Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2017/00181

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00181

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум ....... тоотод оршин суух, Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ..... тоотод оршин суух, М.А-т холбогдох 

“Гэм хорын хохирол 23 236 400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, иргэдийн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М.А-ийн буруутай үйлдлээс болж миний биед хүндэвтэр гэмтэл учирсаны улмаас дараах гэм хорын хохиролыг М.А-ээс нэхэмжилж байна. Би эрүүгийн хэргийн хохирогчийн хувиар өмгөөлөгч П.Ган-Очирыг авч эрх зүйн туслалцаа авсан бөгөөд үүний хөлсөнд нийтдээ 1 000 000 төгрөг төлсөн. 2016.03.18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ албан ёсны баримт бичиг үйлдээгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Иймд дахин нотлох баримтаа бүрдүүлэн 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн дээрхи Эрүүгийн шүүх хуралдааны үед хуулбар хувь байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэлэлцээгүй орхисон 236 400 төгрөгийн нэхэмжлэлийг үндсэн эх баримтыг үндэслэн нэхэмжилж байна. Тухайн үед уг зардлыг нэхэмжлэхдээ эх хувиас нь хуулбарласан байсан бөгөөд одоо эх хувиа гаргаж байна. Хуулбар хувьтай нь тулган үзэж баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдэх байх гэж найдаж байна. Хүүхдийн цэцэрлэгт жимс орлогодуулан өгч байсаныг нотлох баримт болох цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, мөнгө төлсөн баримт зэргийг үндэслэн 400 000 төгрөгийг нэхэмжилнэ. Би өөрөө “Сүүдэр царам” хүнсний захын гадна талын лангууг түрээслэн жимс, самар зардаг бөгөөд өдрийн орлого нь зун, намартаа бол 60-80 мянга, хавар өвөлдөө бол 50-70 мянган төгрөгийн орлоготой байсан бөгөөд салхи шуургатай, бороо цастай гэх мэт гараагүй үеийнхээ орлогыг хасч, дунджаар тооцоход ийм хэмжээний орлого олсон байх ёстой байсан гэсэн үүднээс нэхэмжлэлийг тооцон гаргав. Энэ байдал нь гэрч нарын тайлбар, захын эзний тодорхойлолт зэргээр нотлогдож байгааг нь харгалзан үзэж 21 600 000 нэхэмжилж байна. Дотор орохоор жимс муудчих гээд байдаг учир зөвхөн гадаа зардаг байсан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 505.2 гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилж байгаа болно” гэжээ.

Хариуцагч М.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надаас гэм хорын хохиролд 23 236 400 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Н.Г-д шүүхийн шийдвэрийн дагуу болон шүүхээс өмнөх шатанд нийтдээ 4 532 200 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Түүний нэхэмжилж байгаа Булган аймгийн “Сүүдэр царам” хүнсний зах дээр самар, жимс зарж жилдээ 21 600 000 төгрөгийн орлого олдог гэх нэхэмжлэл үндэслэлгүй болохыг шүүх удаа дараа дүгнэж байсан боловч нэг мөр шийдээгүй орхиж байсан нь дахин нэхэмжлэл гаргах үндэс болжээ гэж үзэж байна. Иймд энэ байдлыг иргэний хэргийн шүүхийн шатанд дахин нарийвчлан тодруулж нотлох баримт цуглуулах шаардлагатай байна. Өмнө нь өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн хөлс гэж 2 000 000 төгрөг, нэхэмжлэн авсан ба одоо өмгөөлөгч П.Ган-Очирын хөлс гэж 1 000 000 төгрөг нэхэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй гэж үзэж эдгээр өмгөөлөгчийн энэ орлого татварт тайлагнагдсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Н.Г эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас авах ёстой тэтгэврийн хүн мөн тул 2015.02.10-аас хойш түүний ЭМД-ын сангаас авсан эм, тариа, эмчилгээний хөнгөлөлтийг гаргуулах шаардлагатай гэж үзнэ. Иймд миний бие Н.Г-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Г нь М.А-т холбогдуулан “Гэм хорын хохирол 23 236 400 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.   

            Хариуцагч М.А нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгч Н.Г-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар нотлогдож байна.  

            Н.Г-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь М.-Аийн үйлдэлтэй шалтгаант холбоотой тул түүнээс учирсан гэх хорын хохиролыг Н.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шаардах эрхтэй.                      

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эмийн сангийн зарлагын баримтууд, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, “Сүүдэр царам” ХХК-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт, байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг, нэхэмжлэгчийн хөтөлдөг хувийн /хар дэвтэр/ баримтуудад үндэслэсэн.

            Хариуцагч, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Н.Г-гийн нэхэмжилж байгаа 23 236 400 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

            Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 4 223 000 төгрөг авсан талаар талууд тайлбарласан.        

            Нэхэмжлэлийн шаардлагаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар хувь гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон, баримтаар нотлогдож буй эм тарианы зардал болох 236 400 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч, олох байсан орлого гэж 21 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Булган аймгийн “Сүүдэр царам” хүнсний захын гадаа лангуу түрээслэж жимс зардаг, өдрийн орлогоо зун намартаа 60 000-80 000 төгрөг, хавар өвөлдөө 50 000-70 000 төгрөг гэж тодорхойлон үүнийгээ гэрчүүдийн мэдүүлэг, захын эзний тодорхойлолтоор нотлогдоно гэж тайлбарласан.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч “Лэндс” ХХК-аар дүгнэлт гаргуулсан боловч санхүүгийн шинжилгээ хийх эрхгүй байсан гэж үзэж, дахин нэхэмжлэгчийн хүсэлтээр “Далайван Аудит” ХХК-р дүгнэлт гаргуулсан.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Н.Ггийн өдрийн болон сарын орлогыг тодорхойлох боломжгүй байх ба, гэрчүүд Н.Гтай хамт жимс зардаг ажил үйлчилгээ эрхэлдэг гэж өдрийн орлогоо тодорхойлон мэдүүлж байх боловч гэрчүүдийн мэдүүлгийг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй, Н.Ггийн эх хувиар судлуулахаар өгсөн 2 ширхэг шар өнгийн дэвтэрт бичигдсэн зүйлүүд нь албан ёсны баримтууд биш, зөвхөн нэхэмжлэгчийн хувийн тэмдэглэл гэж үзэхээр байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй,  

            мөн цэцэрлэгт нэг удаа 400 000 төгрөгийн жимс нийлүүлсэн баримт болон, байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн 2014 оны 07 дугаар сарын 09-нөөс 14, 2014 оны 08 дугаар сарын 20-ноос 27,  2014 оны 06 дугаар сарын 02-ноос 07-ны хооронд олгосон бичгүүдийг үндэслэн Н.Гг тогтмол орлоготой байсан гэж дүгнэх боломжгүй байна. 

            Түүнчлэн олох байсан орлого гэж хэдийнээс хэдий хүртлэх хугацааг хамарч байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилж байна гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд Н.Г нь өөрийгөө орлого олдог байсан гэж орлогоо тодорхойлуулахаар гэрчүүдийг шүүхэд асуулгасан. Тиймээс Иргэний хуулийн 505.2-т заасныг баримтлан өөрийгөө орлого олдоггүй байсан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 

            Н.Г-гийн өмгөөлөгчийн хөлс 1,0 сая төгрөг, хүүхдийн цэцэрлэгт жимс орлогдуулан өгч байсан нотлох баримт болох цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт мөнгө төлсөн баримт зэргийг үндэслэн 400 000 төгрөг, нийт 1 400 000 төгрөгийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл болон учирсан хохиролын хооронд шалтгаант холбоотой байхыг хуулиар тогтоосон бөгөөд, өмгөөлөгчид төлсөн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй, мөн нэг удаа цэцэрлэгт жимс нийлүүлсэн талаарх баримтыг үндэслэн 400 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч эм тариа эмчилгээний баримтууд, мөн хот хоорондын зорчигч тээврийн тасалбаруудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн байх ба, эрүүгийн шүүх хурлаар хэлэлцээгүй орхисон 236 400 төгрөгнөөс өөр эм тарианы зардалын талаар болон замын зардалын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2 ширхэг дэвтэрийг нэхэмжлэгчид буцаан олгох, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус заалаа. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.А-ээс 236 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23 000 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаад, хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д зааснаар нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2 ширхэг дэвтэрийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

  

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА

                                             ШҮҮГЧИД                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА