дугаар хороо Баруун ард аюушийн 1-13 тоот байрны 1 сарын түрээсийн төлбөрт 450.000 төгрөг, уг байрнаас Парадоксын урд талд байрлах 46 дугаар байранд нүүн ороход 25.000 төгрөгийн үнэ бүхий нүүлгэх үйлчилгээ, түрээсийн байранд орсонтой холбоотойгоор LCD дэлгэцтэй 29 инчийн ТCL маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 2015 оны 02 дугаар сард өөрийн аавын биеийг эмнэлэгт үзүүлэхэд бэлнээр 500.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр аав нь нас барахад буяны ажилд нь 1 сая төгрөг, нийт 2.275.000 төгрөгийг хээл хахууль болгон авсан,

Мөн тус хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Г нь “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ний хуулийн зөвлөх Н.Өүлэнгийн “Б.Цагаандарь нарт холбогдох эрүүгийн 2014250004191 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоож, хохирлын мөнгийг түрүүлж төлүүлж өгнө үү” гэх ашиг сонирхлын үүднээс тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Өд нөлөөлж “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Б.Даваабаатараар дамжуулан Хаан банкны өөрийн 5027538996 дугаарын дансаар 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг хээл хахууль болгон авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байна. Сүүлийн 6, 7 жил ахлах мөрдөн байцаагч хийж байна. 2014 онд Даваабаатарыг анх Шижир танилцуулж байсан. Даваабаатар нь тухайн үед сэжигтнээр татагдаагүй гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Шижир танилцуулаад нэг хэрэг дээр хохирсон байна, туслаад өгөөрэй гэж Даваабаатарыг танилцуулсан. Би өөрөө энэ хэрэгт нэг ч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй ахлах мөрдөн байцаагч байдаг. Би нэг удаа Ө байцаагчид шилжүүлсэн тогтоол байдаг. Даваабаатар ах тус дэм болоорой гээд өрөөгөөр орж гараад явдаг. Бид хохирчихлоо гэхээр нь нотлох баримт байхгүй, өргөдөл өгсөн зүйл байхгүй. Миний бие 2016 онд банкны зээлтэй байж таараад амралтын өдөр зээлийн мөнгө нэхэгдээд тэр үед Даваабаатар ярьж таараад Даваабатараас 2.300.000 төгрөгийг зээлж авсан. Мөнгө төгрөгийг нь буцааж өгөх гэсэн боловч танд байж байг гэдэг байсан. Өөрсдөө татагдаад янз бүр болоод ирэхээр та ингэж өг гэх байдлаар шантаачилж эхэлсэн. 9, 10 сараас эхлээд эд нартай холбогдохоо больсон. 2016 оны 5 сард Азжаргал гээд залууг дагуулаад ирсэн, манай захирал хоригдсон байгаа Цогтсайхан байцаагчид хэлээд өгөөч гэсэн. Цогтсайханд хэлэхэд тийм боломж байхгүй гэж надад утсаар хэлсэн. Тиймэрхүү бичлэгийг өрөөнд орж ирээд хийсэн байдаг. Намайг нөлөөлсөн, хамтран оролцсон гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа…” гэв.

 

Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өнөөдөр миний бие нь Өвөрхангай аймагт төрөөд цагдаагийн академид орж цагдаа болсон. Эхнэр бид хоёр байдаг. Энэ хүмүүсээс мөнгө авсандаа ичиж гэмшиж байна. Тухайн үед хорт хавдартай байж байгаад 2015 оны 5 сард нас барсан. 2014 оны 6 сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгаас шилжиж орж ирсэн. Бид хоёр амьдрал зохиогоод ирээд мөнгө төгрөг гачигдах асуудал үүссэн тухайн үедээ нийтийн байранд амьдарч байсан. Цагаандарьд холбогдох хэргийг шалгах болсон. Бүх дүүргүүд дээр байсан хэргүүд над дээр нэгдэж ирсэн. Тэр хэргийг нь хохирогчоор болон бүх хүмүүсийг байцаасан. Албан тоотоор эрэн сурвалжилж Даваабаатарыг Баянголоос олж ирсэн. 1, 2 жил шалгасан бусад дүүргүүдэд зар тараагаад ийм хүн шалгагдаж байгаа тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ирж уулзана уу гэсэн. 400 саяын хохиролтой хэрэг байсан, тухайн шалгаж байх үед аавын бие муудаад нас барсан. Бид хоёрт наашаа гэх ах дүү байхгүй учраас Даваабаатар, Цагаандарийг илрүүлж шалгаж байхад таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн үед Даваабаатар чамайг би мэдлээ “чи гэр оронгүй юм байна би чамд тусалъя гэсэн” үүнийг нь би ойлгоогүй. Хороололд байгаад өгөөч би мөнгийг нь өгнө гэж байсан үед нь би тэр байрнаас нь гараад 1 өрөө байрыг би өөрөө мөнгө төгрөгийг нь өгч байрандаа орсон. Ийм асуудлуудаас болсон. Тухайн үед аав маань нас барсан, түрээсийн байранд амьдарч байсан зэргээс болж авсан нь үнэн. Энэ үйлдлийг авилга гэж хэлхэд хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлдээ мөнгийг нь өгсөн, Даваабаатарт Туяад өгөөрэй гээд өгсөн. Тухайн үед Туяа олдоогүй, сүүлдээ энэ хүмүүсээс шүүх дээр ясаар чинь хатаана гэсэн мессэжүүд ирсэн. Эхнэр хүүхдүүдээ бодоод тодорхой мөнгийг тэр хүмүүст өгсөн. 2015 оны 7 сард Цагаандарьд мөнгө өгөх гэсэн боловч авахгүй гэж байсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ …” гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Гэрч П.Цэрэндорж мэдүүлэхдээ: “...Би 4440 УНК улсын дугаартай микро автобусаар Бөмбөгөрөөс Баянхошуу чиглэлд хүн тээвэр хийдэг. Би машинаа бусдад өгч байгаагүй, иргэний үнэмлэх дээр Цэрэндорж гэх боловч намайг бага байхаас Ганбаяр гэж дууддаг юм. Гэхдээ бас айл нүүлгэх өөр бусад ажилд явах уу гэж хүмүүс асуудаг, үнэ хөлсөө тохирвол явдаг. ...2015 оны өвөл байсан байх хүйтэн байсан, нэг өндөр залуу 2 залуугийн хамт ирээд айл нүүлгэхээр 25000 төгрөгөөр тохирч явсан. Шинэ гэмтлийн өмнө нэг гудмаар ороод байрны гадаа очсон. Тэгээд тэр 3 залуу айлаас баахан хайрцагтай цүнхтэй зүйл голдуу зөөгөөд байсан, нэг зурагт байсан.Тэндээсээ хөдлөөд 3-р хороололд байрлах хүнсний захын тэр орчим 9 давхар байшингын гадаа буулгасан. Нэг удаа л зөөсөн...” гэжээ /2хх 10/.

 

Гэрч З.Азжаргал мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар Өэлүн, хадам аав Нандинбаатар нараас асуухад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч Ө, ахлах мөрдөн байцаагч Г нартай Өэлүн болон Даваабаатар нар очиж уулзсан байдаг. Г, Ө нар нь "...Авгад Сүлдтэн констракшн ХХК хамааралгүй, танай компани хохирогч болох байгууллага, танай компаний хохирлыг барагдуулж өгнө" гэж хэлсэн байдаг... гэжээ /2хх 17-20/.

 

Гэрч Б.Соёлмаа мэдүүлэхдээ: ...Би БГД-ийн 7-р хороо Баруун ард аюуш 1-13 тоот байрыг түрээсэлдэг. ...Өвөрхангай аймгийн харьяат гээд нэг цагдаа залуу байдаг байсан. Энэ байрыг зарын дагуу нэг залуу ирээд үзэж байсан. Уг нэг өрөө байраа сарын 450.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. Түрээсийн мөнгийг анх ирж үзсэн залуу гэрээ хийж, 450.000 төгрөгийг төлж байсан...” гэжээ /2хх 43-45/.

 

Гэрч Б.Одбаясах мэдүүлэхдээ: “...2012-2016 онд "Авгад Сүлдтэн констракшн" ХХК-нд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Тухайн үед инженер Даваабаатар, Өэлүн бид нар ээлжлэн байнга Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс дээр очиж Ө, Г нартай хохирол, мөнгө төгрөгийн асуудлаар уулздаг байсан. Ингэж уулзаж байхад эдгээр мөрдөн байцаагч нар нь "хэн хэндээ дэмтэй явъя, Цагаандарийн хохирогч олон хүн байгаа эдгээрээс танай хохирлыг хамгийн түрүүнд барагдуулж өгнө" гэж хэлдэг байсан талаар Даваабаатар, Өэлүн нар ажил дээр ирээд хэлдэг. ...Сэлэнгэ аймгийн Түнэл тосгонд баригдаж байгаа барилгаас Г нэг өрөө байр авна гэж ярьдаг байсан. Энэ асуудлыг Өэлүн мэднэ. ...Миний мэдэхээр мөрдөн байцаагч Өд Өэлүн өөрийн өмсөж байсан цаа бугийн арьсан годон гутлыг өгч байсан, мөн 29 инчийн ТВ авч өгнө гээд Даваабаатар бид нар гадуур хайж байгаад ломбарднаас авч өгч байсан...” гэжээ /3-р хх 25-27/.

 

Хаан банкны 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №29/980 дугаартай албан бичиг /1хх-111/.

Ш.Нямчулууны 5429098298 тоот төгрөгийн харилцах данс

Д.Өгийн 5084337269 тоот төгрөгийн харилцах, 5540363473, 5540369102 тоот харилцах данс,

Г.Ггийн 5027538996 тоот төгрөгийн харилцах дансанд 2014 оны 7 дугаар 31-ний өдөр 1 сая төгрөгийн орлого Нямчулуунаас /1хх 113/,

2014 оны 9 дүээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 26-нд 300.000 төгрөгийн орлого Нямаагаас /1хх 114/,

5084336651, 5126046163 тоот хадгаламжийн данс

Хаан банкны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29/3236 дугаартай албан бичиг /1хх 178-179/.

Г.Ггийн 5027538996 тоот төгрөгийн харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөгийн орлого Нямчулуунаас, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 26-нд 300.000 төгрөгийн орлого Нямаагаас гэх орлогын мэдүүлгийн хуулбар,

Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн Г.Г, Д.Ө нарын ажлын байрны тодорхойлолт /Зхх 146-154/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1860 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  

 

Г.Ггийн 5027538996 тоот төгрөгийн харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөгийн орлого Нямчулуунаас, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 26-нд 300.000 төгрөгийн орлого Нямаагаас гэсэн орлогын баримт дээрх гарын үсэг нь Б.Даваабаатарын гарын үсэгтэй тохирч байна.

Харин Ш.Нямчулуун, Г.Г нарын гарын үсэгтэй тохирохгүй байна.” гэжээ /2хх 67-98/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 2 дугаар сарын 17-нд Г.Ггийн Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 173-174/.

Г.Ггийн 5027538996 тоот төгрөгийн харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөгийн орлого Нямчулуунаас /1хх 113/,

2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 сая төгрөгийн, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийн орлого Нямаагаас /1хх 114/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн 2014250004191 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 218-250, 2хх 211-250, Зхх 1-5/.

Д.Өд оршин суух байр түрээсэлж өгсөн, түрээсэлж өгсөн байрнаас 3, 4-р хорооллын хүнсний захын урд талын угсармал 9 давхар орон  сууцанд нүүлгэж өгсөн гэх мэдүүлгийг буюу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Б.Даваабаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зураг /2хх 1-5/

Д.Ө, Б.Даваабаатар нарыг гэрч Б.Соёлмаагаар таньж олуулсан буюу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, фото зураг /2хх 6-8/.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Ж.Туяагаас гаргаж өгсөн гэх “Ж.Туяа, мөрдөн байцаагч Д.Ө нарын ярианы бичлэг-т үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 68-72/.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр З.Азжаргалаас гаргаж өгсөн гэх Б.Даваабаатар, мөрдөн байцаагч Г.Г, З.Азжаргал нарын ярианы бичлэг-т үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 73-80/.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Э.Ганбат 2017 оны 1 дүгээр сарын 23-нд эд мөрийн баримтаар хураан авах тогтоол /2хх 9/.

Ж.Туяагаас гаргаж өгсөн гэх “Ж.Туяа, мөрдөн байцаагч Д.Ө нарын ярианы бичлэг бүхий сиди /СD/ 1 ширхэг,

 З.Азжаргалаас гаргаж өгсөн гэх “Б.Даваабаатар, мөрдөн байцаагч Г.Г, З.Азжаргал нарын ярианы бичлэг бүхий сиди /СD/ 1 ширхэг, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-40, 43/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ө нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөх Н.Өүлэнгийн “Б.Цагаандарь нарт холбогдох эрүүгийн 2014250004191 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоож, хохирлын мөнгийг түрүүлж төлүүлж өгнө үү” гэх ашиг сонирхлын үүднээс тус компаний ерөнхий инженер Б.Даваабаатараар дамжуулан 2014 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 7 дугаар хороо Баруун ард аюушийн 1-13 тоот байрны 1 сарын түрээсийн төлбөрт 450.000 төгрөг, уг байрнаас Парадоксын урд талд байрлах 46 дугаар байранд нүүн ороход 25.000 төгрөгийн зардал бүхий нүүлгэх үйлчилгээ, түрээсийн байранд орсонтой холбоотойгоор LCD дэлгэцтэй 29 инчийн ТCL маркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий зурагт, 2015 оны 02 дугаар сард өөрийн аавын биеийг эмнэлэгт үзүүлэхэд бэлнээр 500.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр аав нь нас барахад буяны ажилд нь 1 сая төгрөг, нийт 2.275.000 төгрөгийг хээл хахууль болгон авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

шүүгдэгч Г.Г нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа “Авгад сүлдтэн констракшн” ХХК-ний хуулийн зөвлөх Н.Өүлэнгийн “Б.Цагаандарь нарт холбогдох эрүүгийн 2014250004191 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчииор тогтоож, хохирлын мөнгийг түрүүлж төлүүлж өгнө үү” гэх ашиг сонирхлын үүднээс тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Өд нөлөөлж “Авгад сүлдтэн  констракшн” ХХК-ийн ерөнхий инженер Б.Даваабаатараар дамжуулан Хаан банкны өөрийн 5027538996 дугаарын дансаар 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,0 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1,0 сая төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, нийт 2.300.000 төгрөгийг хээл хахууль болгон авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Н.Өүлэний яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2014 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Гд 2.300.000 төгрөг, мөрдөн байцаагч Д.Өд 2.275.000 төгрөгийн хахууль өгөхөд зуучилсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-р хх 135/.

 

Б.Даваабаатарын яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би 2014 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Гд 2.300.000 төгрөг дансаар, мөрдөн байцаагч Д.Өд 2.275.000 төгрөгийг...” гэх мэдүүлэг /3-р хх-130/.  

Яллагдагч Н.Өүлэн, Б.Даваабаатар нарт холбогдох хэргийг яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй болсон үндэслэлээл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тухай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 31, 32 дугаартай тогтоолууд, мөнгө шилжүүлсэн баримтын хуулбарууд, банкны хуулга болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ө, Г.Г нарыг бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэснийг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ...” гэснийг тус тус баримтлан  Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овгийн Д.Ө, Боржигон овгийн Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны хуучин Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд, 2015 оны шинэ Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Д.Ө нь бусдаар дамжуулан Н.Өэлүнээс 2014 оны 6 дугаар сар, 2015 оны 02 дугаар сар, мөн оны 5 дугаар саруудад, шүүгдэгч Г.Г нь бусдаар дамжуулан Н.Өэлүнээс 2014 оны 7, 9 дүгээр саруудад тус тус үргэлжилсэн үйлдлээр нэг этгээдээс тус тусдаа хээл хахууль авсан тул тэдгээрийн үйлдэлд бүлэглэн, давтан үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжгүй гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй юм. 

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.   

2002 оны хуучин Эрүүгийн хуульд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлогыг заавал хураахаар заасан тул шүүгдэгч Г.Ггээс 2.300.000 төгрөг, шүүгдэгч Д.Өгаас 2.275.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Ггийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063533 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельсийн гудамж 17 дугаар байрны 1602 тоот орон сууцыг битүүлжилсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг,   

Мөн шүүгдэгч Д.Өгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1018006193 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 1 дүгээр баг, Согоотын 26-8а тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг  битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 27 тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 2 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.8, 1.9-д заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овгийн Д.Ө, Боржигон овгийн Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Ө, Г.Г тус бүрийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.    

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Г.Г тус бүрийг төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ө, Г.Г нарт оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Өгаас 2.275.000 төгрөг, шүүгдэгч Г.Ггээс 2.300.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө, Г.Г тус бүрт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээр хяналт тавих үүргийг цагдаагийн байгууллагад даалгасугай. 

 

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 2 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Г.Ггийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205063533 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол /16020/ Энгельсийн гудамж 17 дугаар байрны 1602 тоот орон сууцыг битүүлжилсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг, мөн шүүгдэгч Д.Өгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-1018006193 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 1 дүгээр баг, Согоотын 26-8а тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 27 тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.  

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө, Г.Г нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН