Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2017/00441

 

2017 оны 04 сарын 18 өдөр                         Дугаар 142/ШШ2017/00441                              Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ..... тоотод оршин суух Л.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ........ тоотод оршин суух Л.Э-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5 060 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие Л.Отай 2015 оны 10 дугаар сард танилцаж, улмаар дотно харилцаатай болж 2016 оны 02 дугаар сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-нд охин Эрдэнэсондор төрсөн. Бид хууль ёсны баталгаагүй бөгөөд хамт амьдрах хугацаанд Эрдэнэбаяр нь 3-4 удаа зодож цохиж заналхийлж байнгын сүрдүүлгэнд амьдарч байсан ба 2017 оны 02 дугаар сарын 17-нд хүнд ноцтой зодуулсан бөгөөд энэ асуудлаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан байгаа. Би одоо охинтойгоо нагац эгчийндээ байгаа тул Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон гаргуулж, цаашид цуг амьдрах боломжгүй тул декритний мөнгө 2 510 000 төгрөг, ээжийн маань өгсөн 2 000 000 төгрөгийг нийт 4 510 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн охин маань одоо 3 сартай эхийн сүүгээр бойжиж байгаа бөгөөд Л.От зодуулж, дарамтлуулсны хор уршиг надад сэтгэл гутрал түгшүүр гэсэн онош тавигдаж түүнд холбогдох эрүүгийн хэрэгт сэтгэц гэм судлалын дүгнэлт гаргасан байгаа. Энэ хямралтай сэтгэл санааны байдлаас болж хөхний сүү татарч, охиндоо нэмэгдэл сүү өгөх болсон. Мөн нярай хүүхдийн арчилгаанд шаардагдах зардлууд урьдчилан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр нярай хүүхдэд шаардагдах памперс, угж, шампунь, тальк, нойтон салфетка, соска, угж, хүүхдийн сүү, каш зэрэгт 550 400 төгрөгийн зардал гарсаныг эцэг Л.Оаас нэмж гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Л.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2015 оны 10 сард эхнэр болох Оюунсүрэнтэй танилцаж гэр бүл болон 2016 оны 12 сарын 21-нд хөөрхөн охинтой болж амьдрал болохоосоо болохгүй хүртлээ л явна гэж өдийг хүртэл хөдөлмөрлөж эхнэр охиноо хайрлан хамгаалж ирсэн. Хамт амьдрах хугацаандаа эхнэрээ зодож дарамталж байгаагүй. Харин ч бүр хайрлан хамгаалан өөрөөсөө илүүд тавьж ханиа гэсэн зөв сэтгэл өвөрлөн аль болох л идэж ууж, өмсөж зүүх зэргээр дутаахгүй хүний дайтай эр хүн байж, эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэнэ гэж бодож, өдийг хүртэл түүнийхээ төлөө бат зогссоор ирсэн. Охиныгоо төрөхийн өмнө 2016 оны 11 сарын 10-аас эхлэн аав ээжийнхээ байранд засвар хийж амьдрах болсон. 2016 оны 11 сарын 22-нд цалингийн зээл болох 13 сая төгрөгийг авч, эхнэрийн авсан гэх юмсыг би өөрийн цалингийн зээлээр авч, гэр орноо тохижуулж, эхнэр хүүхэдээ төрөхөөс гарч ирэхэд нь ая тухтай сайхан угтаж авсан. Түүнээс эхнэрээ байнга зодож, заналхийлж, мөнгө төгрөгний гачигдалж оруулж байгаагүй. (эхнэр худал хэлээд байгаа нь ямар зорилготойгоор гэдгийг хэлж мэдэхгүй байна ) Би ээлжийн амралтаараа эхнэрээ Эрээн хот, Хөвсгөл далай, Дархан, Хялганат, Булган, Баян-Агт зэргээр аялуулж аль болох эхнэрээ уйдаахгүй, ганцаардуулахгүй юмсан гэж найз нөхөд болон ажилдаг хүмүүстэй нь агаар салхинд явдаг байсан. Эхнэрээ жирэмсэн байх хугацаанд буюу төрснөөс нь хойш, зодож нүдэж, хэл амаар доромжилж, заналхийлж сүрдүүлж байгаагүй. Учир нь хөөрхөн охин минь бойжиж өсөж байсан учир эхнэрээ аль болох тайван байлгаж сэтгэл санаагаар дэмжиж дураар нь байлгаж юу хэрэгтэй байна, тэрийг нъ авч өгч байсан. Эхнэр Оюунсүрэн нь өөрийнхөө цалинг өөрөө л хэрэглэдэг байсан. Мөн төрж ирснээсээ хойш надад итгэхгүй, өнгөрсөн амьдралыг сөхөж хэрүүл хийдэг болсон. 2017 оны 2 сарын 17-ны өдөр эхнэр бид 2 аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Энэ үед би охиныхоо хувцас даавууг угаагаад зогсож байтал эхнэр ардаас цохиж, Чи уугаад байхад би яагаад ууж болохгүй юм бэ? гээд миний үснээс татахаар нь Чи яагаад байгаа юм бэ? гээд гараа хойш нь савтал нүдэн тус газар нь цохиж таарсан. Түүнээс биш түүнийг эмнэлэгт хэвтэх хүртэл нь хүнд ноцтой зодож хохируулаагүй. Энэ үйл явдал болсны дараа эхнэр манай аавынд очиж хоносон байсан. Маргааш өглөө буюу 2017 оны 2 сарын 18-ны өдөр би эхнэр хүүхэдээ аваад гэртээ иртэл 2 сартай хүүхдийг минь надад үлдээчихээд эгч болох 1-12-р байрны 59 тоотод оршин суугч Амарбаясгалан овогтой Болормаа нь дүүгээ аваад явсан болохоос биш би гэр орноосоо эхнэр хүүхэдээ хөөж явуулаагүй. Цаашид миний хувьд өөрийн буруугаа ойлгон гэмшиж, эхнэр хүүхэдтэйгээ бусдын адил хүний дайтай сайн сайхан амьдрах хүсэлтэй байна. Үр хүүхэдээ өнчрүүлэх хүсэл надад алга. Надаас нэхэмжилсэн 4 510 000 төгрөгний тухайд бол өөрийн дикрет болох эхний 1 255 000 мөнгөөр төрөх бэлтгэлээ хангаж, хүүхдийн өлгий эмнэлэгт хэвтэхэд хэрэгтэй зүйлс өөртөө хувцас идэж уух юмаа бэлдсэн. Харин төрсний дараах дикретний 1 255 000 тесрөгөөр том өрөөний ширээ, орны бүтээлэг, 2 дэр гэх мэт зүйлсийг авсан. Үлдэгдэл мөнгийг миний түрийвчийн хамт эхнэр Оюунсүрэн нь аваад явсан. Надад үлдсэн гэх ээжийн минь өгсөн гэх 2 000 000 төгрөгийг би мэдэхгүй. Яагаад эхнэр худал яриад байгааг нь ойлгохгүй байна. Эхнэр Оюунсүрэнгийн сэтгэл санаа нь хувираад байгаа нь түүний нагац эгч болох Амарбаясгалангийн Болормаагийн хүн чанаргүй, хүний амьдралаар тоглох гэсэн увиагүй үйлдэлтэй холбоотой. Болормаа нь урд өмнө нь ийм нөхцөл байдал үүссэн, бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож байсан гэдгийг нь бусдын амнаас сонссон. Миний амьдралд хадам аав ээж, төрсөн эгч, төрсөн эрэгтэй дүү нь оролцохгүй байхад Болормаа нь хөндлөнгөөс оролцож, миний амьдрах Бүрэн бүст багийн засаг даргатай утсаар Оюунсүрэнгийн өмгөөлөгч нь байна гэж өмгөөлөгч нарын нэр хүндийг унагааж, нэрээ хэлэлгүй болсон асуудлыг хэтрүүлэн ярьсан төдийгүй, миний ажлын дарга удирдлагуудруу хүртэл залгаж, намайг гэмт хэрэгтэн алуурчин мэт ярьж, хамт олон бусдын дунд нэр хүндийг минь унагааж, ажил амьдралгүй болгох гэсэн хүн чанаргүй авир гаргаж байна. Урд өмнө нь төрийн байгуулагад ажиллаж байсан төрийн жлбан хаагчаас ийм увиагүй, ёс зүйгүй хүн чанаргүй зан гаргаж байгаад миний бие туйлын гомдолтой байна. 3 сартай нярай хүүхэдтэй байж хөхөө хөхүүлэхгүй, нэмэлт хоолоор хооллож хөхнөөс нь гаргаж байгаад би харамсаж байна. Эгч Болормаа нь Оюунсүрэнг гадаад явуулах гэж байхад яагаад хүүхэдтэй болсон юм бэ гэж хэлж байсантай холбоотой гэж би бодож байна. Бид 2 үр хүүхэдтэйгээ сайн сайхан амьдрах хүсэл минь Болормаагаас болж салж сарниж байна. Хүүхдийн хэрэгцээнд гэх юмсыг ээж эмнэлэг дээр аваачиж өгснөөр Л.О ээж нь ирж дарамтлаад байна гэж худал мэдүүлэг өгсөн. Би хүүхдийн тэтгэмж тогтоолгосон тул өөр зүйл өгөх чадваргүй болж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Л.От холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 4 510 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба, нэхэмжлэлийн шаардлагаа 550 400 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 5 060 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Л.О нар нь 2015 онд танилцаж, 2016 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Э.Эрдэнэсондор төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Л.О нь Л.Оыг зодсон шалтгаанаар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байх ба, хариуцагч Л.От энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн, хэрэг нь шүүх дээр шилжиж ирсэн талаар талууд тайлбарласан.

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг бөгөөд, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эрдэнэсондорыг насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэжээн тэтгэх тэтгэлэгийг эцэг Л.Оаас сар бүр гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 5 060 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 5 000 000 төгрөг төлөх саналыг, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно. 5,0 төгрөгний 3,0 сая төгрөгийг нь бэлэн өгч, 2,0 сая төгрөгийг нь цалингаасаа төлөхөөр талууд эвлэрсэн тул энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заах нь зүйтэй байна .

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэв. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 104 272 төгрөг төрийн санд оруулсныг хэвээр үлдээж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 37 990 төгрөгийг төрийн санд оруулж, улсын тэмдэгтийн хураамжаар 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эрдэнэсондорыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Оаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.

2. Л.Огийн, Л.Оаас 5 060 400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 5,0 сая төгрөг болгосныг хариуцагч 3,0 сая төгрөгийг нь бэлнээр төлж, үлдэх 2,0 сая төгрөгийг нь цалингаасаа төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 104 272 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 37 990 төгрөг гаргуулан улсын орлогод, 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА